| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2020/01013/и |
| Дугаар | 135/шш2020/00981 |
| Огноо | 2020-09-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 135/шш2020/00981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/01013/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ...сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... овогт Ж.Г /регистрийн дугаар ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... овогт З.Г /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие нөхөр З.Г-тэй 2017 онд танилцаж, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2018 оны 05 дугаар сарын 06-нд охин З.А төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи уусан үедээ агсам согтуу тавьж, хий хардаж зоддог болсон. Миний хувьд хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл тэвчиж амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй ганц хүүхдээ өөрийн асрамждаа авна. Ганц хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
Хариуцагч З.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие З.Г нь эхнэр болох Ж.Г-тай 217 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлээ батлуулсан. 2018 оны 05 дугаар сарын 06-нд охин Г.А мэндэлсэн. Гэр бүлийн салалтаас болоод хүүхдийн хүмүүжилд асар их нөлөөлнө. Ганц охиноо өнчин өрөөсөн өсгөмөөргүй байгаа тул эвлэрэх хугацаа олгож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч З.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Ж.Г, З.Г нар нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ... аймгийн ... сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Г.А төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нөхөр болох хариуцагч З.Г нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ж.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /хх-5-8/ бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар З.Г, Ж.Г нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох охин Г.А-ийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар эх Ж.Г-ийн асрамжид үлдээж, эцэг З.Г-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчдын хэн аль нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг З.Г, эх Ж.Г нар нь хүүхдээ хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар ... овогт Ж.Г, ... овогт З.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Г.А-г эх Ж.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг З.Г-ээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
4. Зохигчдын хэн аль нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т-д даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА