| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Т.Б,
Өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Т-ын Б-д холбогдох 2328002840219 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн Гурвансайханы гудамжны . . . тоот хашааны гадаа 64-14 ӨМЕ улсын дугаартай “Марк-2” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн П.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Н.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байхад манай ээж над руу утсаар холбогдоод нэг хүн хашаа дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд хашааны нэг тал онгойсон, эгчийн гэр нурсан гэж л мэдсэн. Өөр мэдсэн зүйл байхгүй. Манай хашааны 3 шон хугарч баруун талын хэсэгт 3 метр, хойд талын хэсэгт 6 метр хэсэг хашаан нурж, мод нь хугарсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хашааны мөнгийг төлж барагдуулсан тул надад хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай төрсөн дүү Ү-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг . . . тоот хашаанд миний 4 ханатай жижиг Монгол гэр байдаг. Тэр хашаанд мөн Үийн гэр болон манай төрсөн ээж Нагийн гэр бас байдаг. Тэгэхэд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой хашаанд ээж ганцаараа гэртээ байсан. Тэр орой хашааны баруун талаас “Гранд марк 2” загварын тээврийн хэрэгсэлтэй согтуу жолооч машинтайгаа мөргөөд хашаа нураагаад мөргөөд орж ирээд миний гэрийн баруун хойд талыг мөргөж унь, хана зэргийг хугалж яваад хашааны хойд талын хэсгийг мөргөж онгойлгоод зогссон байсан. Миний гэрийн баруун хойд талын хана эвдэрч, туурга зэргийг урж, унь хугарсан, дотор нь байсан ор, ширээ, орон дээр байсан тоос зэргийг дайрч эвдэлсэн байсан. Би гэрээ 2020 онд 2,080,000 төгрөгөөр, орыг 2020 онд 380,000 төгрөгөөр, ширээг хэзээ өмнө авсан үнийг нь санахгүй байна. Мөн тоос сорогчийг 2020 онд авч байсан бөгөөд 320,000 төгрөгөөр авч байсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүн миний гэрийн хана, тоос сорогч, ширээ зэргийн мөнгийг төлж барагдуулсан тул надад хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 33-34, 37 дахь тал/
Хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр хөдөө явах гээд нэг хүүхдийнхээ гэрээс гараад нөгөө хүүхдийнхээ гэр рүү явах гэж байсан. Б дэлгүүр яваад ирж байхаар нь хөдөө явах гэж байхад архи дарс авлаа гэж бодоод бага зэрэг маргалдаад машинаас буугаад алхах үед хойноос мөргөчихсөн. Би тэрнээс хойш санахгүй байна. Бы нэг хөл нь хиймэл тэр нь гацаад байдаг учир гацаад машинаа зогсоож чадаагүй байх... Тархины гэмтэл, зүүн талын 5-6 дахь хавирга хугарсан, аарцагны суудал ясны хугарал, зүүн дунд чөмөгний гандан хэсгийн хугарал, шилбэ ясны гадна ба суудал ясны хугарал, шагай мултарч хугарсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй хэргийг хааж өгнө үү... Надад Баас нэхэмжлэх хохирол байхгүй.” /хавтаст хэргийн 41-42, 45-46 дахь тал/
Гэрч Л.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байсан. Тэгээд байж байхад хүн гадаа хашхираад байх шиг болохоор нь гэрээсээ гартал манай хашааг баруун талаасаа мөргөөд хажууд нь байсан зээ хүү Г гэрийг ар хэсгээр нь мөргөөд манай гэрийн ар хэсэг хашааг мөргөж зогссон байсан. Жолооч нь гээд нэг өвгөн машины гадаа байсан. Тэгсэн тэр өвгөн буцаад машин руугаа орох гэхээр нь яах гээд байгаа талаар асуухад би таягаа авмаар байна гээд машинаасаа таягаа авсан. Тэгэхэд хашааны гадаа нэг хүн орилоод байхаар нь хартал /гэрт байхад хүн хашхирах шиг болохоор нь гарсан чимээ байсан/ нөгөө өвгөн таягаа тулаад эмгэн байгаа газарт очоод эмгэнээ чи өөрөөсөө болсон шүү дээ гээд байсан. Тэгэхэд манай арын хашааны айл залуу, Ганхуяг гээд өвгөн гэх мэт хүмүүс гараад ирсэн байсан. Арын хашааны залуу би түргэн болон цагдаа дуудсан гэж байсан. Арын хашааны хүмүүс нь намайг гараад ирэхээс өмнө гараад ирсэн байсан. Машины жолооч өвгөн, тухайн өвгөнтэй цуг явж байсан юм шиг эмгэн хашааны гадаа орилоод хэвтэж байсан. Харин манай арын хашааны хүмүүс дуу чимээнээр надтай адилхан гарч ирсэн гэж байсан. Би хашааны гадаа байгаа эмгэн дээр тулж очоогүй харин наана нь буюу хажууханд нь очиход тухайн эмгэний нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байх шиг байсан. Тухайн эмгэнийг ажиглаад харахад зүүн хөл нь хавдсан байх шиг байсан. Зүүн хөл хэсэг нь их бүдүүн болсон байсан. Манай хашааны баруун буюу хашааг мөргөсөн талд эмгэн байсан. Тухайн эмгэн байсан газраас манай хашаа хүртэл 4-5 метр орчим байх гэж би бодож байна.” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн 64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Би машинаа 2020 онд авч байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сард Т.Б-д 6,000,000 төгрөгөөр зарсан. Одоо уг тээврийн хэрэгсэл нь минийх биш Т.Б-ы машин. Би тээврийн хэрэгслээ Т.Б-д зарснаас хойш тээврийн хэрэгслийн нэр гэрчилгээг өөрөөсөө Б руу шилжүүлээгүй байгаа. Би Б-аас машинаа зарсаны төлбөр болох 6,000,000 төгрөгийг авсан. Надад хохирол, гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг эмийн санд эм авах гээд зогсож байтал манай эмээ На над руу залгаж хашааг машин мөргөөд хашаанд байсан чиний гэрийг мөргөөд хаячихлаа гэхээр нь иртэл цагдаагийн хүмүүс ирсэн байсан.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цаг 20 минутын үед гэртээ байж байхад хадам ээж На залгаад манай хашааг машин мөргөөд нэвт хашаан дотор байсан Г гэрийг мөргөөд хашааны ард хэсгийн хашааг мөргөөд зогссон байна гэхээр нь хашаанд иртэл цагдаагийн хүмүүс ирсэн байсан.” /хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...1998 онд мотоциклтой явж байхад нохой дайрахад мотоциклоос онхолдож зүүн нүд урагдаж оёулсан, баруун хөлний дунд чөмөгөө тайруулсан. Тэрнээс болоод 1999 онд группт орсон. 2016 он хүртэл группд байж байгаад 2016 оноос тэтгэвэрт шилжсэн. Би 2003 оноос эхэлж П.Н гэх хүнтэй амьдарсан бөгөөд П.Н надтай суухад 4 жоохон хүүхэдтэй байсан. Бид хоёр дундаасаа бол хүүхэдгүй. Би болсон явдлын талаар өмнө өгсөн мэдүүлэгт мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 120-121 дэх тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1611 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Монгол гэрийн хана 1 ширхэг, 90,000 төгрөг /хуучин/, модон ор, 1 ширхэг, 80,000 төгрөг /хуучин/, модон ширээ, 1 ширхэг, 40,000 төгрөг /хуучин/, Hitachi тоос сорогч, 1 ширхэг, 150,000 төгрөг /хуучин/, нийт үнэ 360,000 төгрөг.” /хавтаст хэргийн 68-71 дэх тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1612 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хашааны банз мод, 1 ширхэг, 5000 төгрөг /хуучин/, хашаа, 9 метр, нэгжийн үнэ 50,000 төгрөг, нийт үнэ 450,000 төгрөг /хуучин/, хашааны шон, 3 ширхэг, нэгжийн үнэ 10,000 төгрөг, нийт үнэ 30,000 төгрөг /хуучин/, нийт үнэ 485,000 төгрөг.” /хавтаст хэргийн 80-83 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5131 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “С07406365” хуруу шилний дугаартай “Т.Б 67/эр” гэж хаягласан цуснаас 0,8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Цусанд бусад төрлийн бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” /хавтаст хэргийн 92-94 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлт: “П.Н-гийн биед аарцаг суудал ясны хугарал, зүүн дунд чөмөг ясны хугарал, зүүн шаант, тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. П.Н-гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. П.Н-гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 104-105 дахь тал/
Гэрээт цагдаагийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт: “64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Б/ 64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. В/ 64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэргэслийг жолоодож явсан жолооч Т.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна. мөн ослын газрын үзлэг, фото зураг схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Дүгнэлт 2 хуудсыг 2023 оны 11 дугаар сарын 20-ны өдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн албан өрөөнд 15:44 минутанд гаргаж материалд хавсаргав.” /хавтаст хэргийн 98-99 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 122 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 125 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/
Регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 127 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 128 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 129 дэх тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн одоо эзэмшиж байгаа) /хавтаст хэргийн 130 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн өмнө өмчилж байсан) /хавтаст хэргийн 131 дэх тал/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/
Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системээс авсан жолоочийн “жагсаалт хоосон” гэх лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/
Т.Б-ы хөгжлийн бэрхшээлтэй иргэний 049342 дугаартай үнэмлэхийн хуулбар
64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/
Голомт банкны орлогын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Т.Б өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тус хэрэгт холбогдсон цаг хугацаандаа На, Ү, О нарт төлбөр гэж нийтдээ 3,000,000 төгрөгийг төлсөн, Нд одоогоор 500,000 төгрөгийг төлсөн ба хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, цаашид машинаа зарж борлуулаад дахиад эмчилгээний төлбөрт нь мөнгө нэмэрлэж өгье гэдгээ илэрхийлж байгаа гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Б нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн Гурвансайханы гудамжны . . . тоот хашааны гадаа 64-14 ӨМЕ улсын дугаартай “Марк-2” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн П.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч Н.Ү-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, хохирогч Н.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37 дахь тал/, хохирогч П.Н-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 45-46 дахь тал/, гэрч Л.На /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэрч Ц.Т /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, гэрч Б.Г /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, гэрч Д.М нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1611, 1612 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-71, 80-83 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-94 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/, Гэрээт цагдаагийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системээс авсан жолоочийн “жагсаалт хоосон” гэх лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/, 64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5131 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “С07406365” хуруу шилний дугаартай “Т.Б 67/эр” гэж хаягласан цуснаас 0,8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 92-94 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.
Гэрээт цагдаагийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Б/ 64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. В/ 64-14 ӨМЕ улсын дугаартай “Тоёота Гранд Марк-2” загварын тээврийн хэргэслийг жолоодож явсан жолооч Т.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна. мөн ослын газрын үзлэг, фото зураг схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Дүгнэлт 2 хуудсыг 2023 оны 11 дугаар сарын 20-ны өдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн албан өрөөнд 15:44 минутанд гаргаж материалд хавсаргав.” /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Т.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нгийн биед аарцаг суудал ясны хугарал, зүүн дунд чөмөг ясны хугарал, зүүн шаант, тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Т.Б нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй хэргийг хааж өгнө үү... Надад Баас нэхэмжлэх хохирол байхгүй.” /хавтаст хэргийн 41-42, 45-46 дахь тал/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Нд 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Үийн эд хөрөнгөд 485,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Оын эд хөрөнгөд 360,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1611 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-71 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1612 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-83 дахь тал/-ээр тус тус тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ү “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хашааны мөнгийг төлж барагдуулсан тул надад хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, хохирогч Н.О “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүн миний гэрийн хана, тоос сорогч, ширээ зэргийн мөнгийг төлж барагдуулсан тул надад хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 33-34, 37 дахь тал/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус хохирогч нарт 3,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг дэмжиж байна гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгчийн зүгээс ахиж ийм зүйл хийхгүй юмсан гэж бодож харамсаж байна, хүмүүсийн ажлыг алдуулж байгаадаа сэтгэлийнхээ гүнээс харамсан шаналж байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Б-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Баяндалай сум, Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Н-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Н.Ү, Н.О нарт нийт 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Баяндалай сум, Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Н-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Н.Ү, Н.О нарт нийт 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ