Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Баасанжав,

Иргэдийн төлөөлөгч О.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд, М.Гомборагчаа, Э.Ганбат,

Шүүгдэгч Г.Б, Б.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Б.П нарт холбогдох 2224000000070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч * улсын иргэн, * төрсөн, 30 настай, эрэгтэй, * боловсролтой, *мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг, * тоот хаягаар оршин суудаг, урьд нь *, И овогт Гын Б /РД:/ 

Шүүгдэгч * улсын иргэн, * төрсөн, 24 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ *ажилтай байсан, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, * тоотод оршин суудаг, урд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Бийн “ /РД:/

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Н багийн Г тоот хашаанд байрлах Г.Дийн гэрт Г.Д, Г.Б, Б.П, Г.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба Б.П нь Г.Дтай “охиноо өөр хүнтэй суулгасан” гэсэн шалтгааны улмаас, Г.Б нь Г.Дтай “дүүгийнхээ нас барсан асуудалд буруутгалаа” гэсэн шалтгааны улмаас тус тус маргалдаж, улмаар бүлэглэн Г.Дг зодож алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг бүлэглэж алсан гэх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б, Б.П нар нь холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би орой 11 цаг өнгөрч байхад хоол хийчхээд хадмынхаа гэр рүү орсон. Тэгэхэд Б, Д, Л нар шатар тоглоод үлдсэн. Өмнөх өдөр нь нойргүй хоносон болохоор тэр орой тэгээд унтсан. Тэгээд сэрээд хартал шөнийн 2 цаг болж байсан. Амь хохирогчийг яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодож байсан. Гадаа нэг хүн гүйж байгаад манайх руу ороод ирсэн. С орж ирчхээд ах сэрэхгүй байна, татаад босохгүй байна гэж хэлэхээр нь ороод хартал эрүү нь шар шар гэж дугараад байсан. Би алаад хаячихсан юм биш үү гээд орилоод гарсан. Араас С гарч ирсэн, би 2 хүүхдээ сэрээчхээд эмээтэйгээ байж байгаарай гэж хэлээд цагдаа дуудахаар явсан. Намайг ороход тэлээ нь тайлагдчихсан нас барчихсан байсан...” гэв.

Гэрч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Б.П бид 2 амь хохирогчийнд 1 шил архи барьж орсон. Тэр үед дэлгүүр хаачихсан байсан болохоор гэрээс авсан. Тэр үед С, Б, амь хохирогч нар байсан. Тэгээд ороход тэнд байсан 3 хүн 1 архи дуусгаж байгаа бололтой байсан. Бид 2 орж нэмэгдээд цуг уусан. Муудалцсан шалтгаан нь Б.П, амь хохирогч 2 эхэлж муудалцсан. Бие биетэйгээ барьцалдаж аваад зодолдох гээд, барьцалдаж аваад орны доод тал руу унасан, би салгах гэхэд Б.П байж бай гэхээр нь би холдож очоод суусан. Тэр үед архи талдаа орж байсан. Тэгээд би холдож очиж суугаад Г.Б ахыг юмнаасаа хийгээч гэж хэлсэн чинь Г.Б уурлаад, чи муу томроод байна уу, үгүй юу гээд намайг барьж авсан. Г.Б намайг боосон. Тэр үед Б.П, амь хохирогч нар салчихсан байсан. Г.Б ах намайг боогоод амь хохирогч, Б.П нарыг юу хийж байсныг харж амжаагүй. Тэр дундуур нь Л.Л ах орж ирсэн. Л.Л ах Б.Птой муудалцаад баруун хатавчных нь тийшээ унаж байсан. Цохиулсан уу, түлхүүлсэн үү гэдгийг сайн харж амжаагүй. Тэгэхэд би Г.Б ахад боолгочихсон байдалтай байсан. Тэр үед хэсэг ухаан манарчихсан байсан. Тэгээд хаашдаа намайг боогоод босгохгүй юм байна гэж бодоод буруу хараад хэвтчихсэн. Тэр үед цаана нь төмпөн, шанага тас гэх дуу гарахаар нь эргээд хартал амь хохирогч уначихсан байсан. Тэгэхэд Г.Б очоод цээж хэсэг рүү өшиглөөд, нүүр рүү нь өшиглөж байсан. Тэр нөхөр хөдлөхгүй байхаар нь шүүрний ишээр бөгс рүү нь хатгаж үзээд байсан. Нөгөө хүн нь эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Тэгээд намайг ингэх юм болов уу гэж бодоод би өөрөө босож ирсэн. Би очоод энэ чинь амьд юм уу гээд татах гэсэн чинь Б гай болно шүү хол байгаарай гэхээр нь би дөхөөгүй. Тэгээд би түрүүлж гарч ирээд араас Б.П гарч ирээд араас нь Г.Б ах гарч ирээд бид гурав явсан. Тэгээд гарч явахдаа Г.Б намайг гэрчгүй ална гэж хэлсэн. Би сургууль хүртэл хөөцөлдөж явсан. Хамгийн сүүлд сургуулийн урд Б.П намайг бариад би цааш булан эргээд гэр рүүгээ явсан...” гэв.

Гэрч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид нар амь хохирогчийн гэрт архи ууж байгаад би гараад явсан. Гарах үед Б.П, Г.Г нар байгаагүй, Г.Б байсан. Би харьчхаад ирэхэд Б.П, Г.Г, Г.Б, амь хохирогч нар байсан. Ороход Б /П/ намайг заамдаж авч цохиод, Г.Б намайг хариад амар гэхээр нь хариад амарсан. Би буцаж дахиж ороогүй...” гэв.

Шинжээч П.Базардаргиа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр авах боломжтой. Баруун талын 5,6 дугаар хавирганы хугарал гэмтэл нь өшиглөх болон дэвсэх үйлдлийн аль алинаас  нь үүсэх боломжтой. Эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд дан дангаараа үхэлд хүргэхгүй. Эд эсийн шинжилгээгээр уушги гялтан фиброзоор зузаарсан. Цулцангууд жигд бус авчиж тэлэгдсэн, зарим хэсгээр цулцангийн таславч фиброзоор зузаарсан, цөөн цулцангийн хөндийд сул улаан эстэй, зарим цулцанд сийрэг сидерофаг эстэй, бронхууд авчсан, хучуур үгүйрсэн, судаснууд цус дүүрэлттэй, жижиг артерийн судаснууд булчинт давхарга зузаарсан гарсан. Уушгины цулцанд сул шингэн, улаан эс байсан. Бамбайн мөгөөрсний гадна болон дотор талдаа цус хуралттай байсан. Тэр орчим болон бамбайн мөгөөрсөө хамарсан голомтот цус хуралт үүссэн байсан. Гаргасан дүгнэлтээр бамбайн мөгөөрсний дамнасан, хөндлөн 7х0,4 хэмжээтэй зулгаралт байсан. Зах ирмэгийн улмаас дарагдах байдлаар үүссэн гэж үзэж байгаа. Зөөлөн материалаар цус хуралт үүсэх боломжтой...” гэв.

Шинжээч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бамбайн мөгөөрсний хугарал, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал зэрэг гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. 1 бус олон удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой гэмтэл. Эрүү яс, нүүрний яс, хүзүү хэсгийн яс энэ бүгд тэр чигтээ судас, мэдрэл байгаа. Эрүүний доод зөөлөн эдэд маш их хэмжээний цус нэвччихсэн байсан, хүзүүнд маш их цус нэвччихсэн. Энэ бүгдэд мэдрэл байгаа. Мөн хамар яс шаржигнана гэж байгаа. Тэнд цөмөрчихсөн хугарал байгаа. Тэндээс маш их хэмжээний цус амьсгалын замд орно. Миний бодлоор дэвссэн үйлдэл байгаа. Хамар яс шаржигнана, цөмөрсөн хугаралтай. Цөмөрч байж их хэмжээний цус гарна. 41-42 размерын гутал өмсдөг эрэгтэй хүн дэвсэхэд тухайн гэмтлүүдийг 1 удаагийн үйлчлэлээр авах боломжтой. П.Базардаргиа шинжээчийн дүгнэлтээс харахад төвөнхийн бамбайн мөгөөрсний гэмтэл эхлээд үүссэн ,эрүү, хамрын ясны гэмтэл дараа нь учирсан гэж ойлгогдохоор байгаа. Бамбайн мөгөөрс гэмтээд рефлексийн бүсийн гэмтэл авсан үед амьсгал авах боломжгүй. Рефлексийн бүсийн гэмтэл авсан хүн тэр даруй нас барна. Хатуу мохоо зүйл гэдэгт даавуун материал хамаарахгүй, даавуу зөөлөн эд материалдаа орно. Том талбайтай зүйлээр энэ гурван хэсгийг хамарсан гэмтэл учруулсан гэж үзэж болно. Бамбайн төвгөр хэсэг болон гадна, дотор хэсгийг хамарсан цус хуралт байгаа. Гадна талд үүссэн зулгаралт, дотор талд үүссэн зулгаралт өөр хэмжээтэй. Гадна талд зулгаралт үүссэн боловч дотор талд гэмтэл байхгүй. Төвөнхийн хэсэгт босоо үйлчлэл үүссэн. Эндээс эгц урдаас дэвсэх үед үүссэн, урдаас эгц дээшээ эрүүний ооч хэсэгт хүч үйлчилсэн. Эрүүний 2 талд үүссэн хугарал нь эрүүний ооч хэсэгт үйлчилсэн. Тэгэхээр эгц урдаас дээш өшиглөсөн, эгц урдаас дэвссэн гэж үзсэн байгаа. Үүнд босоо хугарал үүссэн. Бусад боолтууд нь хүзүү хэсэгтээ хүрч үйлчилсэн. Бамбайн мөгөөрсний эвэр хэсэгт ташуу хугарал үүссэн. Энэ тохиолдолд төвөнхийн урд хэсэгт босоо хугарал үүссэн байсан. Эрүүний доод хэсэг буюу ооч хэсэгт хүч үйлчлэхэд толгой савна. Талийгаачийн толгойн суурийн хэсэгт цус хуралттай байсан. Гавал тархинд голомтод цус харвалт байгаа. Мөн дагзны хуйх болон чамархайн зүүн хэсгийн хуйхан дор цус хурсан байсан. Ооч хэсэгт хүч үйлчилснээс дагз хойшоо савагдаж цус хурсан гэж үзэх боломжтой. Харин хүзүүний зөөлөн эдүүдэд цус хуралт байгаагүй учраас нугасны гэмтэл байгаагүй гэж үзнэ. Амьсгалын замд цулцан, ходоодонд цус орсон тохиолдолд ерөнхийдөө амьсгалж, түүний даралтаар амьсгалж болохгүй учраас ямар нэг хэмжээний үйлдэл үзүүлэх боломжгүй. Төвөнхийн бамбайн мөгөөрс, хамар яс, эрүү ясны хугарал гэж байгаа, эдгээр эрхтнүүд хол байгаа эрхтнүүд биш, нүүрний ясандаа ордог эрхтнүүд. Тийм учраас нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд юм. Эрүү ясны баруун, зүүн, их биеийн хугарал нь хүний эрүүний ооч хэсэгт хүч үйлчилбэл 2 тал, их биедээ үйлчилж хугарал үүснэ...” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгнө. Амь хохирогч нас барсанд эмгэнэл илэрхийлж байна. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  дүү П “УАЗ-469” маркийн машинтайгаа ямаа авч байгаа гэхээр нь 2 ямаа аваачиж өгсөн. Нэгийг нь 60,000 төгрөгөөр бодож өгсөн. Тэр үед манай нутгийн залуу Азбаяр Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгч байгаа гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дүүтэйгээ тэр өдөр маргалдаж муудалцсан. Намайг “УАЗ-469” машины маниулаар хэвлий болон гар хэсэгт цохисон. Тэгээд гэртээ ороод амарчихсан байж байгаад өлсөөд байхаар нь амь хохирогч ахынд очъё гээд гараад явж байсан. Би талхан цехийн тэнд Л буюу С, амь хохирогч хоёртой таарсан. Би тэр хоёрт болсон зүйлийн талаар хэлтэл та хоёр юунд муудалцдаг юм бэ нэг эхээс гарчхаад гэж намайг зэмлэсэн. Дараа нь амь хохирогчийнд яваад ортол Т, эхнэртэйгээ, Д буюу манай ангийн найз, найз охин Хтайгаа, О нар байсан. Нэлээн олуулаа байсан. Би хоол байна уу гэж асуутал ээжийнд хоол хийж байгаа гэж хэлсэн. Ээжийнхээсээ гоймонтой хуурга авчирсан. Эхлээд амь хохирогч ахад аягалж өгсөн, амь хохирогч ах, ахынхаа хоолыг идчих ах нь ажил дээрээ хоол идчихсэн гэж хэлэхээр нь би идсэн. Дараа нь 1 шил архи хувааж уусан. Дараа нь  амь хохирогч, Л, Д бид 4 үлдсэн. Бид хэд даам тоглосон. Намайг энд унтчихаад өглөө явахгүй юу, битгий дүүтэйгээ маргалдаж бай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд, намайг гаднаас цоожлох гэж байсан. Амь хохирогч тэр үед даруулга, монгол цоож барьчихсан явж байсан. Намайг гаднаас цоожлох гэж байхад хүний хөлийн чимээ гараад хүмүүс орж ирж байсан. Амь хохирогчийн гэрийн хашаа ард талдаа хаалгатай. Арын хаалгаар Б.П, Г.Г нар орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэх үед шар өнгийн хөнжил дэрлээд, цоохор өнгийн хөнжил нөмрөөд, гутлаа тайлаад өмдтэйгөө 1 саарал цамц, жинсэн өмдтэй байсан. Тэр хоёрыг орж ирэхээр нь босоод гутал, хувцсаа өмссөн. Би Б.Птой 1 жил орчим уулзаагүй байсан. Эхнэр, хүүхэдтэй болсон гэхээр нь баяр хүргэе гэж хэлээд гар барьсан. Тэр үед согтууруулах ундааны зүйл олдохгүй үе байсан. Тэгэхэд 750 граммын савлагаатай архи гаргаж ирсэн. Миний хэвтэж байсан орон дээр амь хохирогч суугаад, доор нь Б.П суугаад, Г.Г миний дээд талд суугаад, би газар баганын тэнд сууж байсан. Тэгээд архиа уугаад сууж байтал гаднаас С орж ирсэн. С орж ирээд Доржоотой архи ууж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр архийг Соор хундагалуулаад уугаад сууж байтал архи талдаа орж байхад С гарч явсан. Тэр үед амь хохирогч, Б.П нар маргалдаж эхэлсэн. Охиноо тийм хүнтэй суулгалаа гэж хэлээд байсан. Тэгж маргалдаж байгаад Б.П амь хохирогчийг мөргөөд унагаасан. Мөргөөд орны урд тал руу гулсаад унахаар нь цагдаа боолт билүү тэрүүгээр боосон. Тэр үед амь хохирогчийн шээс нь гоожчихсон байсан. Би арай хэтрүүлээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд хамрынх нь цус гоожоод байхаар нь гал дээр аяга угаагаад үлдээсэн бололтой ус байсан, зүүн талын эргэнэг дээр цоохор алчуур байсан. Тэр алчуураар гал дээрх ус руу базаж байгаад цусаа цэвэрлэ, тогтоо гэж өгсөн. Би яагаад ахыг цохиж байгаа юм гэж байтал тэр хоёр дахиад маргалдаад эхэлсэн. Тэгээд дээрээс дарж аваад 2-3 удаа цохисон. Би айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байж цус байж болохгүй гээд арчсан. Намайг амь хохирогч ахыгаа яаж байгаа юм бэ гэхээр нь би таныг яасан юм бэ гэж хэлсэн. Би тухайн үед амь хохирогчтой муудалцах шалтгаан байгаагүй. Тухайн үед Б.Сансарбаяр прокурор, мөрдөгч нар ирчихсэн байсан. Намайг өмнө нь хэрэгт холбогдож байсан болохоор над руу чиглэж байгаа юм байна даа гэж бодсон. Би амь хохирогчийг та ямар зовлонтой хүн бэ гэж хэлсэн. Тухайн үед Б.П амь хохирогчийн цээж хэсгийн өрцийг нь зураад хаячихъя гэж хэлэхээр нь одоо болиоч гэж хэлсэн. Орны тэнд цус нь гоожоод, дээл нь нэлээн цус болчихсон байхаар нь Г.Гыг дуудаж, Г.Гтай цуг дээлийг нь тайлж, гадаа хашаан дээр гаргаж тохсон. Ороод ирэхэд Б.П амь хохирогчийг зүүн талын ор руу шар хөнжлийн тэр рүү шахаж байгаад дотуур хувцсыг нь ураад хаячихсан байсан. Тэр дотуур хувцсаар нь тэр хавийн цусыг арчиж байгаад орон доогуур өшиглөсөн. Би амь хохирогчийг та нас намбадаа бай гээд хажуугаас нь шанаа хэсэг рүү нь 2 удаа цохисон. Дараа нь наадах чинь үхчхэж байгаа юм биш үү, хөдлөхөө больчихлоо гэж хэлсэн. Дотуур хувцсыг нь тайлчихсан байх үед бөгсдөөд хаячихъя гэж хэлээд хогийн шүүрний ишээр хойноос нь хатгасан. Одоо болих юм биш үү гэж хэлсэн. Тэгээд зуухны тэнд байхад нь 2 баганын тэнд чирч аваачсан. Үхчхэж байгаа юм биш үү гэж хэлсэн чинь амьсгалж байна гэж Б.П тэгж хэлсэн. Тэгээд дээрээс нь дэвсэж эхэлсэн. Дараа нь өмхий үнэртэхээр нь үхчхэж байгаа юм биш үү гэж хэлээд гурвуулаа зэрэг гарч ирсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгнө. Г.Г бид хоёр Г.Гын гэрээс нэг шил архи аваад Д ахынд очсон. Очиход Д ах, Б, С тэр гурав байсан. Бид 5 тэр архийг уугаад сууж байтал С явсан. Дараа нь би Д ахтай тоглоомоор юм ярьж байсан. Намайг манай хүргэн болох гэж байсан хүүхэд гээд тоглоом хийгээд юм яриад сууж байсан. Тэгэхээр нь ийм юм байхгүй, бид хоёр найзууд байсан гэж хэлсэн. Би өдөр нь Д ахын гэр рүү ороод эхнэр, хүүхэдтэй болсон гэж хэлээд зургийг нь үзүүлсэн. Би тэр үед Д ахтай юм ярьж байгаад танай охин ямар олигтой хүнтэй суусан биш гээд хэлчихсэн чинь уурласан. Бид хоёр заамдалцсан. Би нэг алгадаад, ор руу дарж унагаасан. Намайг хойноос Г.Г татаад холдуулсан. Тэр үед бид хоёр салчихсан байсан. Д ахын хамрын тэндээс цус гарчихсан байсан. Цусаа арчсан. Чи намайг зүгээр байхад цохидог нь яаж байгаа юм гээд бид хоёр ахиад заамдалцаад зогсож байсан чинь гаднаас С буюу Л орж ирсэн. Би Л.Лг юу хийж яваа юм, яах гэж байгаа юм гэж хэлсэн. Би Лг цохисон зүйл байхгүй, түлхсэн нь хойшоо уначихсан. Зуухны урдаас түлхсэн чинь уначихсан. Босоод ирэхээр нь хальт өшиглөсөн. Намайг Л.Л буудаж ална гэж хэлээд гараад явсан. Д ах тэр үед зуухны урд зогсож байсан. Г.Г, Г.Б ахаас архи чинь дууссан юм уу гэж  асуусан чинь Г.Б уурлаад муудалцаж эхэлсэн. Г.Б, Г.Гыг боогоод эхэлсэн. Тэр үед би зүүн талын орны тэнд тамхи татаад сууж байсан чинь амь хохирогч тэр хоёрыг салгах гэж очсон. Тэр үед Г.Г 4 хөллөөд доошоо хараад сууж байсан. Тэнд амь хохирогч, Г.Б нар 2 цохилцсон. Тэгсэн чинь амь хохирогч зуухны урдаас хаалга тал руу хараад уначихсан. Уначихсан байхад нь цээж, толгой руу өшиглөсөн. Тэр үед орны банз хугарсан уу, нэг зүйл дугарсан, би очиж болиулсан. Тэр үед амь хохирогчийн хамраас нь цус гараад байсан. Г.Г гэрийн баруун талаар тойрч ирээд амь хохирогчийг татаж үзсэн. Тэгээд гэрээс хамгийн түрүүнд Г.Г гарсан, араас нь би гарсан, намайг гарахад Г.Б амь хохирогчийн цусыг марьлаар арчиж байсан. Бид хоёрыг гарах үед амь хохирогч зуухны урд байсан, бид хоёр байшин, гэр хоёрын хооронд тамхи асаах гээд зогсож байхад Г.Б гэрээс юм бариад гэрийн баруун талаар тойроод хүрээд ирсэн. Эргээд үүдээр шагайхад амь хохирогч 2 баганын тэнд оччихсон байсан. Тэгээд бид гурав тамхи асаагаад тэндээс явсан. Амь хохирогчийг гайгүй байгаа гэхээр нь гайгүй биз гэсэн чинь Г.Г надад хамаагүй шүү, би гар хүрээгүй, надад битгий гай болцгоогоорой гэсэн чинь Г.Б чамайг ч гэсэн ална, гэрчгүй ална гээд дайраад байсан. Тэндээс зугтаагаад сургуулийн тэнд баригдаад тэндээс Г.Г гэр рүүгээ явсан. Г.Б бид хоёр тэдний гадаа очоод, би тэндээс гэр рүүгээ явсан. Өглөө нь Баянхайрхан сумын цагдаагийн байранд дээр оч гээд, тэнд  очсон  чинь  амь хохирогчийг нас барсныг хэлсэн. Тэр үед мөрдөгч, прокурор ирчихсэн байсан...” гэв.

Улсын яллагч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжав би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б, Б.П нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Н багийн Г тоот хашаанд байрлах амь хохирогч Г.Дгийн гэрт согтуугаар Г.Дг зодож алсан болох нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Үүнд гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.Б, Б.П нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Оийн мэдүүлгүүд, гэрч Г.Гын мэдүүлгүүд, гэрч Сын мэдүүлэг, гэрч Л.Лгийн мэдүүлгүүд, шинжээч эмч Лгийн 4449 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Тэнүүний 4446 дугаартай дүгнэлт, Б.Тэнүүний 4447 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Гантуяагийн 4634 дугаартай шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч цагдаагийн ахмад П.Базардаргиагийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, Энхцолмон, Э.Эрхэмбаяр нарын 709 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлгүүд, яллагдагч, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж заасан. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай хуулийн Олон Улсын фактын 6 дугаар зүйлд амьд явах эрх хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална хэнийг ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй гэж олон улсад тунхаглан баталгаажуулсан байгаа. Шүүгдэгч Б.Пын хувьд Тэс сум руу охиноо хүнд өгч явуулсан гэх шалтгааны улмаас, шүүгдэгч Г.Бийн хувьд миний дүүг үхэлд хүргэсэн уяа олсыг нь бэлдэж өгсөн гэх шалтгааны улмаас хохирогч Г.Дг зодож олон тооны гэмтлүүдийг үүсгэж бүлэглэн түүнийг алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.П, Г.Б нар нь түүнийг зодсон үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Өөрөөр хэлбэл өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэйгээр үйлдэгдсэн байна. Ийм учраас Б.П, Г.Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэн хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Учирсан хохирлын тухайд хууль ёсны төлөөлөгч Б.Оээс 9,601,780 төгрөгийг нэхэмжилж хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Уг баримтуудаас хавтаст хэргийн 221 дүгээр хуудсанд байх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 9,601,780 төгрөгийн хохирлоос хасаж тооцсон. 2 дугаар хавтаст хэргийн 223-232 дугаар хуудсанд авагдсан 8 ширхэг баримт нь нийт 4,481,780 төгрөгийн баримт байх бөгөөд, дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзээд 4,481,780 төгрөгийг Иргэний хуулийн 508.1-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.П нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б нь хохиролд 5,250,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Б.Поос 2,240,890 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Од олгуулах саналтай. Хохирогч Б.Оээс 3 хүүхдийг тэтгэвэр, тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Шүүхийн шатанд амь хохирогч тогтмол орлого болон түүний асрамжид байгаа хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон бусад баримтуудыг гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хохирол, гэм хорын хохиролтой холбоотой тооцооллыг гаргах боломжгүй үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх саналтай байна. Түүнчлэн шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. ...Шүүхээс шүүгдэгч Г.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Пыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах хэрэгтэй. Шүүгдэгч Б.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болоод хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон 1 жил, 3 сар, 2 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцуулах, шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 1 жил, 3 сар, 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 9,601,780 төгрөгөөс 5,250,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, харин тэжээгчээ алдсаны тэтгэмж бусдад учирсан хохирол, гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн даавууны хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн даавууны хэсэг 2 ширхэг, шар өнгийн хулдаасны хэсэг 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг 1 ширхэг, саарал өнгийн марль 1 ширхэг, ногоон өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн савхин куртик 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хөлийн ороолт 2 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, шар өнгийн хогийн шүүр 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийдвэрлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч С.Энхболд миний бие шүүгдэгч Г.Бтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу түүнд холбогдох эрүүгийн 2224000000070 дугаартай хэргийн ердийн журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү хуралдаанд хэргийг хэлэлцэх байр суурьтай мэтгэлцэж оролцож байгаа. Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Н багийн нутаг дэвсгэрт байрлах амь хохирогч Дгийн гэрт согтуугаар зодож амь насыг нь хохироосон гэх хэргийг үйлдсэн хэрэгт холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэлийн хувьд мэтгэлцэх зорилготой байгаа. Миний үйлчлүүлэгчийн тухайд талийгаачийн амь бие эрүүл мэндэд нь амь нас хохирох хэмжээнд буюу төвөнхийн мөгөөрс эрүү ясны хугарал бий болох хэмжээнд хохирол гэмтэл учруулж халдаагүй байна гэж үзэх үндэслэл байгаа. Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс нэгэнт эрдэнэт хүний амь хохирсон явдалд хохирогч талд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа дурдах нь зүйтэй байна. Нөгөө талаар зүйлчлэлийн тухайд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэнтэй эсрэг байр суурьтай мэтгэлцэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх боломжтой гэж үзэж байгаа. Энэ нь дараах үндэслэлүүд байна. Нэгдүгээрт Г.Бийн хувьд биед нь үзлэг хийхэд гарсан хөхрөлт, бусад гэмтлүүд нь хэрэг болох явдлаас өмнө үүссэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Тухайлбал гэрч Пын мэдүүлэг хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Энд таарамжгүй харьцааны улмаас маниулаар нуруу, хэвлий тус газар нь цохисон гэж мэдүүлдэг. Энэ нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр тодорхой харагдаж байгаа. 2 дугаарт нь гэрч Г.Г, яллагдагч Б.П нарын шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр хэдийгээр Г.Бийг хохирогчийн амь насанд зодож, нүдэж, өшиглөх байдлаар хандсаныг удаа дараа мэдүүлж байгаа боловч энэ нь зөвхөн энэ 2 хүний мэдүүлэг байдаг боловч бусад баримтаар хангалттай нотлогдоогүй байна гэж үзэж байгаа. Учир нь Г.Б талийгаачийн амь насыг хохироох туйлын санаа зорилго байгаагүй. Санаа зорилгын тухайд бусадтай бүлэглэн амь хохироох хэмжээнд халдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн амь насыг хохироохоор бусадтай урьдчилан үгсэж тохирсон, нэг санаа зорилгоо агуулсан, нэгдсэн тийм тогтвортой бүлэг гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс шүүгдэгчийн зүгээс нэгэнт хүний амь нас хохирсон учир гэм буруугийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргийн зүйлчлэлд мэтгэлцэх байр суурьтай оролцож байгаа. Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талд нийт 5,250,000 төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйлийн туслалцаа үзүүлж, чин сэтгэлээсээ хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг. Хохирогч баримтаар хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирол төлөгджээ гэж үзэх үндэслэлтэй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргаж байна. ...Г.Бэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулах талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ 8 жил байгаа. Шүүгдэгчийн зүгээс ял шийтгэл оногдуулахдаа прокурорын гаргасан ялын саналд нэмэлт тайлбар хийхийг хүсэж байна. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын дээд хэмжээ 15 жилийн хугацаагаар хорих ялтай байгаа. Тэгэхээр прокурор хуульд зааснаас дээгүүр ял оноож байгаа асуудалд тайлбар гаргах нь зүйтэй байх гэж дүгнэж байна. Хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч Г.Б нь хохиролд нийт 5,250,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байгаа. Хохирлыг төлөгдсөнд тооцоод энэ тохиолдолд яллагдагчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд тусгагдсан байж байгаа. 1.4 дүгээр зүйлд хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасан. Үүнийг хуульчилж өгсөн. Хуулийн шаардлага бол зөвхөн хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдалд хэрэглэхээр хуулийг зохицуулсан учраас энэ хуулийг хэрэглэх боломжтой. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёр буюу 5 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж дүгнэж байгаа. Нээлттэй хорих ангид яагаад эдлүүлэх боломжтой вэ гэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нээлттэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Цагдан хоригдсон нийт 467 хоног байгаа. Үүнийг эдлэх ялаас нь хасуулах, таслан сэргийлэх арга хэмжээний хувьд хэвээр нь үлдээх, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, хуралдаанд оролцсон 2 гэрч, хохирогч, шинжээч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтыг шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэж дараах дүгнэлтийг хэлье. Нэгдүгээрт улсын яллагчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар Б.Пыг Г.Бтэй бүлэглэж хохирогч Дгийн амь насыг хохироосон гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс бүлэглэсэн гэдэг үйлдлийн улмаас гэмтэл авч нас барсан гэдгийг нотолсон үндэслэлийг дүгнэлтдээ хэлсэнгүй. Тэгэхээр бид нарын хувьд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл дээр хохирогч хаана гэмтэл авсан, гэмтэл авсны дараа ямар байдалтай байсан, мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл дээр түүний биед үүссэн гэмтэл түүний ул мөр нь тодорхой ямар нэгэн босоо байдалд хөдөлгөөн хийсэн ийм шинжгүй, ийм нөхцөл байдлууд тогтоогдсон. Үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч болон шүүгдэгч Б.Пын мэдүүлгээр талийгаач гэртээ гэмтэл авсан гэх газраасаа байрлал нь өөрчлөгдсөн нөхцөл байдал байдаг. Гэрч байрлалыг эргэлзээгүй мөрдөн байцаалтын шатанд, мөн мэдүүлгийг шалгахад энэ нөхцөл байдал тогтоогдсон. Гэрч Г.Г, Л.Л нарын мэдүүлгээр 9 дүгээр сарын 02-ны орой шүүгдэгч Б.Пын хувьд ямар үйлдэл хийсэн бэ гэхээр хохирогчтой таарамжгүй үг яриа харилцааны улмаас хохирогчтой маргалдаж бие биеэ заамдах, заамдаж унагах зэрэг үйлдэл хийсэн. Энэ үйлдэл дангаараа тусдаа үйлдэл байсан. Уг үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтэл тогтоогдоогүй нь дараагийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн гэрч Л.Л, Г.Г нарын мэдүүлгээр Б.Пын хийсэн үйлдэл нь эргэлзээгүй тогтоогдсон. Уг үйлдлээс хойш шүүгдэгч Г.Б, гэрч Г.Гтай архи дууссан юм уу гэсэн үг ярианаас болж Г.Гыг боож унагах үйлдэл хийсэн. Энэ үйлдлийг Г.Г гэрчилдэг. Энэ үйлдлийн явцад хохирогч Д, Г.Гыг өмөөрч, хамгаалж Г.Бээс салгах үйлдэл хийсэн. Энэ нөхцөл байдлын буюу энэ сэдэл дээр Г.Б хохирогчийн эсрэг үйлдэл хийсэн. Энэ дээр тас хийх чимээ гарсан, мөн унагасан, дараа нь өшиглөх үйлдэл хийсэн, тэр үед толгой нь огцом хойш савсан зэрэг үйлдэл хийсэн гэж гэрч Г.Г гэрчилдэг. Л.Лгийн хувьд энэ үед байгаагүй гэдэг нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон. Тэгэхээр энэ хэрэг дээр гол асуудал гэрч Г.Гын асуудал байгаа. Г.Гаас мэдүүлгүүд олон дахин авсан. Эхэндээ дэлгэрэнгүй ярихгүй байж байсан боловч сүүлдээ дэлгэрэнгүй ярьсан, зарим нэг зөрөөтэй зүйл байгаа боловч ерөнхий агуулга харсан үзсэн нөхцөл байдлынх нь хувьд үйл баримтыг эргэлзээгүй худал мэдүүлэг өгсөн гэж үзэхээргүй мэдүүлгээ өгсөн. Шүүх хуралдаанд үүнийгээ ярьж оролцсон. Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлэг нь үнэн зөв юм уу гэдэг дээр шинжээчийн дүгнэлт болон задлан шинжилгээ хийсэн. Хийх явцад тогтоосон гэмтлүүдийн шинж чанар, байрлал, хэмжээ, үйлчилсэн зүйлийн төрөл, үхлийн шалтгаан, гэмтэл авсны дараах үйлдэл хийх чадвартай эсэх, байсан гэсэн асуудлуудад тодорхой шинжээчийн 2 дүгнэлт гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байна. Тухайлбал шинжээч П.Базардаргиагийн гаргасан 65 дугаартай дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүдийн хэмжээ, байрлалыг нарийвчлан тогтоож, түүнийгээ фото зураг болон шинжээчийн дүгнэлтийн үзлэг шинжилгээний хэсгээрээ тогтоож, нотлох баримт бүрдүүлсэн. Энэ нотлох баримтуудаар хохирогчийн биед хэзээ, хаана ямар гэмтэл үүссэн байж болох вэ гэдэг нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон. Үхлийн шалтгааны хувьд шинжээчийн дангаараа гарсан дүгнэлт нь рефлексийн бүсийн цочрол гэсэн ийм дүгнэлтийг үхлийн шалтгаан гэж үзсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын асуултад хариулахдаа тухайлбал хүзүүнд үүссэн гэмтлийн шинж чанар нь зөөлөн материалаар үүсэх асуудал, түүний харалдаа эрүүн доорх бамбайн мөгөөрс, төвөнх мөгөөрсний орчмын цус хуралтын хэмжээ их байсан. Энэ нөхцөл байдлаар боолт, боолтын улмаас буюу ямар нэгэн зөөлөн материалаар энэ гэмтэл учирсан гэдэг нь үгүйсгэгдсэн, түүнийгээ тайлбарлаж хамгаалсан. Ийм байдлаар мэдүүлэг, тайлбараа өгөөгүй. Нөгөө талаар боосон тохиолдолд зөөлөн материалаар ихэвчлэн цус хуралт үүсдэг гэх мэтчилэн мэдүүлгүүдийг өгсөн. Давтан 709 дугаартай дүгнэлтээр комиссын дүгнэлт гараад, энэ дүгнэлтээр үхлийн шалтгааныг  бамбай мөгөөрс, эрүүний гол хэсэг буюу ооч хэсгийн хугарал зэрэг гэмтлийн улмаас хамрын гэмтэл дээр үүссэн хүндрэл буюу цус алдалт гэсэн үг, тэр нь хоолой ам руу нь ороод уушгины цулцанд орж амьсгал бүтэлтийн нөхцөл байдалд орж нас баржээ гэсэн дүгнэлтийг хийлээ. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлт байрлал шинж чанарын хувьд гэрч Г.Гын мэдүүлэгтэй тохирч байгаа нь бүрэн үндэстэй байгаа. Гол үндэслэл нь толгой савсан. Энэ үйлдлийн дараа ямар ч хөдөлгөөнийг хийгээгүй, тас хийсэн дуу гарсны дараа ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй гэрээс гарахад тэр байрлал дээрээ хохирогч үлдэж хоцорсон зэрэг хэргийн талаарх нөхцөл байдлуудтай шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлэгтэй тохирч байна гэж үзэж байна. Нөхцөл байдал тогтоогдсон. Дараа нь бусад нотлох баримтууд буюу хувцасны үзлэг, шинжилгээний дүгнэлт байна. Хохирогчийн өмсөж байсан гэх дээлд хүзүү, хоолойд тийм хэмжээний цус хуралт, гэмтэл учруулахуйц хэмжээгээр татаж чангаах байдал тогтоогдоогүй байгаа. Нэг орон байранд хохирогчийн эрх чөлөөнд халдсан 2 үйлдэл байгаа боловч энэ хоёрын үйлдэл нь сэдэлт санаа зорилгын хувьд тусдаа, үйлдлээрээ бүлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүний шалтгаан нөхцөл нь 2 өөр, ийм нөхцөл байдлууд тогтоогдсон, цаг хугацааны хувьд өмнө хойноо, дэс дараалалтай. Б.Пын хийсэн үйлдлийн дараа хохирогч хөдөлгөөн хэвийн хийж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүхий л нотлох баримтыг шалгаж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх талаар шүүх эргэлзээтэй байдал Б.Пын үйлдэлд тогтоогдож байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж дээрх  Б.Пын хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл бүлэглэж, түүнийг хохирогчийн амь насыг хохироосон хүнийг алах, шинжийг үгүйсгэгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдлоо гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар Б.Пт холбогдох үйлдэл буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруугүйд тооцож, хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. ...Б.Пын хувьд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон. Үүний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх. Миний хувьд Б.П нийтдээ 454 хоног цагдан хоригдсон байгаа. Үүн дээр зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сараар уялдуулаад, тэр ялыг үндсэн ялтай нь дүйцүүлэн тооцож шийдүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. 3 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудсанд Б.Пын ял шалгах хуудас байгаа. Үүн дээр өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн байгаа...” гэв.

Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус шүүх хуралдаанд Б.Пыг өмгөөлөн оролцож байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа. Энэ хэрэг маань хүний амь нас хохирч, хүний амь нас хохирсонтой холбоотойгоор хуулийн байгууллага холбогдох шалгалтыг нягталж хийх, мөн холбогдогч нарыг цагдан хорьж тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэрэг нэг удаа шүүхэд ирээд буцсан. Буцаад явахдаа шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн. Үйл явдал, баримт, шинжээчийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй гэх нөхцөл байдлаар дахин дүгнэлтийг гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийгдсэн. Хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа Б.П, Г.Б нар тодорхой хугацаанд хоригдоод өнөөдрийн байдлаар энэ хэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээд, гэм буруугийн шүүх хуралдаан болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, мөн хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг шалгасан гэж үзэж байгаа. Гэрч Г.Г гэхэд 1 дүгээр хавтсанд 5 удаа мэдүүлэг өгсөн байдаг, 2 дугаар хавтсанд 1 удаа, 3 дугаар хавтсанд 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Л.Л 1 дүгээр хавтсанд 3 удаа мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт энэ 2 хүн хоёулаа мэдүүлэг өгсөн. Гэрчүүдийн мэдүүлэг ямар ч байсан агуулгын хувьд зөрөөгүй, тодорхой хугацаа өнгөрснөөс болж мартаж, санадаг юм уу гэдэг байдлаар зөрүүтэй мэдүүлгүүд байсан. Агуулгын хувьд зөрүүтэй зүйл байхгүй байгаа. Шинжээч нарын дүгнэлтийн хувьд шинжээч эмч П.Базардаргиа задлан шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийн хувьд нас барсан шалтгаан эргэлзээтэй байсан. Өнөөдөр ч гэсэн тэр нөхцөл байдлаа өөрийнхөө дүгнэлтийг тайлбарлаагүй нөхцөл байдал байгаа. Дахин комисстой, бүрэлдэхүүнтэй 709 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа. Энэ нь хохирогчийн нас барсан шалтгаан, гэрчүүдийн мэдүүлэгтэй уялдсан байдалтай гарсан гэж үзэж байгаа. Дүгнэлт гаргасан шинжээч өнөөдөр гаргасан шинжилгээнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Энэ нөхцөл байдлуудаас дүгнэлт хийсэн. Эд мөрийн баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт судлуулсан эд зүйлүүдтэй ойролцоо байна гэсэн дүгнэлттэй байгаа. Э.Ганбат өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан учраас миний тухайд Б.П Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бусдыг бүлэглэж алсан гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Бүлэглээд хүний амь нас хохирсон нь нотлогдож тогтоогдохгүй байна. Тийм учраас Б.Пт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна. Бүлэглэж бусдын амь насыг хохироосон үйл явдал хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн зүйлүүд, нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлттэй байна. ...Гэм буруугийн шүүх хурлаас Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон. Б.П 2022 оны 9 дүгээр сарын 03-аас эхлээд 1 жил, 2 сар, 3 хоног хоригдож байгаа. Прокуророос 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл 3 төрлийн санкцтай. Шүүгдэгч Б.П тодорхой хугацаагаар хоригдсон байх ба үүнийг дүйцүүлж хасаж шийдүүлэх боломжтой байгаа. Тийм учраас Б.Пт оногдуулах ялыг хоригдсон хоногт нь дүйцүүлэх саналтай байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч О.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн танхимд 2022 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан суманд болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцов. 2022 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Г.Б, Б.П нар нь бүлэглэн Г.Дгийн амь насыг хохироосон учир гэмт хэргийн буруутайд тооцож байна. 1/ Шүүгдэгч Г.Б, Б.П нарын мэдүүлэг, хохирогч О, гэрч Л, Г нарын мэдүүлгүүд нь хэргийг үйлдсэн болохыг, 2/Хэргийн газрын эд мөрийн баримтууд, 3/Шинжлэн судалсан баримт мэдээллүүд, 4/Задлан шинжилгээний дүгнэлтүүдээс харахад талийгаачийн биед үүссэн шарх, сорви нь шүүгдэгч Г.Б, Б.П нарыг гэм буруутайг харуулж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Н.Баасанжав дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Үүнд:

1. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1-р хуудас/,

2. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-16-р хуудас/,

3. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 45-46, 48-р хуудас/,

4. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 41-44-р хуудас/, /Г.Б/,

5. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 45-48-р хуудас/, /Г.Г/,

6. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 49-52-р хуудас/, /Б.П/,

7. Хохирогч О.Оийн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 77-р хуудас/

8. Гэрч Г.Гын мэдүүлэг /1хх-ийн 106-107-р хуудас/,

9. Гэрч Х.Сын мэдүүлэг /1хх-ийн 111-р хуудас/,

10. Гэрч Л.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 146- 147, 152, 3хх-ийн 13-р хуудас/,

11. Шүүхийн     шинжилгээний     Үндэсний     хүрээлэнгийн     шинжээч    эмч,

цагдаагийн дэслэгч О.Лгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4449 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 185-186-р хуудас/,

12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Тэнүүний 4446 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 193-195-р хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Тэнүүний 4447 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200-202-р хуудас/,

14. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 4634 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 227-228-р хуудас/,

15. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад П.Базардаргиагийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 36-41-р хуудас/,

16. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, Н.Энхцолмон, Э.Эрхэмбаяр нарын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 709 дугаартай шинжээчийн дүгнэлт,

17. Шинжээч эмч П.Базардаргиагийн мэдүүлэг /2хх-ийн 106-107-р хуудас/

18. Яллагдагч Г.Бийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 129-р хуудас/,

19. Сэжигтэн Б.Пын мэдүүлэг /2хх-ийн 138-р хуудас/,

20. Гэрч Л.Лгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 14-16-р хуудас/,

21. Яллагдагч Б.Пын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 162-164-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч С.Энхболд дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Үүнд:

1. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 000000476 дугаартай дүгнэлт /2хх-ийн 8-9-р хуудас/,

2. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 000000475 дугаартай дүгнэлт /2хх-ийн 12-13-р хуудас/,

3. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000000478 дугаартай дүгнэлт /2хх-ийн 16-17-р хуудас/,

4. Гэрч Г.Пын мэдүүлэг /1хх-ийн 133-р хуудас/,

5. Г.Пын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Э.Ганбат дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /1хх-ийн 2-10-р хуудас/,

2. Гэрч Г.Гын мэдүүлэг /1хх-ийн 87-88, 90-92, 94-96, 106-108-р хуудас/,

3. Гэрч *******ын мэдүүлэг /1хх-ийн 134-135-р  хуудас/,

4.  Гэрч *******ийн мэдүүлэг /1хх-ийн 136-137-р хуудас/,

5.  Гэрч *******ийн мэдүүлэг /1хх-ийн 138-139-р хуудас,/

6.  гэрч *******ын мэдүүлэг /1хх-ийн 140-141-р хуудас/,

7. Гэрч Л.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 142-144, 151-152-р хуудас/,

8. Г.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 45-46-р хуудас/,

9. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000000065 дугаартай дүгнэлт /2хх-ийн 36-41-р хуудас/,

10. Гэрч Л.Лгээс дахин авсан мэдүүлэг /3хх-ийн 13-р хуудас/,

11.  Гэрч Л.Лгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх-ийн 14-р хуудас/,

12.  Гэрч Г.Гаас дахин авсан мэдүүлэг /3хх-ийн 55-56-р хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 709 дугаартай дүгнэлт /3хх-ийн 186-192-р хуудас/,

14. Б.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 196-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч М.Гомборагчаа дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Үүнд:

 

1.Г.Бийн өмсөж байсан гэх түрийтэй, хар өнгийн 42 размерын гутлын хэв загвар, дээж, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, шүүгдэгч Г.Б, Б.П нар нь шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн даавууны хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн даавууны хэсэг 2 ширхэг, шар өнгийн хулдаасны хэсэг 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг 1 ширхэг, саарал өнгийн марль 1 ширхэг, ногоон алчуур 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн савхин куртка 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хөлийн ороолт 2 хэсэг, хар өнгийн түрийтэй хос гутал, ногоон өнгийн хос оймс, шар өнгийн хогийн шүүр 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  дараах үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

1.2022 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Н баг, Хайрханы 2-1 тоот хаягаар оршин суудаг Г.Дгийн гэрт Г.Д, Г.Б, Б.П, Г.Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад Б.П нь “...охиноо өөр хүнтэй суулгалаа...” гэсэн шалтгаанаар Г.Дтай хэрүүл маргаан үүсгэж гэрийн зүүн талын орон дээр заамдсан, боосон үйл баримт нь:

-Гэрч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д ах, Б, бид 3 үлдээд байж байтал гаднаас П, Г 2 нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид нар тэр архийг нь хувааж уусан. Дараа нь би шууд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 111-112-р хуудас/,

-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим найз Пын хамт Д гэх айлын гэрт очсон. Бид хоёрыг очиход Д ахын гэрт Д ах, Б, С нар архи уусан байдалтай байсан. Би Д ахын гэрт очихдоо гэрээсээ авсан байсан 0,75 литрийн Хараа нэртэй архиа задлаад бид 5 хувааж уусан. Архи уугаад дуусах гэж байтал С гараад явсан. ...С гараад явахаар нь архийг би хийж эхэлсэн. Бид 4 зүүн талын орны хажууд тойроод сууж байсан. Бид 4 архи уугаад сууж байгаад архи дуусах үеэр П амь хохирогч Д нар маргалдаж эхэлсэн. П амь хохирогч Дг “чам шиг гуйлгачин пизда охиноо Тэс сум руу хүнтэй суулгаж явуулсан биз дээ” гэж хэлээд харин Д өөдөөс нь “би тэрийг мэддэг хүн биш, тэр чинь өөрийн толгойтой хүн” гэж хэлээд маргаан эхэлж байсан. ...П, амь хохирогч Д нар маргалдаж айгаад П босож ирээд амь хохирогч Дг заамдаад авахад Д ах босож ирээд зөрүүлээд заамдаад авсан. Тэгтэл П амь хохирогч Дг татаж ирээд мөргөөд, орон дээр дараад унагасан. Тэгтэл амь хохирогч Д орноос мултраад газар унахад П амь хохирогч Дг газар дараад боосон. Тэгэхээр нь би босоод Пыг амь хохирогч Дгаас салгаад орон дээр суулгахад Д өндийгөөд босож ирсэн. Тэгэхэд Дгийн хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 89-96-р хуудас/,

-Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Пын авчирсан архийг С тойруулаад 5-лаа хувааж уугаад сууж байтал С гэнэт нөгөө цуг ирсэн хүнээ хайж олохгүй бол болохгүй гээд гарахаар болсон. Тэр үед нөгөө архи нь бараг дуусаж байсан. С гараад явсны дараа бид 4 Д ахын гэрт үлдсэн. Тэр архийг ууж байх үед П нь “чи охиноо гуйлгачинтай суулгасан, чи одоо гуйлгачин амьдарнаа” гэсэн зүйл яриад айсан. Харин амь хохирогч Д ах болохоор “би та нарын тэр асуудлыг яаж мэдэхэв дээ” гэсэн зүйл ярьж байсан. ...Дээрх ярьж байсан яриаг ярьж байгаад амь хохирогч Д ахыг П нь гэрийн зүүн хэсэгт дээлийнх нь захаас татаж байгаад нүүр хэсэгт духаараа нэг удаа мөргөөд, буцаж татаж байгаад доороо хийгээд Д ахыг багалзуур хэсгээс нь гараараа боогоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх2-ын 120-122-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Д ахын гэрт очиход Б, С 3 архи уучихсан согтуу байцгааж байсан учраас Гынхаас авч очсон 1 шил архиа гаргаж бид 5 хувааж уугаад, архины үлдэгдэл 2-3 хуруу хиртэй үлдсэн байхад С гэрээс гарч явсан. Ингээд архиа хувааж ууж дуусаад юм ярьж байтал Д ах өдөр эхнэрийнх нь ярьж байсан охинтойгоо гэр бүл болохгүй яасан юм гэдэг зүйлийг ярихаар нь “тэр чинь аль дээр болоод өнгөрсөн юм, надад ямар хамаатай юм, би эхнэр хүүхэдтэй хүн гээд уурлаад хэлэхдээ охиных нь нөхрийг таньдаг учраас “танай тэр охин чинь олигтой юмтай суучихсан юм шиг муу гуйлгачид” гээд хэлчихсэн чинь уурлаад босож ирээд намайг заамдаж авахаар нь би баруун талын гараараа зөрүүлж Д ахыг заамдаж байгаад баруун талын гараараа нүүр рүү нь мангасдана гэж ярьдгаар түлхэж унагаад Г намайг татаж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх2-ын 155-158-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Г.Г нь Г.Д, Б.П нарыг салгасны дараа Г.Бийн сууж байсан гэрийн зүүн хоймор хэсэгт очиж архинаасаа хийгээч гэхэд Г.Б нь “томорлоо, ахыгаа дууд” гэсэн шалтгаанаар Г.Гыг боосон, энэ цаг хугацаанд Г.Д, Б.П нар нь гэрийн зүүн талд орны дэргэд маргалдаж байх үед гаднаас Л.Л орж ирэхэд Б.П Г.Дгаас салж гэрийн үүдэнд байсан Л.Лтэй маргалдаж, түүнийг цохиж унагасан үйл баримтууд нь:

-Гэрч   Гын   мөрдөн   шалгах  ажиллагааны   явцад   болон   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би холдож очиж суугаад Г.Б ахыг юмнаасаа хийгээч гэж хэлсэн чинь Г.Б уурлаад, чи муу яагаад байгаа юм, томроод байна уу үгүй юу гээд намайг барьж авсан. Г.Б намайг боосон. Тэр үед Б.П, амь хохирогч нар салчихсан маргалдаад байж байсан. Г.Б ах намайг боогоод амь хохирогч, Б.П нарыг юу хийж байсныг харж амжаагүй. Тэр дундуур нь Л.Л ах орж ирсэн. Л.Л ах Б.Птой муудалцаад баруун хатавчных нь тийшээ унаж байсан. Цохиулсан уу, түлхүүлсэн үү гэдгийг сайн харж амжаагүй. Тэгэхэд би Г.Б ахад боолгочихсон байдалтай байсан. Тэр үед хэсэг ухаан манарчихсан байсан. Тэгээд хаашдаа намайг боогоод босгохгүй юм байна гэж бодоод буруу хараад хэвтчихсэн. ...Б намайг боогоод, амьсгал давчдаад муухай дуугараад ирэхээр суллаад, дахин боогоод байсан. Энэ үйлдлээ Б 2-3 удаа хийсэн ба хамгийн сүүлийнх дээр миний нүд харанхуйлаад нэг мэдэхэд хахаж цацаад ханиалгаад сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 89-96-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Л.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар амь хохирогчийн гэрт архи ууж байгаад би гараад явсан. Гарах үед Б.П, Г.Г байгаагүй, Г.Б байсан. Би харьчхаад ирэхэд Б.П, Г.Г, Г.Б, амь хохирогч нар байсан. Ороход Б /П/ намайг заамдаж авч цохиод, Г.Б намайг хариад амар гэхээр нь хариад амарсан. Би буцаж дахиж ороогүй.  Намайг орох үед Г.Б, Г.Г хоёр орон дээр сууж байсан. Б.П босоогоороо байж байсан. Харахад амь хохирогч, Б.П хоёр муудалцаж байсан. Тэр үед би Б.Пыг боль гэж хэлсэн чинь Б.П миний нүүр хэсэг рүү цохисон. Намайг боль гэсэн чинь цохисон. Г.Б, Г.Г 2 маргалдаж байсан эсэхийг анзаараагүй. Пт цохиулаад босож ирэхэд Б намайг хариад амарчих гэж хэлсэн. Намайг тэнд П боосон, тэгээд жаахан хэвтэж байгаад босоод ирсэн. Амь хохирогчийн гэрт орох үед амь хохирогч босоод зогсчихсон, Б.Птой маргалдаж байсан. П намайг боож цохичхоод холдсон. Холдоод зүүн талын орны тийшээ явсан. Б.П намайг боох цаг хугацаанд амь хохирогчтой хамгийн ойр Г.Г, Г.Б 2 байсан. Тэд нарын ямар үйлдэл хийж байсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 142-152-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүгдэгч Б.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед бид хоёр салчихсан байсан. Д ахын хамрын тэндээс цус гарчихсан байсан. Цусаа арчсан. Чи намайг зүгээр байхад цохидог нь яаж байгаа юм гээд бид хоёр ахиад заамдалцаад зогсож байсан чинь гаднаас С буюу Л орж ирсэн. Би Л.Лг юу хийж яваа юм, яах гэж байгаа юм гэж хэлсэн. Би Лг цохисон зүйл байхгүй, түлхсэн нь хойшоо уначихсан. Зуухны урдаас түлхсэн чинь уначихсан. Босоод ирэхээр нь хальт өшиглөсөн. Намайг Л.Л буудаж ална гэж хэлээд гараад явсан. Д ах тэр үед зуухны урд зогсож байсан. Г.Г, Г.Б ахаас архи чинь дууссан юм уу гэж  асуусан чинь Г.Б уурлаад муудалцаж эхэлсэн. Г.Б, Г.Гыг боогоод эхэлсэн. Тэр үед би зүүн талын орны тэнд тамхи татаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Б.П нь Л.Лг цохиж унагасныхаа дараа зүүн талын орон дээр суух үед Г.Б нь Г.Гын дээр суусан боож байсныг Г.Д болиулахад Г.Б нь түүн рүү уурлаж, мөн дүүгийнхээ нас барсан асуудалд буруутгалаа гэсэн шалтгааны улмаас маргалдаж, унагаад цээж, нүүрэн хэсэгт нь өшиглөж, дэвссэн ба түүнээс хойш Г.Д дахиж босож ирээгүй үйл баримт нь:

-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед хэсэг ухаан манарчихсан байсан. Тэгээд хаашдаа намайг боогоод босгохгүй юм байна гэж бодоод буруу хараад хэвтчихсэн. Тэр үед цаана нь төмпөн, шанага тас гэх дуу гарахаар нь эргээд хартал амь хохирогч уначихсан байсан. Тэгэхэд Г.Б очоод цээж хэсэг рүү өшиглөөд, нүүр рүү нь өшиглөж байсан. ...Б над дээрээс босоод явсан ба хэн салгасныг мэдэхгүй. Тэгэхэд би авдар руу нүүрээ харуулсан байдалтай сэрсэн. Тэгтэл Д “Нэмэхээ чи яагаад байгаа юм бэ” гээд хэрэлдэж байсан. Тэгээд байж байтал тас гээд нэг юмаар цохиж байгаа юм шиг дуу гарсан. Би тэр 3-ын хэн нь хэнийгээ цохисныг харж чадаагүй. Сандлаар шидэж байгаа юм шиг дуу гарахаар нь би айгаад дахиад над руу дайрч байгаа юм болов уу гээд хартал талийгаач газар дээр, үүд рүү толгой нь харсан байдалтай, тавиур тал руугаа унасан, ханиалгаж, хахаж цацаад хэвтэж байсан. Тэгээд би Пыг хаана байна гээд хартал зүүн талын орны хөл хэсэгт орон дээр сууж байсан. Б талийгаачийн дээгүүр цаад талд нь гараад цээж рүү нь 1 удаа, нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөж байсан. Энэ байдал нь 2 баганын  дундуур харагдаж байсан. Тэгтэл Б амь хохирогчийн толгой дээрээс нь дэвсэх гэтэл П татаад хойшоо суулгасан. ...Амь хохирогч нь Б түүнийг цээж, толгой руу нь өшиглөснөөс хойш хөдөлгөөнгүй болсон. ...Б, Д ах хоёр маргаж байгаа бололтой Д ах "Нэмэхээ чи тавьж бай, намайг яагаад байгаа юм" гэж хэлэхэд Б “Жижигхэн Д чи намайг яадаг байх уу дээ гээд муу инээж" байгаа нь сонсогдож байсан. Тэр үед би баашилж буруу харсан байсан. Яг тэр инээж дууссаны дараа гэнэт хоолны тавиурын тэнд юм нурж хагарч байгаа юм шиг таг хийсэн дуу гарахаар нь би баашилж байгаа чигтээ эргээд харахад талийгаач Д газарт толгойн хэсэг нь үүд рүү харсан байдалтай унаад ханиалгаж байгаа мэт дуу сонсогдсон. Тэгэхэд Б баруун хөлөөрөө цээжин хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд дахин эрүүний доод хэсэг рүү нь дахин нэг өшиглөж талийгаач Дгийн толгой нь өшиглөлтөд өндөс хийж харагдсан. Тэгэхээр нь талийгаачийн толгойн хэсэг рүү очоод татаад харахад ам хамраас нь цус гарчихсан, гал тогооны тавиур хэсэг рүү хараад газарт унасан байсан учраас тухайн нүүрний хэсэг нь бас цус болсон шалан дээр цус тунарч гоожсон байхаар нь алаад хаячихсан юм биш үү ухаан алдчихсан юм уу гэсэн. ...Харин нэг эргээд харахад Б нь талийгаач П.Дгийн нүүр, цээж хэсэгт тус бүр нэг удаа өшиглөж байсан. Тэгж өшиглөж байхыг нь харснаас хойш бол талийгаач дугарч байхыг нь би хараагүй. Мөн талийгаачаас дуу чимээ гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 89-96-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Л.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг ороход талийгаач орон талдаа, наад талд нь П байрлалтай барьцалдаж авсан байхаар нь Пыг боль гээд салгах гэтэл шууд миний хоолойг боож цохиж унагаасан. Тэр үед би манаралтын байдалд ороод босож ирэхэд талийгаач газарт унасан байсан. Б намайг харь гэхээр нь Пыг буудаж ална гэж хэлчхээд гараад явсан. ... Намайг гарах үед амь хохирогч баруун гараа дэрлээд унтаж байгаа бололтой болсон байсан. Хэн нэг нь хэвтүүлсэн үү, өөрөө хэвтсэн үү гэдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 147-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Б.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би амь хохирогчтой маргалдсаны дараа Л ах орж ирсэн. Би Л ахтай юм яриад маргалдаад байж байтал амь хохирогч зүүн талын орны тэнд тамхи ороогоод байж байсан. Г.Б Г.Гыг хоолойг нь боогоод байж байсан. Амь хохирогч араас нь салгах гээд очсон. Дараа нь Г.Бийн араас татсан гэв. Дараа нь маргалдсан. Амь хохирогч баганын тэндээс үүд рүү харж унахад дээрээс нь дэвсэж, өшиглөсөн. Эхлээд хажуу талд нь очиж байгаад нүүр рүү нь гараараа цохисон. Нүүр рүү нь 2 удаа өшиглөөд толгой руу дэвссэн. Тэгээд Г.Г гэрийн баруун талын доод хэсгээс тойрч ирээд татаж үзэхэд сэрэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д ах чамаас болж миний дүү амиа хорлож үхсэн. Чи тэр хоолойг нь боосон олсыг нь аваачиж өгсөн гээд над руу дайраад байхаар нь би Д ахын баруун шанаа хэсэг рүү нь 2 удаа гараа атгаж байгаад цохчихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх2-ын 120-122-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Г.Дг газарт унасны дараа Г.Б шүүрний ишээр бөгс рүү нь хатгаж, П унадаг дугуйн араа төмрөөр цээжин дээр нь зурсан, мөн Г.Б Г.Дг анх унасан газраас хөдөлгөж 2 баганын голд аваачсан, цусыг нь цэвэрлэж, дээлийг нь тайлсан үйл баримтууд нь:

-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б худлаа баашилж байна, бааштай пиздаг ингэж босгодог юм гээд эргэнэгийн тэндээс юм хайгаад, үүднээс шүүр авч ирээд бүсийг нь тайлаад, өмдийг нь шувтлаад, турсикийг нь ураад бөгс рүү нь шүүрний ишээр хатгаад байсан. Орсон үгүйг нь мэдэхгүй. Тэгж байхад П талийгаачийн цаана суучхаад өрцийг нь зураад хаячихъя пиздаг гээд байсан. Ямар үйлдэл хийснийг хараагүй. Б наад талд нь байсан учраас П ямар үйлдэл хийж байгаа нь харагдаагүй. Би гэрийн баруун талаар тойроод талийгаачийг татаад харахад хамар, амнаас нь цус гараад шалан дээр гоожсон, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэгэхээр нь би “алаад хаячихсан юм биш үү, наад хүн чинь ухаан алдчихсан юм биш үү” гэхэд П ирээд тэгээд би амь хохирогчийг босгох гэтэл Б намайг “наадах руугаа дөхөх юм бол ална шүү” гэж хэлэхээр нь би ухраад үүд рүү очсон. П ирээд амь хохирогчийн хамрын доод талд болон гүрээн дээр дарж үзээд зүгээр байна гэж хэлсэн. Тэгтэл цаанаас Б босоод орны доод талд байх авдар дээрээс цагаан эрээн өнгийн алчуур аваад амь хохирогчийн ам хамраас гарсан цус, шалан дээр гоожсон цус зэргийг арчаад, Б дээлийг нь тайлаад тэгээд гарья гэж хэлээд дээлийг нь авч гарсан. Дээлээр нь бас шалан дээр гоожсон цусыг арчсан байхаа. Гэрээс гараад П бид 2 гэрийн зүүн талд очиж байтал Б араас амь хохирогчийн дээлийг бариад гарч ирж байсан. ... Амь хохирогч унахдаа зуухныхаа урд толгой нь үүд рүү харсан. Нүүр нь шүүгээ рүүгээ харсан, хөл нь ор руугаа харсан байдалтай унасан. Цээж, нүүр рүү нь өшиглөсний дараа дэвсэх гэж байхад нь Б.П салгасан. ...” гэсэн мэдүүлэг /хх1-ийн 95-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Л.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гарахад амь хохирогч дээлтэйгээ гараа дэрлээд хэвтэж байсан. ...Унтаж байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-“...Уг амбаарын зүүн хойд талын булан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн маарал байх... ...409 гэсэн дугаартай хашаанд эрээн өнгийн даавуун дотортой цэнхэр өнгийн дээл... байв” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх1-ийн 7-р хуудас/,

Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Амь хохирогчийн нүүр хэсгээс цус гарсныг хэрэг явдал болох үед арчсан. Би арчсан, гал дээр байсан төмпөнтэй усанд даавуу хийж байгаад арчсан. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд,

Шүүгдэгч Б.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зуухны урд толгой нь хаалга руу харчихсан хэвтэж байсан. Тэр үед Г.Г гадаа үүдэнд байсан. Би гарах гээд эргээд хартал Г.Б цагаан марлиар нүүрнийх нь цусыг нь арчсан зогсож байсан Б бид 2-ын араас удалгүй гарч ирсэн. Г.Г бид хоёр гарахад амь хохирогч зуухны урд хэвтэж байсан. Эргээд хартал хоёр баганын тэнд оччихсон, Г.Б хажууд нь оччихсон, цагаан марлиар цусыг нь арчиж байсан. ... Амь хохирогчийн дээлийг хэн тайлсныг хараагүй. Г.Б тайлсан байх...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

5. Шүүгдэгч Б.П нь Г.Дг заамдсан, боосон, мөргөсөн, цээжин дээр нь унадаг дугуйны араа төмрөөр зурсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Харин шүүгдэгч Г.Б нь Г.Дг унагасан, нүүр болон цээж хэсэгт нь өшиглөж, дэвссэний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, амь насыг нь хохироосон үйл баримт нь:

-2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Завхан аймаг Баянхайрхан сум Н багийн нутаг дэвсгэр 0 тоот буюу ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан улбар шар өнгийн төмөр хаалгатай хүрэн бор өнгийн модон хашаа байв. ...Гэрт орж цагийн зүүний дагуу гаднаас дотогш чиглэсэн байдалтай үзлэг хийхэд гэрийн зүүн талд бор өнгийн модон ор байх ба уг орыг бор алаг бүтээлгээр бүтээсэн байдалтай байх ба орны гол хэсэгт хатгамал ууттай хөнжил байх ба уг хөнжлийн уут болон хөнжил цус мэт зүйлээр бохирлогдсон байхыг 6 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж, уг хөнжил болон хөнжлийн уутны цус болсон хэсгээс хайчилж авав. ...Уг орны дээд хэсэгт орны толгойн доор тавьсан улаан өнгийн хуванцар сав эвдэрч дарсан байхыг 4 ширхэг гэрэл зургаар бэхжүүлэн авав..... Уг ор нь доод хэсгээрээ хазайж салсан байдалтай байх ба орны доод талд шалан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан алаг алчуур урагдсан, цус мэт зүйлээр бохирлогдсон, хар саарал өнгийн дотуур өмд турсик байхыг 4 ширхэг гэрэл зургаар бэхжүүлэн хурааж авав. ...Зуухны дээд талд хоёр баганын хооронд хөл нь орсон байдалтай дээд хэсгээрээ малгайтай улаан өнгийн цамцтай, доод хэсэгтээ хөх өнгийн жинсэн өмд өмссөн, түүний дээгүүр бор өнгийн суран тэлээ зүүсэн, тэлээ тэлээлээгүй, хөлдөө хар өнгийн бкалан гутал өмссөн, хамраас нь цус гарсан байдалтай, баруун гар биеийн дагуу шулуун байрласан, зүүн гар биеэс 45 градус орчим салгаж шулуун байрласан, 2 хөл жийсэн байдалтай ам хагас ангайсан дээш харсан байдалтай толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү харсан байдалтай, эрэгтэй хүний цогцос байв..." гэх тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-16 хуудас/,

-2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 45-46, 48 хуудас/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Тэнүүнийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "1. Эд мөрийн баримтаар хураан авсан гэх шар өнгийн даавууны хэсэг, ногоон өнгийн даавууны хэсэг 2 ширхэг, шар өнгийн хулдаасны хэсэг, улаан өнгийн хивсний хэсэг, саарал өнгийн марль, ногоон өнгийн алчуур, саарал өнгийн дотоож, цэнхэр өнгийн дээр, хар өнгийн савхин куртик зэрэгт цус илэрч байна. Хар өнгийн урт түрийтэй гутал хар өнгийн пүүзэн гутал, хар цагаан алаг пүүзэн гутал зэрэгт цус илрээгүй. 2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателитын 16 локусаар тогтоов. 3. Дээрх хувцас, эд зүйлст нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц бүхий цус илэрч байна. Илэрсэн цус нь амь хохирогч П.Дгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...." гэх 4446 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 193-195 хуудас/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Тэнүүнийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "1. Эд мөрийн баримтаар хураан авсан гэх улаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, шар өнгийн футболка зэрэгт цус илэрч байна... ...3. Дээрх хувцас, эд зүйлст нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц бүхий цус илэрч байна. Илэрсэн цус нь амь хохирогч П.Дгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...." гэх 4447 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200-202 хуудас/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "1. Шар өнгийн хогийн шүүрэн дээр цус илэрсэн. 2. Шар өнгийн хогийн шүүрэн дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг цусны ДНХ-ийн тогтоц нь 2022 оны No4451 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амь хохирогч П.Дгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна" гэх 4634 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 227-228 хуудас/,

-Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад П.Базардаргиагийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “... Амь хохирогч П.Дгийн цогцост төвөнхийн бамбай мөгөөрсний хугарал, орчны эд дэх цус хуралт няцрал, хүзүүний урд хэсгийн арьсанд хөндлөн зулгаралт, эрүү ясны баруун зүүн их биеийн хугарал, хамар ясны хугарал, баруун талын 5, 6-р хавирганы хугарал, зүүн зовхины дээд хэсэгт шарх, духны зүүн дээд хэсэгт, зүүн зовхины дээд хэсэгт, зүүн хацрын төвгөрийн дээд хэсэгт, хэвлийн дээд хэсэг өвчүүний доод хэсэгт, хэвлийн зүүн талд, баруун ташаан толгойн дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн чамархайн хэсэгт хуйханд, дагзны зүүн доод хэсэгт хуйханд цус хуралт, баруун нүд, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Амь хохирогчийн цогцост шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй" гэх 65 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 36-41 хуудас/,

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, Н.Энхцолмон, Э.Эрхэмбаяр нарын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн: “Талийгаачид төвөнхий бамбай мөгөөрсний хугарал, орчны эд дээр цус хуралт няцрал, хүзүүний урд хэсгийн арьсанд хөндлөн зулгаралт, эрүү ясны баруун зүүн их биеийн хугарал, хамар ясны хугарал, баруун талын 5,6-р хавирганы хугарал, зүүн зовхины дээд хэсэгт шарх, духны зүүн дээд хэсэгт, зүүн зовхины дээд хэсэгт, зүүн хацрын төвгөрийн дээд хэсэгт, хэвлийн дээд хэсэг өвчүүний доод хэсэгт, хэвлийн зүүн талд, баруун ташаан толгойн дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн чамархайн хэсэгт хуйханд, дагзны зүүн доод хэсэгт хуйханд цус хуралт, баруун нүд, хамарт зөөлөн няцрал гэмтэл учирчээ. Төвөнхий бамбай мөгөөрс, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтлийн улмаас сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас барсан байна. Цээжний баруун 5,6-р хавирганы хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарагдана. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих дэвсэх, үрэх нидрэгдэх үйлдлээр үүсжээ. 3. Төвөнхийн бамбай мөгөөрс, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтлийн улмаас сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас барсан байна. 4. Төвөнхийн бамбай мөгөөрс, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих дэвсэх үйлдлээр үүсгэгджээ. Талийгаачид учирсан гэмтлүүд шинэ, нас барсны дараа үүссэн гэх гэмтэл талийгаачид тогтоогдсонгүй. 5. Төвөнхийн бамбай мөгөөрс, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтлийн улмаас мөгөөрсөн хоолойд цус хурж улмаар сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлт үүсэж амьсгалын цочмог дутагдлаар шууд нас баржээ. Дээрх гэмтлийг аваад идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй” гэх 709 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шинжээч Ө.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дүгнэлтэд бамбайн мөгөөрсний хугарал, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэж байгаа. Эдгээр гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. 1 бус олон удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой гэмтэл. Эрүүний яс, нүүрний яс, хүзүү хэсгийн яс энэ бүгд тэр чигтээ судас, мэдрэл байгаа. Эрүүний доод зөөлөн эдэд маш их хэмжээний цус нэвччихсэн байсан, хүзүүнд маш их цус нэвччихсэн. Энэ бүгдэд мэдрэл байгаа. Мөн хамар яс шаржигнана гэж байгаа. Тэнд цөмөрчихсөн хугарал байгаа. Тэндээс маш их хэмжээний цус амьсгалын замд орно. Миний бодлоор дэвссэн үйлдэл байгаа. Хамар яс шаржигнана, цөмөрсөн хугаралтай. Цөмөрч байж их хэмжээний цус гарна. Энэ тохиолдолд шинжилгээгээр дэвссэний улмаас үүссэн гэмтэл гэж үзээд байгаа. Энэ гурван газарт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 41-42 размерын гутал өмсдөг эрэгтэй хүн дэвсэхэд тухайн гэмтлүүдийг 1 удаагийн үйлчлэлээр авах боломжтой. П.Базардаргиа шинжээчийн дүгнэлтээс харахад төвөнхийн бамбайн мөгөөрсний гэмтэл эхлээд үүссэн. Эрүү, хамрын ясны гэмтэл дараа нь учирсан гэж ойлгосон. Бамбайн мөгөөрс гэмтээд рефлексийн бүсийн гэмтэл авсан үед амьсгал авах боломжгүй. Рефлексийн бүсийн гэмтэл авсан хүн тэр даруй нас барна. Хатуу мохоо зүйл гэдэгт даавуун материал хамаарахгүй, даавуу зөөлөн эд материалдаа орно. Том талбайтай зүйлээр энэ гурван хэсгийг хамарсан гэмтэл учруулсан гэж үзэх боломжтой. Бамбайн төвгөр хэсэг болон гадна, дотор хэсгийг хамарсан цус хуралт байгаа. Гадна талд үүссэн зулгаралт, дотор талд үүссэн зулгаралт өөр хэмжээтэй. Гадна талд зулгаралт үүссэн боловч дотор талд гэмтэл байхгүй. Төвөнхийн хэсэгт босоо үйлчлэл үүссэн. Эндээс эгц урдаас дэвсэх үед үүссэн, урдаас эгц дээшээ эрүүний ооч хэсэгт хүрч үйлчилсэн. Эрүүний 2 талд үүссэн хугарал нь эрүүний ооч хэсэгт үйлчилсэн. Тэгэхээр эгц урдаас дээш өшиглөсөн, эгц урдаас дэвссэн гэж үзсэн байгаа. Үүнд босоо хугарал үүссэн. Бусад боолтууд нь хүзүү хэсэгтээ хүрч үйлчилсэн. Бамбайн мөгөөрсний эвэр хэсэгт ташуу хугарал үүссэн. Энэ тохиолдолд төвөнхийн урд хэсэгт босоо хугарал үүссэн байсан. Эрүүний доод хэсэг буюу ооч хэсэгт хүрч үйлчлэхэд савна. Ооч хэсэгт хүч үйлчилсэн нь суурийн хэсэгт цус хуралттай байсан. Гавал тархинд голомтод цус харвалт байгаа. Мөн дагзны хуйх болон чамархайн зүүн хэсгийн хуйхан дор цус хурсан байсан. Ооч хэсэгт хүч үйлчилснээс дагз хойшоо савагдаж цус хурсан гэж үзэж болно. Энэ тохиолдолд хүзүүний зөөлөн эдүүдэд цус хуралт байгаагүй учраас нугасанд гэмтэл байгаагүй гэж үзсэн. Амьсгалын замд цулцан, ходоодонд цус орсон тохиолдолд ерөнхийдөө түүний даралтаар амьсгалж болохгүй учраас ямар нэг хэмжээний үйлдэл үзүүлэх боломжгүй. Төвөнхийн бамбайн мөгөөрс, хамар яс, эрүү ясны хугарал гэж байгаа. Хол байгаа эрхтнүүд биш, нүүрний ясандаа ордог эрхтнүүд. Тийм учраас нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүү ясны баруун, зүүн, их биеийн хугарал нь эрүүний ооч хэсэгт хүч үйлчилбэл 2 тал, их биедээ хугарал үүснэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

6. Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Од хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,250,000 төгрөг төлсөн болох нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... Г.Бийн талаас 5,250,000 төгрөгийн эд зүйл, бараа материал, бэлэн мөнгө өгсөн. Үлдэгдэл 4,351,780 төгрөгийн хохирлоо буруутай этгээдээс барагдуулж авмаар байна. Мөн хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ар гэрээс хохирогчид эд зүйл, бэлэн мөнгө өгч хохирол төлсөн гэсэн. Цаашид гарах хохирлыг ч төлж барагдуулахаа хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд,  гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Үйл баримтууд болон нотлох баримтуудын шалтгаант холбоо, цаг хугацааны дараалал зэрэгт хууль зүйн үнэлэлт хийсний үндсэн дээр Г.Б нь Г.Дг өөрийг нь Г.Гын дээрээс босголоо, мөн дүүгийнхээ үхэлд буруутгалаа гэсэн шалтгаанаар түүнд уурлаж, маргалдан, газарт унагаж, унасных нь дараа нүүрэн хэсэгт нь өшиглөж, дэвссэний улмаас төвөнхийн бамбай мөгөөрс, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтлийг, цээжин хэсэгт нь өшиглөсний улмаас баруун 5,6-р хавирганы хугарал гэмтлийг учруулж, Г.Д нь төвөнхийн бамбай мөгөөрс, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтлүүдийн улмаас сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас барсан, харин Б.П нь Г.Дг охиноо өөр хүнтэй суулгасан гэсэн шалтгааны улмаас заамдсан, боосон, мөргөсөн, цээжин дээр нь унадаг дугуйны араа төмрөөр зурсан үйлдлийн улмаас Г.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх дүгнэв.

Тодруулбал,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба Б.Пын “Г.Дг охиноо өөр хүнтэй суулгалаа гэсэн шалтгааны улмаас түүнтэй маргалдаж, заамдсан, мөргөсөн, боосон” үйлдэл болон Г.Бийн “Г.Дг өөрийг нь Г.Гын дээрээс босголоо, мөн дүүгийнхээ үхэлд буруутгалаа гэсэн шалтгаанаар түүнд уурлаж, маргалдан, газарт унагаж, унасных нь дараа нүүр, цээжин хэсэгт нь өшиглөсөн, дэвссэн” үйлдэл нь хэдийгээр нэг газар, орон байранд үйлдэгдсэн байх боловч тус тусдаа өөр өөр шалтгааны улмаас, өөр өөр цаг хугацаанд өрнөж төгссөн, үйлдлүүдийн үр дүн, санаа, зорилго, сэдэлт өөр өөр байх тул тэднийг санаа зорилго, үйлдлээ нэгтгэж бүлэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

Харин Г.Дг газарт унасаны дараа Г.Бийн бөгс рүү нь шүүрний ишээр хатгасан үйлдэл, Б.Пын цээжин дээр нь унадаг дугуйн араа төмрөөр зурсан үйлдлүүд нь нэг шалтгаантай, нэг зорилготой, нэг цаг хугацаанд болсон,  нэгдмэл санаатай үйлдэл байх тул тухайн үйлдлийнхээ хувьд бүлэглэсэн гэж үзэх ч тухайн үйлдлүүдийн улмаас хохирогч нас бараагүй байна.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 1-т “Иргэн бүр амьд явах эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

Г.Б, Б.П нар нь хүнийг зодох үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, улмаар амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд  халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай болох нь сэтгэцийн эмчийн: “...Г.Б, Б.П нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан болно. ...Г.Б, Б.П нар  нь хэрэг хариуцах чадвартай болно. Гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэл мэдрэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно...” гэсэн сэтгэцийн эмчийн 31, 32 дугаартай дүгнэлтүүд /хх2-ын 20-22, 25-27 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх ба тэд  ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул Г.Б, Б.П нарын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б, Б.П нар нь өөрсдийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч Г.Дгийн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймээс  шүүгдэгч Г.Бийн хүний амь нас хохироосон, Б.Пын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг болон шүүхийн иргэдийн  төлөөлөгчийн “...Б, Б.П нар нь бүлэглэн Г.Дгийн амь насыг хохироосон учир гэмт хэргийн буруутайд тооцож байна...” гэсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч И овогт Гын Б, Х овогт Бийн П нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч И овогт Гын Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х овогт Бийн Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Ийнхүү дүгнэлт хийхдээ шүүх нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Эрдэнэцэцэгийн : “...Г.Б, Б.П нарыг ... гэмт хэргийн буруутайд тооцож байна...” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Б, Б.П нар болон тэдгээрийн өмгөөлөгч  С.Энхболд, Э.Ганбат, М.Гомборагчаа нар нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн үйлдлийн талаар маргаагүй бөгөөд хохирол, хор уршигт хүргэсэн  үйлдэл хэнийх эсэх, зүйлчлэл зөв хийгдсэн эсэх асуудалд мэтгэлцэж оролцсон болно.

 

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Пын үйлдлийн улмаас хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч  шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас хохирогч Г.Д нас барсан, гэмт хэргийн улмаас хохирогч амь насаараа хохирсон, ар гэрт нь хохирогч нас барсантай холбогдох сэтгэл санааны болон эд материалын хор уршиг учирсан байх тул хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгч Г.Бэд хариуцуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт буруутай этгээдээс хохирол, хор уршигт 9,601,780 төгрөг, хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд холбогдох 4,381,780 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба Г.Бийн ар гэрээс түүнд 5,250,000 төгрөгийн хохирол барагдуулсан талаар мэдүүлж, буяны ажилд зарцуулсан зүйлсээ Улиастай сумаас худалдан авсан ба холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргуулж, шүүх хуралдаанд авчирч амжаагүй талаараа тайлбарласан болно.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаач Г.Дгийн цалин хөлс, орлоготой холбогдох баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, суралцаж буй эсэх баримт, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргуулаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймээс шүүх шүүгдэгч Г.Бийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 9,601,780 төгрөгөөс 5,250,000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь зөрүү 4,351,780 төгрөгийг баримтаа бүрдүүлсний эцэст шүүгдэгч Г.Бээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “...Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр, эхнэрийн аль нэг авах эрхтэй” гэж, 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” тус тус гэж хуульчилсан ба хохирогч Г.Дгийн сарын цалин хөлс, орлогыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хүүхдүүд нь хэчнээн настай талаарх нотлох баримтгүй, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг эсэх, авдаг бол хэчнээн төгрөг авдаг болох нь тодорхойгүй байх тул шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээг хуульд заасан журмын дагуу тооцоолох боломжгүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох баримтуудыг бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Б.П, Г.Б нарын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Иймээс шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.Бэд хуулийн уг зохицуулалтын дагуу хорих ял оногдуулах нь үндэслэлтэй юм.

Шүүх шүүгдэгч Г.Бэд хорих ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлын тодорхой хэсгийг сайн дураараа төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нь: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.4-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно..” гэж зааснаас бус заавал хэрэглэх шинжтэй заалт биш юм.

Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амьд явах эрх хөндөгдөж, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон бөгөөд холбогдох хор уршгийг арилгах боломжгүйг харгалзан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Г.Дг цохисон гэх үйлдлийг л хүлээн зөвшөөрснөөс бус хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос тодорхой хохирлыг л төлснөөс бүх хохирлыг төлж, хор уршгийг арилгаагүй байна. Мөн шүүгдэгч Г.Б нь урьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг энэ удаагийнхтай адил аргаар үйлдэж, шүүхээс түүнд хорих ял оногдуулж, хорих ялын зарим хэсгийг хугацааны өмнө тэнссэн боловч засарч хүмүүжээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул Б.Пт хуулийн уг зохицуулалтын дагуу, түүний үйлдлийн шалтгаан, хэр хэмжээ, учруулсан хор уршгийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал буюу өөрөө хууль сахиулах үүрэг бүхий алба хаагч мөртлөө бусдыг архидан согтуурахад шаардлага тавихгүйгээр өөрөө оролцож, хэрүүл маргаан, зодооныг эхлүүлж, хэн нэгний хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсныг мэдсээр байж тусламж үзүүлээгүй байдлыг харгалзан түүний үйлдсэн гэмт үйлдэлд оногдуулж болох зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээгээр буюу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Г.Б, Б.П нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан  мансуурсан  байдалтай байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж, шүүгдэгч нар нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн байдлыг ч тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор ... тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 461 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 461 хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тоолж, түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Г.Бэд хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Харин шүүгдэгч Б.Пт шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэж буй учир урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн даавууны хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн даавууны хэсэг 2 ширхэг, шар өнгийн хулдаасны хэсэг 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг 1 ширхэг, саарал өнгийн марль 1 ширхэг, ногоон алчуур 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн савхин куртка 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хөлийн ороолт 2 хэсэг, хар өнгийн түрийтэй хос гутал, ногоон өнгийн хос оймс, шар өнгийн хогийн шүүр 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар буцааж авах шаардлагагүй гэсэн тул устгахаар тогтов.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч И овогт Гын Б, Х овогт Бийн П нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч И овогт Гын Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х овогт Бийн Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч И овогт Гын Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Бийн Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч И овогт Гын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Х овогт Бийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд оногдуулсан 9 /ес/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 461 /дөрвөн зуун жаран нэг/  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 461 /дөрвөн зуун жаран нэг/ хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тоолсугай.

8. Шүүгдэгч Б.Пыг түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

9. Шүүгдэгч  Г.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,250,000

/таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь 4,351,780 /дөрвөн сая гурван зуун тавин нэгэн мянга долоон зуун ная/ төгрөгт холбогдох хохирол, насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүгдэгч Б.Поос энэ гэмт хэрэгт гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн даавууны хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн даавууны хэсэг 2 ширхэг, шар өнгийн хулдаасны хэсэг 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг 1 ширхэг, саарал өнгийн марль 1 ширхэг, ногоон алчуур 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн савхин куртка 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хөлийн ороолт 2 хэсэг, хар өнгийн түрийтэй хос гутал, ногоон өнгийн хос оймс, шар өнгийн хогийн шүүр 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг устгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг заасугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.УРТНАСАН

 

          ШҮҮГЧИД                                     Б.ӨЛЗИЙХИШИГ

 

                                                             Ж.ОТГОНХИШИГ