Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц,

Өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А,

Өмгөөлөгч Б.Энхбат,   

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Х-ын Ц, Т овгийн Ж-ы Ш нарт холбогдох 2328002260201 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт:                 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд иргэн Б.А-ын бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Х.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Гандирс худалдааны төвийн доор байх бааранд Штай орсон. Араас А гэх манай найз ирсэн. Бид 2 пиво уусан. Тэнд манай хуучин хамт ажилладаг байсан 2 эмэгтэйтэй таараад юм яриад зогсож байхад А ирээд хэрүүл хийсэн. Манай 2 найз ирээд салгасан. Тэгээд манай Ш тамхи татах гээд гарсан. Удаагүй бааранд  зодоон боллоо гэхээр нь гараад очиход Ш өмнөөс хүрээд ирсэн. Харахад хамар нь мурийсан байсан. Цагдаа ирээд манай найзыг Атай хамт аваад явсан. Би араас нь очсон. Тэгэхэд А үгээр идээд байсан. Цагдаагийн газрын үүдэнд би Аыг алгадаж авсан гэв.

Шүүгдэгч Ж.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Гандирс худалдааны төвийн бааранд Ц болон түүний нэг найзтай нь орсон. Ороод Атай Ц маргалдаад байсан. Нэг хүүхнээс болж маргалдаад байх шиг байсан. А бид 2 очоод салгасан. Би сууж байгаад тамхилах гээд гарсан. Гандирс худалдааны төвийн үүдний шатан дээр А болон өөр 3 залуу тамхилж байсан. Намайг хүрээд ир гэж хэлсэн. Очиход найзыгаа аятайхан аваад яв, түрүүлж ирээд ярьсан байсан гэж хэлсэн. Аын согтолтын байдал өндөр байсан. Тэгээд А намайг алгадсан. Найз нь манай найз согтуудаа ингэчихлээ гээд намайг аваад явсан. Би 2 пиво уусан байсан учраас гайгүй байсан. Тэгээд буцааж явж байхад араас ирээд дагз руу цохисон. Мөн М гэх найз нь ирээд хоёулаа над руу дайрсан. Гандирс худалдааны төвийн урд талын хашаа хүртэл туулгаад хамгаалагч нь гарч ирээд салгасан. Тэгээд цагдаа ирээд А бид хоёрыг цагдаагийн газарт авч ирсэн. Өргөдөл, гомдлоо бичээд өг гэж хэлсэн. Би бичиж өгсөн. А-ын хувьд өгөхгүй гээд маргаад, би яахаараа бичдэг юм гэж хэлээд байсан. Тэнд байсан цагдаагийн алба хаагч 5 залуу харсан. Чи ямар хаашаа юм өргөдлөө бичээд яв, маргааш ир, эсхүл эрүүлжүүлэхэд хоно гэж хэлсэн. Тэгэхэд найз нь гаднаас орж ирээд манай найз согтуудаа ийм авир гаргасан байна, аваад явчихъя гэхэд өргөдлөө бичиж өг гэж хэлсэн. Тэгэхэд гомдол байхгүй гээд аваад явсан. Цагдаа харьцгаагаарай гэх хэлээд би явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Зэт” бааранд орсон. Гэрт байж байхад найз залгаад бааранд таарсан. Бид 2 их уугаагүй. Машиндаа нэг нэг пиво уучхаад орсон. Ороод уух юм аваагүй. Хөх хотод нэг сургууль төгссөн найзтайгаа уулзаж наргиж байсан. Гадаа зодолдсон, цохисон зүйл байхгүй. Би өөрийгөө хянах ухаантай байсан. Тийм ч учраас би өөрөө цагдаа дуудсан байгаа. Бааранд би түрүүлж ороод улаан даашинзтай хүүхэнтэй танилцаад юм яриад бүжиглэж байсан. Ц таньдаг байсан байна. Хажуугаар орж ирээд түлхээд муудалцсан. Найзууд нь ирээд салгасан. Тэгээд найзтайгаа явъя гэхэд гадаа таньдаг 2 хүнтэйгээ таараад тамхи татаж байсан. Ш гарч ирээд муудалцсан зүйл болоогүй.Ш цаашаа яваад тамхилсан. Би 2 найзтайгаа таараад буцаж ороод бүжиглэсэн. Манай найз эхлээд гараад явсан байсан. Хаачсан юм бол гээд араас нь гарахад манай найз Дэлгэрэх буудлын хашааны буланд зогсож байсан. Тийшээ явж байхад Ш өмнөөс ирж таараад юм хэлэхгүйгээр цохисон. Тэрнээс хойш би яаснаа санахгүй байгаа. Нэг хэсэг ухаан алдсан байдалтай байж байгаад сэрээд манай найз намайг босгоход дээрээс хэд цохисон. Би боль гэж хэлсэн. Хамраас цус гарсан байсныг шатны нөгөө талд суугаад цэвэрлэж байхад үгээр идээд дайраад байсан. Би өөрөө цагдаа дуудсаны дагуу цагдаа ирсэн. Тэгэхэд манай найз зүгээрээ явъя гэж хэлсэн. Нүүр ам хавдаад цус гарсан байна. мөн боль гэж байхад дээрээс хэд хэд цохисон, би шийддэг газраар нь шийдүүлнэ гээд баарны үүдний шатан дээр зогсож байхад нь наашаа суу гээд хамт цагдаагийн газарт очсон. Манай найз хамт очсон. Тэгээд би мэдүүлэг бичих гэж байхад миний толгой эргээд дотор муухай оргиод  гар хөл чичрээд ерөөсөө бичиж чадахгүй байсан. Тэнд 2 цагдаа, жижүүр цагдаатай нийлээд гурвуулаа байсан. Бичих цаас үзэг өгчих гэхэд чи бичих чадваргүй согтуу байна гэж хэлсэн. Би согтоогүй, миний толгой өвдөөд эргээд байна гэж хэлсэн. Тэгэхэд манай найз миний өмнөөс бичих гэхэд Ц дэлчигнээд гүйгээд байсан. Ш өргөдлөө бичих нь ээ гээд гарч гүйгээд байсан. Би тэр үед хүлээлгийн сандал дээр сууж байсан. Тэгсэн нэг цагдаа нь одоо яв, маргааш ир гэж хэлсэн. Тэгээд явъя гэхэд манай найз ингэж болохгүй, мэдүүлгээ бичээд өгье гээд зогсож байхад нь би түрүүлээд гарсан. Ц гадаа нэг залуутай ирсэн байсан. Тэгээд би хажуугаар нь гараад явах гэтэл намайг чи яахаараа манай найзыг зоддог юм бэ гээд гэж хэлээд зууралдаад авсан. Би муухай муухай хашхичихад цагдаа гарч ирээд буцаагаад аваад орсон. Тэгээд зодолдоод салахгүй юм байна, одоо яах вэ? гэхэд, эргүүлтэй эмнэлэг дээр үлдье гээд хүргүүлсэн. Манай найз ажил ихтэй байна гээд намайг үзүүлчхээд гэр хүргэж өгөөд явсан гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Гандирс худалдааны төвийн бааранд найз М-ийн хамт орж суусан. Бааранд 1, 1 пиво авч уусан. Бааранд орохоос өмнө 1, 1 пиво уусан байсан. Баарны үүдэнд нэг охинтой танилцъя гээд уулзах гэж байсан 2 танихгүй эрэгтэй тамхи татаж байснаа яагаад байна аа ах нар гээд өдөж эхлээд найз М-тэй нэг нь юм ярьж байсан, хамт байсан танихгүй залуу юугаар цохисныг мэдэхгүй зүүн нүдний доод хэсэгт юмаар цохисон. Яг тэр үед би манараад юу болсныг мэдэхгүй болсон. Би жаахан байж байгаад сэргэсэн дахин зодоон болоогүй. Би цагдаа руу дуудлага өгөөд цагдаа ирээд бид нарыг цагдаа дээр авчраад би эмнэлэг явж үзүүлэхэд нүд хавдсан байна маргааш ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Гэртээ хариад толгой өвдөөд дотор муухайраад 5 хоног хэвтсэн. Аав, ээж 2 ирээд эмнэлэгт үзүүлж гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд зүүн миний хацар зөөлөн эдийн няцралт гэмтэлтэй, нүдний тогооны доод яс хугаралттай, нүдний зөөлөн эд доод ясандаа хавчигдсан гэмтэлтэй байна гэж хэлсэн. Одоо нүдний доорх ясны хугаралд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Цагдаа дээр ирэхэд миний зүүн шанаанд хавдсан байсан. Цагдаа дээр ирсний дараа цагдаагаас гараад үүдэнд та нар арай ч дээ гэсэн, чи хөгшин банди минь гээд эхлээд намайг зодсон залуугийн найз гээд араас цагдаа дээр ирсэн. Залуу нь миний хамар руу цохиод хамар хавдгасан. Намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нууцалсан дугаараас миний дугаар руу залгаад чи муу юу яриад яваад байна гэхээр нь чи хэн бэ гэсэн утсаа тасалсан, хэн ярьсныг мэдээгүй. Намайг зодсон хүмүүс надтай уулзаагүй. Ээж өргөдөл гаргаснаас хойш би хот руу явж шинжилгээ өгч зураг авхуулж явж байгаад саяхан ирсэн. Хагалгаанд орно гэсэн ор байхгүй байсан болохоор 08 дугаар сарын 22-нд орохоор болоод энд ирээд байна. Би гарсан зардлаа баримттай нь авч ирсэн. Өмнөговь аймгийн гэмтлийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 203,100 төгрөг, дусал тариа 34,500, хотод айти лаборатори шинжилгээ өгөхөд 114,200, Интернешнл медикал центр томограф зураг авхуулахад 330,000, шүдний Энхийн мишээл шүдний эмнэлэгт үзлэг эмчилгээ хийлгэсэн төлбөрт 800,000, Өмнөговиос Улаанбаатар хот руу явсан бензиний зардал 497,000, нийт 1,978,800 төгрөг зарцуулсан. Одоо дахин нүдний хагалгаанд орох зардал (1 дүгээр эмнэлэгт) 8 дугаар сарын 22-нд орох нүдний хагалгаанд орох “Implant” нөхөх 2,000,000 төгрөг, өвчин намдаах болон нойрсуулах эм 378,000, 1 дүгээр эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэх болон эмчилгээний зардалд 600,000, нийт 2,978,000 нэхэмжилнэ. Бүгд эмчилгээний зардал 4,956,800 төгрөг нэхэмжилнэ... Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар мэдүүлсэн. Харин тэр мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл нь мэдүүлэг өгсний дараа миний зүүн нүдний ухархайны доод яс цуурч 7 цагийн хугацаа эмплант суулгах хагалгааг Улаанбаатар хотод Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж хийлгэсэн. Одоо зүүн нүдний хөхөрсөн хавдар буухгүй, зүүн нүдний ухархайны дотор талд янгинаж өвдөж байгаа. Миний нүдний хэсгийг баарны гадаа цохисон. Харин хамрын хэсгийг цагдаа дээр ирчихээд буцаж явж байхад цохисон. Би гомдолтой байна... Миний нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирлын мөнгийг бүрэн барагдуулж авна. Би гомдолтой байна.” /хавтаст хэргийн 22-26, 29-30, 33 дахь тал/      

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай хүү А 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой шөнө Гандирс буудлын гадаа хүнд зодуулсан, тэгээд цагдаа дуудсан байсан. Цагдаа дээр ирчихээд түргэний эмнэлэгт очиж үзүүлсэн. Энэ талаар би 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү А-тай утсаар ярьж байхдаа мэдсэн. Тэр үед хүү маань түргэний эмнэлэгт очиж үзүүлсэн гэхээр нь асуусаар байгаад мэдсэн. Би хүүгээ зургаа үзүүл гэсэн чинь үзүүлэхгүй байсан. Тэгж явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирсэн чинь хүүгийн маань нүүр царай хавдсан аймар болсон байсан. Би хүүгээ дагуулж яваад эмнэлэгт үзүүлэхэд нүүрний зөөлөн эдийн няцрал гэх оноштой, эмнэлэгт хэвт гэхээр нь би хүүгээ хэвтүүлсэн. Эмнэлгээс гарахаараа Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлнэ. Манай хүү А надад хэлэхдээ тэр өдөр найзуудтайгаа уулзаж баяр тэмдэглэсэн гэж хэлсэн. Манай хүү 33 настай, бүрэн дунд боловсролтой, хувийн лого хийдэг газарт ажилладаг. Энэ газар нь Өмнөговь аймагт байдаг. Манай хүү одоогийн байдлаар толгой өвддөг, толгой хавантай, нүүр хөхөрсөн байдалтай байгаа.” /хавтаст хэргийн 34-37 дахь тал/   

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн нислэгээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ирсэн. Нислэгээр ирээд ойролцоогоор 10-15 минутын дараа ZET баар руу ганцаараа орсон. Бааранд 2 ширхэг пиво уугаад сууж байтал Ц гэх залуу хүрч ирээд манай ширээ рүү явъя гэхээр нь очоод ширээн дээр нь сууж байсан. Ш залуутай танилцчихаад буцаад тэкен дээр ирээд 700 mg EDEN аваад сууж байтал таньдаг хүмүүс таараад тухайн шилтэй архинаас 2, 2 50 граммын шоот-р татаж байсан. Ц-ын найз болох Ш 2 татсан. Ш гэх залуу гарч ороод яваад байсан. Нэг мэдсэн бааран дотор буланд нэг залуутай /барьцалдсан/ зууралдаад зогсож байхаар нь очоод салгасан. Баар хаах гээд би баарнаас хөөгдөөд шахуу баарнаас гартал Ш урдаас хүрч ирээд 2 залуу зүгээр зогсож байтал зодчихлоо гэхээр нь цааш хартал 2 залуу тонгойсон зогсож байсан. Удалгүй цагдаа хүрч ирээд Шыг машиндаа суулган авч явсан. Би Ц-ын хамт цагдаагийн газар хүрч очсон... Баарны үүднээс 15-20 метр зайд нэг залуу нь хашаа түшчихсэн нөгөө залуу 2-3 алхмын зайтай байж харагдсан. Харанхуй байсан тул сайн харж чадаагүй. Ц-ын хамт цагдаагийн газар хүрч иртэл цагдаа өөдөөс Ш-ын хамт гарч ирсэн, араас нь А гараад иртэл Ц, А-ыг шууд нүүрэн хэсэгт нь алгадах шиг болсон, согтуу байсан болохоор сайн харж амжаагүй. Хоорондоо барьцалдах шиг болсны дараахан цагдаа, Ш 2 тухайн барьцалдаж байсан хоёрыг салгаж харагдсан.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед “Z” баарны гадаа хүн зодуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газрын жижүүрийн 7053102 дугаарын утсанд ирсэн. Дуудлагын дагуу би тус зодоон болсон гэх газарт очиж дуудлага өгсөн хохирогчтой уулзахад намайг тэр 2 залуу зодсон гэж гараараа заасан. Тэгэхээр нь би тухайн дуудлага өгсөн хүн болон тухайн хамт явж байсан нэг хүн мөн зодсон гэж заасан 2 хүний нэгийг нь дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Тэгэхэд араас нөгөө зодсон гэх хүн нь такси барьж ирсэн. Цагдаагийн газарт ирэхэд хохирогчийн зүүн нүд нь улайлттай байхаар нь бүх хүний согтуурлын зэргийг шалгаж, гомдол мэдээллийг бүртгэж, зодсон гэх хүмүүсийг зөрчлийн холбогдлоор саатуулах гэж байхад зодуулсан буюу хохирогч нь гомдол санал байвал би маргааш өргөдөл бичиж өгнө өнөөдөртөө эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би дараагийн дуудлагандаа явах гэж байхад нөгөө зодуулсан гэж дуудлага өгсөн хохирогч буцаж орж ирээд намайг гадаа байхад дахиад цохичихлоо гээд ороод ирсэн. Би дахиж бүх хүнийг нь саатуулах гэж байхад хохирогч нь дахиад гомдлоо маргааш өгнө, би эмнэлэгт үзүүлнэ гээд явсан, буцаж ирээгүй. Цагдаагийн газарт ирсний дараа хохирогч гарч яваад буцаж орж ирээд намайг дахиад цохичихлоо гэж хэлэх үед хохирогчийн нүүрний зүүн хэсэг хавдсан, улайсан байсан.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би А-тай гар утсаар холбогдоод уулзсан. Машин дотор уулзаад “Z” баар руу 22-23 цагийн орчимд орсон. Тэгээд байж байтал би баарнаас гараад Дэлгэрэх буудлын арын хашаанд таньдаг хүнтэйгээ тамхи татаад сууж байхад манай найз А зодуулсан байдалтай газарт хэвтэж байсан. Хажууд нь 3-4 хүн зогсож байсан. Тэр дундаас нэг махлаг залуу намайг гүйгээд очиж байхад 1-2 удаа нэмж зохих шиг болсон. Би очоод салгаад найзыгаа босгож аваад цагдаа дуудсан. Дуудлага өгөхөд 2 цагдаа ирэхээр нь машинд нь хамт суугаад цагдаагийн газарт ирэхэд тухайн өдрийн жижүүрийг ахалж байсан цагдаа гээд нэг жижиг, туранхай биетэй, дэслэгч цолтой цагдаа ирсэн. Бид 2 өргөдөл бичиж өгнө гээд жижүүрээс бал цаас аваад намайг өргөдлөө бичээд үүдэнд сууж байхад А гарч яваад цагдаагийн үүдэнд хэрүүл маргаан болоод А-ыг цохидог махлаг залуу, тэрний найз нэг туранхай залуу хамт орж ирээд А орилоод байхаар нь би юу болсон талаар асуухад тэр туранхай залууг нь дахиад цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд үүдэн дээр бөөн шуугилдаан болоод А бид 2 үүдэнд өргөдлөө бичиж өгөөд явсан... Тэр 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хэмжээ ямар байсан талаар би сайн мэдэхгүй байна. А надтай ирээд уулзахад ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй бөгөөд баарны гадаа зодуулсан байдалтай цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр ирэхэд А-ын нүүрний хэсгийн нэг тал нь хавтгай болсон байдалтай хөхөрсөн байсан. Харин цагдаа дээр ирээд буцаж гараад үүдэнд дахиад зодуулчихлаа гэж орж ирэхдээ нөгөө нүд нь хавдсан орж ирсэн. Өөр бэртэл гэмтэл байсан талаар би мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед Ш, Ц бид 3 орой 21 цагийн үед бааранд орсон. Бааранд ороод эхлээд бид гурав хүний нэг нэг пиво авч уусан. Тэрнээс хойш нэмж уусан талаар би мэдэхгүй байна. Би Ц хоёр таньдаг эмэгтэйтэйгээ таарлаа гэж хэлсэн. Тэр үед би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Ц нөгөө 2 таньдаг хүүхэнтэйгээ байж байхад нэг танихгүй залуу ирээд Ц-г түлхээд маргалдаад салж байсан. Тэгэхээр нь би баарнаас явлаа гээд гарсан. Баарнаас гараад явж байхад Баян төхөм дэлгүүртэй байрны ар талд Ш байх шиг байсан бөгөөд нэг хүнтэй муудалцаад байсан. Би холоос харсан болохоор яг юу болсон талаар сайн хараагүй. Тэр үед Ш-тэй муудалцаж байсан залуу нь түрүүлж Ш-г цохисон. Би яг хаашаа нь цохисон талаар сайн хараагүй. Ш бас буцаагаад цохиж байх шиг байсан бөгөөд тэр 2 хоорондоо бие биенийгээ цохиж харагдсан. Ш доошоо хамраа дараад сууж байх шиг байсан. Баарнаас Ц гарч ирж байх шиг байсан. Тэгээд л би шууд яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Харин дараа нь Ц-гоос тэр асуудал болсон шөнөдөө цагдаагийн газрын гадаа очоод Ц нөгөө Ш-тэй муудалцсан гэх залуутай нь зодолдсон гэж хэлсэн. Энэ талаар би хараагүй, Цгоос сонссон... Би 2023 оны 10 сард Цаас надад Шгийн хамар бэртсэн байна гэж хэлсэн. Гэхдээ хэзээ үүссэн, яаж үүссэн талаар надад тэр 2 хэлээгүй.” /хавтаст хэргийн 60-61 дэх тал/

Шинжээч эмч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Шинжилгээг өөрийн биеэр үзэж, мөн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан байсан. Ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэг нь хүн өөрөө босож явах, цай, хоол идэх, ямарваа нэгэн хүний тусламжгүйгээр бие засах гэх мэт өдөр тутамдаа хийдэг үйлдлийг хэлнэ. Ш нь өөрийн биеэр ирж үзүүлэхдээ чөлөөтэй алхаж гишгэж явж байсан тул дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2023.07.11-ний өдөр үүссэн эсэх талаар тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоогоогүй” /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ 

Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.А-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.А-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт “Ж.Ш-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Ш-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ж.Ш-ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2023.07.11-ний өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.” /хавтаст хэргийн 69-70 дахь тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 42в/790 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 138 дахь тал/

Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс албан тоотын хамт өвчний түүхийн хуулбарыг ирүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 139-168 дахь тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хавтаст хэргийн 171 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 105, 116 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 106 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 107, 119 дэх тал/

Регистрийн дугаарын лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 108, 118 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 109, 120 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) /хавтаст хэргийн 110 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 111, 117 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112, 120 дахь тал/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 187 дахь тал/

Ж.Ш, Х.Ц нарын ажил эрхлэлтийн талаарх баримт /хавтаст хэргийн 203, 205, 210 дахь тал/

Ж.Ш-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 207 дахь тал/

Ж.Ш-ын гэр бүлийн байдлын талаарх баримт /хавтаст хэргийн 206, 211 дэх тал/

Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Ш, Х.Ц нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт хэсэг дээр А-ын биед учирсан гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан буюу 28 хоногоос доош хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулсан гэмтэл учраас гэмтлийг хөнгөн гэж үзлээ гэж журам барьсан байдаг, шинжээчийн дүгнэлтийн хэсэг нь алдаатай мэт боловч шинжилгээний явцад илэрсэн нөхцөлүүд болон эмчилгээний талаар хийгдсэн баримтуудыг дурдахдаа ухархайн дотор хананы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарч болохоор гэмтэл байгаа юм. Хавтаст хэрэгт болон шинжээчийн өөрийнх нь дүгнэлтэд агуулагдаж байгаа мэдээлэл нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө энэ үйл явдал болсон, мэс засал нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сар гаруйн дараа хохирогчид учирсан гэмтлийн ясыг нь нөхөх хагалгаа явагдсан.  Журмаараа 28 хоногийн дотор эдгэрэх гэмтэл байна гээд шинжээч дүгнэсэн боловч шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримт дээр сар гаруйн дараа миний үйлчлүүлэгч бүтэн мэдээ алдаж байж улсын 1 дүгээр төв эмнэлэгт хагалгаанд эмч нарын багаар орж байгаа мэдээллүүд нь хэрэгт авагдсан байдаг. Ийм тохиолдолд Н эмчийн 344 дугаартай дүгнэлтийг үнэн бодитой гарсан, зөв байна, энэ хүнд учирсан гэмтэл нь хөнгөн байна гэж үзэх ямар ч боломжгүй харагдаж байна... Хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь хүндэвтэр, хүнд гэмт хэрэгт хамаарахгүй ердийн явцаараа 28 хоногийн дотор эдгэрч, хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлдөггүй гэмтлүүдийг хэлдэг ба нүдний орчинд хөхрөх, шалбарах, зулгарах гэмтлүүдийг хөнгөн гэж үздэг. Гэтэл хүний гавал тархины дотор бүтэц рүү ороод хагалгаа хийх хэмжээний гэмтэл байхад үүнийг хөнгөн зэргийн гэмтэл байна гэж үзэх боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д гавалын хөндий рүү нэвтэрсэн шарх гэдэг нь гавал тархины дотор, гадна хальсууд гэмтсэн эсэхээс үл хамаараад гэмтлийн хүнд зэрэгт хамааруулна гэсэн журам байгаа. Эмчилгээ хийсэн баримтуудаас үзэхэд хамрын ухархайн дотор хананы хугарал, нүдний ухархай, бор тархи руугаа чиглэсэн ясаа нөхөж байна гэдэг нь миний ойлгож байгаагаар эмчилгээний баримтуудад тулгуурлаад хэлэхэд тархины бор гадаргуу, гадна хальс нь гадаад орчинтойгоо харьцах хэмжээнд эрсдэл байна гэж үзэж байна... Хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу хөнгөн зэргийн гэмтэл байх боломжгүй гэсэн  шинжлэх ухааны нөхцөл байдлууд илэрч байгаа тул энэ хэргийг 60  хүртэлх хоногоор хойшлуулаад дахин миний үйлчлүүлэгчид  давтан шинжилгээ хийлгэж өгнө үү... Хэрвээ миний үйлчлүүлэгчид учирсан гэмтэл нь хүндэвтэр болон хүнд зэргийн гэмтэл байна гэсэн дүгнэлт гарвал  шүүгдэгч нарын эрх зүйн байдал хүндрэх асуудал, зүйлчлэл хүндрэх асуудал яригдах учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж, миний үйлчлүүлэгчийн биед учирсан гэмтлийг дахин шинжлүүлье гэсэн саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: Хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөлийг хохирогч болон манай 2 үйлчлүүлэгч нэг эмэгтэй хүнээс болж маргаан үүсгэсэн гэдгийг хэлж байна. Мөн энэ маргааныг хохирогч А-аас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Маргааны явцад манай үйлчлүүлэгч Ш-ын бие эрх чөлөөнд мөн гэмтэл учирсан, эрүүл мэндийнхээ хохирлыг тогтоолгож чадалгүй хохироод үлдсэн. Ш-ын бие эрх чөлөөнд хохирогч А-ын зүгээс халдсан гэдгийг гэрч Х-ы зүгээс мэдүүлж нотолдог. Мөн Ц-ын зүгээс ч манай найз тухайн үед цохиулаад хамар нь мурийсан байсан гэдгийг нотолдог. Өмнөговь аймгийн прокурорын газраас Ш, Ц нарын үйлдлийг А-ын бие эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулахдаа бүлэглэж үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирсэн байгаа. Бүлэглэх гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг 2 түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэсэн гэж үзнэ гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай тухайн хүний бие, эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулснаар бүрэн төгсдөг. Ш-ын хувьд би хамар ясны хугарлыг учруулсан. Баарны гадаа энэ хоёрын хооронд зодоон болж Шын биед халдаж зөрүүлээд А-ын бие эрх чөлөөнд халдсан үйл баримт нь тогтоогддог. Ингэснээрээ баарны гадаа болсон үйл явдал нь төгсөж байгаа юм. Төгсөөд цагдаагийн гадаа дахин зөрчил маргаан зодоон эхлэх шалтгаан нь нэг боловч өөр цаг хугацаанд, өөр газар тус тусдаа үйлдэгдсэн байгаа учраас бүлэглэсэн гэж үзэх боломжгүй. Тус тусдаа хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэж зүйлчлэгдэхээр байгаа. Тийм учраас манай үйлчлүүлэгч нарын үйлдлийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлүүлэх саналтай байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Хохирогч А-ын зүгээс 4,786,800 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилдэг боловч 1,178,810 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба үүнд шатахууны 497,010 төгрөгийн баримт, 681,800 төгрөгийн бусад баримт авагдсан байна. Хагалгаа хийлгэсэн 2,000,000 төгрөг, мэдээгүйжүүлэлттэй холбоотой баримтыг хохирогчийн зүгээс бүрдүүлээд өгөх бүрэн боломжтой 5 сар гаруй хугацаа болж байхад бүрдүүлж өгөөгүй байна. Үнэхээр одоо 2,000,000 төгрөгийн зардал гарсан уу?.  сая тэр эмнэлгийн бичиг баримт дээр хагалгааны зардлыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас хөнгөлсөн зүйл авагдсан байдаг. Тийм учраас энэ баримтыг өөрөө бүрдүүлж өгөх боломжтой учраас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн гэмтэл нь хохирогчийн биед хамар ясны хугарал, нүдний ухархайн ясны хугарал гэсэн гэмтэл учирсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжилсэн хохирол төлбөр дээр нь шүдний эмчилгээний төлбөр 800,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд энэ нь манай 2 үйлчлүүлэгчийн учруулсан гэмтэлтэй хамааралгүй хохирол төлбөр нэхэмжилсэн байгаа учраас үүнийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай 2 үйлчлүүлэгчийн зүгээс 590,000, 590,000 төгрөг нийтдээ 1,080,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Баримтаар нотлогдсон хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан байгаа учраас бусдад төлөх төлбөр хохиролгүй гэж үзэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Ж.Шын зүгээс А-ын мэдүүлгийг сонсоод дотроо дүгнэлт хийж байна. Эхлээд найзтайгаа хоёулаа гарч тамхи татсан хэлээд сүүлдээ таньдаг 2 хүн таараад тамхи татаад байж байхад ирсэн гэж мэдүүлж байна. Өөрөө согтолтын байдал бага байсан гэж хэлж байна. А-ыг согтолтын зэрэг их өндөр байсныг бид хоёроор тогтохгүй тэнд байсан ихэнх хүмүүс гэрчилнэ. Цагдаагийн газар руу бид хоёр хоёулаа явсан, найз нь хамт яваагүй. Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгөх гэхэд найз нь ирээгүй байсан. Тэрийг тухайн үед байсан алба хаагч нар бүгд гэрчилнэ. А нэлээн согтуу байсан учраас өөрөө санахгүй байх шиг байна. Найз нь сүүлд ирээд өмнөөс нь юм  бичье гэсэн зүйл болоогүй. Би А-тай харилцан зодолдож байхдаа нүднийх нь доод хэсэгт цохиод гэмтээсэн байж болно. Гэхдээ бид 2 бүлэглэн үйлдсэн гэдэг дээр санал нийлэхгүй байна гэх,

Шүүгдэгч Х.Ц-ын зүгээс Цагдаагийн газарт алгадсан гэдгээ хүлээж байна. Бүлэглэн зодсон гэдэг дээр санал нийлэхгүй байна гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд иргэн Б.А-ын бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.       

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26, 29-30, 33 дахь тал/, гэрч Б.С /хавтаст хэргийн 34-37 дахь тал/, гэрч Х.А /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Э.Б /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, гэрч Ж.М /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.     

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.А-ын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хохирогчид танилцуулаагүй, уг дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хөнгөн хохирол учирсан байх боломжгүй гэсэн  шинжлэх ухааны нөхцөл байдлууд илэрч байгаа тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргав.

Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дээрх дүгнэлтийг холбогдох нотлох баримтыг иш татан гаргасан ба уг нотлох баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй учир шүүх тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл уг асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэхээр бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас үзвэл дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-ийг гаргахдаа Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Сармандахын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 62 дахь тал/-д заагдсан асуултад бүрэн хариулсан ба хохирогчийг биечлэн үзэж, эмнэлгийн бичиг баримт болох 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн толгойн компьютер томографт бичигдсэн онош, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өвчний түүхийн талаарх эмчийн тэмдэглэл, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мэс заслын түүх зэрэг хохирогчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бүх нотлох баримтуудыг үндэслэж шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч эрх бүхий албан тушаалтан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн 344 дугаартай дүгнэлтийг танилцуулсан /хавтаст хэргийн 71 дэх тал/ байх бөгөөд уг танилцуулсан тэмдэглэлд хохирогч шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт байхгүй гэж бичгээр бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдлаас үзвэл түүний хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хассан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ энэ талаарх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч болон өмгөөлөгч нар Шын биед учирсан хамар ясны хугарал гэмтлийг хохирогч учруулсан гэж маргаж байх боловч уг үйл баримттай холбоотой хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Тухайлбал,

гэрч Х.А “...Ц-ын найз болох Ш 2 татсан. Ш гэх залуу гарч ороод яваад байсан. Нэг мэдсэн бааран дотор буланд нэг залуутай /барьцалдсан/ зууралдаад зогсож байхаар нь очоод салгасан. Баар хаах гээд би баарнаас хөөгдөөд шахуу баарнаас гартал Ш урдаас хүрч ирээд 2 залуу зүгээр зогсож байтал зодчихлоо гэхээр нь цааш хартал 2 залуу тонгойсон зогсож байсан.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Ч.Х “...Баарнаас гараад явж байхад Баян төхөм дэлгүүртэй байрны ар талд Ш байх шиг байсан бөгөөд нэг хүнтэй муудалцаад байсан. Би холоос харсан болохоор яг юу болсон талаар сайн хараагүй. Тэр үед Штэй муудалцаж байсан залуу нь түрүүлж Шг цохисон. Би яг хаашаа нь цохисон талаар сайн хараагүй. Ш бас буцаагаад цохиж байх шиг байсан бөгөөд тэр 2 хоорондоо бие биенийгээ цохиж харагдсан.” /хавтаст хэргийн 60-61 дэх тал/ гэж тус тус мэдүүлсэн,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ж.Ш-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Ж.Ш-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ж.Ш-ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2023.07.11-ний өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.” /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шинжээч эмч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Шинжилгээг өөрийн биеэр үзэж, мөн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2023.07.11-ний өдөр үүссэн эсэх талаар тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоогоогүй” /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ талаар мэдүүлсэн байна. 

Дээрх гэрч Х.А, Ч.Х нарын хувьд Ж.Ш хүнтэй барьцалдсан зогсож байсан гэж мэдүүлж байх боловч хохирогч нь шүүгдэгчийн нүүрэн тус газар цохисон болохыг гэрчлээгүй, мөн хохирогч Б.А, гэрч Ж.М нар Ж.Шын мэдүүлгийг няцаан үгүйсгэжээ.

Энэхүү баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Ш-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүссэнийг тогтоосон эсхүл, тухайн өдөр хохирогч Б.Аын цохисон үйлдлээс болж учирсан болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул Ж.Шын биед учирсан гэмтэл нь уг гэмт хэрэгтэй хамааралгүй, шалтгаант холбоогүй гэж үзлээ.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд Х.Ц, Ж.Ш нар Б.Аыг зодсон үйлдэл нь өөр цаг хугацаанд, өөр газар тус тусдаа үйлдэгдсэн байгаа учир бүлэглэсэн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч нарын үйлдлийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлүүлэх саналтай байна гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Z баарны бүжгийн талбайд Х.Ц нь хохирогчтой маргалдаж, улмаар тамхилахаар гарах үед шүүгдэгч Ж.Ш хохирогч Б.А-ын бие махбодод халдсанаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагч нар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар Цагдаагийн газарт авч очсоны дараагаар Х.Ц уг газрын гадна хохирогчийн нүүрэн тус газар алгадсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба шүүгдэгч нар хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдсээр байж, энэхүү үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг “бүлэглэн” гэх шинжээр прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

Прокурор 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан газрыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд гэж тодорхойлсон байх боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдэл, холбогдол уг газраас гадна Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд бас үргэлжилсэн болох нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг гарсан газрыг “Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд” гэж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь бүлэглэн Б.А-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.   

Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А нь мөрдөн байцаалтын шатанд 4,956,800 төгрөг нэхэмжилдэг боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4,786,800 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн хэмжээг багасгасан болно.

Шүүх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж 4,786,800 төгрөгөөс эмчилгээний зардалд 548,700 төгрөг /148,700+400,000/ шатахууны 497,010 төгрөг, нийт 1,045,710 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,941,090 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Үүнд: Айти лабораторид үзлэг, шинжилгээ хийлгэсэн төлбөр 114,200 төгрөг, эмийн төлбөр 34,500 төгрөг /хавтаст хэргийн 171 дэх тал/, 1 дүгээр эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэхэд гарсан төлбөрөөс хувиасаа төлсөн 400,000 төгрөг /хавтаст хэргийн 141 дэх тал/ зэрэг эмчилгээнд зарцуулсан 548,700 төгрөг, шатахууны зардал 497,100 төгрөг /хавтаст хэргийн 171 дэх тал/, нийт 1,045,710 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв.

Улаанбаатар хотод “Мишээл” шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 800,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын шүдэнд гэмтэл учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үлдэх 2,941,090 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.А энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь шүүхийн шатанд тус бүр 590,000 төгрөг, нийт 1,180,000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ат төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 208-209 дэх тал/-аар тогтоогдсон тул шүүхээс тогтоосон төлбөр болох 1,045,710 төгрөг төлөгдсөн гэж үзэж, шүүгдэгч нарыг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 141-168 дахь талд авагдсан өвчний түүхээс үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр УНТЭ-ийн мэс засал-нүдний эмгэг, судлал, мэс заслын тасагт зүүн нүдний ухархайн дотор хана нөхөх мэс засал хийлгэсэн байх бөгөөд уг эмчилгээний төлбөрөөс 2,819,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч тус бүрээс 1,409,500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.  

Улсын яллагч шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч тусгайлан гаргах саналгүй гэх, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, Ж.Ш анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг нь харгалзан тус бүрд 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгч Ж.Шын зүгээс би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ар гэрийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэх, шүүгдэгч Х.Ц нь ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгч Ж.Ш-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Х.Ц-ын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.    

Шүүхээс шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар шүүгдэгч Х.Ц-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарын тус бүрд нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

Шүүгдэгч Х.Ц-ын хувьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 124-136 дахь тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан байх ба уг тэнссэн хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэгт холбогдсон байх боловч энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн гэж Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/60 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 187 дахь тал/-оор түүнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул ял нэмж нэгтгэн оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй гэж үзэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-т 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овгийн Х-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Ж-ы Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарын тус бүрд нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Ц-аас 1,409,500 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ж.Ш-аас 1,409,500 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А-ын гаргасан 4,786,800 /дөрвөн сая долоон зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөгийн нэхэмжлэлээс 1,045,710 /нэг сая дөчин таван мянга долоон зуун арав/ төгрөгийг хангаж, 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,941,090 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга ер/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.А энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.       

6. Шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-т 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ