| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0400/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/407 |
| Огноо | 2023-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Н.Б******н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Э********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******гийн Э**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Б.Э********** нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 32-12 тоотод хохирогч Н.Б******нтай маргалдаж, улмаар тавагтай идээний тагтай сав шидэн толгой хэсэгт нь онож, биед нь тархинд доргилт, духанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э********** нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 32-12 тоотод хохирогч Н.Б******нтай маргалдаж, улмаар тавагтай идээний тагтай сав шидэн толгой хэсэгт нь онож, биед нь тархинд доргилт, духанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...гаднаас Д******нгийн эхнэр Б******н гэх эмэгтэй ганцаараа орж ирсэн. ...манай гэрт орж ирэхэд Д******н манайд байж таарсан. Б******н орж ирэнгүүтээ бид хоёрт хандаж та 2-ыг хоёуланг чинь хамт байхыг харах гэж олон удаа ирж байсан. Баригдав уу та 2 гэж хэлээд айхтар орилж чарлаад над руу дайрсан. Манай гэрийн ширээн дээр байсан хамаг юмыг л авч над руу шидсэн. Миний толгойны үснээс зулгаасан. Би түүнд хандаж чи нөхрөө аваад манай гэрээс яв, намайг битгий ингээд бай гэж хэлсэн. Миний толгойтой үснээс зуурчхаад бараг 1 цаг зуурсан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Д******н салгах гэсэн боловч Б******нг дийлэхгүй юм билээ. Тэгж байснаа миний үснээс зулгаахаа больсон. Гэрээс гарахгүй байхаар нь би цагдаа дуудчихсан. Цагдаа дуудчихлаа гэсэн тэр эмэгтэй гэрээс гарсан. Би айгаад үүдээ түгжсэн... Би одоо гэм буруутан болчхоод зогсож байна. Гэхдээ би өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авахад гэм буруугаа хүлээгээд, хохирлыг нь барагдуулбал хуулийн хариуцлага нь хөнгөрдөг гэсэн. Би энэ хэргийг хийгээгүй ч гэсэн энэ хүний 200,000 төгрөгийн хохирлыг төлнө. Мөн энэ хэрэгт хариуцлага хүлээх болж байна гэж ойлгож байгаа...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Б******нгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Нэг ийм хүүхнээс салахаа байж гэртээ ирэхгүй алга болдог болсон. Өнгөрсөн жил манай хөгшнийг баахан эмнэлгээр явуулж сүлжээний эмүүд хүртэл өгч байсан. Өнгөрсөн жилийн цагаан сарын шинийн 8-ны өдөр унтаж байхад “чи бид хоёр уулзаагүй, унтаагүй удлаа” гэж мессеж бичсэн байсан. Гэтэл манай охин аавыгаа гараад явсны дараа “нэг хүүхэн манай аав руу чи бид хоёр унтаагүй удчихлаа гэж мессеж бичээд байна. Нөгөө хүүхэн нь юм шиг байна” гэж хэлсэн. Энэ хүн хүнийг гэр оронд нь тайван байлгахгүй байхад би эмэгтэй хүн яаж доромжлуулаад зүгээр байх юм бэ. Одоо 60 гарсан хүмүүс. Би амьдралаа бүтэн авч үлдье гэж нөхрийнхөө араас нэлээн гүйсэн. Эднийд очиход хаалга нь онгорхой байсан. Тэгэхлээр нь би ороход н.Д******н үүдэнд нь суучихсан энэ хүүхэн ширээн дээрээ сууж байсан. Энэ хүүхэн дандаа эр хүний толгой тархи эргүүлж дандаа худлаа ярина. Тэгээд би “та хоёр ингээд сууж байдаг юм уу” гэж хэлсэн. Би цүнхээ сандал дээр нь тавиад суусан. Тэгээд энэ хүүхнийг харахаар зэвүү хүрээд байсан учраас би хэрүүл хийсэн. Манай нөхөр одоо ч энэ хүүхэнтэй ч хамт байгаа. Хэрүүл болоод цагдаа дууд чи гэж хэлээд гарч охин руугаа цагдаа дуудаад өг гэсэн чинь “би ажилтай байна. Жаахан байж байгаад дуудъя” гэсэн. Тэгээд хашаанд байж байхад цагдаа ирэхээр нь би хаалгыг нь онгойлгож өгсөн. Эднийд орж хэрүүл хийхэд ширээн дээр байсан тавагтай юмаа аваад над руу шидсэн. Тэгээд толгой эргэж мансуураад сонин болсон учраас уур хүрээд ширээн дээр нь байсан шар аягыг аваад шидсэн чинь оноогүй газарт унасан... 200,000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо сэтгэл санааны хохирол гаргуулж авна... 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Б******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би нөхөр Б.Д******нтэй газрын гэрчилгээ шилжүүлэх талаар ярилцаж уулзах гэж Э********** гэх эмэгтэй гэрт буюу Мөрөн сумын 1-32-12 тоотод ганцаараа очсон. Очиход Э**********, Д******н хоёр хоёулаа сууж байсан. Би Э********** гэх эмэгтэйд хандаж та хоёр ингээд сууж л байдаг юм байна шдээ, өмнө нь зөндөө байна уу гэж асуухаар байхгүй гэж хэлээд нуугаад байдаг, утсаар яриулчихад яадаг юм. Хүний хүүхдийн нулимс идээд нүдний галыг нь унагаагаад ичихэд яадаг янхан юм гэж хэлэхэд тэр эмэгтэй надад чам шиг юмыг нохой шиншлэхгүй гэж хэлсэн. Би хариуд нь би чам шиг хүний үр хүүхдийн нулимс гоожуулж, эр хайж явахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй чамайг цагдаа дуудаж эрүү үүсгэнэ, шоронгийн хадаас болгоно гэж доромжилсон. Тэгээд би явах гээд гэрээс нь гарахдаа цүнхээ мартчихсан байхаар нь буцаж ороод цүнхээ авахдаа бас тэр эмэгтэйтэй хальт маргалдсан. Э********** гэх эмэгтэй тавагтай идээнийхээ тагтай савыг над руу шидсэн. Миний духыг онож толгой маш их өвдсөн. ...маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Н.Б******н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 20,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгийг буруутай этгээдээс гаргуулна...”гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... Б******н гэх эмэгтэй тухайн хаягийн хашаан дотор байсан. Би эмэгтэй надад юу болсон талаар хэлэхдээ байшин дотор байгаа Э********** гэх эмэгтэй юм шидээд намайг цохичихлоо гэж хэлээд духаа надад харуулахад дух нь хавдаж, домбойсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
Гэрч Н.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... манай гэрт Б******н ганцаараа орж ирсэн. Надад эгч нь нөгөө Э********** гэх эмэгтэйнд Д******нг сураад очтол хоёулаа байж байна. Тэгээд хэрүүл маргаан болоод Э********** над руу тавагтай идээний сав шидэж миний дух руу оночихлоо гэж хэлсэн. Харсан чинь дух нь овойж, хавдаж, хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...474 дугаартай дүгнэлтийн зүүн сарвууны эрхий хурууны зөөлөн эдэд учирсан гэмтэл болон тархинд доргилт, духны зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт учирсан гэмтэл нь нийлбэр болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” мэдүүлэг (хх-ийн 60-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 474 дугаартай: “
1. Н.Б******нгийн биед дархи доргилт, дух, баруун, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Н.Б******нгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт (хх-ийн 56-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 512 дугаартай: “
1. Н.Б******нгийн биед тогтоогдсон тархины доргилт, духны цус хуралт, зүүн сарвууны эрхий хурууны зөөлөн эдэд гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн мөрний цус хуралт нь тус тусдаа болон нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэх дүгнэлт (хх-ийн 65-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 74-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 75-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 76-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э********** нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 32-12 тоотод хохирогч Н.Б******нтай маргалдаж, улмаар тавагтай идээний тагтай сав шидэн толгой хэсэгт нь онож, биед нь тархинд доргилт, духанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Н.Б******нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
Гэрч Н.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-р хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 60-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 512 дугаартай дүгнэлт (хх-ийн 65-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Э********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Э********** нь хохирогч Н.Б******нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Б******н нь эмчилгээний зардал 200,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Н.Б******н нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Э**********ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Харин хохирогч Н.Б******нгийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 200,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Э**********ээс 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б******нд олгох нь зүйтэй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 20,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Б******нд 20,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 25-26-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э**********ээс 20,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Б******н нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Э**********ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хулз овогт ******гийн Э**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******гийн Э**********ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Э**********ээс 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б******нд, 20,000 (хорин мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Б******н нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Э**********ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э**********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР