Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/118                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Г.*******,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрээн бөх овгийн ******* *******д холбогдох 2328001960183 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.*******г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлэх зүйлгүй.

 

Хохирогч З.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар багт Баянхайрхан комиссын дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тухайн өдрийн 13 цагийн үед гаднаас 3 эмэгтэй 1 хүүхдийн хамт орж ирсэн. Тэгээд хувцас үзэж байгаад гараад явсан. Тэгээд гараад явсны дараа нь утсаа хайгаад олоогүй. Тухайн үед би бараа янзалж байгаад үүдний бараан дээр тавьчихсан байсан. Би гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Утас дүүрэн цэнэгтэй байсан. Тухайн 3 хүүхэн 1 хүүхдээс өөр хүн орж ирээгүй. Би тухайн хүмүүсийг авсан байх гэж бодож байна. ...Миний гар утас нь Samsung galaxy А-24 маркийн гар утас байсан. Надад IМЕА дугаар нь байгаа. ...Би гар утсаа хүлээн авсан. Бүрэн бүтэн байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 18 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung galaxy А-24 маркийн гар утас 740.000 төгрөг /хх 31-32 дахь тал/

Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би Өмнөговь аймагт барилгын ажил дээр тогооч хийж байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сум Хан-Уул хорооллын гэрлэн дохиотой уулзварын баруун талд байх комиссын дэлгүүрээс ажлын хувцас авах гэж төрсөн эгч Пүрэвсангитай хамт орж бараа үзэж байхдаа бараан дээр байсан утсыг аваад гарсан. Тэгээд барилга дээрээ ирээд утсыг нь унтраасан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай хүүхдийн 86300259 дугаарын сим карт хийж ашигласан. Дараа нь манай хамаатны дүү утас нь эвдэрсэн гэхээр нь түр ашиглаж бай гээд хэрэглүүлсэн. Энэ талаараа өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ярьчихсан байгаа болохоор надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хулгайлсан утсаа хүлээлгэн өгсөн байгаа /хх-ийн 40 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян хайрхан” комиссын дэлгүүрт байсан З.*******гийн эзэмшлийн Samsung galaxy А-24 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч З.*******гийн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар багт Баянхайрхан комиссын дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тухайн өдрийн 13 цагийн үед гаднаас 3 эмэгтэй 1 хүүхдийн хамт орж ирсэн. Тэгээд хувцас үзэж байгаад гараад явсан. Тэгээд гараад явсны дараа нь утсаа хайгаад олоогүй. Тухайн үед би бараа янзалж байгаад үүдний бараан дээр тавьчихсан байсан. Би гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Утас дүүрэн цэнэгтэй байсан. Тухайн 3 хүүхэн 1 хүүхдээс өөр хүн орж ирээгүй. Би тухайн хүмүүсийг авсан байх гэж бодож байна” /хх-ийн 18 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung galaxy А-24 маркийн гар утас 740.000 төгрөг /хх 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч З.*******д 740.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1567 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31-32 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 Шүүгдэгч Г.******* нь хохирогч З.*******гийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогч З.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би гар утсаа хүлээн авсан. Бүрэн бүтэн байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 18 дахь тал/ гэснээр шүүгдэгч Г.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Г.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргаж шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.******* ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.*******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотоос гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч З.*******д гар утсыг биет байдлаар буцаан төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Эрээн бөх овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.*******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотоос гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.*******д гар утсыг биет байдлаар буцаан төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА