Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Т

 

Хариуцагч: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т  түүний өмгөөлөгч Ч.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн Л.Н*******, нарийн бичгийн даргаар Б.Энхжин нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. нэхэмжлэгч С.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тушаалаар Төрийн захиргаа удирдлагын газрын санхүүгийн хэлтэст Урсгал зардал хариуцсан мэргэжилтнээр туршилтын 6 сарын хугацаатайгаар томилогдон ажилласан. Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх журмын 2 дугаар хэсгийг үндэслэн туршилтын 6 сарын хугацаатайгаар томилсон. 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан. Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын дагуу туршилтын хугацаагаар томилсон хирнээ үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Эрчим хүчний яамны хөдөлмөрийн дотоод журамд ... шинээр орсон ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам бусад шаардлагатай баримт материалыг танилцуулна гэсэн байхад надад юу ч танилцуулаагүй. Ажилд томилсон тушаалыг л эх хувиар нь харуулж байсан. Намайг ажилд томилогдсон өдөр өмнө нь ажиллаж байсан н.Г******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн. Надад ажлаа хүлээлгэж өгөх гэж 10 гаран хоног яваад, надад ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй. Цалинтай холбоотой ажлыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд 09 дүгээр сарын 25-ны өдөр цалинг хамт бодоод нэг мөсөн хүлээлгэж өгнө гээд хойшлуулсан. 09 дүгээр сарын 25-ны өдөр цалин бодоход тэр хүн ирээгүй бөгөөд, 24-25-ны өдрүүдэд би өөрөө цалинг бодсон. 09 дүгээр сарын 25-ны өдөр цалин бодохдоо Л.Н******* даргын цалингийн нэмэгдэл дутуу бодсон асуудал гарсан. Тэр тухай материал хэрэгт байхгүй. 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цалингийн түвшин нэмэгдсэн. Урьд авч байсан нэмэгдлийг хэвээр үлдээх гэсэн байсан учир программ дээр өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээсэн. 26-ны өдөр энэ тухай асуудлыг ерөнхий нягтлан бодогчид мэдэгдэж, нэмж шилжүүлсэн. Цалин бодоход ерөнхий нягтлан бодогчид хянуулдаг. Энэ талаар тайлбар өг гэсний дагуу 26-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Гэхдээ надад сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй. 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга н.Б******* өрөөндөө дуудсан. Ямар асуудлаар дуудаж байгааг нь мэдэхгүй яваад ортол сахилгын шийтгэл ногдуулсан 257 дугаар тушаалыг гардуулж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг ирсэн. Тэр өдөр бүх албан хаагчдийн материалтай танилцсан. Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүйтэй танилцсан. Төрийн албаны зөвлөлд хандан 257 дугаар тушаалтай холбогдуулан гомдол гаргаж байсантай танилцаж, хувийн хэргээс материал авч явсан. Маргааш нь 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалттай байсан. 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш хэлтсийн хуралтай гэсэн. Үдээс хойш хэлтсийн хуралд ороход ажлаас чөлөөлсөн тушаал гараад ирсэн байсан. Ажлаас чөлөөлөх гэж байна, зөрчил гаргасан гэсэн тухай надад юу ч мэдэгдээгүй. 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтад хүн бүр орно гэж байсан учир шалгалтадаа бэлдээд энэ тухай юу ч мэдээгүй байсан. Санхүүгийн хэлтсийн дарга н.Баясгалан хэлтсийн хурал дээр ажлаас чөлөөлсөн тухай тушаал танилцуулж, ажил хүлээлцэх болсон. Ажлаа хүлээлгэж өгөх хугацаа өгөөгүй, хэнд хэзээ яаж хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байсан. Журмын дагуу тодорхой төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэж өгөх ёстой байдаг. 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд тус өдрийн орой харуул та ажлаас халагдсан тул оруулахгүй гээд ажил руу оруулахгүй байсан. Тиймээс ажлаа хүлээлцэж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас чөлөөлж байгаа бол ажил хүлээлцэх тухай тушаал дээр зааж , ажил хүлээлцэх хугацааны цалинг нөхөж өгнө гэж заасан байдаг гэв.

 

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй байна. Ямар эрх зүйн актаар үүрэг хариуцлага шаардаад байгаа юм бэ? Үр дүнгийн гэрээ ч байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээ ч байгуулаагүй. Ажилд томилох тушаал гарснаас хойш ажил хүлээлцсэн зүйл байхгүй. Ганц байсан нягтлан байсан ч хөөгөөд явуулсан гэж байна. Энэ тухай би мэдэхгүй. н.Г******* нь гарын үсэг зураад ажлаа хүлээлгэж өгсөн зүйл алга. Хурлын тэмдэглэл нь зөрчил тогтоосон акт болохгүй. Зөрчил гаргасан тухай тогтоосон зүйл алга. Нэхэмжлэгчийн эрх ашиг хангалттай зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гурав.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. Н******* шүүх ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн ур чадвар, зан байдал, ямар үйл явдал болсон тухай нотлох баримт дээр тулгуурлан тайлбар хийе. Нэхэмжлэгчийн зүгээс ямар буруутай үйл ажиллагаа хийсэн тухайгаа ойлгохгүй байна. Миний цалинг дутуу бодсон тухайгаа ярьж байна. Намайг хөдөө явсан хойгуур цалинг дутуу бодсон байсан. Энэ тухай санхүүгийн хэлтсийн даргаас асуухад шинээр орсон нягтлан алдаатай бодсон гэсэн. түүнээс биш сахилгын шийтгэл гарсан тухай би мэдээгүй. Тооцооны нягтлан, урсгал зардал хариуцсан нягтлан нь бүх ажилтны тушаалыг харж байх ёстой байсан. Тухайн ажилтны 100% буруу байсан учир алдаагаа битгий давтаарай гээд сануулах арга хэмжээ авсан. Төрийн нарийн бичгийн даргын баталсан цагийн баланс гэж байгаа. Түүний дагуу цалинг бодох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь тасалсан цаг хугацаагаа өөрөө дур мэдэн өөртөө цалин нөхөж олгосон. Энэ бол байж болохгүй алдаа бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нэг хэлбэр. Энэ асуудлаас болж Төрийн нарийн бичгийн дарга Санхүүгийн албаны даргад дахин арга хэмжээ авах тухай сануулга өгсөн. н.Н******* гэж хүний цалинг бас хасч бодсон. Өмнө нь манай байгууллагад санхүүтэй холбоотой ийм асуудал гарч байгаагүй учир санхүүгийн хэлтэс маш их гайхаж байсан. Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн хурлын тэмдэглэл байгаа. Энэ хурал дээр ур чадвар муу, ажилдаа хандах хандлага хайнга хандах ёстой байдал энэ байдлыг удаа дараа зөрчиж байна гэсэн. Нэхэмжлэгч намайг хамт олон гадуурхаж байна гэж хэлж байсан. Манай ерөнхий нягтлан тэтгэвэртээ гарах гэж байгаа хүн. Залуучуудыг маш их дэмждэг. Хамт цайгаа ууя гэхээр нэхэмжлэгч очдоггүй, буруу хараад л суучихдаг гэсэн. Хамт олон дундаа ордоггүй хирнээ дээшээ матахдаа маш сайн. Хамт олон дунд ийм хүн ороод ирэхээр нэг шугаманд байсан хамт олон задарч эхэлсэн. Хурал дээр энэ тухай ярьж, зөвлөмж өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ярьж байна. Төрийн албаны зөвлөлийн нээлттэй сонгон шалгаруулалт болсон. Түүнд Эрчим хүчний яамны урсгал зардал хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан. Би өөрөө шалгалтын комисст байж ярилцлага авсан. Ажлын байрны тодорхойлолтыг мэдээд энэ ажилд орсон. Гэтэл өнөөдөр огт хараагүй, мэдээгүй юм шиг ярьж байгааг нь гайхаж байна. Надад юу ч танилцуулаагүй, юу хийх гэж байгаагаа мэдээгүй гэсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан тэр зүйлүүдийг хараад, шалгаруулалтад тэнцээд ажилд орсон. Энэ тухай маш сайн мэдэж байгаа. Туршилтын хугацаанд ажиллаж байгаа хүнтэй үр дүнгийн гэрээ байгуулдаггүй. Үр дүнгийн гэрээг хариуцсан н.Б******* гэж хүн ажилладаг байсан. Ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн мэргэжилтэн н.Н******* гэж хүн ажиллаж байна. Дээрх 2 хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ёстой байсан ч байгуулаагүй. Энэ нь н.Б*******ийн буруу. Ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа. Хүний нөөцөөс хангалттай тайлбарыг өгсөн гэж үзэж байгаа.

 

Нэхэмжлэгч ажлаа огт хүлээлгэж өгөөгүй. Тэмдэглэл дээр энэ тухай байгаа. Төрийн нарийн бичгийн даргын зүгээс халах тухай чиглэл өгсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгч үүнийг мэдэж байсан. 09 дүгээр сарын 25-ны цалинг н.Г*******тэй хамт бодох ёстой байсан ч ирээгүй гэж байна. Ажилд орох тушаал гараад ажилдаа ороод 22 хонож байж хамтарч цалин бодно гээд өмнөх хүнээ яриад байгааг нь гайхаж байна. Шалгалтаар ирсэн ажлын хэсгийг далимдуулж хоморголж ажлаас халсан зүйл байхгүй. Өөртөө цалин нөхөж бодсон болон н.Н*******тэй холбоотой асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга тушаалаа гаргасан. Энд Төрийн албаны зөвлөл ямар ч хамааралгүй. Ажлаас халах гэж байгаа тухай хэлтсийн дарга нь хэлсэн байсан. Нэхэмжлэгч ажлын бус цагаар ажлын өрөөндөө орох гэсэн учир харуул оруулаагүй байсан. Энэ хүн юу ч хийж магадгүй гэж бодож Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг нь авсан. Учир нь Сангийн яам дээр очоод өөрийн эрхийг хаалгасан байсан. Төрийн албан хаагч эхлээд мэдэгдээд дараа нь яамнаас хаалгах ёстой байсан. Үүнээс үндэслээд Эрчим хүчний яам тодорхой хэмжээнд санхүүгийн доголдолд орсон. Эрчим хүчний яам нь төрийн онцгой объект. Үүнээс болоод нэхэмжлэгч асар том хариуцлага хүлээх ёстой байсан ч ахлах мэргэжилтэн томилж эрхийг нь нээж, хурдацтай ажилласан. Нэхэмжлэгч явахдаа сэйфээ цоожлоод явсан. Онгойлгох ямар ч боломж байгаагүй. н.Г******* маргааш гадагшаа явах гээд байна Нийгмийн даатгалын дэвтрээ авъя гэхээр тэр хамаагүй би шүүх дээр байна. Ялаад очно тэгэхээр аваарай гэж хэлсэн гэсэн. Бид тэмдэглэл хөтөлж байгаад эвдэж авсан. Төслийн нэгж гэж байдаг. Эрчим хүчний яамны санхүүгийн хэлтсийн дарга болон ахлах нягтлан бодогч нарт төслийн нягтлан бодогч нар нэхэмжлэгчийн зан байдал хэцүү, бид нарт маш дээрэлхүү хандаж байна гэж гомдол гаргасан. Нэхэмжлэгчийг Төв аймгаас ирж байсан гэдгийг мэднэ. Надтай бол зүгээр л харьцдаг. Энэ бүх харахад хувь хүний зүгээс тухайн гомдлууд үнэн юм байна гэж дүгнэсэн. Төрийн албан хаагчийн захирах захирагдах ёс гэж байдаг. Шалгалтаар ирсэн комиссын дунд шууд удирдах газрын дарга нар нь байхад яамны бүх ажилчдыг муулж эхэлсэн. Тусдаа байхад нь бичгээр энэ бүхнээ хэлж болно. Хариуцаж байсан ажилтан нь хүртэл гайхаж байсан. Нэхэмжлэгч өмнө нь Татварын хэлтэст ажилладаг байж байгаад ажлаасаа халагдаад шүүхээр явж байсан. Энэ тухай баримтыг гаргуулж нэхэмжлэгчийг зан байдлын хувьд ямар хүн бэ гэдгийг батлах гэсэн ч шүүх энэ тухай хүсэлтийг хүлээж аваагүй. Өөрт нь ямар нэгэн зүйл таалагдахгүй л бол буруу гэж үздэг. Хамгийн эхний гаргасан зөрчлийг хүлээж, тайлбар гаргасан байсан. Төрийн албаны зөвлөлд хариу тайлбар хүргүүлэхдээ энэ тухай дурдсан. Бид журмын дагуу л арга хэмжээ авсан. Алдаа гаргахад нь сануулсан, арга хэмжээ авсан. Гэтэл ахиад алдаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараахь байдлаар дүгнэлээ.

 

1. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 257 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн С.Т г цалингийн тооцоог удаа дараа дутуу гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр сануулах шийтгэл ногдуулжээ.

 

Нэхэмжлэгч ...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн захиргаа удирдлагын газрын дарга намайг өрөөндөө дуудаж сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг гардуулж өгсөн. Энэ талаар надад урьдчилан танилцуулаагүй, ...шууд гардуулсан тул Төрийн албаны зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан... гэж хариуцагч ...гүйлгээний бичилтүүдийг удаа дараа буруу бичих, улмаар цалин буруу бодох алдаа гаргасан тул сахилгын арга хэмжээ авагдсан... гэж маргаж байгаа болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхмжлэгч С.Т  нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Албан үүргийг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 221 дүгээр тушаалаар Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын яамны Урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6-н сар туршилтын хугацаагаар томилжээ.

 

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн С.Т  хуулийн хэлтсийн дарга Л.Н*******ийн сарын үндсэн цалин 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 797,701 төгрөг болж нэмэгдсэнийг ...шинэчилсэн цалингаар бодоогүй, өнөөдөр нэмж бодсон гэж бичсэн тайлбар, төлбөрийн хүсэлт, эрчим хүчний яамны 2018 оны 9 дүгээр сарын цалингийн мэдээ,... нягтлан бодогч С.Т  гэсэн баримтуудаар хариуцагчийн гаргасан ..гүйлгээний бичилтүүдийг удаа дараа буруу хийж, цалин буруу бодсон гэсэн тайлбар нотлогдож байх тул Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 257 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлагын тухайд:

 

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 72 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэний жагсаалын 6 дугаарт Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын Урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд С.Т г бүртгэж, томилуулахаар тогтоолыг хүргүүлсэн үйл баримтад талууд маргадаггүй.

 

Дээрх тогтоолыг үндэслэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Албан үүргийг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 221 дүгээр тушаалаар С.Т г тус яамны Урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6-н сар туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-т Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл тогтоож болно, 18.2-д ...туршилтын хугацаа хэрэглэх болзол журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно гэснийг мөн Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын 1-т Төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчаар бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа тогтоож, хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө, 2-д Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ...намайг ажилд томилсон боловч ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулж ажлын байрны тодохойлолт, хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй... гэж хариуцагчийг буруутгадаг боловч ажлын байрны тодорхойлолтоор ...яамны ажилчдын цалинг бодож олгох... чиг үүргийг Урсгал зардлын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэдэг, энэ үүргээ гүйцэтгэхдээ гүйлгээний бичилтийг буруу бичих, цалин буруу бодох алдаа гаргаж Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ авагдсан боловч дахин батлагдсан цалингийн хүснэгт-ийг зөрчиж цагийн бүртгэлээр хасагдсан цалинг хасч бодолгүйгээр өөртөө олгож мөн 2018 оны 11 дүгээр сарын цалинг бодохдоо У.Н*******ийн цалин хасаж бодсон алдаа гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Захиргаа удирдлагын газрын санхүүгийн хэлтсийн хурлын тэмдэглэл, 11 дүгээр сарын цалингийн мэдээ, цалингийн тооцоо хүснэгт нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг зөвтгөх боломжгүй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-т Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно, 18.2-д ... туршилтын хугацаа хэрэглэх, болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 8-д Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгуулллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно, Эрчим хүчний яамны Хөдөлмөрийн дотоод журамын 3.2-д ...мэргэжлийн шалгалтанд тэнцсэн...албан хаагчийг шаардлагатай гэж үзвэл туршилтын хугацааг 1 жил хүртэл тогтоож...төрийн жинхэнэ албан хаагчаар томилох эсэхийг шйдвэрлэнэ, 3.4-д ... хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан шинээр томилогдсон ажилтанд яамны хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, эрх, үүрэг, цалингийн сүлжээ зэрэг бусад мэдээллийг танилцуулна гэж заажээ. Үүнээс үзэхэд Төрийн албанд нэр дэвшиж, тэнцсэн этгээдийг туршилтын хугацаагаар томилж, энэ хугацаанд томилогдсон этгээд удаа дараа ажлын алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон тул туршилтын хугацаа дуусахаас өмнө эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн этгээдийг албан тушаалаас чөлөөлсөн зөв байна.

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-т ...Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо...тангараг өргөнө, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 6-д Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн

 

биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллах эсэхийг шийдэх туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд туршилтын хугацаанд амжилттай ажилласан бол Төрийн албан хаагчийн тангараг өргөж. Төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох болзолыг хангаж Төрийн албаны тухай хуулийн /2002/ 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээж, эрхийг эдлэх мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж боломжгүй байжээ.

 

Эдгээр нөхцөл байдлын үндсэн дээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 лүгээр сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 257 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай 307 дугаар тушаалууд хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-д заасныг баримтлан С.Т гийн нэхэмжлэлээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргаснаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэрийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ