Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0458

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ю.Иын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Ю.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

 

Нэхэмжлэгч: Ю.И

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, шимтгэл төлсөн бичилт хийхийг даалгах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2026/0011 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ю.И

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2026/0003/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.Иоос Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан “Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, шимтгэл төлсөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2026/0011 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14, 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Иын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Ю.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нараас дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон заалтуудыг тайлбарлахдаа хууль тогтоогчийн анхдагч үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцэхгүй байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн. Маргаан бүхий харилцаанд шууд хамааралтай заавал хэрэглэх ёстой байсан эрх зүйн хэм хэмжээг орхигдуулж хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Дээд шатны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр байхад Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газрын тогтоолыг давж, дур мэдэн орон тоог 2 болгож хассан нь актын эрэмбийн зарчмыг ноцтой зөрчсөн. Шүүхийн зүгээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн орон нутгийн хууль бус тогтоолуудыг хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2. Засгийн газрын тогтоол нь захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд доод шатны захиргааны байгууллага болох сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүнийг заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагчийн энэхүү тогтоол зөрчсөн дур зоргын үйлдлийг олж харалгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасныг илт зөрчсөн.

Хариуцагч нь ажлаас чөлөөлөх үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн. Тус хуулийн зүйл нь Хурлын бүрэн эрх түүний баталгааг зохицуулсан хэм хэмжээ бөгөөд Хурлын ажлын албаны жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, орон тоо хасах, бүтцийг өөрчлөх шууд үндэслэл болохгүй.

3.3. Нэхэмжлэгч нь шалгалтаа өгч, хууль ёсны тушаалаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч мөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хууль бус зохиомол цомхотголыг зөвтгөж иргэний хуулиар хамгаалагдсан баталгааг үгүйсгэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Хууль зүйн тодорхой үндэслэл заагаагүй акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасныг зөрчсөн тул хүчингүй байх ёстой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Ю.Иоос Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан “Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, шимтгэл төлсөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... сумын Хурлын ажлын албаны орон тоог 3 хүртэл байхаар тогтоосон Засгийн газрын 2021 оны 376 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад орон тооны цомхотгол гэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн шийдвэрт хууль зүйн нөхцөлийг буруу тодорхойлсон, маргаан бүхий акт нь миний хөдөлмөрлөх болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд халдсан” гэх зэргээр тодорхойлно.

3.2. Харин хариуцагчаас “… УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдын Хурлын ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоон, цалингийн санг хассан; аймгийн удирдлагуудтай уулзахад сумын Хурлын нарийн бичгийн даргын хэрэгжүүлж ирсэн чиг үүрэгтэй давхардсан учраас мэргэжилтний орон тоог хассан гэж тайлбарласан, Ю.Иыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан бөгөөд түүнд ажлаас чөлөөлсний тэтгэмж олгосон” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдоно. Үүнд:  

4.1. Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус сумын Хурлын ажлын албаны орон тоог “ИТХ-ын дарга /удирдах/, Хурлын нарийн бичгийн дарга /удирдах/, Ажлын албаны мэргэжилтэн /гүйцэтгэх/ гэж нийтдээ гурван орон тоотой байхаар баталж байжээ.

4.2. Ю.Иын хувьд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнээр түр томилогдсон бол сумын Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр тушаалаар жинхлэн томилогдсон. /Хэргийн 81-82, 101-103 дахь талд/

4.3. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар аймгийн 2025 оны төсөвт тодотгол оруулж, энэ хүрээнд Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажиллагсадын тоо 3 байсны “гүйцэтгэх ажилтан”-ы нэг орон тоог хасчээ.

Мөн аймгийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны төсвийг батлахдаа “2 орон тоо” гэж тогтоосон байна. /Хэргийн 42-49, 67-76 дахь талд/

4.4. Хариуцагч нь дээрх Хурлын тогтоолуудыг үндэслэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц орон тоонд өөрчлөлт орж, ажлын албаны мэргэжилтний орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалыг гаргаж, Ю.Иыг ажлаас чөлөөлсөн бол 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар түүнд 3 сарын цалинтэй тэнцэх дүнгээр тэтгэмж олгосон.

5. Хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл, маргааны үйл баримтаас үзэхэд, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан эсэх, энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.

6. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан, цалин сан батлагдаагүй болох нь тогтоогдож байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол болон төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдсөн гэж үзэхгүй, Ажлын албаны мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж үлдээгүй учраас түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дурдаагүй ч түүнийг зөвтгөснөөр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий бөгөөд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

7. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;

7.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж,

7.2. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д ““төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг /хэлнэ/;”, 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.14. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.3. батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж,

7.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.9. Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах;”, 54 дүгээр зүйлийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно” гэж,

7.4. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.

8. Дээрх хуулийн зохицуулалтуудыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, сумын төсөв, түүүний гүйцэтгэлийг баталж, өөрчлөх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь түүнд нийцүүлэн тухайн Хурлын бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох эрхийг тус тус эдлэх бөгөөд Хурлын нарийн бичгийн дарга нь тухайн Хурлын төсвийн шууд захирагч болохын хувьд хүний нөөц, байгууллагын үйл ажиллагааг батлагдсан төсөв, орон тоонд багтаах ёстой байна.

9. Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улсын 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг батлахдаа, төрийн албан реформын хүрээнд чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулах замаар цомхон, чадварлаг, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ тохиолдолд дээрх шийдвэрийг биелүүлэх зорилгоор Завхан аймаг болон Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан эрхийнхээ дагуу сумдын Хурлын бүтэц, орон тоо, цалингийн санг бууруулсныг буруутгах боломжгүй.  

10. Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Ю.Иын хувьд энэ хэсгийн 7.4-т заасан өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэх үндэслэлд хамаарах тул түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй.

11. Учир нь Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн чиг үүргийн давхардалтай албан тушаалын орон тоог хасч багасгахаар шат шатны Хурал шийдвэрлэсэн, тэр дагуу хасагдсан ажил албан тушаалыг эрхэлж байсан Ю.Иыг төрийн албанаас чөлөөлж, төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, цалин хөлс авах, төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах эрх зөрчигдөөгүй байна.

12. Засгийн газрын 2021 оны 376 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албаны орон тооны дээд хязгаарыг 3 хүртэл гэж тогтоосон бөгөөд маргааны энэ тохиолдолд дээрх нөхцөл байдал, дээд шатны байгууллагын шийдвэрт үндэслэх сумын Хурлын орон тооны дээд хязгаарт багтаан хоёр орон тоо баталсныг Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

13. Хариуцагч нь шийдвэр гаргах бодит үндэслэлийг маргаан бүхий актад тусгасан, шийдвэр нь дээрх байдлаар зорилгодоо нийцсэнээс гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон эрхийг зөрчөөгүй байх тул гагцхүү Төрийн албаны тухай хуулийг тушаалд баримтлаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүйн зэрэгцээ маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.И, түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ШҮҮГЧ                                                                   М.ЦЭЦЭГМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ        

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ