Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр                        Дугаар 2023/ШЦТ/139                                    Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Ц.Рэнцэнсодном,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэдэнгийн Рэнцэнсодномд холбогдох 2328000400216 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Рэнцэнсодном нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Рэнцэнсодномыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Рэнцэнсодном шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлэх зүйлгүй.

 

Хохирогч Х.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:"Ц.Рэнцэнсодном би ээжтэйгээ хамт тэмээ авах гэж байгаа, тэмээ авах айл 1.200.000 төгрөгөөр тэмээ зарна, би танд 1 сая төгрөгөөр аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би идэшний тэмээ авахаар болоод 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Рэнцэнсодномын Хаан банкны данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Өмнө 300.000 төгрөг Рэнцэнсодномын данс руу хийсэн байсан. ... Тэгээд тэмээ яасан бэ гэсэн чинь наашаа аваад явж байсан чинь машин суугаад би ажилтай болохоор түрүүлээд ирсэн. Манай найз машинаа янзлаад аваад ирнэ гэсэн. Тэгээд тухайн өдрийн орой нь 21 цагийн үед Рэнцэнсодном над руу залгаад машин нь зүгээр болсон наашаа ирж байна гэхээр нь би буулгах газраа бэлдсэн байгаа ирэхээр нь хэлчих гэсэн. Тэгээд маргааш нь Рэнцэнсодном над руу залгаад нөгөө мах чинь муудаад ирсэн байна гэсэн. Тэгээд Рэнцэнсодном би таниас мөнгө авсан юм чинь би өөрөө нэг тэмээ өгнө гэсэн. Тэгээд тэрнээс хойш маргааш нь байхаа нөгөө тэмээгээ яасан гэсэн чинь усанд ирэхээр нь барьж уяад аймаг руу ирж байна гэсэн. Тэрнээс хойш надтай огт холбоо авахгүй байгаа. Би зөндөө удаа мессеж бичиж болон залгаж үзсэн боловч огт хариу өгөхгүй байгаа. ... Ц.Рэнцэнсодном нь надад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. /хх-ийн 22-30 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5585239058 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-13 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Монгол байгаль 1-16 тоотод оршин суух иргэн Х.Оюунцэцэгт 1 тооны тэмээ худалдана гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн өөрийн Хаан банкны 5057541493 тоот дансаараа 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Х.Оюунцэцэгийн: "Ц.Рэнцэнсодном би ээжтэйгээ хамт тэмээ авах гэж байгаа, тэмээ авах айл 1.200.000 төгрөгөөр тэмээ зарна, би танд 1 сая төгрөгөөр аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би идэшний тэмээ авахаар болоод 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Рэнцэнсодномын Хаан банкны данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Өмнө 300.000 төгрөг Рэнцэнсодномын данс руу хийсэн байсан. ... Тэгээд тэмээ яасан бэ гэсэн чинь наашаа аваад явж байсан чинь машин суугаад би ажилтай болохоор түрүүлээд ирсэн. Манай найз машинаа янзлаад аваад ирнэ гэсэн. Тэгээд тухайн өдрийн орой нь 21 цагийн үед Рэнцэнсодном над руу залгаад машин нь зүгээр болсон наашаа ирж байна гэхээр нь би буулгах газраа бэлдсэн байгаа ирэхээр нь хэлчих гэсэн. Тэгээд маргааш нь Рэнцэнсодном над руу залгаад нөгөө мах чинь муудаад ирсэн байна гэсэн. Тэгээд Рэнцэнсодном би таниас мөнгө авсан юм чинь би өөрөө нэг тэмээ өгнө гэсэн. Тэгээд тэрнээс хойш маргааш нь байхаа нөгөө тэмээгээ яасан гэсэн чинь усанд ирэхээр нь барьж уяад аймаг руу ирж байна гэсэн. Тэрнээс хойш надтай огт холбоо авахгүй байгаа. Би зөндөө удаа мессеж бичиж болон залгаж үзсэн боловч огт хариу өгөхгүй байгаа. ... Ц.Рэнцэнсодном нь надад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. /хх-ийн 22-30 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5585239058 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Ц.Рэнцэнсодном нь надад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. /хх-ийн 22-30 дахь тал/ гэснээр шүүгдэгч Ц.Рэнцэнсодномыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Ц.Рэнцэнсодном нь хохирогч Х.Оюунцэцэгт тэмээ зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүх шүүгдэгч Ц.Рэнцэнсодномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргаж шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Рэнцэнсодномд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.Рэнцэнсодном ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Рэнцэнсодном нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Рэнцэнсодном нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгт 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Рэнцэнсодномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэдэнгийн Рэнцэнсодномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Рэнцэнсодномд 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Рэнцэнсодном нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Рэнцэнсодном нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгт 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Рэнцэнсодномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА