Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 378

 

Ч.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0520 дугаар магадлалтай, Ч.М-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: 1. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.14, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 7 дугаар зүйлийн 7.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ч.М-ийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Ч.М-ийг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ч.М-ийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 692,117 төгрөгөөр тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0520 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.М-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуралд миний бие өөрийн биеэр оролцоход нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ гэсэн дотоод итгэлээр хуралд оролцохгүй тухай хүсэлтээ өгсөн. Гэсэн хэдий ч 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шийдвэрийг гаргахдаа шүүгчид хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль, журмыг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх хэд хэдэн үндэслэлүүд магадлалын хянавал хэсэгт байна.

Үүнд, Хурлын ажлын албаны даргын 2016 оны Б/88 тоот тушаалаар ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тусламж олгосон байхад урамшуулал олгосон мэтээр буруу тайлбарласан; Хурлын ажлын албаны дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4, 13.5-д заасныг мөн буруу ойлгож мөнгөн шагнал, урамшуулал олгосон мэтээр тайлбарласан; Төсвийн тухай хууль, Хурлын ажлын албаны дотоод журмаар төсвийг захиран зарцуулах эрх олгогдсон байхад хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн; Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/03 тоот тогтоолуудад зөвшөөрөгдсөн хэмжээ гэсэн ойлголт байхгүй байхад хэрэглэсэн; Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн зэрэг дэв, ур чадварын нэмэгдэл зэргийг тодорхой зохицуулсан атал нийгмийн асуудал, тусламж, нэмэгдэл цалингийн ойлголтыг буруу тайлбарласан; ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тусламж үзүүлсэн байхад шагналаар шагнах, мөнгөн урамшил олгох зэргээр хуулийг буруу тайлбарласан; хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай эмнэлгийн магадлагаа, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хангалттай байсан атал түүнийгээ баримтаар нотлоогүй гэсэн; Хурлын ажлын албаны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэглээгүй гэх мэт хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг хэрэглээгүй үндэслэлүүд байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргийн нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” А/01 дүгээр тогтоолоор Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.М-ийг “хуулиар олгогдсон албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр хурлын төсвөөс 45 сая төгрөгийг ажилчдад нэг удаагийн тэтгэмж, урамшуулал хэлбэрээр дур мэдэн зарцуулсан” гэж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч Ч.М “эрх зүйн чадамжгүй Тэргүүлэгчид уг тогтоолыг гаргасан, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоогоогүй” гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хурлын Ажлын албаны ажилтны нийгмийн асуудал шийдвэрлэхэд хөрөнгө гаргахыг зөвшөөрөх тухай” Б/88 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, 38.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1, Төсвийн тухай хуулийн 16.5.5, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/43 дугаар тогтоол, Хурлын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Хурлын Ажлын албаны 10 ажилтанд “судалгааны дүн, ажилласан жилийг харгалзан” тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нийт 45 сая төгрөгийг олгох, уг мөнгийг нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшууллын зардлаас гаргахыг нягтлан бодогчид зөвшөөрсөн, хариуцагч нь уг мөнгө “төлөвлөгдсөн зардлаас хэмнэгдсэн болох”-той маргаагүй, харин хэрхэн яаж зарцуулах талаар Хурал шийдвэрлээгүй байхад Хурлын Ажлын албаны дарга дур мэдэн зарцуулсан гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар дүүргийн 2016 оны тодотгосон төсвийн төслийг хэлэлцэх үед Хуралд төсөвлөгдсөн “Хурлын багаж, хэрэгслийн зардал”-аас хэмнэгдсэн мөнгийг Ажлын албаны албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төсөлд тусгасныг хэлэлцсэн, уг хэмнэлт болон цалингийн зөрүү, мөн төсвийн тодотголоор нэмэгдсэн 33 сая төгрөгийг оролцуулан нийт 116 сая төгрөгийг “нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшуулал”-ын зардалд /хувиарлан/ тусгаж, 2016 оны 11 дүгээр сард зарцуулахаар төлөвлөсөн болох нь тогтоогджээ.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “....“төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг ойлгох”-оор, 4.1.38-д “...“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгох”-оор, 16 дугаар зүйлийн 16.4.14-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байх”-аар тус тус тодорхойлсон ба төсвийн шууд захирагч нь 16 дугаар зүйлийн 16.5.5-т заасны дагуу “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлж, 46 дугаар зүйлийн 46.3, 46.3.3-т заасны дагуу төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж болохоор байна.

Иймд, Хурлын Ажлын албаны дарга нь Хурлын хуралдаанаар шийдвэрлэж, төсвийн зарлагын хэмнэлтийг “нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал”-д зарцуулахаар хувиарласны үндсэн дээр уг зориулалтынх нь дагуу Хурлын Ажлын албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсныг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг буруу дүгнэж, төсвийг захиран зарцуулсан зориулалтыг төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог нэмэгдлүүд болон албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж амжилт гаргасан төрийн албан хаагчид олгодог мөнгөн шагнал, улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө олгодог мөнгөн урамшил буюу Төрийн албаны тухай хуулийн 28, 31 дүгээр зүйлүүдэд заасан өөр харилцаанд хамааруулан, маргааны зүйлийг буруу тодорхойлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн “нийгмийн асуудал шийдвэрлэж тусламж олгосон байхад “урамшуулал, мөнгөн шагнал” олгосон мэтээр буруу дүгнэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог төрийн албан тушаалын ангилал тус бүрээр ялгамжтай олгогдох албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн, ур чадварын зэрэг нэмэгдлүүдийг олгох харилцааг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор болон Засгийн газрын тогтоолоор журамласан, мөн 31 дүгээр зүйлд заасан мөнгөн шагналаар шагнах болон мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор заасан, эдгээрт зохицуулагдсан “нэмэгдэл олгох, мөнгөн шагналаар шагнах, мөнгөн урамшил олгох” асуудлыг нэхэмжлэгч шийдвэрлээгүй, үүний зэрэгцээ “Хурлын Ажлын албаны ажилтны нийгмийн асуудал шийдвэрлэхэд хөрөнгө гаргахыг зөвшөөрөх тухай” уг тушаалын үйлчлэлд хамрагдсан ажилтнуудын дийлэнх нь төрийн үйлчилгээний албан хаагч нар байхад давж заалдах шатны шүүх Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам”-ын 3 дахь заалтын “төрийн захиргааны болон тусгай албан хаагч”-д холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, Хурлын Ажлын албаны дарга “албан хаагчдаас авсан судалгааны дүн, ажилласан жилийг харгалзан” нэр бүхий 10 ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж тусламж /мөнгө/ олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “...төрийн албан хаагчийн тусламж... авах” баталгаагаар хангагдах эрхийг хангасан, хөрөнгө зарцуулах уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хууль баримтлалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн “...санхүүгийн гүйлгээ хийх тухай бүрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагагүй,... Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын ажлын албаны эрх мэдэлд халдах, дотоод асуудалд оролцох эрхийг хуулиар олгоогүй” гэсэн дүгнэлтүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1-д заасан зохицуулалтад агуулгын хувьд нийцээгүй болохыг тэмдэглэж, тогтоох хэсэгт баримталсан хууль оновчтой биш, зохих хуулийг баримтлаагүй тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзнэ.

Дээрх байдалд үндэслэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0520 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6” гэснийг хасч, “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3” гэсний дараа 27 дугаар зүйлийн 27.1.1, “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14” гэсний дараа “16.5.5, 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 46.3.3” гэж нэмсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.М-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ