Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор),

шүүгдэгч З.Батчимэг,

шүүгдэгч М.Цэрмаа, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Нарангэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2275) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Золзаяагийн Батчимэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, Баяуд овогт Мөнх-Очирын Цэрмааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1419 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Золзаяагийн Батчимэг, Төв аймгийн Сүмбэр суманд 1992 оны 4 дүгээр сарын 29ий өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2-5 насны хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Жавхлантын 8 дугаар гудамж 01 тоотод байнгын, Баянзүрх дүүрэг 13 дугаар хорооллын 97 дугаар байрны 84 тоотод түр оршин сууж байгаа гэх, регистрийн дугаар НШ92042905, урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2. Монгол Улсын иргэн, Баяуд овогт Мөнх-Очирын Цэрмаа, Дундговь аймгийн Адаацаг суманд 1992 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар баг, Ар-Урт гэх газар байнгын, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжны 23 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЗА92080904.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч З.Батчимэг нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч М.Цэрмаатай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-17А тоотод оршин суух иргэн Б.Малчинбаярын гэрт хууль бусаар нэвтэрч Могул брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ прокурорын шатнаас оргон зайлсан,

Шүүгдэгч М.Цэрмаа нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч З.Батчимэгтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-17А тоотод оршин суух иргэн Б.Малчинбаярын гэрт хууль бусаар нэвтэрч Могул брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч З.Батчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

Шүүгдэгч М.Цэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Малчинбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 07 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн 65-17А тоотод байх гэрээсээ...нөхөр Маналжавын хамт гарсан. Манай...том хүү 8 настай Амарсанаа гэртээ ганцаараа үлдсэн. ...ажил дээрээ байхад 10 цагийн үед жил гарангийн өмнө манай хашаанд нөхөр Баагий, хүүхдүүдийн хамт гэрээ бариад амьдарч байсан Батчимэг...над руу утсаар яриад Амарсанааг манай хүүхдүүдтэй тоглуулаач гэсэн. Тэгэхээр нь би хүү Амарсанаа руу яриад миний хүү гэрээ цоожилж гараад Чимгээ эгчийндээ очоод тогло гэж хэлсэн. ...Манай хүү Амарсанаа нь тэднийд очоод гал тогооных нь шургуулганд түлхүүр, гар утсаа хийж орхиод тоглосон гэсэн. Тэгээд 10-аад минутын дараа Батчимэг нөгөө эмэгтэйн хамт усанд явлаа гээд гарсан гэсэн. Би ажил дээрээ байж байхад хөдөөнөөс Амарсанаагийн төрсөн эцэг болох Бат-Очир над руу залгаад Амарсанааг хөдөө над руу явуулчих, одоо унаа явах гээд байна гэхээр нь би зөвшөөрөөд хүү Амарсанаа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь З.Батчимэг рүү залгахад би усанд явж байна, очихоороо Амарсанааг яриулъя гээд...надтай яриулсан. Би хүүхдээсээ утас нь яагаад холбогдохгүй байгаа юм бэ гэхэд мэдэхгүй ээ, би унтраагаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батчимэг рүү яриад...Амарсанааг хөдөө явуулах гэсэн юмаа, чи гэрт нь дагуулж очоод хувцасыг нь бэлдээд цүнхийг нь үүрүүлээд автобусанд суулгаад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Удалгүй манай хүү Амарсанаа гэртээ очоод хаалгаа онгойлгосон чинь зурагт алга болсон байна гэсэн. ...барагцаагаар 13 цагийн үед...над руу утасдаж хэлсэн. Би Батчимэгтэй ярьж нээрээ юм уу миний дүү, түлхүүр нь цоожтой байхад яахаараа алга болдог юм бэ гэхэд тэр түлхүүр нь цоожтой байна, зурагт нь алга болсон байна гэж хэлсэн. Би гэрийнхээ хаалганы цоожийг урд өдөр  нь шинээр  аваад цоожны нэг түлхүүрийг нь Амарсанаад, үлдсэн 3 түлхүүрийг би өөрөө аваад явж байсан. ...Уг зурагтыг...2015 онд 700.000 төгрөгөөр худалдаж авсан. ...500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би З.Батчимэгтэй нэг их харьцаад байдаггүй байсан. Гэтэл уржигдар орой буюу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манайд З.Батчимэг найз гэх М.Цэрмаагийн хамт ирсэн тул түүнийг сэжиглэж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

2. Насанд хүрээгүй гэрч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр...ээж залгаад Чимгээ эгчийндээ очоод тоглож байгаарай, ээжийнхээ ирэхийг дөхүүлээд хүрээд ирээрэй гэж хэлсэн. ...удалгүй Чимгээ эгч над руу залгаад одоо...хүрээд ир, гудамжаараа дээшээ өгсчих, би өөдөөс чинь яваад очъё гэсэн. Тэгээд Чимэгээ эгчтэй цуг тэднийд очсон. Би гэрт нь ороод байж байхад Чимгээ эгч чи тоглож байгаад түлхүүрээ хаячихна, түлхүүрээ шургуулганд хийчих гэсэн. Би түлхүүрээ шургуулганд нь хийчихээд, утсаа шургуулганы дээд талд нь ил харагдахаар тавьсан. ...Чимгээ эгч цуг байсан эгчийн хамт гараад...би гэрт тоглож үлдсэн. ...Чимгээ эгч ирээд ээж чинь залгасан гээд намайг яриулсан. Тэгэхэд ээж утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ гэхээр нь асаалттай байгаа ш дээ гэж хэлэхэд ээж чи хөдөө явах юм уу гэхээр нь явъя гэсэн. Тэгэхэд ээж чи гэртээ очоод хувцасаа өмсөөд Чимгээ эгчээрээ толгойгоо угаалгаад автобусны буудал хүргүүлчих гэж хэлсэн. Би за гээд өөрийнхөө утас байгаа газар руу очиход миний утас хөргөгчин дээр нь...унтарчихсан байсан. Миний утас дүүрэн цэнэгтэй байсан яагаад унтарчихсан юм бэ гэж Чимгээ эгчээс асуухад тэд дуугараагүй. ...Чимгээ эгч болон цуг байсан эгчийн хамт манайх руу очсон. ...түлхүүрээрээ гэрээ онгойлгоод үзсэн чинь зурагт байхгүй байсан. Тэгэхэд Чимгээ эгч зурагт яасан юм бэ, Маналжав ах чинь аваад явчихсан юм уу, өглөө байсан юм уу гэж надаас асуухаар нь өглөө байсан, би асаалттай нь орхиод явчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би ээж рүүгээ залгаж зурагт алга болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

3. Хэрэг учралын газарт 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100-03 гэх тоот хашаанд байх...амбаарын хойд талын тасалгаанд ороход хойд хэсэгтээ цонх гаргасан гэмээр хэсэг зай онгорхой, цаасан хайрцагтай эд зүйлс, баруун хананд цагаан өнгийн даавуу бүхий гудас хөнжил зэргийг хуйлж тавьсан, түүний урд талд бор эрээн болон цэнхэр өнгийн куртакнууд овоолж тавьсан байдалтай байх бөгөөд уг куртакнуудыг холдуулж үзэхэд бор өнгийн даавуун уутанд 32 инчийн Могул брэндийн зурагт байсныг...эд мөрийн баримтаар хураан авлаа... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 03-04 дэх тал),

4. Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 36),

5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 08),

 

6. Шүүгдэгч З.Батчимэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100-3 тоотод байх гэртээ байж байхад 2 дугаар хорооны Орбитын 65-17А тоотод байх танил Малчинбаярын хүү Амарсанаа манай гэрт ирсэн. Амарсанаа гал тогооны шургуулганд утас түлхүүрээ хийгээд  аниа утас түлхүүрээ шургуулганд хийлээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амарсанаад мэдэгдэлгүйгээр шургуулганаас түлхүүрийг аваад манай нөхөр Бат-Эрдэнийн ахынх нь эхнэр болох Цэрмаад Малчинбаярынд очоод зурагтыг нь авъя гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гараад Малчинбаярынд очоод би гэр рүү нь ороод Могул маркийн 32 инчийн зурагтыг аваад гарч ирээд гэрийг нь цоожилсон. Цэрмаа тэр үед хашааны гадаа намайг хүлээж байсан. Тэгээд зурагтыг аваад гэртээ ирээд байшингийнхаа үүдний амбаарт нуусан...

...Малчинбаярын гэрээс зурагт хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 68-69 дэх тал),

 

7. Шүүгдэгч М.Цэрмаагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Манай нөхөр О.Отгонбаяр Ховд аймаг руу барилгын ажил хийхээр...түүний дүү О.Бат-Эрдэнийн хамт ажиллахаар явсан бөгөөд түүний эхнэр Батчимэг 2 хүүхдийн хамт манайд цуг байгаа юм. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1 цагийн орчим болов уу манай гэрт Малчинбаярын хүү Амарсанаа ирсэн. ...Тэгэхдээ Батчимэгт Амарсанаа нь аниа түлхүүр, утсаа шургуулганд хийлээ шүү гэж хэлсэн. ...Тэгэхэд Батчимэг Малчинбаярынхаас зурагтыг нь авъя гэсэн...зөвшөөрөөд Малчинбаярынд очоод би хашааны гадаа үлдсэн. Батчимэг намайг хүн харж бай гэсэн. Тэгээд тэр гэрийг нь түлхүүрдэж онгойлгоод буцаж гарч ирэхдээ зурагтыг нь аваад гарч...байшингийнхаа үүдний таамбарт нууж тавьсан. ...Батчимэг зурагтыг нь зараад утас авна гэж хэлсэн. Гэр орон хоол ундгүй болсон зүйл байхгүй...

...2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Батчимэг хоёулаа Малчинбаярынх руу очиж ярьж сууж байгаад ирье гээд...тэднийд юм ярьж сууж байгаад харьсан. ...Маргааш нь Батчимэг өөрөө залгаад хүүхдээ явуулахгүй юу даа гэж байсан. Тэгээд өөрөө гарч яваад хүүхдийг нь дагуулаад орж ирсэн. Гадуур юм хийж байгаад орж ирэхэд Амарсанаа аниа түлхүүр, утсаа шургуулганд хийлээ шүү гэж байсан. ...Хашаан дотор юм хийж байхад Батчимэг гарч ирээд хоёулаа Малчинбаярын зурагтыг очиж авъя гээд...түлхүүрийг нь аваад гараад ирчихсэн байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 32-33 дахь тал),

 

8. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2), хэрэг учралын газарт үзлэг хийсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7), хэргийн газрын гар схем зураг (хавтаст хэргийн 5),

- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50-51), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91-92),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44, 82),

- Шүүгдэгч М.Батчимэг нь эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 77, 79, 123), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 76, 83-90), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 120-122),

- Шүүгдэгч З.Цэрмаа нь эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн  43, 46-49, 52-59), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 124, 125) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:   

Шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нар бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-17А тоотод оршин суух иргэн Б.Малчинбаярын гэрт хууль бусаар нэвтэрч Могул брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Харин хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч З.Батчимэг нь хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ прокурорын шатнаас оргон зайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тухайн зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж буюу объектив, субъектив талын бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Батчимэг нь прокурорын хяналтаас...зориуд зайлсхийсэн, шууд санаатай үйлдэл хийсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Түүнчлэн дээрх үйлдлийн талаар дурдсан прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгааг тэмдэглэж шүүх мөн хуулийн 246 дугаар зүйлд заасан хэмжээний дотор хэргийг хэлэлцэв.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Батчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх З.Батчимэг, М.Цэрмаа нарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Батчимэг нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгүийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалыг харгалзаж,  хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг болон шүүгдэгч З.Батчимэгийн хүү М.Одбаатар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 5 настай (хавтаст хэргийн 90), охин Б.Оддэлгэр 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 1 настай (хавтаст хэргийн 89), шүүгдэгч М.Цэрмаа нь 2013, 2014 онуудад төрж хүүтэй болсон, хүүхдүүд нь 2-3 настай (хавтаст хэргийн 125) байх тул тэдний хувийн байдлыг үндэслэж шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нар нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүйг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Батчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Золзаяагийн Батчимэг, Баяуд овогт Мөнх-Очирын Цэрмаа нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр,  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Батчимэг, М.Цэрмаа нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Малчинбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 69.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Батчимэг, М.Цэрмаа нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дундговь, Төв аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Батчимэг, М.Цэрмаа нарт авсан оршин суугаа газраас гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ