Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2022/00611/И |
Дугаар | 001/ХТ2022/00970 |
Огноо | 2022-10-21 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00970
2022 10 21 001/ХТ2022/00970
... ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01913 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01112 дугаар магадлалтай ... ийн хүсэлттэй ... тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. ... нь ... тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01913 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ... регистрийн дугаартай... , регистрийн дугаартай ... нарыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэгч ... ийн хүсэлтээс 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01112 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2022.06.10-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01112 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХТХ-ийн 172.1-т заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” тухайд. Анхан шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... ийн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасныг үндэслэн мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “... гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно ... эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй" гэж заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд тухайн шатны шүүгч нь өөрийнхөө татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгч нь өөрөө хянан шийдвэрлэсэн зэргээр хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.25-ны өдрийн 101/ШШ2022/01913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” тухайд. Монгол Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаартай тогтоолын 24-т “Хуулийн 161.3 дахь заалтын “...хэргийг бүхэлд нь хянана” гэдэг нь зохигч талын нэг нь давж заалдсан, мэтгэлцэж байгаа нөгөө тал нь хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд давж заалдах журмаар хянан шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ уг хэргийн нотлох баримт хийгээд үйл баримт, түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн байдал, шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэхийг хэлнэ. Түүнчлэн хуулийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан эсэх талаар хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч ... ийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргуулсан 2021.09.05-ны болон 2021.11.12-ны өдрийн “Юнител” ХХК-ийн хосолсон төлбөрт үйлчилгээний гэрээний яаралтай үед холбоо барих хүний дугаар хэсэгт “эхнэр ... гэж, мөн ажлын үнэмлэхийн гэрлэлтийн байдал хэсэгт “эхнэр ... ... ” гэж бичсэн зэрэг нь хуурамч нотлох баримт байх бөгөөд мөн хэрэгт авагдсан харилцах дансны хуулгууд, олон нийтийн цахим сүлжээн дэх мэдээлэл, Баянзүрх хотхоны цахим бүлгэмд гишүүнээр бүртгэлтэй байгаа зэрэг нь хамтын амьдралтай байсныг тогтооход ач холбогдолгүй нотлох баримтууд байдаг. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 210/МА2022/01112 дугаар магадлалын хянавал хэсгийн 4-т “...дансны хуулга, талийгаачийн ажлын үнэмлэх, фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээлэл, ...мэдүүлэг, ...хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна” гэжээ. Мөн магадлалын хянавал хэсгийн 5-т “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад зөв дүгнэлт гаргасан байна.” гэж дүгнэсэн нь шүүх хэргийн оролцогчийн эрх тэгш оролцоог хангаагүйгээр зогсохгүй ИХШХШТХ-ийн 40.1-т заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... ийн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон. Мөн ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлд заасныг үндэслэн мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд тухайн шатны шүүгч өөрөө шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 29-т “Хуулийн 168.1.4 дэх заалтын “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн" гэдэгт шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр, эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй буюу эрх нь дуусгавар болсон, шүүн таслах эрхийг түдгэлзүүлсэн хүнийг шүүгчээр оролцуулан хэлэлцсэнийг ойлгоно. ...Түүнчлэн хууль зөрчиж шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын аль нэгийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байхад тэд татгалзан гараагүй, татгалзан гаргах хүсэлт гарсан боловч хууль бусаар хүлээн аваагүй бол хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ” гэж тайлбарласан байдаг. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгч нь өөрөө хянан шийдвэрлэсэн зэргээр хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн байхад үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, хянаж үзээгүй байна. Иймд 2022.04.25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/01913 дугаар шийдвэр болон 2022.06.10-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01112 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв. 6. Хүсэлт гаргагч ... нь 2019 оны 7 сараас 2021.12.03-ны өдрийг хүртэл хугацаанд талийгаач ... тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа “...... амиа алдсан хэрэгт хохирогчоор тогтоолгох, тэтгэмж, нөхөн олговор авах зорилготой” гэж тайлбарласан байна. 7. Анхан шатны шүүх ... , ... нарыг 2021.09.01-ний өдрөөс 2021.12.03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэгч ... ийн хүсэлтээс 2019 оны 7 сараас 2021.09.01-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисон. 8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 9. ... 2021.12.03-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ... д хамаарах баримтыг үндэслэн ... ын эцэг ... , эх ... нарыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцсэн байна. 10. Нэхэмжлэгч нь талийгаач ... тай 2019 оны 07 сараас 2021.12.03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоолгохыг хүссэн ба гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийг хүүтэйгээ хамт амьдарч байгаагүй гэсэн тайлбар гаргасан байна. 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх онцгой ажиллагааны журмаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээр эрх зүйн тодорхой харилцаа үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болгох үр дагаврыг үүсгэдэг онцлогтой. 12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж зохицуулснаас үзэхэд иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт нь “эрх зүйн ач холбогдол бүхий байх” үндсэн шаардлага байгаа эсэхийг үндэслэл бүхий тогтоох нь чухал юм. 13. Ихэнх тохиолдолд төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, нөхөн олговор авах эрх үүсгэх зорилгоор энэ төрлийн хүсэлт гаргадаг хэдий ч шүүх тухайн хүсэлт гаргагчийн зорилго, үндэслэл нь эрх зүйн ач холбогдол бүхий байх шинжийг агуулж байгаа эсэхийг зөв шалгаж тогтоох нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр үүсэх бусад харилцааны эхлэл, үр дагавар хуульд нийцсэн байх шаардлагыг хангах суурь нөхцөл нь болдог. 14. Хүсэлт гаргагч ... болон талийгаач ... ын хэн аль нь гэрлээгүй, ... , ... нарын үүрэн холбооны дугаар хооронд 2021.09.14-ний өдрөөс эхлэн харилцан яриа хийгдсэн, ... ын хосолсон төлбөрт үйлчилгээний гэрээ баримтад яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл гэсэн хэсэгт эхнэр ... гэж тэмдэглүүлсэн, ... ын банкны данснаас ... ийн дансанд 2021.10.07-ны өдөр 8,000 төгрөг, 10 сарын 23-ны өдөр 80,000 төгрөг, 10 сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 100,000 төгрөгийг хайраас нь, хайртай шүү гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн, ... ын ажлын үнэмлэхийн гэрлэлтийн байдал хэсэгт эхнэр ... гэсэн бичилт хийгдсэн, цахим сүлжээнд 2021.08.20-ны өдрөөс хоорондоо харилцаж байсан үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч өөрийн цахим хуудаст 2021.09.01-ний өдөр ... тай гэрлэсэн гэх мэдээллийг оруулсан, ... ... нар Баянзүрх хотхон оршин суугчийн группэд гишүүнээр бүртгэлтэй, ... ыг нас барах үед түүний дүрэмт хувцас, эд зүйл нэхэмжлэгчийн гэрт хадгалагдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ нь ... , ... нарыг хамт амьдарч байсан болохыг тодорхойлж байна. 15. Анхан болон давж заалдах шатны шүүх ... , ... нарын хамт амьдарч байсан хугацааг 2021.09.01-ний өдрөөс 2021.12.03-ны өдрийг хүртэл гэж зөв тодорхойлсон боловч хамтын амьдралтай байсан гэж хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д нийцсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй, хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж тодорхой заасан. Хүсэлт гаргагч ... нь талийгаач ... тай 2021.09.01-ний өдрөөс 2021.12.03-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан нь хэргийн баримтаар тогтоогдох боловч түүнийг ... ын нас барсан үйл явдалтай холбогдон хохирогчоор тогтоох, тэтгэмж, нөхөн олговор авах эрх зүйн зохицуулалт байхгүй тул хуульд тусгайлан заасан “эрх зүйн ач холбогдол бүхий” байх нөхцөлд хамаарахгүй юм. 17. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13, 8.1 дүгээр зүйлд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул иргэн ... ийн “... ... амиа алдсан хэрэгт хохирогчоор тогтоолгох, тэтгэмж, нөхөн олговор авах зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт”-ийг хангах хууль зүйн боломжгүй байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ын гаргасан гомдлыг хангаж, иргэн ... ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01913 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01112 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан үндэслэлгүй тул ... тай 2019 оны 07 сараас 2021.12.03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэн ... ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ Н.БАЯРМАА П.ЗОЛЗАЯА Д.ЦОЛМОН
|