| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2020/01530/и |
| Дугаар | 182/ШШ2020/01514 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2020/01514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг дүгээр хороо, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, А.М-холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Мд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 4 сар 20 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. А.М нь 1 жил 8 сар хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээг сунгаагүй. Одоо зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож алданги 5,626,000 төгрөг, үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 5,000,000 төгрөг нийт 13,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 4 сар 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээл авсан. Авсан зээлээсээ 1,700,000 төгрөгийг Э.Бд шилжүүлэн өгсөн. Би өөрийн хэрэглэсэн 800,000 төгрөгийг хүүгийн хамт төлж Э.Бэс 1,700,000 төгрөг гаргуулахыг хүсч байна. Хамтран ажиллах талаар ямар нэгэн баримт байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.О хариуцагч А.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 5,000,000 төгрөг, алданги 5,626,000 төгрөг нийт 13,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.М Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Э.Б 1,700,000 төгрөгийг авсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.О хариуцагч А.М нар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 4 сар 20 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дах хэсэгт ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд маргаагүй.
Зээлдэгч зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,166,666 төгрөг нийт 4,166,666 төгрөг төлөх үүрэг хүлээж, зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.
Зээлдүүлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 сар 20 хоногийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх тул 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг шаардах үндэслэлгүй байна.
Хариуцагч А.Мэс үндсэн зээлийн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,166,666 төгрөг нийт 4,166,666 төгрөгийг, зээлийн гэрээний 3-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 4,166,666 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги 2,083,333 төгрөг нийт 6,249,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,875,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагч А.М нь Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Бэлхийн 46 гудамж 87 тоот хаягт бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 11 дүгээр гудамж 81 тоот хаягт оршин суудаг болох нь Шүүхийн мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 27кбч/2428 дугаар албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж заажээ.
Талууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар зохигч харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн гэж үзнэ.
Хариуцагч А.М хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж маргаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд Э.Бэс 1,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Мэс 6,249,999 /зургаан сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,875,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,575 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мэс 114,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ