Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135/шш2020/00989

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2020/01011/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ...баг , ... хороолол, ... байр, ... тоот оршин суух, ...овогт Ё.Н /регистрийн дугаар ..., утас ..., .../-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, ... овогт А.О /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн байрнаас А.О нэрийг хасуулж, төрсөн хүү Н.Г хамтран эзэмшигчээр оруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Н, хариуцагч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Ё.Н миний бие нь 2004 онд А.О гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2005 оны 05 дугаар сарын 18-нд хүү Н.Г төрсөн. Бид тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос хойш 7-н жил тусдаа амьдарсан. Бид олон жил тусдаа амьдарсан болохоор цаашид хамт амьдрах боломжгүй болсон тулд А.О-ээс гэрлэлтээ цуцлуулах, мөн А.О орон сууцны өмчлөгчөөс хасуулж өөрийн төрсөн хүү Н.Г-ийг хамтран эзэмшигчээр оруулахыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие Ё.Н-той 2004 онд гэр бүл болж 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Г төрсөн. Бид гэр бүл болсноос хойших хугацаанд хувийн зан байдлын улмаас таарч тохирохгүй болж улмаар салж сарних нөхцөл байдал үүссэн. Тодруулбал хамт амьдарч байх хугацаанд миний бие оёдлын газарт ажилладаг байсан ба гэр бүлээ тэжээхийн тулд олон цагаар ажил хөдөлмөр хийгээд гэртээ харихад Ё.Н нь ямар ч үндэслэлгүй намайг хардаж элдвээр хэлж, гомдоож ирсээр бидний сэтгэл аль аль нь хөрцгөөсөн. Намайг жирэмсэн 2 сартай байхад манай нөхөр сүрьеэ өвчнөөр өвчлөөд ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Би тухайн үед нөхрөө харж хандсаар байгаад л хүүхдээ төрүүлж байсан. Би энэ хүнийг бүхий л талаар нь харж хандаж асарч байсан. Би энэ хүнээс янз бүрийн зүйл хүсэж байгаагүй. Гэтэл намайг элдвээр хэлж, хардаж дарамталсаар байгаад сүүлдээ өөрийгөө ална. Эсвэл хүү бид хоёрыг алчхаад хамт үхнэ гэж ярьдаг болсон. Өвчнөөсөө болж эмчилгээ хийлгэсээр байгаад тархиндаа асуудалтай болсон. Тэрнээс нь би айдаг байсан. Сүүлдээ миний ганц хүүг  миний эсрэг болгож байна. 5 дугаар ангид сурдаг жоохон байхад нь хүртэл над руу залгуулаад намайг янхан гэх мэтээр хэлүүлдэг байсан. Нэг удаа хүүг маань байрны гадаа зодсон гэж байрны хүн нь хэлж байсан. Тэгээд би утсаар ярих гэхэд утсаа авахгүй болохоор нь зурвас илгээсэн. Тэрнээс хойш хүүхдээ зодоогүй гэж сонссон. Хүүхдэд муу үлгэр дуурайлал үзүүлж миний эсрэг болгож байгаад л дургүй байна. Мөн энэ хүн хувьцааны бизнес хийдэг гэж сонссон. Группийн мөнгөө зээлж аваад хувьцаа худалдаж аваад тоглосон. Одоо энэ байрыг зараад бас хувьцааны бизнес хийгээд амьдарна жаргалтай амьдарна гэж хүүхдэд ухуулга хийсэн байсан. Ааш авирын хувьд их аймар хүн байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах шаардлагын хувьд бид олон жил тусдаа амьдарсан учраас цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй учир уг шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орсон хэдий ч ямар нэгэн эвлэрэх үр дүнд хүрээгүй билээ. Нэгэнт гэр бүл цуцлуулж байгаа учраас бидний дундаас төрсөн хүү болон хүүхдийн тэтгэмжийн асуудал, гэр бүл болсноос хойш бий болсон дундын хөрөнгийг энэхүү маргаанаар эцэслэн шийдвэрлэсэн зүйтэй. Бидний дундаас төрсөн хүү Н.Г нь одоо 15 настай, түүний аав Ё.Н нь хүүг багаас  нь ээжийнх нь эсрэг буруу ухуулга хийж өсгөсөн ба ээжийгээ үнэлэх үнэлэмжийг үгүй хийж өдийг хүргэсэнд эх хүний хувьд үргэлж сэтгэл минь өвдсөөр ирсэн. Нэгэнт хүү аавтайгаа амьдрахыг илүүд үзэж байх тул одоо болон цаашдаа хүү Н.Г-ийг илүү дассан хүнд буюу эцэг Ё.Н-ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг дагаад миний бие хүү Н.Г-ийг 18 нас хүртэл хугацаанд тэтгэмжийг өгөх хэдий ч уг хүүхдийн тэтгэмжийг бидний дундын эд хөрөнгө болох ... бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 12 м.кв талбай бүхий 00-н өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсэг буюу 4 сая төгрөгт тооцуулж өгөхийг хүсэж байна. Иймээс дундын эд хөрөнгөөс өөрийн нэрийг хасуулахыг зөвшөөрч байна. Миний бие дээрх дундын эд хөрөнгийн өөрт ногдох хувийг хүүдийн тэтгэмжид тооцуулан өгөхийг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөгчийн нэрээс өөрийн нэрийг хасуулахыг зөвшөөрсөн тул хүү Н.Г-ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх асуудлыг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

 

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

“Нэхэмжлэгч Ё.Н миний бие нь А.О-ээс хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, Ё.Н болон А.О нарын хамтын эзэмшилд байдаг 4/2 дугаар байрны 00 тоот 12 м.кв байрнаас А.О нь өөрийн хүсэлтээр нэрээ хасуулж хүү Н.Г-ийг хамтран эзэмшигчээр оруулахыг зөвшөөрсөн болно. Учир нь үл хөдлөх хөрөнгөө хүүгийн нэр дээр шилжүүлэх тул хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Н нь хариуцагч А.От холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн байрнаас А.О-ийн нэрийг хасуулж, төрсөн хүү Н.Г-ийг хамтран эзэмшигчээр оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Гэрлэгчид болох Ё.Н, А.О нар нь 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Г төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь  2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох хүү Н.Г-ий амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, хүүхдийн санал, эх А.О-ийн тайлбар зэргийг харгалзан эцэг Ё.Н-ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаан дээр талууд нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр  “Нэхэмжлэгч Ё.Н миний бие нь А.О-ээс хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, Ё.Н болон А.О нарын хамтын эзэмшилд байдаг 4/2 дугаар байрны 00 тоот 12 м.кв байрнаас А.О нь өөрийн хүсэлтээр нэрээ хасуулж, хүү Н.Г-ийг хамтран эзэмшигчээр оруулахыг зөвшөөрч” тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар талуудын энэхүү эвлэрлийг баталж, гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ё.Н, эх А.О нар нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... овогт Ё.Н /регистрийн дугаар .../, ... овогт А.О /регистрийн дугаар .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Н.Г-ийг эцэг Ё.Н-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан “Нэхэмжлэгч Ё.Н миний бие нь А.О-ээс хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, Ё.Н болон А.О нарын хамтын эзэмшилд байдаг ... улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 12м.кв талбай бүхий 00 тоот байрнаас А.О нь өөрийн хүсэлтээр нэрээ хасуулж хүү Н.Г-ийг хамтран эзэмшигчээр оруулахыг зөвшөөрсөн” зохигчдын эвлэрлийг баталж, гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч А.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т даалгасугай.

 

        9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА