Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр                    Дугаар 2023/ШЦТ/62                                          Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Ц.Амарбуян,

Өмгөөлөгч: Я.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Цэцэгмаагийн Амарбуянд холбогдох 2228001600120 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Амарбуян нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Амарбуянг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Амарбуян шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баяндалай сумаас машинаар төмс тээвэрлээд гэрийн баруун талд зогссон. Гэрт орж ирээд цай уучхаад гарч ирээд ойр зуурын юм хийж байгаад үлдсэн төмсөө гэрийн урд буулгах гээд зүүн гар тийш эргэх агшинд машины хойд дугуйнд юм мэдрэгдсэн. Зогсоод толинд харахад талийгаач дайвсан байдалтай байсан. Би гараад очсон. Солонго хүүхэд машин дээрээс уначихлаа гэж хэлсэн. Биеийн байдал нь амьсгаа авч чадахгүй байсан. Сум руу түргэн дуудсан. Эмч ирээд биеийн байдал муу байна. Сум руу өөр эмч дуудаад тухайн эмч ирсэн. Амьсгалын аппарат залгасан. Аймаг дээр ирж 3-4 хоног эмчилгээ хийлгэсэн. Би эмнэлгийн гадаа 3-4 хоног сахисан. Талийгаач өөд болсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Туул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач хүү маань тухайн үед 3 нас 3 сартай байсан. Машины тэвшин дээр заримдаа гарчихсан тоглож байхад нь буу гэж загнаад буулгадаг байсан. Ачаатай байсан төмсний арын хэсгээс бага зэргийг буулгачихсан байсан санагдаж байна. Тухайн үед би ногооны талбай дээр ногооны үр суулгаад явж байсан болохоор үнэхээр анзаараагүй. Талийгаачийн өмсөж байсан хувцсыг эмнэлэгт ирээд сольсон. Сольсон хувцсыг нь буяны ажил хийдэг өглөө нь Баяндалай сум руу явж байхдаа шатаачихсан. Хүү маань гэмтээд эмнэлэг дээр ирэхэд цэвэрхэн хувцас өмсгө гээд солиулсан. Талийгаач маань дээд хэсгээрээ фудволктой байсан билүү нимгэн цамцтай байсан билүү сайн санахгүй байна. Доогуураа хар бэлтгэлийн өмдтэй байсан. Тухайн үед өмсөж байсан хувцас нь тэр чигээрээ тоос болчихсон байсан. /хх-ийн 138-139 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Туул мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би юу болсныг мэдэхгүй. Учир нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт байрлах ээжийнхээ ногооны талбай дээр Цэцэгсүрэнгийн хамт саримс суулгаж байсан. Тэгэхэд Солонго эгчийн охин Эрхсаран намайг чанга дуугаар дуудсан. Хүүхэд уйлаад байна хөхүүлээд өг гэдгийг хэлсэн. Ногооны талбайгаас явган алхаж гэрт очиход манай хүү Түвшинбатыг Солонго эгч тэвэрчихсэн ээжийн гэрт дотор гэрийн хойд хэсэгт байсан. Хүүхдийн царай сонин болчихсон амьсгаа авч чадахгүй байгаа бололтой байсан. Тухайн үйл явдал өглөө эрт 10-11 цагийн хооронд болсон. Би гадуураа өмсөж явсан хувцсаа тайлж хүүхдийг хөхүүлэх гэтэл нэг удаа хөхнөөс хөхөж сороод дахиж сороогүй гэснээр хэсэг дуугүй сууж нулимс унагасан. Болсон үйл явдлыг хараагүй болохоор мэдэхгүй ээ. Манай ээж бид нарт хэлэхдээ автомашин дээрээс унасан гэж хэлж байсан. Тухайн үед юу болсныг Амарбуян ахаас асууж тодруулаагүй, хэлж яриагүй. Тийм нөхцөл бүрдээгүй. Харин Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүүхдийг хүргэж ирээд эмчилгээ хийлгэж байхад манай ах Амарбуян анхнаас нь эмчилгээг зөв хийлгэх хэрэгтэй шүү. Миний унаж жолоодож явсан 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашины баруун хойд талын дугуйнд шүргэгдсэн байж магадгүй гэж ярьсан талаар Солонго эгч надад хэлсэн. Талийгаачийг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад манай ах Амарбуян 5.000.000 /таван сая төгрөг/ өгсөн. Хүүхдийг хот руу авч явахаар бол сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлж ярьж байсан. Харин буяны ажил явдал болж байхад манай ах Амарбуян 4.000.000 /дөрвөн сая төгрөг/ бэлнээр нийт 9.000.000 /есөн сая төгрөг/ өгсөн юм. Тэрнээс бид бүгд өөр хоорондоо ярилцаж хэрэгт худал мэдүүлэг өгөхөөр ярилцаж тохиролцоогүй. Би бол болсон зүйлийн талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Үйл явдал болоход би хэргийн газар байгаагүй шүү дээ. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт байрлах ээжийнхээ ногооны талбай дээр би хоёр хүүхэд болон ээжийнхээ хамт хагас сайн өдөр очсон. Бид хэдийг очоод удаагүй байхад Цэцэгсүрэн замын унаагаар ногооны талбай дээр саримсны үр суулгахаар ирсэн. Маргааш өглөө буюу бүтэн сайны /Ням гаригийн/ өглөө Амарбуян ах Баяндалай сумын төвөөс өөрийнхөө жижиг суудлын автомашинаар ирсэн. Тухайн үед Солонго эгч хоёр хүүхдийнхээ хамт Амарбуян ах эхнэртэйгээ цуг ирсэн. Тэгээд Амарбуян ах миний унаж хэрэглэдэг 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг унаж ногооны талбайгаас Баяндалай сумын төв явсан. Эхэлж Солонго эгчийн тарих төмсийг ачааны автомашин дээр ачиж авчирсан. Тэрний дараа ах өөрийнхөө болон ээж манай гурвын тарих төмс авчрах ажлаар ээжтэй цуг 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг унаж Баяндалай сумын төв явсан. Солонго эгч гэрийн урд хэсэгт тарих төмс ялгаж үлдсэн. Би Цэцэгсүрэн болон бэр эгч Нарангарав нарын хамт ногооны талбай руу явсан. Тухайн үед Солонго эгчийн охин Эрхсаранд гурван дүүгээ хараад байж байгаарай гэж хэлээд Түвшинбат, Түвшинзаяа, Түшиг гурвыг ээж Цэцэгмаагийн гэрт үлдээж ногооны талбай руу явсан. Ногооны талбай дээр байхад хүүхэд автомашин дээрээс унасан, уйлаад байна ирээд хөхүүл гэж байна гэдгийг Эрхсаран хэлсэн. Иймд би гэрт очсон. /хх-ийн 141-142 дахь тал/

Гэрч Ж.Мягмарцэрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч ажилтай. Тухайн байгууллагад 34 дэх жилдээ ажиллаж байна. Би тухайн өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний ногооны тариалангийн талбай дээр төмс, сонгины үр суулгах ажлаар гэр бүлийн хүний хамт очсон байсан юм. Одоо хэдэн цагт гэдгийг хэлж мэдэхгүй байна, ямар ч л байсан 14 цаг өнгөрчихсөн байсан шиг санаж байна. Талбай дээр ногоо суулгаж байхад над руу Цэцэгмаа залгаж хүүхэд сонин болчихлоо түргэн хүрээд ирээч гэсэн. Иймд би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт байрлах төмс, нарийн ногооны талбайгаас урагш алхаж Цэцэгмаагийн ногооны талбайн урд хэсэгт барьсан гэрт очсон. Гэрт ороход Цэцэгмаагийн охин Туулын бага хүүхэд Түвшинбатыг Туулын эгч Солонго тэврээд сууж байсан. Хүүхэд сааралдуу царайтай, амьсгаадсан, амьсгалын дуталтай маш хүнд хүүхэд байсан. Анх үзээд л хүнд хүүхэд байсан. Би Баяндалай сумын эрүүл мэндийн төв рүү утсаар ярьж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгтэй боллоо цүнх авч ир гэдгийг хэлсэн. Баян багийн нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай нь Баяндалай сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 15 километр зайд байдаг юм. Сувилагч иртэл 10-20 минут болсон байх гэж бодож байна. Сувилагчийг ирэхээр нь яаралтай тусламжийн эмчилгээ хийсэн. Дээрх баримт бичиг нь Баяндалай сумын эрүүл мэндийн төвд байгаа. Улмаар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчээс утсаар зөвлөгөө авч хийсэн эмчилгээ зэргийг танилцуулж зөвлөлцөж БОЭТ-д хүргэхээр болсон. Би тухайн цаг хугацаанд Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай дээр өөрийнхөө төмс болон сонгино суулгах ажилтай очсон байсан юм. Тэр үед над руу Цэцэгмаа утсаар ярьсан. Тэгээд би очсон. Миний байсан газраас Цэцэгмаагийн гэр сайн харагдахгүй. Гэхдээ тийм ч хол биш, ойролцоогоор 500-600 метр гэж бодож байна. Цэцэгмаа бид хоёр төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Нэг сум орон нутаг олон жил цуг ажиллаж амьдарч байгаа болохоор хэн хэнийгээ сайн таньж мэднэ. Намайг очиход Цэцэгмаагийн гэрт Солонго талийгаач Түвшинбатыг тэврээд сууж байсан. Цэцэгмаа гэр дотор зуухны зүүн талд сууж байсан. Тэдний зуух зүүн тийшээ харсан байрлалтай, харин Туул Цэцэгмаагийн бэр Нарангарав хоёр гэрт байж байсан. Хүүхэд үзээд эрүүл мэндийн төв рүү холбогдож байхад Нарангарав, Туул хоёр байгаагүй. Тэр үед Цэцэгмаа болон гэрт байсан хүмүүс харьцангуй тайван байсан. /хх-ийн 152-153 дахь тал/

 

Гэрч Ц.Солонго мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би хоёр гэрийн дунд хэсэгт гэрийн гадаа төмс ялгаж сууж байсан. Тухайн цаг хугацаанд талийгаач Түвшинбат гэрийн араас гуйвсан байдалтай явган алхаж гарч ирээд аниа гэж намайг дуудсан. Би тэр үед сандал дээр сууж байсан. Тэгээд босож талийгаач дээр очиход талийгаач сонин болчихсон амьсгаа ч авахад хүндрэлтэй байгаа бололтой байсан. /элэгдүүлчихсэн юм шиг/. Талийгаачийг тэвэрч баруун талын гэрийн урд хэсэгт ирэхэд манай ах Амарбуян Монгол гэрийн баруун талаар тойрч ирсэн. Харин ээж Цэцэгмаа хоёр гэрийн дундуур ирсэн. Миний ээж Цэцэгмаа одоогоос хоёр жилийн өмнө харвалт өгсөн. Юмыг буруу зөрүүгээр харсан байж магадгүй ээ. Хараа муутай, эмч болон эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг. Тухайн цаг хугацаанд хоёр гэрт бол хүн байгаагүй. Ах Амарбуян 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан төмсийг буулгах гэж л автомашиныг хөдөлгөсөн байх. Ээж харин хоёр гэрийн хойноос буюу ногооны талбайгаас ирж байсан. Тэгээд харсан шиг байна лээ. Аль алиныг нь би хараагүй. Ээжийн хэлж байснаар бол өндрөөс унасан, ах Амарбуянгийн ярьж байснаар бол автомашины дугуйнд цохигдсон гэж хэлсэн. Автомашины баруун хойд талын дугуйнд цохигдсон гэдэг үнэн байх. Намайг очиход талийгаач өмд нь шороо болчихсон биеийн баруун хэсэг нь зулгарсан байсан. /хх-ийн 157-158 дахь тал/

 

Гэрч Б.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ачааны автомашин дээрээс Түвшинбат ойчсон. Тухайн үед уг автомашиныг манай хүү Амарбуян унаж хөдөлгөөн хийж гэрийн баруун талаас хөдөлсөн юм. Уг ачааны автомашин дээр төмс ачсан байсан. Хүү бид хоёр цуг Баяндалай сумын төв орж тарих төмс ачиж авчирсан юм. Миний хувьд бол өөрийн харсан зүйлийг л ярьж хэлж байгаа. Тэрнээс энэ хэргийг нуух хаах гэсэн зүйл байхгүй. Автомашины тэвшинд ачсан байсан шуудайтай төмс дээрээс уначихлаа гэж харсан. Ганц хүүтэй, миний хүү энэ амьдралын төлөө явж байгаа. Солонго талийгаачийг эмнэлэгт сахиж эмчилгээ хийлгэж байхад манай хүү Амарбуян очиж сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй, миний унаж явсан автомашины баруун хойд талын дугуйнд нидрэгдэх шиг болсон. Ээж харин автомашинаас унасан гэж ярихаар нь тайвширсан гэсэн асуудлыг манай хүүхэд ярьж байсан. /хх-ийн 162 дахь тал/

 

Шинжээч С.Шүрцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: Дээрх гэмтлийг авсан үедээ ухаан санаа саруул, бусадтай ярих боломжтой. Харин идэвхтэй хөдөлгөөн /алхах, явах/ боломжгүй. Гэмтсэн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, тухайн эрхтний дутагдалд хүргэнэ. Мөн өрц гэмтсэнээс хэвлий хөндийн агууламж даралтын зөрүүгээр цээжний хөндийд орсноос уушги-зүрх шахагдаж, амьсгал-зүрхний дутагдалд хүргэсэн. Бас цээжний гялтангийн үрэвсэл үүсгэсэн. Эдгээрийг олон эрхтний дутагдал гэсэн. Хэргийн газрын үзлэгт оролцоогүй гэсэн ч үзлэгт оролцсон шинжээч болон мөрдөгч нараас болсон хэргийн талаар тодруулж асуухад портер маркийн тээврийн хэрэгслээс унасан юм шиг байна гэж хэлж байсан. Энэ нь харьцангуй өндөр биш гэж ойлгосон. Тийм өндрөөс унахад Өрцний баруун болон өмнө хэсэг дэх урагдал, элэгний 7, 8 сегментэд байрлалтай урагдал-язрал, баруун бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт, нарийн гэдэсний тасрал, бүдүүн гэдэсний чацархайн урагдал гэмтлүүд үүсэхгүй. Талийгаачийн гэмтлүүдээс харахад амь хохирогч хэвлий хэсгээр дайрагдсан байх боломжтой. Би хэргийн газарт очоогүй. Өмнөговь аймгийн БОЭТ-д эмчлэгдэж байгаад нас барсан байсан. Шинжилгээ хийгдэж гадна үзлэг хийх явцад цээжний баруун тал, баруун бугуй, сарвууны ар хэсгийг хамарсан зулгаралт, хэвлий, зүүн цавь, ташаа орчмын цус хуралт гэмтлүүд бүгд байсан. Энэ гэмтлүүд нь үхэлд хүргэх гэмтэл биш. /2хх-ийн 08-09 дэх тал/

 

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 70-98 ӨМӨ улсын дугаартай “Воngo prontег” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Амарбуян нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. 70-98 ӨМӨ улсын дугаартай “Воngо Ргontег” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Амарбуян нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн байна. /2хх-ийн 13 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Түвшинбатын цогцост үзлэг шинжилгээгээр өрцний баруун болон өмнө хэсэг дэх урагдал, элэгний VII, VIII сегментэд байрлалтай урагдал-язрал, баруун бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт, нарийн гэдэсний тасрал, бүдүүн гэдэсний чацархайн урагдал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. М.Түвшинбатын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. М.Түвшинбат нь дээрх гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. /хх-ийн 54-56 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 677 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь өндрөөс биеийн баруун хэсгээр унах үед үүсэх боломжтой. Урьд гаргасан 80 дугаартай дүгнэлтийн “Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой” гэснээс бусад хэсэг нь үндэслэлтэй байна. /хх-ийн 62-65 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 922 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Түвшинбатын цогцост нарийн гэдэс, чацархайн урагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, өрцний баруун хэсгийн урагдал, цээжний баруун хөндий рүү элэгний хэсэгчлэн иврэлт, цээжний хөндийд цус алдалт (100 мл), нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, тээрхийн арьсны урагдсан шарх, цээжний баруун тал, баруун бугуй, сарвууны ар хэсгийг хамарсан зулгаралт, хэвлий, зүүн цавь, ташаа орчмын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр автомашинд хэвлийн баруун хэсгээр бүрэн бус дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь 2 метр өндрөөс унах үед үүсэхгүй. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, чацархай, элэг, өрцний урагдал, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас цээж, хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. 2022 оны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймгийн ШША-ны 80 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 677 дугаартай дүгнэлтийн 3,4 дүгээр хариулт үндэслэлгүй байна. /2хх-ийн 03 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.Амарбуян мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Баяндалай сумын төвөөс Баян багт байрлах ээжийн хүнсний ногоо тарьдаг ногооны талбай дээр эхнэр Нарангарав дүү Солонго болон түүний хоёр хүүхдийн хамт өөрийнхөө жижиг суудлын автомашинаар очсон. Хөдөөнөөс эхэлж дүү Туулын унаж хэрэглэдэг 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашин /тээврийн хэрэгсэл/-ыг унаж Баяндалай сумын төв рүү ганцаараа явсан. Солонго дүүгийн тарих төмсийг сумын төвөөс авчирч ээжийн хөдөө гэрийн урд буулгасан дараа буюу хоёр дахь удаа явахдаа ээж Цэцэгмаагийн хамт ногооны талбайгаас Баяндалай сумын төв рүү мөн 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг унаж явсан. Төмс ачиж ирээд гэрийн баруун хэсэгт автомашиныг зогсоосон. Ээж талбай руу явсан. Солонго гэрийн урд сандал дээр суучихсан төмс ялгаж байсан. Би автомашины ачаан дээрээс 13 шуудай төмс буулгаж гэрийн гадаа баруун хэсэгт хураасан. Тэгээд ногооны талбай дээр ногоо тарьж байсан хүмүүс дээр очсон. Эхнэртэйгээ цуг саримс суулгасан. Эхнэр ам цангаж байна гэхээр нь хүйтэн юм авчрах гэж гэр рүү явсан. Гэрээс талбай ортол ногооны талбайгаас гэр хүртэл явган алхаж явсан. Гэрт ороод хүйтэн юм уучихаад жаахан хэвтэж амарсан. Тэгээд гэрээс гарч 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр байсан шуудайнд хийсэн төмсийг гэрийн урд хэсэгт буулгах ёстой байсан юм. 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг унаж хөдөлгөөн хийхийн өмнө автомашины тэвш болон хоёр толь хэсэгт харахад юм байгаагүй хөдөлгөөн хийгээд зүүн гар тийш эргэх гэхэд миний унаж байсан тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйнд нэг юм нидрэгдэх шиг болсон. Тэгэхээр нь би автомашины доороос нохой гараад явж байгаа юм байхдаа гэж автомашины баруун талын толинд харахад миний дүү Туулын бага хүү Түвшинбат автомашин руу нэг эргэж хараад цааш явсан. Би автомашиныг зогсоож гэрийн баруун урд талаар тойрч явган очиход Түвшинбатыг манай дүү Солонго тэвэрчихсэн царай нь сонин болчихсон, амьсгаа авч чадахгүй байгаа бололтой байсан. Тэр үед гэрийн хойд хэсэг буюу ногооны талбайгаас ээж ирж байсан. Хүүхэд автомашинаас унасан сугсар сугсар гэж хэлсэн. Хүүхдүүдийг хаана байсныг мэдээгүй. Ээжийн гэрт байгаагүй. Харин гадна манай дүү Солонго төмс ялгаж байсан. 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг унаж гэрийн урд хэсэгт байрлуулах гэхэд автомашины дээр болон хажууд нь талийгаач Түвшинбат байгаагүй. Автомашин доор байсан байгаагүйг хэлж мэдэхгүй байна. Би доош тонгойж хараагүй. /хх-ийн 168 дахь тал/

Шүүгдэгч Ц.Амарбуян мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1981 оны 11 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд аав Буяннэмэх, ээж Б.Цэцэгмаа нарын 2 дахь хүү болон мэндэлсэн. Дээрээ 1 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй. Ерөнхий боловсролын сургуульд 1989 онд суралцаж 1991 онд 3 дугаар ангид ороод дундаас нь гарч ээж, аавын хамт мал маллаж байгаад 2000 онд Баяндалай сумын төв рүү орж суурьшсан. Баяндалай сумын уурын зууханд галчаар 2 жил ажилласан. Тэрнээс хойш хувиараа ногоо тарьдаг болсон. 2007 онд эхнэр Б.Нарангаравтай танилцаж гэр бүл болж гэрлэлтээ батлуулж том хүү 2008 онд төрсөн, дунд хүү 2015 онд төрсөн, бага охин 2018 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хадам ээжийнхээ хамт ам бүл зургуулаа амьдарч байгаа. Би өмгөөлөгчтэй сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв тодорхой өгчихсөн байгаа болохоор надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би дахин дахин болсон зүйлийн талаар яримааргүй байна. Ярих болгонд миний дотор эмтрэх шиг болж байна. /2хх-ийн 24 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 170-175 дахь тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-29 дэх тал,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 34 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2057 дугаартай тодорхойлолт /хх-ийн 36 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 37 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 38 дахь тал/

Түргэн тусламжийн эмчийн тооцооны хуудас /хх-ийн 42-46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Амарбуян нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн зүүн талд 700 орчим метрт иргэн Б.Цэцэгмаагийн гэрийн гадна талд 70-98 ӨМӨ улсын дугаартай “Воngo pronter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж 3 настай М.Түвшинбат автомашины дугуйнд дайрагдаж амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Туул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай ээж бид нарт хэлэхдээ автомашин дээрээс унасан гэж хэлж байсан. Тухайн үед юу болсныг Амарбуян ахаас асууж тодруулаагүй, хэлж яриагүй. Тийм нөхцөл бүрдээгүй. Харин Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүүхдийг хүргэж ирээд эмчилгээ хийлгэж байхад манай ах Амарбуян анхнаас нь эмчилгээг зөв хийлгэх хэрэгтэй шүү. Миний унаж жолоодож явсан 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн автомашины баруун хойд талын дугуйнд шүргэгдсэн байж магадгүй гэж ярьсан талаар Солонго эгч надад хэлсэн. /хх-ийн 141-142 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Мягмарцэрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Одоо хэдэн цагт гэдгийг хэлж мэдэхгүй байна, ямар ч л байсан 14 цаг өнгөрчихсөн байсан шиг санаж байна. Талбай дээр ногоо суулгаж байхад над руу Цэцэгмаа залгаж хүүхэд сонин болчихлоо түргэн хүрээд ирээч гэсэн. Иймд би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт байрлах төмс, нарийн ногооны талбайгаас урагш алхаж Цэцэгмаагийн ногооны талбайн урд хэсэгт барьсан гэрт очсон. Гэрт ороход Цэцэгмаагийн охин Туулын бага хүүхэд Түвшинбатыг Туулын эгч Солонго тэврээд сууж байсан. Хүүхэд сааралдуу царайтай, амьсгаадсан, амьсгалын дуталтай маш хүнд хүүхэд байсан. Анх үзээд л хүнд хүүхэд байсан. Би Баяндалай сумын эрүүл мэндийн төв рүү утсаар ярьж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгтэй боллоо цүнх авч ир гэдгийг хэлсэн. ...Улмаар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчээс утсаар зөвлөгөө авч хийсэн эмчилгээ зэргийг танилцуулж зөвлөлцөж БОЭТ-д хүргэхээр болсон. /хх-ийн 152-153 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Солонго мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би хоёр гэрийн дунд хэсэгт гэрийн гадаа төмс ялгаж сууж байсан. Тухайн цаг хугацаанд талийгаач Түвшинбат гэрийн араас гуйвсан байдалтай явган алхаж гарч ирээд аниа гэж намайг дуудсан. Би тэр үед сандал дээр сууж байсан. Тэгээд босож талийгаач дээр очиход талийгаач сонин болчихсон амьсгаа ч авахад хүндрэлтэй байгаа бололтой байсан. /элэгдүүлчихсэн юм шиг/. ...Ах Амарбуян 70-98 ӨМӨ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан төмсийг буулгах гэж л автомашиныг хөдөлгөсөн байх. Ээж харин хоёр гэрийн хойноос буюу ногооны талбайгаас ирж байсан. Тэгээд харсан шиг байна лээ. Аль алиныг нь би хараагүй. Ээжийн хэлж байснаар бол өндрөөс унасан, ах Ц.Амарбуянгийн ярьж байснаар бол автомашины дугуйнд цохигдсон гэж хэлсэн. Автомашины баруун хойд талын дугуйнд цохигдсон гэдэг үнэн байх. Намайг очиход талийгаач өмд нь шороо болчихсон биеийн баруун хэсэг нь зулгарсан байсан. /хх-ийн 157-158 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Ачааны автомашин дээрээс Түвшинбат ойчсон. Тухайн үед уг автомашиныг манай хүү Амарбуян унаж хөдөлгөөн хийж гэрийн баруун талаас хөдөлсөн юм. Уг ачааны автомашин дээр төмс ачсан байсан. Хүү бид хоёр цуг Баяндалай сумын төв орж тарих төмс ачиж авчирсан юм. Миний хувьд бол өөрийн харсан зүйлийг л ярьж хэлж байгаа. Солонго талийгаачийг эмнэлэгт сахиж эмчилгээ хийлгэж байхад манай хүү Амарбуян очиж сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй, миний унаж явсан автомашины баруун хойд талын дугуйнд нидрэгдэх шиг болсон. Ээж харин автомашинаас унасан гэж ярихаар нь тайвширсан гэсэн асуудлыг манай хүүхэд ярьж байсан. /хх-ийн 162 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч С.Шүрцэцэгийн: ...Талийгаачийн гэмтлүүдээс харахад амь хохирогч хэвлий хэсгээр дайрагдсан байх боломжтой. Би хэргийн газарт очоогүй. Өмнөговь аймгийн БОЭТ-д эмчлэгдэж байгаад нас барсан байсан. Шинжилгээ хийгдэж гадна үзлэг хийх явцад цээжний баруун тал, баруун бугуй, сарвууны ар хэсгийг хамарсан зулгаралт, хэвлий, зүүн цавь, ташаа орчмын цус хуралт гэмтлүүд бүгд байсан. Энэ гэмтлүүд нь үхэлд хүргэх гэмтэл биш. /2хх-ийн 08-09 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Амарбуянгийн гэм буруутай үйлдлийн улмаас М.Түвшинбатын амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 922 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 03 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай магадлагаанд: 70-98 ӨМӨ улсын дугаартай “Воngo prontег” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Амарбуян нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. 70-98 ӨМӨ улсын дугаартай “Воngо Ргontег” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Амарбуян нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана /2хх-ийн 13 дахь тал/ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Ц.Амарбуян нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Туулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ болон бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Талийгаачийг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад манай ах Ц.Амарбуян 5.000.000 /таван сая төгрөг/ өгсөн. Харин буяны ажил явдал болж байхад манай ах Амарбуян 4.000.000 /дөрвөн сая төгрөг/ бэлнээр нийт 9.000.000 /есөн сая төгрөг/ өгсөн. Одоо надад ах Ц.Амарбуянгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх ба шүүгдэгч Ц.Амарбуян шүүх хуралдаанд “Эхлээд 5.000.000 төгрөг бэлнээр эмнэлэг дээр эмчилгээтэй байхад нь өгсөн. Дараа нь ажил  явдлаар нь 4.000.000 төгрөг өгсөн” гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Амарбуянгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 34 дэх тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2057 дугаартай тодорхойлолтод: Ц.Амарбуян нь Даланзадгад сумын Их-Уулын 15-10 тоот хаягт ам бүл 6 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Ц.Амарбуянгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Амарбуянд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан саналын дагуу миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарбуянгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Амарбуян тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарбуян нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Амарбуян цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Туулд 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Амарбуянгийн жолоочийн үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар хураах ажиллагааг мөрдөгч, прокурор хийх ёстой боловч, энэхүү ажиллагааг хийгээгүй, жолоочийн үнэмлэхийг хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчилсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Амарбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Ямаат овогт Цэцэгмаагийн Амарбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарбуянгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Амарбуян нь тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарбуян тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Амарбуян нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Туулд 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Амарбуянгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Амарбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА