Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1048

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

П.Т, Д.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00843 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Т, Д.А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ИГХ” ТББ-д холбогдох

 

4 450 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Т, Д.А- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид “ИГХ” ТББ-тай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр сургалцагчтай хийх гэрээ байгуулан бүртгэлийн хураамж 450 000 төгрөг, сургалтын төлбөр 2 000 000 төгрөг, онгоцны тийзийн үнэ 2 000 000 төгрөг тус тус төлсөн. Япон улсад дадлагажигч ажилтнаар баталгаатай явуулж өгнө гэсээр 2 жил хүлээлгэж ажил амьдралаа алдлаа. Мөнгөө буцааж авъя гэхээр өгөхгүй худлаа хэлээд яваад байна. Иймд нийт төлбөр 4 450 000 төгрөгийг хариуцагч “ИГХ” ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ИГХ” ТББ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрсдийн хүсэлтээр тус байгууллагатай гэрээ байгуулан япон хэлний сургалтад суралцаж төгссөн. П.Т нь Япон улсын Ёнэзавасато МАА компанийн үхрийн ферм, Чүо Сангёоү сангийн авто засварын ажилд зуучлагдан ярилцлагад орсон. Тухайн дадлагажигч болон гэрээт ажилтныг авч ажиллуулах гэж буй компаниуд нь өөрсдийн ажлын онцлог, нөхцөл байдлаас шалтгаалан хүлээлт үүсгэх, хугацааг хойшлуулах асуудал гардаг. Сургалтын төлбөрийн 1 000 000 төгрөг нь суралцагчдын сургалтын төлбөр, орчуулгын зардалд зарцуулагддаг ба П.Т, Д.А- нар нь сургалтанд бүрэн хамрагдаж төгссөн, ажилд зуучлагдан ярилцлагад орсон, өөрсдийн хүсэлтээр дадлагажигч болон гэрээт ажилтнаар ажиллахаас татгалзсан учир гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн сургалтын төлбөр нийт 2 000 000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй. Санхүүгийн баталгаа болгон үйл ажиллагааны зардал, виз, тийз, урилгын зардалд тушаасан тус бүр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр С.Соёлмаагийн Хаан банкны 5079045693 тоот дансаар буцаан олгосон. Манай байгууллага бүртгэлийн хураамж авдаггүй байхад бүртгэлийн хураамжид 450 000 төгрөг төлсөн гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжилж буй 4 450 000 төгрөгийн 1 000 000 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”ИГХ” ТББ-аас 2.720.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т, Д.А- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.730.000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИГХ” ТББ-аас 58.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т, Д.А- нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Т, Д.А- нар нь сургалтад бүрэн хамрагдаж төгссөн. Ажилд зуучлагдан ярилцлагад орсон. “ИГХ” ТББ-тай тус тусдаа албан ёсоор 1 жилийн хугацаатай 1 000 000 төгрөг төлбөр төлөх гэрээг сайн дураар, албан ёсоор байгуулж, гүйцэтгэл нь биелэгдсэн байхад шүүх гэрээний хугацааг 6 сар болгож тус бүр сургалтын төлбөрийн зөрүү 360 000 төгрөг нийт 720 000 төгрөг өгөхөөр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч П.Т, Д.А- нарын эгч буюу гэрч Д.Бадамханд нь хариуцагчийн гэрч болох С.Соёлмаагийн дансаар 1 000 000 төгрөгийг дамжуулан авсаар байтал С.Соёлмаагийн мэдүүлгийг шүүх үнэлсэнгүй, дахин 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 1 720 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч П.Т, Д.А- нар нь хариуцагч “ИГХ” ТББ-д холбогдуулан зуучлалын гэрээний дагуу төлсөн 4 450 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 1 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “суралцагчтай хийх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу П.Т, Д.А- нар “ИГХ” ТББ-ын сургалтын төвийн япон хэлний сургалтад 6 сар хамрагдан, гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан сургалтын гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх 79-80, 82-83 дахь тал/

Хариуцагч “ИГХ” ТББ нь Монгол Улсын иргэдийг Япон Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэгт талууд маргаангүй бөгөөд нэхэмжлэгч тал Япон Улсад дадлагажигч ажилтнаар явах зорилгоор хариуцагчтай дээрх гэрээг байгуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, талууд хэн алинаасаа гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Японд дадлагажигч ажилтнаар явуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй учир сургалтын төлбөрт төлсөн 2 000 000 төгрөг, бүртгэлийн хураамж 450 000 төгрөг, онгоцны тийз, бусад үйл ажиллагааны зардалд 2 000 000 төгрөг нийт 4 450 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарладаг. Хариуцагч үйлчилгээний зардалд нэхэмжлэгч талаас 4 000 000 төгрөг авсан гэдэгт маргаангүй, харин “П.Т, Д.А- нар япон хэлний сургалтад суусан, онгоцны тийз, бусад зардалд 1 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул үлдэх 1 000 000 төгрөгийг өгнө" гэж маргасан.

Хэргийн 7 дахь талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаас үзвэл иргэн Д.Бадамхандын данснаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Цэцэгбаяр” гэх гүйлгээний утгатай зарлагадсан 450 000 төгрөг нь нэхэмжлэгч нарын бүртгэлийн хураамжид төлсөн төлбөр гэдгийг нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар 6 сар япон хэлний сургалтад хамрагдсан атлаа сургалтын төлбөрийг бүхэлд нь буюу 2 000 000 төгрөг хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчин нэхэмжлэгч нарын сургалтад хамрагдсан хугацааг 4 сараар тооцон тус бүр 640 000 төгрөгийн үйлчилгээ авсан гэж дүгнэн үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулсан нь оновчгүй болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч тал сургалтын хугацааг Хөдөлмөрийн яамны 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7/1407 тоот зааврыг үндэслэн 4 сараар тогтоосон хэдий ч нэхэмжлэгч нар 6 сар сургалтад суусан учир тохирох хөлсөө төлөх үүрэгтэй. /160 000Ч6 сарЧ2=1 920 000/ Иймээс хариуцагчаас сургалтын төлбөрийн зардалд 80 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. /2 000 000-1 920 000=80 000 төгрөг/

Харин хариуцагч нь “П.Т, Д.А- нар ажилд зуучлагдан ярилцлагад орсон боловч өөрсдийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, мөн гэрч С.Соёлмаагийн ХААН банкны дансаар шилжсэн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир хариуцагч “ИГХ” ТББ-аас онгоцны тийз, бусад зардалд авсан 2 000 000 төгрөгийг буцаан гаргуулсан шүүхийн шийдвэр зөв. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 720 000” гэснийг “2 080 000” гэж, 2 дахь заалтын “58 470” гэснийг “48 230” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД