Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Ө.Б, 

Өмгөөлөгч Н.Нармандах,  

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Ө-гийн Ба-д холбогдох 2309000001958 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Биеийн байцаалт:                                              

Шүүгдэгч Ө.Б нь 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн D201129630 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Өмнөговь аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургууль, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр, Гуравдугаар, Дөрөвдүгээр, Тавдугаар сургуульд 2011 оны 06 сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэл 11 жил 05 сарын хугацаагаар бага ангийн багшаар ажиллаж, 100,605,661 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын 17,595,815 төгрөгийн шимтгэл, 10,967,749 төгрөгийн хувь хүний орлогын татвар, 7,860,552 төгрөгийг хөдөө орон нутгийн тэтгэмж, нийт 137,029,777 төгрөгийг авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Ө.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Багшийн сургуульд багшийн ангийн эчнээ ангид элсэлт аваад ороход шалгалт аваад 10 дугаар сараас багшийн дутагдлаас болоод орон нутаг руу багшаар явуулсан. Тэр үед тэнцээд эчнээ багшаар суралцсан. Тэгээд энэ хэрэгт шалгагдах хүртэл мэдээгүй. Улсын дугаартай давхацсан байсан. Одоо гэм буруугаа ойлгосон учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай яамнаас одоогоор дээрх үйлдэлтэй холбоотойгоор тооцож, тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа. Хохирол төлбөр яригдахаас өмнө Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.А, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Ня, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Э нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран баталсан “Хамтарсан албан даалгавар” гарсан байдаг. Манай яамнаас одоогийн байдлаар дээрх утга бүхий албан бичгийг хууль хяналтын байгууллагад гарган ирүүлэх боломжгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрхэн явагдаж хаашаа эргэхийг бид урьдчилан мэдэх боломжгүй, хэрэг тус бүрээр тогтоогдсон нөхцөл байдал өөр байгаа учраас яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа.” /хавтаст хэргийн 101-102 дахь тал/     

Иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ө.Б нь 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бакалаврын диплом авсан байдаг. Дээд боловсрол эзэмшсэнээс эхлэн Ө.Б-ын гар дээр авсан цалин нь 89,552,191 төгрөг, хөдөө орон нутгийн нэмэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3,237,282 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын тушаалаар 4,623,270 төгрөгийн тэтгэмжийг тус тус авч нийт 7,860,552 төгрөгийн хөдөө орон нутгийн урамшууллыг авсан байна. Ингээд гарт олгосон цалин, хөдөө орон нутгийн урамшуулалтайгаа нийлээд 97,412,743 төгрөгийн цалин урамшууллыг авсан байна. Энэ дээр нийгмийн даатгалын шимтгэлд 17,211,485 төгрөг төлсөн, хувь хүний орлогын албан татвар 8,309,025 төгрөг төлснийг оролцуулбал нийт 122,933,253 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр багш Ө.Ба-д олгосон цалин хөлс урамшууллыг нэхэмжлэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Д.Ба-тэй зөвшилцөж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас чиглэл авч дахин мэдүүлэг өгнө. Ямар нэгэн чиглэл байхгүйгээр би өөрөө дур мэдэж чадахгүй байна.” /хавтаст хэргийн 105-110 дахь тал/

Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл /Esis программ/ бүртгэл, pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог, нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг скайнердсан/ зөрчил нь 458 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145, боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Их дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил илэрсэн. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан/ илэрсэн 1 зөрчил. Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил илэрсэн нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” /хавтаст хэргийн 113-115 дахь тал/ 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Боловсролын салбарт /Esis буюу боловсролын салбарын мэдээллийн систем/ болон /Нemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем/ гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Уг системийг ашиглах болсон шалтгаан 2018 оноос өмнө мэдээллийн нэгдсэн системгүй байсан. Энэ нь статистикийн мэдээ тайланг цаасаар буюу ехcel хүснэгтээр авдаг байсан нь статистикийн мэдээний хамралт дутуу алдаатай буруу мэдээлэл цуглуулагдах зэрэг дутагдалтай байдлыг үүсгэж байсан болохоор 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд нийт 18 сарын хугацаанд дээд боловсролын шинэчлэлтийн төслийн хүрээнд дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг боловсруулж ажилласан ба 2020 оны 12 дугаар сард системийг яам хүлээн авсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажлуудыг уг төслийн ажлын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай Excel файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 9.6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг серво бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг мөн боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.29, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг.” /хавтаст хэргийн 118-121 дэх тал/ 

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед БШУЯамны сайд Л.Э-гийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан... Дээрх системтэй холбоотой асуултыг мөн цахим бодлого, статистикийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлах боломжтой гэхдээ шалгалтын явцад анх системийн мэдээллийн дата баазыг бий болгохын тулд яамнаас гэрээт ажилчдыг хөлсөөр ажиллуулсан ба тэдгээр ажилтнууд дундаас системд дур мэдэн баталгаажуулалт хийсэн тохиолдол гарсан. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн. Илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эхний ээлжид 2000-2022 оныг хүртэлх хугацаанд олгогдсон дипломыг бүгдийг нь хамруулж шалгалтын үйл ажиллагааг явуулсан, гэхдээ энэ хугацаанд дипломын хуулбарыг боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсээс ирүүлэхэд 10,000 орчим багш одоогоор дипломын хуулбараа ирүүлээгүй бөгөөд үүнийг нөхөж авах үйл ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ дээрх 10,000 хүн нөхөж ирүүлээд түүнээс зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.” /хавтаст хэргийн 124-126 дахь тал/

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “БШУЯамны сайд Л.Эгийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг. Тухайн НЕМІЅ программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /Өөр сургуулийн дипломын дугаар/, Архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан.” /хавтаст хэргийн 129-131 дэх тал/ 

Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх, мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан, яг системийн хувьд би сайн мэдэхгүй, үүнийг яамны мэргэжилтэн Д-аас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр харин миний хувьд өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн. ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн pdf өргөтгөлтэй файл юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн. Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан.” /хавтаст хэргийн 132-134 дэх тал/

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ангид Ө.Б гэх хүн цуг суралцаж байгаагүй ба тухайн хүний дипломын дугаар нь миний дипломын дугаартай адилхан боловч бүртгэлийн дугаар хоорондоо өөр байна. Тухайн үед манай анги шиг өдрийн анги дахиад 1 байсан.” /хавтаст хэргийн 140-141 дэх тал/ 

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, баримтуудын хуулбар /хавтаст хэргийн 21-26 дахь тал/

Боловсрол, шинжлэх ухааны яам, Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, материалын хуулбар /хавтаст хэргийн 27-91 дэх тал/

2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хавтаст хэргийн 143 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Ба-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн хор уршигт 61,129,777 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа ойлгосон гэх тайлбарыг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ө.Б нь 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн D201129630 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Өмнөговь аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургууль, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр, Гуравдугаар, Дөрөвдүгээр, Тавдугаар сургуульд 2011 оны 06 сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэл 11 жил 05 сарын хугацаагаар бага ангийн багшаар ажиллаж, 100,605,661 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын 17,595,815 төгрөгийн шимтгэл, 10,967,749 төгрөгийн хувь хүний орлогын татвар, 7,860,552 төгрөгийг хөдөө орон нутгийн тэтгэмж, нийт 137,029,777 төгрөгийг авч ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Г.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Т.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 105-110 дахь тал/, гэрч Я.Н /хавтаст хэргийн 113-115 дахь тал/, гэрч Д.А /хавтаст хэргийн 118-121 дэх тал/, гэрч Б.Д /хавтаст хэргийн 124-126 дахь тал/, гэрч Ч.Э  /хавтаст хэргийн 129-131 дэх тал/, гэрч А.Танан-Эрдэнэ /хавтаст хэргийн 132-134 дэх тал/, гэрч Т.А /хавтаст хэргийн 140-141 дэх тал/ нарын мэдүүлэг, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, баримтуудын хуулбар /хавтаст хэргийн 21-26 дахь тал/, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, материалын хуулбар /хавтаст хэргийн 27-91 дэх тал/, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хавтаст хэргийн 143 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.

Прокурор шүүгдэгч Ө.Б-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2011 оны 06 дугаар сард хуурамч диплом авч ажилд орсноос гэмт хэрэг таслан зогсоогдсон 2023 оны 05 дугаар сар дуусталх хугацааг хамааруулан тодорхойлж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.     

Шүүгдэгч Ө.Б нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.   

Шүүгдэгч Ө.Б нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

Иймд шүүгдэгч Ө.Б-ыг заасан “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний нэхэмжлэгч Т.Б гэмт хэргийн улмаас төрд учирсан хохиролд цалин 89,552,191 төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмж 7,860,552 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 17,211,485 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 8,309,025 төгрөг, нийт 122,933,253 төгрөг нэхэмжилсэн байх боловч хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ажил олгогчийн шийдвэр, тушаалуудаас үзвэл гэмт хэрэг гарсан 2011 оны 06 сараас таслан зогсоогдсон 2023 оны 05 дугаар сар дуусталх хугацаанд шүүгдэгчийн ажиллаж байсан Өмнөговь аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургууль, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Нэг, Гурав, Дөрөв, Тавдугаар сургуулиудаас ирүүлсэн цалингийн  тооцооллын тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 206-217 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 190-193 дах тал/, тэтгэмж олгох тухай тушаал /хавтаст хэргийн 218-222 дахь тал зэрэг бичгийн нотлох баримтуудаар цалин 100,605,661 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 17,595,815 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 10,967,749 төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмж 7,860,552 төгрөг, нийт 137,029,777 төгрөг болох нь тогтоогдож байна.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан шийдвэртээ энэхүү үнийн дүнг зөв тогтоож, улмаар тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсийг тооцон 75,900,000 төгрөгийг хасаж, өөртөө хууль бус давуу байдал олгох замаар авсан 61,129,777 төгрөгийн цалинг гэм хорын хохиролд тооцож, шүүгдэгчээр гаргуулахаар ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 61,129,777 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасантай нийцнэ гэж шүүх үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.        

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч Ө.Ба-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал болгоход хүлээн зөвшөөрсөн тул уг ялыг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 500,000 төгрөгөөр торгох ялыг Ө.Б нь хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгч нь тогтмол орлого олдог нь өөрийнх нь тайлбар болон хэрэгт гаргаж өгсөн баримтаас харагдаж байна гэх агуулга бүхий дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.       

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч Ө.Б-ыг боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.   

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D201129630 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалахаар шийдвэрлэв.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ба-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Н овгийн Ө-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ба-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 61,129,777 /жаран нэгэн сая нэг зуун хорин есөн мянга долоон зуун далан долоо/ төгрөгийг шүүгдэгч Ө.Б-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D201129630 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Ба-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ