Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 135/шш2020/00977

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2020/01007/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хэсэг, ... тоотод оршин суух, ... овогт Л.У /регистрийн дугаар ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, ... овогт А.Б /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие Л.У нь А.Б-тэй 2006 онд гэрлэлтээ батлуулаад 2007 онд гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхэд өгснийг шүүх гэрлэлтийг эвлэрүүлээд дуусгавар болгож байсан. Гэвч бид амьдрал дээрээ эвлэрээгүй бөгөөд дахин хамт амьдраагүй тус тусын амьдралыг хөөж хэн аль аль нь өөр өөр хүнтэй амьдарч улмаар үр хүүхэдтэй болцгоосон. Бид хоёрын дундаас 2007 онд хүү Б.М төрсөн боловч хүү Б.М-г аавынх нь асрамжид үлдээж, хүү маань одоог хүртэл аавтайгаа цуг амьдарч байгаа. Хүүд хүүхэд асрамжийн мөнгө тогтоолгох шаардлагагүй хоорондоо ярин тохирсон тул А.Б бидний зүгээс хамт амьдраагүй 13 жил өнгөрсөн байгаа учир эвлэрүүлэн зуучлалаар орох шаардлагагүй. Шүүхээр 2006 онд батлуулсан байсан гэрлэлтээ цуцлуулна. А.Б-тэй хүүхдийн асрамж дээр маргахгүй хүүхдийг дасан зохицсон орчинд аавынх нь асрамжид үлдээнэ.” гэв.

 

Хариуцагч А.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Иргэн А.Б би Л.У-тэй 2006 онд гэрлэлтээ батлуулж улмаар 2007 онд хүү Б.М төрж ... аймгийн ... сумын ... баг ... тоотод цуг амьдарч байгаад 2008 онд гэрлэлтээ цуцлуулахаар Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгснийг тус шүүх эвлэрлийн хугацаа өгсөн тус шүүх хурлаас хойш 13 жил иргэн А.Б би хүү Б.М-н хамт иргэн Л.У-ээс тусдаа амьдарч байна. Тус шүүхэд иргэн Л.У нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу иргэн Л.Уээс гэрлэлтээ цуцлуулж хүү Б.М өөрийн асрамжид үлдээхийг А.Б би зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Гэрлэгчид болох У.У, А.Б нар нь 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 08 дугаар сарын 16-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.М төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь олон жил тус тусдаа амьдарсан, хэн аль нь бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож, үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох хүү Б.М амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар эцэг А.Б-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.  

 

Зохигчдын хэн аль нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг А.Б, эх Л.У нар нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... овогт Л.У, ... овогт А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.М-г эцэг А.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчдын хэн аль нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-өөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т-д даалгасугай.

 

        9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА