Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0440

 

 

 

 

 

 

 

 

 

         

Х.Жгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ш.М

 

Нэхэмжлэгч: Х.Ж

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус даалгах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0038 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А

Хариуцагч Ш.М

Хариуцагчийн өмгөөлөгч К.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2026/0003/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус даалгах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0038 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 80 дугаар зүйлийн 80.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Жгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Жг урьд эрхэлж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Баян-Өлгий аймгийн Засаг даргаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг Баян-Өлгий аймгийн Засаг даалгаж, үлдэх хэсэг болох “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Ш.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа тухайн тушаалын үндэслэл болсон аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд огт дурдаагүй, маргаан бүхий захиргааны актын дараа гарсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар захирамжийг үндэслэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн байсан эрх сэргээгдсэн гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг ноцтой зөрчиж байна.

3.2. Маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан болно. Тодруулбал, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдаж, 2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ буурсантай холбоотойгоор Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын орон тоог 35 байхаар тогтоосон.

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/1201 дугаартай албан бичгээр аймгийн төсвийн тодотгол хийж, тус газрын орон тоог 35 болгон бууруулахтай холбоотой бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад урьдчилан мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.

3.3. Дээрх чиглэлийн дагуу орон тооны судалгаа хийх, албан хаагчдын ажлын чиг үүрэгт шинжилгээ, үнэлгээ өгч санал боловсруулах үүрэг бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамжийг үндэслэн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Х.Жг төрийн албанаас чөлөөлсөн.

Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/02 дугаартай захирамжаар маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулах замаар байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог бий болгосон хэдий ч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар нь 35 хүний орон тоотойгоор ажиллахаар төсөв батлагдсан тул шинээр нэмэгдсэн орон тоонд албан тушаалтныг ажиллуулах ямар ч боломж байхгүй байна. Байгаль орчны газрын даргын хувьд аймгийн Засаг даргын баталсан бүтэц, орон тооны хүрээнд, хуульд заасан чиг үүргийн дагуу батлагдсан төсөв, бүтэц орон тооны хүрээнд ажиллах үүрэгтэй.

3.4. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, агуулгын хувьд зөрчилтэй, баримтуудыг хянан үзээгүй гарсан шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу хариуцагч миний гомдлыг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Х.Ж-гөөс Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус даалгах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... маргаан бүхий захирамжаар байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдсан гэх боловч бодит байдалд чиг үүрэг хэвээр хадгалагдаж байсан учраас орон тоо цөөрсөн гэж үзнэ, энэ тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах байтал хууль зөрчсөн, улсын ахлах байцаагчийн орон тоо нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зайлшгүй байх ёстой байтал батлагдсан бүтэц орон тоог хасч байхгүй болгосон” гэх зэргээр тодорхойлно.

3.2. Харин хариуцагч Байгаль орчны газрын даргаас “… УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн албаны бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаар захирамжаар байгууллагын бүтэц, орон тоог батлахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал хасагдсан тул аймгийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжийг биелүүлж Х.Жг ажлаас чөлөөлсөн, ингэхдээ сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан ч нэхэмжлэгч оролцоогүй, уг орон тоо хасагдсанаас хойш байгууллагын үйл ажиллагаа тасалдаагүй; аймгийн Засаг даргын 2026 оны А/02 дугаар захирамжаар нэмэгдсэн орон тооны хувьд Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилгоо хийх боломжтой” гэж,

3.3. Хариуцагч аймгийн Засаг даргаас “… Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын 2026 оны А/02 дугаар захирамжаар Байгаль орчны газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн нэг орон тоо нэмсэн” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдоно. Үүнд:  

4.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/333 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчны газрын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүтэц, орон тоог өөрчлөн 46 байхаар тогтоосон, харин нэхэмжлэгч Х.Ж нь батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байжээ.

4.2. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор тус газрын 35 орон тоонд төсөв баталсан. Улмаар аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаар захирамжаар, төсөвт байгууллагуудын цалин санг бууруулсантай холбогдуулан аймгийн Байгаль орчны газрын бүтэц, орон тоог 35 байхаар шинэчлэн батлахад Х.Жгийн эрхэлж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдсан.

Аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны А/19 дүгээр тушаалаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус газрын орон тооны өөрчлөлтэй холбогдуулан судалгаа хийж, дүгнэлт гаргажээ.

4.3. Байгаль орчны газраас 2025 оны 9 дүгээр сарын 22, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл зэргийг хүргүүлсэн бөгөөд аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар, “байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч”-ийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Х.Жг төрийн албанаас чөлөөлсөн байна.     

4.4. Аймгийн Засаг даргын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчны газарт “байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч”-ийн ажлын байрыг нэмж, нийт 36 орон тоотой байхаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гаргасан 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/3360 дугаартай зөвлөмжийг харгалзжээ.

5. Хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл, маргааны үйл баримтаас үзэхэд, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан эсэх, энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

6. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгчийн эрхэлж байсан маргаан бүхий ажлын байрыг аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаар захирамжаар хассан гэж үзнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон Ажлын хэсгийн хяналт шалгалтаар байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тооны чиг үүргийг бусад албан тушаалын чиг үүрэгтэй давхардаагүй гэж үзсэн зэрэг үйл баримтыг тогтоосон нотлох баримтаар тухайн орон тоог хассан үндэслэл үгүйсгэгдэнэ, Байгаль орчны газрын даргын 2025 оны А/19 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсэг нь үндэслэл тодорхойгүй, ерөнхий дүгнэлт гаргасан, дүгнэлтийн үндэслэлээ нотлоогүй тул захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй, аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаар захирамжаар хасагдсан орон тоог 2026 оны А/02 дугаар захирамжаар буцааж нэмсэн тул сонгон шалгаруулалт явуулах сул орон тоо гэж үзэхгүй, эрхэлж байсан ажлын байр нь үндэслэлгүйгээр хасагдсан тул нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн хувьд эдлэх нэмэгдэл баталгааны эрх зөрчигдсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий бөгөөд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

7. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;

7.1. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.20. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн”, 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.5. өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; 14.2.12. эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.3. батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; 16.5.5. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлийн хотын Захирагч орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 65.1.8. тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж,

7.2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.5. хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; 62.1.4 .төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж,

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй: 61.1.3. ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан;”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж,

7.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан.

8. Маргааны үйл баримтад хамаарах дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийг нотлох үүрэгтэй болохын хувьд орон тоо бодитоор хасагдсан, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хууль ёсоор хийгдсэн, өөр тохирох албан тушаал санал болгох боломжгүй байсан, шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан журам хэрэгжсэн болохыг хариуцагч бүрэн нотолсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзнэ.

9. Харин эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь нотлогдон тогтоогдоогүй, тухайлбал орон тоо бодитоор хасагдаагүй, чиг үүрэг хэвээр хадгалагдсан, байгууллага өөр тохирох сул орон тоо санал болгоогүй, эсхүл шийдвэр гаргах ажиллагааны хуульд заасан шаардлагыг зөрчсөн нь тогтоогдвол маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны, үндэслэл бүхий, зорилгод нийцсэн байх шаардлагыг хангаагүй хэмээн үзэж хүчингүй болгох үндэслэлтэй.

10. Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улсын 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг батлахдаа, төрийн албан реформын хүрээнд чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулах замаар цомхон, чадварлаг, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, сумын төсөв, түүний гүйцэтгэлийг баталж, өөрчлөх, Засаг дарга нь түүнд нийцүүлэн харьяа агентлагийн бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох эрхийг тус тус эдлэх бөгөөд Байгаль орчны газрын дарга нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч болохын хувьд хүний нөөц, байгууллагын үйл ажиллагааг батлагдсан төсөв, орон тоонд багтаах ёстой байна.

11. Маргааны зүйл нь нэхэмжлэгчийг төрийн албанаас “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр чөлөөлсөн захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг тогтоохтой холбоотой бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг төрийн албаны эрх зүйн зохицуулалтын суурь үзэл баримтлал болгон тогтоосон. Иймд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлүүдийг өргөтгөн тайлбарлах бус, харин хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг хатуу шалгуураар үнэлэх шаардлагатай.

12. Хариуцагч нь орон тоо бодитоор хасагдсан, бүтцийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байсан, өөр тохирох албан тушаал санал болгох боломжгүй байсан, шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан журмыг бүрэн мөрдсөн болохыг хангалттай нотолж чадаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

13. “Орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхийн тулд маргаан бүхий албан тушаал бодитоор хүчингүй болсон байх;  бүтэц, орон тооны өөрчлөлт эрх бүхий байгууллагын хууль ёсны шийдвэрээр батлагдсан байх; чиг үүргийг өөр албан тушаалд шилжүүлээгүй байх; өөр тохирох сул орон тоо байхгүй, эсхүл байсан бол хуульд нийцүүлэн санал болгосон байх; шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан журмыг бүрэн мөрдсөн байх; чөлөөлөх шийдвэр нь эрх хэмжээг зориулалтын дагуу хэрэгжүүлсэн, бодит үндэслэлтэй байх зэрэг нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байхыг шаардана.

14. Гэтэл энэ хэсгийн 4-т заасны дагуу нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалыг хасах бодит үндэслэл байгаагүй, аймгийн Засаг даргаас тус газрын бүтэц, орон тоонд 3 сар гаруй хугацааны дараа өөрчлөлт оруулж, тухайн албан тушаалыг сэргээж баталсан, аймгийн Засаг даргын 2026 оны А/02 дугаар захирамжаар 2025 оны А/697 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, зөвхөн нэмэлт оруулсан зэргээс “байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч”-ийн орон тоо хасагдаагүй, нэхэмжлэгчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүйн зэрэгцээ маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН   

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ