Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
Дугаар | 2023/ШЦТ/87 |
Огноо | 2023-06-30 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/87 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: М.Наранбаяр,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар дугар овгийн Мөнхтогоогийн Наранбаярт 2328000000130 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгч М.Наранбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Наранбаярыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Наранбаяр шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай нөхөр Наранбаяр бид хоёр 2023 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр над руу манай нөхөр 19 цагийн үед надруу залгахаар нь би хоёулаа эргэж нийлэх эсэхээ ярьж сууя гээд 2 хүүхдээ аваад Гурвансайханд Наранбаярын ажил хийж байгаа газарт нь очсон. 23 цагийн үед миний утас руу манай найз залгаад утас дуугарсан чинь харанхуй шөнө чам руу хэн залгаад байгаа юм гэхээр нь би найз залгаж байна гэсэн чинь баруун талын шанаа хэсэг рүү алгадсан. Тэгэхээр нь би яаж байна гээд түлхсэн чинь миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохиод газраас өөрийнхөө урд талдаа төмөртэй гутлаар миний эрүү хэсэг рүү 2 удаа, толгой руу 2 удаа цохисон. Тэгээд жаахан тайвшраад намайг уучлаарай нүдийг чинь аймаар болгочихжээ гэж хэлсэн. Бид хоёр гэрлэлтээ 2010 онд батлуулсан. Өмнө нь 2023 оны 03 сарын дундуур гэртээ буюу Нисэхийн 13-12 тоотод орой ажлаа тараад очиход манай нөхөр Наранбаяр согтуу байж байсан. Тэгээд намайг яасан орой ирдэг юм гээд баруун талын шанаа хэсэг рүү алгадаад намайг газар унагаасан. Тэгээд урд талдаа төмөртэй гутлаараа миний чихний ард тал, хоёр талын мөрний ар хэсэг, баруун хөлний шилбэ хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. 2018 оны 06 сарын үед гэрт намайг жирэмсэн байхад Наранбаяр гэрт согтуу ирээд ар нуруу хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон...” /ХХ-ийн 10-16 дахь тал/
Гэрч Ж.Отгон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өглөө ажилдаа 8 дугаар цэцэрлэг рүү яваад орой ирээгүй. Тэгээд би залгаж асуусан чинь Наранбаяртай уулзаж байна гэж хэлсэн. Маргааш нь манай том охин Оюун над руу залгаад Отгонжаргал зодуулсан юм шиг байна худалдааны төвд нүүр ам нь хөхөрчихсөн Наранбаяртай хамт явж байна гэж хэлсэн...” /ХХ-ийн 17-19 дэх тал/
Гэрч Б.Оюун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын үеэр санагдаж байна. Отгонжаргал надруу яриад цус гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед манай дүү Отгонжаргал жирэмсэн байсан болохоор нь төрөх гээд ус гарсан юм болов уу гэж бодоод нисэхэд Отгонжаргалын гэрт очсон. Энэ оны 3 сарын үед бас зодсон гэсэн сураг сонссон. Би яг нүдээр хараагүй. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр над руу манай дүүтэй хамт ажилладаг Хишигээ гэдэг багш залгаад Отгонжаргал өчигдөр үдээс хойш ажилдаа ирээгүй. Өглөө хүүхдээ хүргэж өгөхдөө намайг гарч ирээд авчих гэхээр нь гараад харсан чинь нүд нь хөхөрчихсөн байсан гэж хэлсэн. Энэ хоёр 10 гаруй жил болж байгаа байх. Дундаасаа 2 хүү, 1 охинтой буюу 3 хүүхэдтэй...” /ХХ-ийн 20-22 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Б.Отгонжаргалын биед тархины доргилт, зүүн зулайн хуйхны язарсан шарх, дух, 2 нүдний зовхи, баруун хацар, эрүү, цээжний ар хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." /ХХ-ийн 32-33-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Наранбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Отгонжаргалыг 2023 оны 03 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 13-12 тоотод орших гэртээ гэр бүлийн маргаанаас болж зодсон, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан хороололд орших түр суух байранд хардалтаас болж, толгой, баруун шанаа. нүүр хэсэг рүү алгадаж зодсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргалын: “...манай нөхөр Наранбаяр бид хоёр 2023 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр над руу манай нөхөр 19 цагийн үед надруу залгахаар нь би хоёулаа эргэж нийлэх эсэхээ ярьж сууя гээд 2 хүүхдээ аваад Гурвансайханд Наранбаярын ажил хийж байгаа газарт нь очсон. 23 цагийн үед миний утас руу манай найз залгаад утас дуугарсан чинь харанхуй шөнө чам руу хэн залгаад байгаа юм гэхээр нь би найз залгаж байна гэсэн чинь баруун талын шанаа хэсэг рүү алгадсан. Тэгэхээр нь би яаж байна гээд түлхсэн чинь миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохиод газраас өөрийнхөө урд талдаа төмөртэй гутлаар миний эрүү хэсэг рүү 2 удаа, толгой руу 2 удаа цохисон. Тэгээд жаахан тайвшраад намайг уучлаарай нүдийг чинь аймаар болгочихжээ гэж хэлсэн. Бид хоёр гэрлэлтээ 2010 онд батлуулсан. Өмнө нь 2023 оны 03 сарын дундуур гэртээ буюу Нисэхийн 13-12 тоотод орой ажлаа тараад очиход манай нөхөр Наранбаяр согтуу байж байсан. Тэгээд намайг яасан орой ирдэг юм гээд баруун талын шанаа хэсэг рүү алгадаад намайг газар унагаасан. Тэгээд урд талдаа төмөртэй гутлаараа миний чихний ард тал, хоёр талын мөрний ар хэсэг, баруун хөлний шилбэ хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. 2018 оны 06 сарын үед гэрт намайг жирэмсэн байхад Наранбаяр гэрт согтуу ирээд ар нуруу хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон...” /ХХ-ийн 10-16 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Отгоны: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өглөө ажилдаа 8 дугаар цэцэрлэг рүү яваад орой ирээгүй. Тэгээд би залгаж асуусан чинь Наранбаяртай уулзаж байна гэж хэлсэн. Маргааш нь манай том охин Оюун над руу залгаад Отгонжаргал зодуулсан юм шиг байна худалдааны төвд нүүр ам нь хөхөрчихсөн Наранбаяртай хамт явж байна гэж хэлсэн...” /ХХ-ийн 17-19 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оюун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын үеэр санагдаж байна. Отгонжаргал надруу яриад цус гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед манай дүү Отгонжаргал жирэмсэн байсан болохоор нь төрөх гээд ус гарсан юм болов уу гэж бодоод нисэхэд Отгонжаргалын гэрт очсон. Энэ оны 3 сарын үед бас зодсон гэсэн сураг сонссон. Би яг нүдээр хараагүй. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр над руу манай дүүтэй хамт ажилладаг Хишигээ гэдэг багш залгаад Отгонжаргал өчигдөр үдээс хойш ажилдаа ирээгүй. Өглөө хүүхдээ хүргэж өгөхдөө намайг гарч ирээд авчих гэхээр нь гараад харсан чинь нүд нь хөхөрчихсөн байсан гэж хэлсэн” /ХХ-ийн 20-22 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонжаргалын биед тархины доргилт, зүүн зулайн хуйхны язарсан шарх, дух, 2 нүдний зовхи, баруун хацар, эрүү, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Наранбаяр хохирогч Б.Отгонжаргал нар нь 2010 оноос хойш хамт амьдарч, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” нь дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч М.Наранбаяр нь хохирогч Б.Отгонжаргалын бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... нэхэмжлэх зүйл байхгүй ... /хх-ийн 16 дахь тал/ гэснээр шүүгдэгч М.Наранбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч М.Наранбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Наранбаяр нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 42 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 1296 дугаартай тодорхойлолтод: М.Наранбаяр нь Даланзадгад сумын Их-Уул 6 дугаар багийн Нисэх 13-12 тоот хаягт ам бүл оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов. /хх-ийн 45 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Наранбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч М.Наранбаяр нь өөрөө өөрийгөө өмгөөлж ... дахиад ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна гэх тайлбар гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Наранбаяр нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наранбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Наранбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Отгонжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Наранбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар дугар овгийн Мөнхтогоогийн Наранбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наранбаярт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Наранбаяр нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наранбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Наранбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Отгонжаргал хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Наранбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА