Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0397

 

 

 

 

 

 

 

 

 

  

Ц.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М

 

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Н.О, захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Ч, тэтгэвэр, тогтоолт, олголтын байцаагч, мэргэжилтэн Л.Ө

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2026/0034 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М

Хариуцагч Т.Ч, Н.О, Л.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс:123/2026/0016/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Баас Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Н.О, захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Ч, тэтгэвэр, тогтоолт, олголтын байцаагч, мэргэжилтэн Л.Ө нарт холбогдуулан “Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бын “Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр тогтоолтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас “Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр тогтоолтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар актын 1 дэх заалт”-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тогтоолтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар актын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:  

3.1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг баримталсангүй.

3.2. Учир нь шүүхийн шийдвэрт “... Төв аймаг дахь Төрийн аудитын газраас шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.Бын ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлсөн гэх ба 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай Төв аймаг дахь Төрийн аудитын газраас Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “Тус газарт ахлах аудитороор ажиллаж байсан Ц.Бад 50213744.31 төгрөгийг олгосон бөгөөд дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн тайлан, тооцооллыг хүргүүлж байна” гэх албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү баримтаар Ц.Бад тэтгэвэр илүү олгосон гэх үндэслэл нь түүнээс шалтгаалаагүй буюу 2024 оны 01 дүгээр сар гэхэд түүний ажиллаж байсан Төв аймаг дахь Төрийн аудитын газраас ажилгүй байсан хугацааны цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тооцооллыг хүргүүлсэн байхад 2025 оны 01 дүгээр сар хүртэл тэтгэврийн илүү олгохыг тооцож, 3972083 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.3. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор эцэслэгдэж, Ц.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, үүнээс хойш нэхэмжлэгч Ц.Б өөрийн эрхээ хамгаалуулахын тулд Нийгмийн даатгалын байгууллагад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж байсан ба үүнийг нь тус байгууллагын Гомдлын шаардлагын зөвлөл хэлэлцэж шийдвэрлээгүйн улмаас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2022, 2023, 2024 онуудад тэтгэврийн илүү олголт тооцож, 3972083 дугар төгрөгийг төлүүлэх акт тогтоосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т тус тус зааснаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг зөв үнэлсэн боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Ц.Б нь Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Н.О, захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Ч, тэтгэвэр, тогтоолт, олголтын байцаагч, мэргэжилтэн Л.Ө нарт холбогдуулан “Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэврээ тогтоолгосноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл миний тэтгэвэрт 5 удаа өөрчлөлт  оруулсан; миний зүгээс хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгосон бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад энэ талаар 3 удаа хүсэлт гаргасан боловч өнөөдрийн хүртэл албан ёсны хариу өгөөгүй; тэтгэвэр тогтоолтод өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь тэтгэвэр авагчаас шалтгаалаагүй, нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосон тэтгэврийг авсан учраас “тэтгэвэр илүү авсан” гэж миний тэтгэвэр авах эрх, амьдралын чанар, эрх зүйн байдлыг дордуулж улсын байцаагч акт тогтоосныг зөвшөөрөхгүй” гэж тодорхойлон маргажээ.

3.2. Харин хариуцагч нараас “... Ц.Бын өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, тэтгэвэр тогтоож олгосон; нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүд болон ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх хөдөлмөрийн маргаанд хамаарах шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлс, шимтгэлийн дүнд орсон өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэрийн хэмжээнд 5 удаа өөрчлөлт оруулсан нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргасан.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;

4.1. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар Ц.Быг Төв аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн.

Тодруулбал  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 594 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 22 дугаар магадлалаар нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Быг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/339 дугаар тушаалаар Ц.Быг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн.

Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2888 дугаар шийдвэрээр Ц.Бын ажилгүй байсан хугацааны цалин олговорт 20,542,879.5 төгрөгийг Үндэсний аудитын газраас олгохоор шийдвэрлэжээ. /Хэргийн I хавтасны 83, 90, 99-105, 125-146, 169-177 дахь талд/

4.2. Энэ хугацаанд Ц.Б нь өөрийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Ингэхдээ түүний сонгосон 2025-2021 оны хоорондох 7 жилийн дундаж цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дундаж /үүнд 2021 оны 1-12 сард сайн дураар даатгуулсан орлого хамаарна/-аас тооцож, нэг сард авах тэтгэврийн хэмжээг 1,781,234 төгрөгөөр тогтоосон байна. /Хэргийн I хавтасны 50-52/

4.3. Улмаар нэхэмжлэгчийн гаргасан “шимтгэл төлсөн хугацаанд нэг хүүхдийн жилийг нэмж тооцуулах, тэтгэвэр тогтоосон 7 жилийн цалинг 5 жил болгож тооцох” агуулга бүхий 2022 оны 3 дугаар сарын 31, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт, Засгийн газраас тэтгэврийн доод хэмжээг өөрчилсөн шийдвэр гаргасан холбогдуулан тус тус тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ.

Үүнээс хойш Ц.Баас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Нийгмийн даатгалын газарт хүсэлт гаргаж, 2021 оны турш сайн дурын даатгалд төлсөн 7,056,000 төгрөгийг буцаан авчээ. /Хэргийн I хавтасны 53, 57-63, 215-216, 224 дэх талд/

4.4. Хэргийн оролцогчдын хувьд тэтгэвэр тогтоолгосон үндэслэл, тэтгэврийн тооцоолол дээр маргаагүй бөгөөд дээрх байдлаар түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлсөн, 2021 оны 1-12 дугаар сард сайн дураар даатгуулсан мэдээллийг Нийгмийн даатгалын сангийн мэдээллээс устгаж, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлсөөр өөрчлөн засварлаж, уг цалин хөлсөөр тооцож тэтгэврийг өөрчлөн тогтоосон явцад буюу 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын хооронд үүссэн 3,972,083 төгрөгийн тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгчид буцаан төлөх эсэх хууль зүйн үндэслэлийн хүрээнд маргасан.

5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... /өндөр насны тэтгэвэр тогтооход оруулан тооцсон/ 2021 онд төлсөн сайн дурын даатгалыг 2024 онд буцаан авсан тул түүнийг 2021 онд сайн дурын даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн гэж үзэхгүй, илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт нь нийгмийн даатгалын хууль тогтоомжид нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх зэргээр үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актаар тогтоосон “... 3,972,083 төгрөгийн илүү олгосон тэтгэврийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв болжээ.

6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

6.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно: 1/ авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан; 4/ тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” гэж,

6.2. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийгмийн даатгал дараах зарчмыг баримтална: 5.1.3. нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх;”, 7 дугаар зүйлийн 7.9-д “Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ: 33.2.4. нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн тогтоолт, олголтод хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг барагдуулах;” гэж,

6.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно: 25.1.1. тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно” гэж тус тус заасан.

7. Тодруулбал, даатгуулагч нь тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргах, эсхүл тодорхой үндэслэл илэрвэл тэтгэврийн хэмжээг өөрчилж болох давтамж, бусад тохиолдлыг хуульд заасан, харин өндөр насны тэтгэврийг тооцоход албан журмын даатгалын хугацаанд давхардуулан төлсөн сайн дурын  даатгалыг үл хамааруулах зохицуулалттай бөгөөд даатгуулагчид олгох тэтгэврийн хэмжээ нь төлсөн шимтгэлийн хугацаа, хэмжээтэй ямагт уялдах зарчимтай байна гэж эдгээр хуулийн зохицуулалтын агуулга тодорхойлогдоно.

Даатгуулагч буюу тэтгэвэр авагчийн төлсөн шимтгэл болон авах тэтгэвэр хоёрын хоорондын хамаарал зайлшгүй буюу дүйцсэн байх шалтгаан нь шимтгэл төлсөн хэмжээгээр эрсдэлийг хамгаалах нийгмийн даатгалын суурь ойлголтоос улбаатай.

8. Энэ хэсгийн 4.1-4.3-д заасан үйл баримтыг дээрх зохицуулалттай харьцуулан дүгнэвэл, Ц.Бын хувьд өндөр тэтгэвэр тогтоолгох хуульд заасан болзол шаардлагыг хангасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, улмаар нэг хүүхдийн жилийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох, өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа ажил хийсэн хугацааг нэмж тооцуулах, тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдсөн гэх зэрэг шалтгаанаар тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орсон нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох харилцааг зохицуулсан холбогдох хуульд нийцсэн, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ болсон.

9. Харин нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, шимтгэлийг нөхөн тооцож олгосон, үүнтэй холбогдуулан тэтгэвэр тогтоолгоход тооцуулсан 2021 онд төлсөн сайн дурын даатгалын хураамжийг буцаан авсан зэрэг тодорхой үндэслэлээр олговол зохих тэтгэврийн бодит хэмжээ өөрчлөгдсөнд даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын аль алийг нь буруутгах үндэслэлгүй.

10. Энэ тохиолдолд гагцхүү төлсөн шимтгэл, авах тэтгэврийн хэмжээ харилцан уялдаатай байх зарчмын дагуу нэхэмжлэгчид илүү олголт үүссэн нөхцөлд түүнийг буцаан төлөх нь тэтгэвэр авагчийн үүрэг мөн. 

11. Тухайлбал, маргаан бүхий улсын байцаагчийн 2025 оны 27 дугаар актын хавсралтаар тодорхойлсон, 2022 оны 1 сараас 2024 оны 12 сар хүртэлх хугацаанд олгосон буюу олговол зохих тэтгэврийн зөрүүний тооцоолын талаар нэхэмжлэгч маргаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “… актаар тогтоосон 3,972,083 төгрөгийн төлбөрөөс 2022 оны илүү олголт болох 1,853,187 төгрөгийг хүлээн зөвшөөрөх байдлаар эвлэрэх саналтай, … нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосон тэтгэврийг л авсан” гэж тайлбарласан зэргээс үзэхэд эдгээр хугацаанд Ц.Бад тэтгэврийн илүү олголт үүссэн гэж дүгнэхээр байх тул буцаан олгохоор шийдвэрлэсэн маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Анхан шатны шүүхээс ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий актын 2 дахь заалтыг хүчингүй болгосон нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мэт ойлгогдохоор агуулгын зөрчилтэй шийдвэр болжээ.

13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Тэтгэврээс нэг удаа суутгах суутгалын хэмжээ нь тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь угаас тэтгэвэр авагчид дарамт учруулахгүй байх агуулгатай тул буцаан төлүүлэх тэтгэврийг энэ зохицуулалтад нийцүүлэн тодорхой хуваарь тогтоох байдлаар шийдвэрлэх боломж хариуцагчид бий, нэхэмжлэгч ч үүнийг шаардах эрхтэй.

14. Хэдийгээр улсын байцаагчийн үйлдсэн маргаан бүхий актад илүү олгосон тэтгэврийг буцаан төлөх хугацаа, давтамжийг нэг удаа гэх агуулгаар тусгасан боловч энэ нь нэхэмжлэгчийг илүү олгосон тэтгэврийг буцаан төлөх, суутгуулан тооцуулах зэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул улсын байцаагчийн актын 2 дахь заалтыг хүчингүй болгох шаардлагагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 33 дугаар зүйлийн 33.2.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны тус тус баримтлан Ц.Баас Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Н.О, захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Ч, тэтгэвэр, тогтоолт, олголтын байцаагч, мэргэжилтэн Л.Ө нарт холбогдуулан гаргасан “Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   М.ЦЭЦЭГМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ