Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0755

 

Д.Адилхүү, Х.Ганчимэг, Г.Оюунчимэг,

О.Цоморлиг нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Адилхүү, Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг, хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдаваа, гуравдагч этгээд “Бөмбөлөг” цэцэрлэгийн төлөөлөгч Д.Отгонжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн  661 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Адилхүү, Г.Оюунчимэг, Х.Ганчимэг, О.Цоморлиг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Адилхүү, Г.Оюунчимэг, Х.Ганчимэг, О.Цоморлиг нарын “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн “Бөмбөлөг” цэцэрлэгт газар эзэмшүүлсэн хэсэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон 388/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  Х.Ганчимэг, Г.Оюунчимэг, О.Цоморлиг нар давж заалдах гомдолдоо:

Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хорооллын 5-р байрны баруун урд талд айлуудын цонхны өмнө барилга барих ямар ч зориулалтгүй нийтийн эзэмшлийн газарт газар эзэмших эрх олгож, бүхэл бүтэн зоорийн давхартай 2 давхар барилга барих зөвшөөрөл олгосон байхад бидний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон бусад хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж шүүх шийдсэн нь хэргийн нотлох баримт, холбогдох хууль, барилгын норм ба дүрмийг нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах талаас нь хэрэглээгүй гэж бид үзэж байна. Шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            1. Шүүхийн шийдвэрт Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авахдаа оршин суугчид биднээс санал авах үндэслэлгүй, НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг буцаан хэрэглэхгүй гэсэн байна. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2013/15 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт оршин суугчдын саналыг авах гэж заасан байгааг харгалзаж үзээгүй.

            2. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шүүхэд өгсөн хариу тайлбар болон бидэнд анх өгсөн албан бичигт оршин суугчид та бүхний саналыг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон гэх тайлбарыг шүүх огт харгалзаж үзээгүй. Энэ тайлбараар хариуцагч оршин суугчдаас санал авах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд Олон нийтийн санал авах гэсэн хуулийн зохицуулалт байгааг харгалзаагүй байна.

            3. Шүүх 2 давхар цэцэрлэг гэж шийдвэртээ дурджээ. Гэтэл энэ барих гээд байгаа барилга нь зарим баримт бичиг дээр зоорийн давхартай 2 давхар, зарим баримт бичиг дээр дан 2 давхар гэх мэт зөрүүтэй байгааг шүүх нягталж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл бараг 3 давхар бүхий барилга байхад шүүхээс томилсон шинжээч нь ердөө дан 2 давхар барилгын загварыг зургийн программ дээр хийж гэрэлтүүлгийн норм хангаж байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Зоорьтой 2 давхар барилга нь дан 2 давхар барилгаас сүүдэрлэлтээрээ бодит байдал дээр өөр гарахыг шүүх харгалзаагүй байна.

           4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын зураг төсөлд шалгалт хийж зөрчилтэй гэдгийг тогтоосон албан бичгийг шүүх харгалзаж үзээгүй байна.

           5. Шүүхээс маргаж буй газарт очиж хэмжилт хийж үзсэн бөгөөд барилгын суурийн ухсан нүх нь орон сууцнаас 5.5 м зайтай, нүхний нөгөө тал нь авто замын боржур тулж цаашаа авто зам руу дахин 2.5 м ухаж байж орон сууцнаас 7.5 м зайд байх нөхцөл үүсэхийг тогтоосон боловч эскиз зургийг үндэслэн барилга хоорондын зай норм хангаж байна гэж үзсэн нь бодит байдлыг үгүйсгэж байна. Гэтэл барилгын эскиз зураг бол эцсийн зураг төсөл биш юм.

           6. Шүүхээс Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4. Барилга байгууламж зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байх, Хот төлөвлөлтийн БНбД 30-01-04-ын холбогдох норм ба дүрмийг зөв хэрэглээгүй. Тухайлбал, шүүх шийдвэртээ дурдсан Хот төлөвлөлтийн БНбД 30-01-04-ын 8 дугаар хавсралтыг буруу хэрэглэсэн. Цэцэрлэг нь онцгой улаан шугамтай барилгын нэг тул хотод хааш хаашаа 25 м улаан шугамтай байна. Энэ нь 1 хүүхдэд ногдох эдэлбэр газрыг тогтоож байгаа бөгөөд тухайн норм ба дүрмийн 13 дугаар хавсралтад заасны дагуу 40 м.кв байна. Мөн тухайн норм ба дүрмээр Цэцэрлэгийг авто замын хажууд төлөвлөхийг хориглоно гэх мэтээр заасан байна. Эндээс хархад цэцэрлэг нь норм дүрмээ хангаагүй байхад шүүх норм дүрэм хангасан байна гэж тооцсон нь буруу байна.

           7. Шүүх барилга барих гэж байгаа газар доогуур инженерийн шугам сүлжээ байгааг харгалзаагүй бөгөөд энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6. "газар дээрх болон доорх дэд бүтэц бүхий бүсэд" хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах, 24 дүгээр зүйлийн 24.1.6. "инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас барилга байгууламж төлөвлөх, барих" нь хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл гэдгийг авч үзээгүй байна.

           8. Гуравдагч этгээдийн хийлгэсэн "Эй Ди Интернэшнл" ХХК-ийн дүгнэлтийг анх нотлох баримтаар аваагүй байж үндэслэлдээ оруулсан байгаа нь хууль бус байна. Гэтэл бидний гаргасан магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт болох Монгол Улсын Зөвлөх архитектор Пүрэвийн дүгнэлтийг нотлох баримтаас хассан. “НЕТГ”-с тэр дүгнэлтээс бусдыг нь нотлох баримтаар ирүүлж, санаатайгаар бидэнд ашигтай дүгнэлтийг ирүүлээгүй зэргийг шүүх харгалзаагүй.

           9. “Бөмбөлөг” цэцэрлэгт анх 2007 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга өргөтгөлийн зориулалттай газар эзэмшүүлэх эрх олгосныг бид шүүх хуралдааны явцад мэдсэн. Шуух уг газрыг зохих журмын дагуу дуудлага худалдаа явуулалгүйгээр “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосныг тогтоосон байна. Гэтэл зохих журмын дагуу дуудлага худалдаа явуулахгүй газар олгосон шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2011 оны 115 дугаар захирамж болон 2013 оны А/893 дугаар захирамжаараа баталгаажуулсан нь өөрөө хүчин төгөлдөр биш гэж бид үзэж байна.

Шүүх хариуцагч болох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектурт мэргэжил арга зүйн асуулт тавьж хариулт аван хэтэрхий хариуцагчийн талд хөтлөгдөж байсанд гомдолтой байна. Шаардлагатай байсан бол шүүх хуралд хөндлөнгийн эксперт оруулах боломжтой байсан гэж бид үзэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж үзэн Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч Д.Адилхүү, Г.Оюунчимэг, Х.Ганчимэг, О.Цоморлиг нар “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн “Бөмбөлөг” цэцэрлэгт газар эзэмших эрх олгосон хэсэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон 388/2014 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг  тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамж, гуравдагч этгээд “Бөмбөлөг” цэцэрлэгийн 189 м.кв газрыг нэмж эзэмших тухай хүсэлтийг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1,  36 дугаар зүйлийн 36.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Учир нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжаар “Бөмбөлөг” цэцэрлэгт 389 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны СӨХ-ны эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөгүй, хөндөөгүй байна.

 Тиймээс “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн “Бөмбөлөг” цэцэрлэгт газар эзэмших эрх олгосон хэсгийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Д.Адилхүү, Г.Оюунчимэг, Х.Ганчимэг, О.Цоморлиг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон 388/2014 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталасан 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2013/15 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд “Бөмбөлөг” 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын эскиз зураг зэргийг үндэслэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийг “Бөмбөлөг” цэцэрлэгт олгохдоо Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.1.2-д “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэж заасныг харгалзан үзээгүйгээр, 14.1.4-д “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэснийг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт Бнбд 31-01-10 барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын “орон сууцны барилгын өөр хооронд болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга авто машины гараж ил зогсоол хоорондын зай хэмжээ”-ний 12 дугаар хүснэгтийн 2-т “барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хоорондын зайг 2-4 давхар барилгад 10 метр” гэж заасныг зөрчиж, “Бөмбөлөг” цэцэрлэгт “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийг олгосон байна.

Тодруулбал, “Бөмбөлөг” цэцэрлэгийн барих гэж буй 22.0х12.0 хэмжээтэй, 2 давхар, төмөр бетон барилга нь бодит байдал дээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны үндсэн хананаас 7.5 метр, доголдсон хананаас 5.5 метр төлөвлөгдсөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2174 дүгээр дүгнэлтээр, мөн маргаан бүхий газар дээр хийсэн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн “5 дугаар байрнаас “Бөмбөлөг” цэцэрлэгийн ухсан нүх хооронд 4.90 см” тэмдэглэлээр нотлогдож байгаа.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2174 дүгээр дүгнэлтээр “Бөмбөлөг” цэцэрлэгийн барилга баригдсанаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 38, 39, 40, 51 тоот орон сууцны цонхоор тусах нарны ээвэрлэлтийн талаар зураглал үйлдэн тогтоосон бөгөөд уг дүгнэлтээр 39, 40 тоот орон сууцны цонхоор тусах нарны ээвэрлэлтийн хэвийн хэмжээ тооцоот хугацаанд өөрчлөгдөх нөлөөлөх талаар дүгнэжээ.

Дээрх дүгнэлтээс үзэхэд Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 14.1.4-д заасныг, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт Бнбд 31-01-10 барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2-т заасныг зөрчиж, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийг “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон байх тул Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 39, 40 тоотын өмчлөгч, оршин суугчдын эрх, ашиг сонирхол, эрүүл мэндэд болон орон сууцны ашиглалтад нөлөөлөхөөр байна гэж шүүх үзлээ.

Тиймээс анхан шатны шүүх, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийг “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосны улмаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 39 тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.Оюунчимэг, 40 тоотод байнга оршин суугч Х.Ганчимэг нарын субъектив буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Х.Ганчимэг нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны өмчлөгч биш хэдий ч уг орон сууцанд байнга оршин суудаг болох нь түүний иргэний бүртгэлийн мэдээллээр нотлогдож байгаа.

 Иймд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 39 тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.Оюунчимэг, 40 тоотод байнга оршин суугч Х.Ганчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Харин “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийн улмаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 38 тоотод оршин суугч нэхэмжлэгч Д.Адилхүү, 51 тоотод оршин суугч О.Цоморлигийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Тиймээс анхан шатны шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Г.Оюунчимэг, Х.Ганчимэг нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч О.Цоморлигийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Нэхэмжлэгч Д.Адилхүү давж заалдах гомдол гаргаагүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Оюунчимэг, Х.Ганчимэг нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Бөмбөлөг” цэцэрлэгт олгосон “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” 388/2014 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

                  ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН

                  ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР