Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0438

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 “Ү р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

               

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх

 

Нэхэмжлэгч: “Ү р” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” нэртэй газар байх 95.8 гектар талбайг хамарсан “Ү р” ХХК-ийн XV-84000001 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуульд нийцүүлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0263 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0960/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Ү р” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” нэртэй газар байх 95.8 гектар талбайг хамарсан “Ү р” ХХК-ийн XV-84000001 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуульд нийцүүлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0263 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 20.4, 20.5, 20.6, 20.7, 20.8 дахь хэсгийг баримтлан “Ү р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Манай компанийн эзэмшиж буй түгээмэл тархацтай хайгуулын зөвшөөрлийн талбайд Эрдсийн хуримтлал үүссэн бөгөөд хуулийн зохицуулалтаар өөр төрлийн ашигт малтмал илэрсэн буюу петрографийн бичлэгээр эрдсийн хуримтлал бий болсон тул үйл ажиллагаагаа зогсоохоор өөр аргагүй болсон. Энэ дагуу цаашид ажил явуулахад зайлшгүй Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай болоод байгаа юм.

3.2. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд өөрийн зардал, хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулсан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар тухайн хайгуулын зөвшөөрлийг цааш үргэлжлүүлэн эзэмших, ашиглах эрх зүйн орчин байхгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж ойлгож болох бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болон эрх зүйн үр дагавар нь 2 өөр хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д ...тухайн үед үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөх нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл авч эзэмшиж буй бөгөөд хайгуулын үйл ажиллагааны явцад өөр ашигт малтмал гарч ирсэнд буруугүй, буруутгах үндэслэлгүй.

3.3. Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа нь хоёулаа газрын хэвлийг ашиглаж байгаа бөгөөд аль ч ашигт малтмал хайх нь цаг хугацаа шаардагдах нөр их хөдөлмөр. Газрын хэвлийд байгаа ашигт малтмалыг шууд тодорхойлох боломжгүй, хайгуулын судалгааны үндсэн дээр явагдах ёстой. Дээрх хоёр хуулиар геологийн судалгаа хийхэд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох нь төрийн захиргааны төв байгууллагын эрх. Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь Газрын хэвлийн тухай хуультай салшгүй холбоотой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг дэмжиж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Ү р” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” нэртэй газар байх 95.8 гектар талбайг хамарсан “Ү р” ХХК-ийн XV-84000001 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуульд нийцүүлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”[1] нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд дайрганы хайгуул хийх явцад эрдэсийн хуримтлал байж болох геологийн шинж тэмдэг илэрч, лабораторид шинжлүүлэхэд тогтоогдсон, дээрх шалтгааны улмаас хайгуулын үйл ажиллагааг зогсоож аймгийн Засаг даргад мэдэгдсэн, энэ хугацаанд хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсан,  түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд өөр төрлийн ашигт малтмал илэрсэн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээс татгалзах эрхийг захиргааны байгууллагад олгоогүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрх хамгаалагдах учиртай тул ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг манайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шилжүүлж олгох боломжтой” гэж тодорхойлсон.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан журамласан, харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тухайн ашигт малтмал хайх зөвшөөрөлтэй холбоотой харилцааг л зохицуулсан, хоёр өөр хуулиар зохицуулсан харилцаа байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд Ашигт малтмалын тухай хуулиар олгох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгох шилжүүлэх боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

3. Хэргийн үйл баримтын тухайд;

3.1. Ү р” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2015621Х дугаар гэрчилгээгээр Ховд аймгийн Мянгад сумын “Ухаа толгой” нэртэй газар байх 95.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан.

3.3. Улмаар дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас аймгийн Засаг дарга татгалзсантай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

3.2. Ховд аймгийн Засаг дарга дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/16 дугаар захирамжаар Ү р” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр сунгажээ.

3.3. Ингээд “дээрх талбайд дайрганы хайгуул хийх явцад эрдсийн хуримтлал илэрсэн” гэх үндэслэлээр хайгуулын ажлыг зогсоож буй талаар аймгийн Засаг даргад 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25/02-05 дугаар албан бичгээр, уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 25/02-06 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Үүнд Ашигт малтмал, газрын тосны газраас “захиргааны байгууллагын хувьд хуулиар зохицуулаагүй харилцаа байгаа эсэхийг тогтоож, дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгчээ. /Хэргийн 10-18, 20-24, 111-113, 184 дэх талд/

5. Анхан шатны шүүхийн хувьд, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл хийгээд маргааны үйл баримтын хүрээнд “... нэхэмжлэгчийн эзэмшиж буй XV-84000001 /2015621Х/ дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх эрх хэмжээ, чиг үүрэг холбогдох хууль тогтоомжоор олгогдоогүй, дээрх талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаа үүсээгүй, сонгон шалгаруулалт явагдаагүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрчилж шийдэх боломжтой гэж хариуцагчийг буруутгахгүй; тусдаа хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу олгогддог түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх эрх зүйн харилцаа байсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг;”, 4.1.15-д ““хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг;”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.3. улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх; 9.1.11. геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх; 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.1.4. тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах …” гэж,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг; 4.1.6. “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг;”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга … түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ: 15.1.1. хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх;”, 25 дугаар зүйлийн 25.4-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: 37.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” гэж тус тус заасан.

7. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлавал:

7.1. Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал” ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан “түгээмэл тархацтай ашигт малтмал” нь элбэн олдоцын байдал, зориулалтаараа харилцан адилгүй эрдсийн хуримтлал болохын хувьд тусгай зөвшөөрөл олгох, дуусгавар болгох харилцаа нь тус тусын хуулиар нарийвчлан зохицуулагдсан.

7.2. Тодруулбал, тэдгээр тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах шаардлага, тухайн харилцаан дахь төрийн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, тусгай зөвшөөрөл олгох процедур, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг ч дээрх онцлог байдлаас хамааран харилцан адилгүй, энэ утгаараа хуульд өөр өөр зарчим, үзэл баримтлалаар холбогдох зохицуулалтыг тодорхойлсон.

7.3. Энэ хэсгийн 7.1-д заасан хоёр тусгай зөвшөөрлийн эрх зүйн дэглэм ялгаатай учраас аль аль тусгай зөвшөөрлийг өөрчлөх /хөрвүүлэх/ зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэр, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх нь эрх зүйн зохицуулалтын хувьд боломжгүй байна.

8. Ялангуяа тусгай зөвшөөрлийн төрөл тодорхой байх, түүнийг олгох өрсөлдөөний болон тэгш боломжтой байх, төрийн өмч болох газрын хэвлийн баялгийг ашиглах эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр олгох зарчмыг тусгасан  Ашигт малтмалын тухай хуулийн зорилго, үзэл баримтлалын агуулгаас үзвэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аливаа үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгох /ердийн/ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болгож өөрчлөх харилцааг хуулиар тухайлан зохицуулаагүй.

9. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэг эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой байх урьдчилсан нөхцөлийг шаардах агуулгыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолд тайлбарласан.

10. Гэтэл Ү р” ХХК-ийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2780 дугаар албан бичгээр өгсөн хариуг үндэслэн, эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгохоор шаардахдаа, XV-84000001 /2015621Х/ дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгох ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон хөрвүүлж өөрчлөх боломжтой гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгчийн тайлбарласанчлан тухайн талбайд эрдсийн хуримтлал тогтоогдсон эсэхээс үл хамаараад эдгээр тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулсан энэ хэсгийн 6-д заасан хуульд тусгайлан журамлаж зохицуулаагүй учраас тусгай зөвшөөрлийн дэглэмийг өөрчлөх буюу хөрвүүлэх харилцаанд хориглосон хэм хэмжээ тогтоосон гэж үзнэ.

12. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

 

 

 

[1] Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... уг талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн “Ү р” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн хэдий ч шүүх хуралдаанд дээрх байдлаар эцэслэн тодорхойлж, анхан шатны шүүх энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ. /Хэргийн I хавтасны 91, 203 дахь талд/