Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 145/2020/00348/И |
Дугаар | 001/ХТ2022/00977 |
Огноо | 2022-10-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2022/00977
2022 10 25 001/ХТ2022/00977
... ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00520 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 204/МА2020/00025 дугаар магадлалтай ... ы нэхэмжлэлтэй ... , ... нарт холбогдох 14,921,652 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагч ... , хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... , ... нарт холбогдуулан 14,921,652 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00520 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... , ... нараас 2,091,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... , ... , ... нарт олгож, үлдэх хэсэг 12,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ы нэхэмжилсэн байранд амьдарч байх хугацааны ашиглалтын зардал 680,652 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан ... гийн 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... , ... нараас улсын тэмдэгтийн хураамжид 48,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... , ... , ... нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар ... , ... нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... аас 46,950 төгрөгийг гаргуулж ... д олгож шийдвэрлэжээ. 3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 204/МА2020/00025 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 204/МА2020/00025 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна. Хэргийн материалаас үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 123 хуудсанд хэрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 46 хуудсанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 29 хуудсанд нөлөөллийн мэдүүлэг, 23 хуудас эрх үүрэг танилцсан гарын үсэг зурсан тэмдэглэл, хариуцагч ... гийн доод талд өмгөөлөгч Ч.Алдар-т танилцуулсан гарын үсэг зурсан баримтуудаар анхан шатны шүүх зохигчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн гүйцэд хангаж эрх, үүргийг танилцуулсан нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг илт үгүйсгэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан ноцтой зөрчил, гаргаагүй нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 204/МА2020/00025 тоот магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 145/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... , ... нараас 14,921,652 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... эс зөвшөөрч, нэхэмжлэгч ... аас 2,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч нар нь 27 сар манай байранд амьдарсан ба амьдарч байх хугацаандаа ашиглалтын зардал төлөөгүй, ашиглалтын буруугаас эд зүйлийг эвдэж гэмтээсэн, мөн паркетан шал зурагдаж халцарсан, нойлын суултуур эвдэрсэн зэрэг эд хөрөнгөд хохирол учруулсан гэжээ. Харин ... гийн сөрөг нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг зөвшөөрч байгаа гэж тайлбар гаргасан. Хариуцагч нь “...тухайн байрыг худалдах-худалдан авах зорилгоор 27 сарын хугацаанд амьдарсан. Ашиглалтын явцад янз бүрийн гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ. 6. Анхан шатны шүүх хариуцагч ... , ... нараас 2,091,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... , ... , ... нарт олгож, үлдэх хэсэг 12,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ы нэхэмжилсэн байранд амьдарч байх хугацааны ашиглалтын зардал 680,652 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан ... гийн 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаажээ. 7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “...Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгнө. Эрх, үүрэг тайлбарлан өгөх гэдэг нь хэргийн оролцогчид хуулийн хүрээнд ямар эрхтэй, ямар үүрэгтэйг нь тэдэнд мэдүүлэх гэсэн ойлголт юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Алдар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон байхад түүнд эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагаа хийгдээгүй байна. Энэ ажиллагаа дутуу дулимаг хийгдсэн тохиолдолд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь буруу, энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна. 8. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс эрх зүйн харилцааг буруу дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг буруу хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийн шаардах эрх болон хариуцагчийн татгалзлын үндэслэл нь талуудын хооронд өмнө нь байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн зөрчилд ямар хамааралтай, харилцан шалтгаант холбоотой эсэхийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 204/МА2020/00025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 209,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА С.СОЁМБО-ЭРДЭНЭ Д.ЦОЛМОН Х.ЭРДЭНЭСУВД
|