| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0150/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/149 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/149
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Х.А,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Х-ийн А-д холбогдох 2328003120213 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн . . . тоот гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн “Iphone 12 pro max” загварын гар утсаар “Pokerrr 2” гэх гар утасны аппликейшн ашиглан “BIG GAMES+18” гэсэн нэртэй групп нээж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.А-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/
Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8а/10679 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсэн “Гэмт хэргийн гомдол, мэдээллийг шалгуулах тухай” албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 14 дэх тал/
Мөрдөгчийн хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай санал /хавтаст хэргийн 15 дахь тал/
Мөрдөгчийн баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Х.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Pokerrr 2-ыг тоглуулсан мэдээлэл бүхий 8 хуудас баримт /хавтаст хэргийн 48-61 дэх тал/
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 59 дэх тал/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.А 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн . . . тоот гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн “Iphone 12 pro max” загварын гар утсаар “Pokerrr 2” гэх гар утасны аппликейшн ашиглан “BIG GAMES+18” гэсэн нэртэй групп нээж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8а/10679 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсэн “Гэмт хэргийн гомдол, мэдээллийг шалгуулах тухай” албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 14 дэх тал/, мөрдөгчийн хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай санал /хавтаст хэргийн 15 дахь тал/, мөрдөгчийн баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Х.А-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Pokerrr 2-ыг тоглуулсан мэдээлэл бүхий 8 хуудас баримт /хавтаст хэргийн 48-61 дэх тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 59 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөрийтэй тоглоом гэж хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан бөгөөд эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай хэлэлцээр ба мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж интернэт, веб хуудас, фейсбүүк, пейж аккаунт, аппликейшн зэрэг сүлжээний технологи болон компьютер, гар утас, бусад хэрэгсэл ашиглан мөрийтэй тоглоом тоглуулах үйлчилгээг ашиг олох зорилгоор зохион байгуулсан идэвхтэй санаатай үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Х.А нь хуулиар хориглосон үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд буруу зүйл хийснээ ойлгосон, дахин ийм зүйл хийхгүй гэж амлаж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Х.А-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,540,000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 12 Про Макс” загварын гар утсыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Х-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,540,000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 12 Про Макс” загварын гар утсыг улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ