| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0046/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/117 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/117
2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/117 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Баярцэцэг,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Бат-Очирын Баярцэцэгт холбогдох 2228000000141 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Баярцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Гурвансайхан 03-33 тоотод байх С.Батцэцэгийн гэрээс түүний эзэмшлийн монетан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Батцэцэгт 350.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Баярцэцэгийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баярцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бүгд миний буруу, гэм буруугаа хүлээж байна. 4 хүүхэдтэй, 2 хүүхэд асаргаанд байдаг.
Хохирогч С.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр монетон ээмэг алга болсон. 10 дугаар сарын 04-ний өдрийн орой бурханы доод талын Гүнгэрвааны доод талын шургуулганд мөнгө хийхэд байсан. Манай гэрт хүүхэд асрагч Мягмарнаран, Баярцэцэг нар байсан. Дөрвөлжин хэлбэртэй жижигхэн 3 шигтгээтэй голдоо талсттай монет ээмэг байгаа юм. Тухайн ээмгийг 2021 оны 01 дүгээр сард 900.000 төгрөгөөр 68 зээлийн төвөөс авч байсан. Одоо мөнгийг нь төлөөд явж байгаа. ...Баярцэцэг миний хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14, 17 дахь тал/
Гэрч Н.Самдандорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд Очир худалдааны төвийн зүүн талд Алт мөнгөний дархан ажиллуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад 15 цагийн үед нэг жирэмсэн эмэгтэй орж ирээд монет ээмэг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь 1 граммыг нь 70.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Удалгүй нөгөө жирэмсэн эмэгтэй орж ирээд жижиг дөрвөлжин шигтгээтэй ээмэг өгсөн. Граммлаж үзэхэд З гр монет ээмэг байсан. Тэгээд 1 граммыг 70,000 төгрөгөөр бодож 210,000 төгрөг болсон бөгөөд өөрийн Голомт банкны 5205115927 гэсэн данснаас Бат-Очирын Баярцэцэг гэсэн нэртэй данс руу хийсэн. 68 зээлийн төвд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1 граммыг 94000 төгрөгөөр бодож зарсан. 282.000 төгрөг болсон. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би хүмүүсээс монет граммаар худалдан авч өөр зүйл хийдэг юм. Эмэгтэй хүн байсан. Бордуу царайтай, туранхай, нүүрэн дээрээ мэнгэтэй хүүхэн байх шиг байсан. Тухайн үед хүнтэй байсан тул сайн санахгүй байна. Жирэмсэн хүнийг нь сайн хараагүй. Хараад бол танина. /хх-ийн 19 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1048 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монетон ээмэг 350.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/
Шүүгдэгч Б.Баярцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Нарангоо нь миний төрсөн эгчийн хүүхэд. Нарангоо жирэмсэн бөгөөд Улаанбаатар хотын Эх нялхас гэх эмнэлэгт хэвтэж төрөх гэж байгаа. Төрөх хугацаа нь дөхсөн байгаа. Нарангоо надтай хамт аваагүй. Би Нарангоод тэр 2 ээмгийг алт мөнгөний дарханд өгчих гэж хэлсэн. Нарангоо тэр ээмэгнүүдийн талаар мэдэхгүй. Би тэр 2 ээмгийг Нарангоод миний ээмэг гэж хэлсэн. Тэгээд алт мөнгөний дарханд өгчих хэлсэн чинь Нарангоо за гэж хэлээд өгсөн. Би хохирлоо барагдуулсан. /хх-ийн 35 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дэх тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Баярцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Гурвансайхан 03-33 тоотод байх С.Батцэцэгийн гэрээс түүний эзэмшлийн монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч С.Батцэцэгийн: 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр монетон ээмэг алга болсон. Манай гэрт хүүхэд асрагч Мягмарнаран, Баярцэцэг нар байсан. /хх-ийн 14, 17 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Самдандоржийн: Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд Очир худалдааны төвийн зүүн талд Алт мөнгөний дархан ажиллуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад 15 цагийн үед нэг жирэмсэн эмэгтэй орж ирээд монет ээмэг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь 1 граммыг нь 70.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Удалгүй нөгөө жирэмсэн эмэгтэй орж ирээд жижиг дөрвөлжин шигтгээтэй ээмэг өгсөн. Граммлаж үзэхэд З гр монет ээмэг байсан. Тэгээд 1 граммыг 70,000 төгрөгөөр бодож 210,000 төгрөг болсон бөгөөд өөрийн Голомт банкны 5205115927 гэсэн данснаас Бат-Очирын Баярцэцэг гэсэн нэртэй данс руу хийсэн. /хх-ийн 19 дэх тал/ гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Баярцэцэг нь хохирогч С.Батцэцэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Батцэцэгт хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1048 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1048 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монетон ээмэг 350.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/ гэх ба шүүгдэгч Б.Баярцэцэг тухайн ээмгийг алт мөнгөний дарханд 210.000 төгрөгөөр зарсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Н.Самдандоржийн: Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд Очир худалдааны төвийн зүүн талд Алт мөнгөний дархан ажиллуулдаг юм. ...1 граммыг нь 70.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Граммлаж үзэхэд З гр монет ээмэг байсан. Тэгээд 1 граммыг 70,000 төгрөгөөр бодож 210,000 төгрөг болсон бөгөөд өөрийн Голомт банкны 5205115927 гэсэн данснаас Бат-Очирын Баярцэцэг гэсэн нэртэй данс руу хийсэн. /хх-ийн 19 дэх тал/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч С.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Миний хохирлыг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй” /хх-ийн 17 дахь тал/ гэжээ.
Шүүгдэгч Б.Баярцэцэг шүүх хуралдаанд ...500.000 төгрөг төлсөн гэх ба хохирогчид хохирол төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баярцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Баярцэцэг нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 39 дэх тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47 дахь тал/, Оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотоос гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ... Бүгд миний буруу, гэм буруугаа хүлээж байна. 4 хүүхэдтэй, 2 хүүхэд асаргаанд байдаг. Цогт-Овоо суманд миний өндөр настай эмээ байдаг. Бие нь тааруу байгаа учраас Цогт-Овоо сум руу явах шаардлага гарч магадгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэжээ.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, 4 хүүхэдтэй, 2 хүүхэд асаргаанд байдаг, Цогт-Овоо суманд байх өндөр настай эмээгээ эргэх шаардлагатай байдал зэрэг хувийн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлахыг хориглоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэг нь оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэг нь үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Баярцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Батцэцэгт 500.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овгийн Бат-Очирын Баярцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэг нь оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Баярцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 500.000 төгрөгийн төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА