| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2020/00910/и |
| Дугаар | 135/шш2020/00936 |
| Огноо | 2020-08-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 135/шш2020/00936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00910/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ...дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суугаа, ... овогт Л.Б /регистрийн дугаар ..., утас .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ...дугаар баг, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суугаа, ... овогт Б.М /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие нь Б.М-тай 2000 онд танилцаж үерхэж байгаад 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарсан бөгөөд бидний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 10 дугаар сарын 01-нд охин М.М, 2008 оны 06 дугаар сарын 27-нд охин М.М, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү М.И нар төрж 18 жил хамтын амьдралтай байлаа. 2016 онд нөхөр маань намайг хоосон хардаж, зодсоноос болж бидний хооронд үл итгэх байдал үүсч сүүлийн 4 жилийн хугацаанд нөхөр бид хоёр зан харьцааны хувьд таарч тохирохоо больж бие биедээ итгэх итгэлгүй болсноос гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж танихгүй хүмүүс шиг нэг гэрт амьдарч байна. Нөхөр маань хий хоосон хардалтаас болж бидний хооронд эр эмийн харьцаагүй болсоор 3 жил боллоо. Миний бие хүүхдүүдээ бодож тэвчсээр өдий хүрлээ. Цаашид ийм байдлаар хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, насанд хүрээгүй 3 хүүхдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно” гэв.
Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь миний эхнэр болох Л.Б 2000 оноос үерхэж 2002 оны 09 дүгээр сарын 23-нд гэр бүлээ батлуулан хамтын амьдралаа эхлүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа том охин М.М, 2008 онд дунд охин М.М, 2014 онд бага хүү М.И нар минь мэндэлж, жирийн л залуу хосуудын амьдралаар аз жаргалтай, бие биенээ гэсэн сэтгэлтэйгээр, хоёулаа төрийн албанд ажиллаж амьдарч байсан. ...2016 оноос эхлэн бидний хоорондын харьцаа, хандлага таарамжгүй болж эхэлсэн... Иймд гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй ” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.М-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Б.М, Л.Б нар нь 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин М.М, 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин М.М, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү М.И нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаан дээр “ нөхөр Б.М нь охин М.М-ийг, эхнэр Л.Б нь охин М.М, хүү И нарыг тус тус асрамжиндаа үлдээхээр” тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар талуудын дээрх эвлэрлийн дагуу хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын хэн аль нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.М, эх Л.Б нар нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... овогт Б.М, ... овогт Л.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин М.М-ийг эцэг Б.М-ын асрамжид, охин М.М, хүү М.И нарыг эх Л.Б-ын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Зохигчдын хэн аль нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т-д даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА