| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0069/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-02-15 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Ц.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1333) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шарнууд овогт Цэдмаагийн Энхбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012422 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Цэдмаагийн Энхбат, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Далай 8 дугаар гудамжны 02 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамж 39 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЗП89092110.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ц.Энхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгүүн од гэх караокены орчим бусдыг илтэд үл хүндэтгэн ...тамхи өгсөнгүй... гэх ялимтгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Э.Энхсайханд хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь ...дээд баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт... бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Э.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед найз Б.Золбаяртай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах Билгүүн Од караокены гадна уулзаад дотогш цуг орсон. Караокеноос 1 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи аваад уугаад дуусах гэж байхад...би бие засахаар нойлийн өрөө рүү явсан. Тэгтэл миний өөдөөс нойлын өрөөнөөс нэг залуу гарч ирээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь...би тамхи байхгүй, тамхи татдаггүй гэж хариултал нөгөө залуу надаас гал байна уу гэж асуусан...би тамхи татдаггүй юм чинь юуны гал байх вэ гэж хэлсэн. Яг энэ үед Золбаяр нойлын хажуу талын өрөөнөөс гарч ирсэн. ...Энэ үед надаас тамхи болон гал асуусан залуу доошоо буугаад явчихсан байсан. ...Золбаяр хоёулаа гарч тамхи татъя гээд намайг дагуулаад уг караокены хаалгаар гарсан...дөнгөж зогсож байтал караоке дотор надаас тамхи болон гал асуусан залуу үгийн зөрүүгүй над руу ирээд миний нүүрэн хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод дараа нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэр үед би газар уначихсан. Тэгтэл над руу ирээд дахин өшиглөөд цохисон.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
2. Гэрч Б.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...караокены 3 давхарт байрлах эрэгтэй нойлын өрөө рүү ортол манай найз Энхсайхан Энхбат гэх залуутай бага зэрэг маргалдсан байдалтай зогсож байсан. Тэр үед би Энхсайханыг нойлын өрөөнөөс дуудаж гаргаж ирээд юу болоод байгаа юм бэ, яасан бэ гэж асуутал Энхсайхан юу ч болоогүй, зүгээр ээ гэж хариулсан. Тэгтэл Энхбат гэх залуу бид хоёрын хажуугаар зөрөөд гадагшаа гарсан. Үүний дараа би Энхсайханыг дагуулаад караокены гадна талд тамхи татахаар гартал караокены гадна талд Энхбат гэх залуу ганцаараа зогсож харагдсан. Энэ үед Энхбат гэх залуу ямар нэгэн шалтгаангүйгээр манай найз Энхсайханыг заамдах гээд дайрсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгаж байтал, Энхбатын найз нь бололтой хоёр залуу хүрч ирээд намайг татаад холдуулчихсан. Энэ үед Энхбат, Энхсайхан караокены үүдний таамбар дотор орчихсон байсан болохоор тэнд юу болсоныг би харж чадаагүй... Намайг караоке руу түрүүлж орох үед караокены үүдний хэсэгт Энхсайхан тааралдаад би Энхбатад зодуулчихлаа гээд нүд нь хавдчихсан, үүдэн дээд шүд нь хугарчихсан байдалтай надад хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
3. Гэрч Б.Саруултөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би хэрэг гарсан он, сар, өдрийг санахгүй байна. Тэр өдөр 18 цагт ажил дээрээ очсон. ...хэсэг хугацааны дараа манай зөөгч миний сууж байсан өрөөнд орж ирээд гадаа хүмүүс шуугилдаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гурван давхараас буугаад 1 давхарт очиж, караокены үүдний хаалгыг гадагш нь түлхээд онгойлготол миний өөдөөс нэг залуу шатны уруу уначихаад босч ирсэн...намайг дэргэд нь очтол нүүрээ гараараа дараад надтай зөрөөд манай караоке руу орсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
4. Гэрч Б.Одбаярын мөрдөн байцаалтадд өгсөн: ...Тэр үед манай найз Энхбат нөгөө нэг залуутай нь маргалдаад байгаа бололтой үлдсэн. Тэр хооронд Жавхлантөгс бид хоёр Золбаяр гэх залуутай маргалдаад караокены гадна талд байж байсан. ...Золбаяр бид хоёр нэг нэг пиво авч ширээн дээр тавьчихаад Энхбатын араас 3 давхарт байрлах нойлын өрөө рүү орсон. Тэртэл нойл дотор Энхбат болон хохирогч Энхсайхан гэх залуу хоёр хоорондоо юм яриад зогсож байсан. Тэр үед Энхсайхан гэх залуу Энхбатад хандаж чи миний шүдийг цохиод ийм болгочихлоо гэж хэлээд заагаад ярьж байх шиг байсан... Ширээн дээр сууж байхад Энхбат миний чихэнд найз нь энэ залуугийн шүдийг гараараа цохичихсон...энэ залуу шүүх, цагдаа болно гэнээ гэж хэлсэн. ...Харин Энхбат надад хэлэхдээ энэ залуугийн шүд рүү цохичихсон чинь үүдэн шүд нь эмтэрчихсэн гэнээ гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
5. Гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...манай дүү Энхсайхан хүнд зодуулсанаас хойш 2 хоногийн дараа мэдсэн. Анх намайг харахад Энхсайханы нүд хөхөрч цус хурсан, жавж нь дотор талдаа язарсан, шанаа нь хавдсан, үүдэн дээд шүдний нэг нь хугарсан байдалтай байсан. ...маргааш нь Энхсайханыг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү ирж өргөдөл гомдлоо бичиж өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13628 дугаар актад:
...хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дотор буланд 2.0Ч1.0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд баруун 1-р шүд дунд хэсгээр хөндлөн хугаралтай. ДҮГНЭЛТ:
1. Э.Энхсайханы биед дээд баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал),
7. Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: ...Э.Энхсайханы биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна... Э.Энхсайханы биед учирсан дээд баруун 1 дүгээр шүдний хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. Харин баруун нүдний дотор булангийн цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
8. Шүүгдэгч Ц.Энхбатын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: ...тэр өдөр найз болох Жавхаа, Одко нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгүүн-Од нэртэй караокед суугаад...тус бүр 3 шил пиво уусан. ...караокены гадна...ганцаараа тамхи татаад зогсож байтал караокенээс хохирогч болох залуу найзын хамтаар гарч...ирсэнийхээ дараа хохирогч болох залуу надад хандаж чамайг хэн гэдэг вэ, хаанахынх вэ гэж асуусан. Тэгэхээр нь би яах гэсэн юм бэ гэж...тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд байж байтал гаднаас Жавхаа, Одко хоёр орж ирсэн. ...хохирогчтой хамт явж байсан найз нь Жавхааг цохиод авсан. Тэр үед Энхсайхан бид хоёр хоорондоо барьцалдаж аваад хоёр биенээ 4-5 удаа цохисон юм. ...Би баруун гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон, мөн мөр, цээж рүү нь 2 удаа цохисон. ...Энхсайхан...миний дух болон шанаа хэсэгт цохисон.
...Энэ үед би Энхсайханы шилэн дээр байсан гарыг нь холдуулах гээд гарыг нь түлхтэл уг гараараа цохичихсон. Тэгэхээр нь би баруун гараараа атгаж байгаад зүүн чихний ард хэсэгт нэг удаа цохисон, дараа нь хоёр гараараа цээжний хэсэг рүү нь түлхсэн. Тэгтэл хохирогч Энхсайхан караокены гадна талын үүдний хэсэгт байрлах 3-4 гишгүүртэй шат руу хөл алдаад шатны төгсгөл хэсэгт унасан.
...Би хохирогчид учруулсан хохирлын төлбөрөө төлж барагдуулсан байгаа. Би хохирогчид нийтдээ 2.000.000 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34, 35-37, 93 дахь тал),
9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 5), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 10, 11), дуудлага мэдээлэл хүлээн авсаны бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 75), хохиролын төлбөр хүлээлцсэн баримт (хавтаст хэргийн 107),
- Хохирогч Э.Энхсайханы иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 42), хувийн байдлыг тогтоосон баримт, амбулаториор эмчлүүлэгсэдийн карт, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон комиссын шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 45-51), шинжилгээ хийлгэж байсан талаарх баримт (хавтаст хэргийн 52-62), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 94-97),
- Шүүгдэгч Ц.Энхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64, 70), хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 65-69), эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 71, 73) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Энхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгүүн Од караокены орчим бусдыг илтэд үл хүндэтгэн ...тамхи өгсөнгүй... гэх ялимтгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Э.Энхсайханд хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь ...дээд баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт... бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Энхбатыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70)-р тогтоогдож байна.
Хохирогч Э.Энхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 2.500.000 төгрөг (хавтаст хэргийн 13-14) нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Э.Энхсайхан нь шүүгдэгчээс 2.000.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 107) гэсэн тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч Ц.Энхбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн 201626012422 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Цэдмаагийн Энхбатыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Энхбатыг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхбатад оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Энхсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Энхбатад оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Энхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ