Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

 

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр                      Дугаар 2023/ШЦТ/136                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч: Т.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхэс овгийн Түвдэндоржийн Батмөнхөд холбогдох 2328000000197 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Батмөнх нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Дундсайханы 8-17 тоотод оршин суух Д.Ганбаатарын гэрээс түүний эзэмшлийн galaxy A-73 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.000.000 төгрөгийг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Батмөнхийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Батмөнх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Утсыг нь авсандаа харамсаж байна. Үлдэгдэл 500.000 төгрөгийг яаралтай хугацаанд өгнө.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн танил Тэгшээгийн гэрт очсон. Тухайн үед Тэгшээ, Батмөнх, Тогтох нар архи уучихсан байж байсан. Тухайн үед Тэгшээ Батмөнхийг хөөгөөд байсан. Тэгэхээр нь би яах гэж нэгнээ ингэж байдаг юм гээд аваад гарсан. Тэгээд Батмөнх, Тогтох бид гурав Цогтхан дэлгүүрээс нэг шил архи аваад Дундсайхан 8-17 тоотод байх манай гэрт ирээд хамт уусан. Орой 19 цагийн үед Батмөнх гадагшаа гарч ирчхээд танай баруун гэрийн хүмүүс шоудаад байна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь Тогтох бид хоёр орохоор болсон. Батмөнхийг хамт орох уу гэсэн чинь би унтаж байя гэсэн. Тогтох бид хоёр гараад явсан. 21 цагийн үед гэртээ орж ирэхэд Батмөнх байхгүй байсан. Тэгээд утсаа хайтал алга болчихсон байсан. Хоёр хоногийн дараа Батмөнхтэй уулзахад би утас аваагүй цагдаад хэлбэл хэл гэсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 12 дахь тал/

Гэрч Л.Байгальмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай нөхөр Д.Ганбаатар нь өөрийн эзэмшлийн Samsung galaxy A-73 загварын гар утсыг хулгайд алдсан юм. Тухайн гар утсыг нь хулгайлсан гэх Т.Батмөнх нь гар утасны хохирлоос 500,000 төгрөгийг нь өгчихсөн. Үлдсэн 500,000 төгрөгийг нь 11 сардаа багтааж төлнө гэж манай нөхөртэй ярилцаж тохиролцсон гэсэн. Нөхөр маань Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МАК ХХК-д жолоочоор ажилладаг ба 2023 оны 10 дугаар сарын 12-нд ажилдаа яваад үргэлжлүүлээд сунаж ажиллаж байгаа болохоор намайг очиж мэдүүлэг өгөөд, хохирлын хагас мөнгийг өгсөн баримтыг өгч, санал гомдол байхгүй талаар хэлээрэй гэж дамжуулсан юм. Өөрөө ирж хэргийн материалтай танилцахгүй талаар бас дамжуулсан юм. Энэ талаар л гэрчийн мэдүүлэг өгөх болсон. /хх-ийн 20 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1544 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung A73 5G гар утас 1.000.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/

Шүүгдэгч Т.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 дүгээр сарын 13-ны үдээс хойш Ганбаатар ах, Тогтох бид 3 Ганбаатар ахын гэрт архи уусан. Тэгээд байж байгаад Ганбаатар ах Тогтохоор бумба тавиулах гэсэн сонины цаас олдохгүй байхаар нь би гадаа хашаан дотор цаас хайж байгаад би гэрт ороод хажуу айл чинь шоудаад байна гэж хэлсэн юм. Тэгээд Ганбаатар, Тогтох ах хоёр тэр айл руу хамт орох уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би орохгүй гээд гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд гэрт үлдсэн тал архийг ууж дуусаад би согтсон. Цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь Дашка ахын гэрт сэрсэн. Гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна. Голомт банкны замын эсрэг талын байранд байдаг 2 давхар байр. Өдөр Ганбаатар Дашка ахын гэрт ирээд гар утас алга байна. Чи авсан гэсэн. Тэгээд миний цүнх савыг үзээд цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд явсан. Тухайн үед би өөрөө согтуу байсан болохоор тухайн гар утсыг нь авч яваад хаана яасан талаараа үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан би авч явсан байх. Тухайн үед надаас өөр хүн гэрт нь байгаагүй. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нь барагдуулах талаараа өмнө өгсөн мэдүүлэгтээ өгчихсөн байгаа. хх-ийн 39 дэх тал/

                                                         

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 57 дахь тал/

“Өү энд ти интернэшнл /хх-ийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Батмөнх нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р баг Дундсайханы 8-17 тоотод оршин суух Д.Ганбаатарын гэрээс түүний эзэмшлийн galaxy A-73 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарын: ...21 цагийн үед гэртээ орж ирэхэд Батмөнх байхгүй байсан. Тэгээд утсаа хайтал алга болчихсон байсан. Хоёр хоногийн дараа Батмөнхтэй уулзахад би утас аваагүй цагдаад хэлбэл хэл гэсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 12 дахь тал/

Гэрч Л.Байгальмаагийн: 2023 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай нөхөр Д.Ганбаатар нь өөрийн эзэмшлийн Samsung galaxy A-73 загварын гар утсыг хулгайд алдсан юм. Тухайн гар утсыг нь хулгайлсан гэх Т.Батмөнх нь гар утасны хохирлоос 500,000 төгрөгийг нь өгчихсөн. /хх-ийн 20 дахь тал/ гэх мэдүүлгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Батмөнх нь хохирогч Д.Ганбаатарын эзэмшлийн galaxy A-73 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.Батмөнхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1544 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung A73 5G гар утас 1.000.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Батмөнх нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Т.Батмөнхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ганбаатарт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч Т.Батмөнх нь хохирогч Д.Ганбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 500.000 төгрөг төлсөн болох нь гэрч Л.Байгальмаагийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ...үлдсэн 500.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэх тул шүүгдэгч Т.Батмөнхөөс 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Т.Батмөнхийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                                                                                                                                      

Шүүгдэгч Т.Батмөнхийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Т.Батмөнхийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/, “Өү энд ти интернэшнл” ХХК-ийн тодорхойлолтод: Т.Батмөнх нь тус хамгаалалтын албанд 2023 оны 05 сараас эхлэн ээлжийн ахлахаар ажиллаж байгаа нь үнэн болно /хх-ийн 59 дэх тал/ зэрэг хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тодорхойлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Т.Батмөнх нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ял оногдуулсантай холбогдуулж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих, оногдуулах 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж ... Хоригдохгүйгээр гадуур ажил хийж хохирлоо барагдуулмаар байна гэх тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж: хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Батмөнх нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батмөнх нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Т.Батмөнхөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Эрхэс овгийн Түвдэндоржийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Батмөнх нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батмөнх нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батмөнхөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгосугай.
  6. Шүүгдэгч Т.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА