Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“ЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00501 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “П” хийдэд холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 100 223 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “ЦК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэгц капитал” ББСБ нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “П” хийдтэй зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. Өмнөх хамба ламтай гэр бүлийн сүсэг бишрэлийн харилцаатай, танилууд байсан учир барьцаагүй зээл олгосон. Зээлийн хүүнд 2014 онд 6 000 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад өмнөх зээлийн гэрээний нөхцлийг хэвээр хадгалж, зөвхөн хугацааг нь 2 удаа сунгаж байсан. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч талаас нийтдээ хүүнд 58 230 000 төгрөг төлсөн.

   Өнгөрсөн хугацаанд хийдийн хамба лам нь нас барсан бөгөөд хийдийн удирдах эөвлөлөөс дараагийн хамба ламыг томилох мөн зээлийг хэрхэн төлж барагдуулах талаар хийдийн удирдлагуудтай удаа дараа уулзсан. Иймд зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлд 50 000 000 төгрөг, зээлийн хүүнд 41 852 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8 370 520 төгрөг, нийт 100 223 120 төгрөгийг хариуцагч “П” хийдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “П” хийд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд дээрх хугацаанд төлөх ёстой хүү нь 19 500 200 төгрөг болно. Гэрээний хугацааг сунгаагүй. Талууд зээлийн гэрээний хугацаа сунгах талаар ярилцаж байсан гэх боловч энэ талаар баримтгүй. Бид зээлийн хүүг тогтмол төлж ирсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хийдийн санхүү эрс хүндэрсэн. Нийт 58 230 000 төгрөг буюу анх авсан зээлээс илүү төлөлт хийсэн байхад үндсэн зээлээс хасагдаагүй.

   Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд үүргийн гүйцэтгэлийн талаар бидэнд мэдэгдээгүй. Нэхэмжлэгч тал 2015 он, 2016 онд зээлийн гэрээг сунгасан баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн ба шинжээчийн дүгнэлтээр дардас байж болзошгүй гэсэн. Зээлийн гэрээний 2.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20 хувьтай тооцно гэж заасан боловч энэ нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаартай “Банкны хүү бодох аргачлал, хүү тооцох төлбөрийн журам”-ыг зөрчсөн. Хугацаа сунгаагүй, зээлийн гэрээний үүрэгт 14 797 500 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг үндсэн зээлээс хасуулна. Үндсэн хүүгийн төлбөр тооцоо үнийн дүнд маргаангүй. Зээлийн хүүгийн төлөлтийн графикийг танилцуулаагүй, үндсэн зээлээс хасахгүй, зөвхөн хүү тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” хийдээс 78 714 998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 508 122 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” хийдээс 551 525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЦК” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2014 оны 3 сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хугацааг сунгаж байгаагүй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээг сунгаж байсан мэтээр 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГН15/08 тоот, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГН16/05 тоот "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-г нотлох баримтаар тус тус гаргасан боловч уг гэрээ бичиг хэрэгслээр зурсан шинж байхгүй, гарын үсгийн даралт үүсээгүй болохыг шинжилгээний байгууллага тогтоосон. Хуулийн этгээд аливаа гэрээ хэлцэл байгуулахдаа төлөөлөх этгээдийн гарын үсгээс гадна байгууллагын тамга зайлшгүй байж гэрээ хүчин төгөлдөр болно. Дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2 гэрээ нь гарын үсэг зурагдсан мэт боловч байгууллагын тамга дарагдаагүй нь гэрээний хүчин төгөлдөр бус байх нөхцөл бий болсон.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн хувийн хэрэг нээгээгүй мөн зээлийн бодит өртгийн тооцоолол хийгээгүй. Анх авсан зээлээсээ давсан хэмжээний хүү буюу нийт 58 230 000 төгрөгийн төлөлт хийсэн боловч үндсэн зээлээс хасагдаагүй. Зээлийн бодит өртгийн тооцоолол хийсэн бол үндсэн болон хүүнд хэдэн төгрөгийг сард өгөх нь тодорхой болох байсан. Нэхэмжлэгч өөртөө давуу байдлыг бий болгон хүүгийн дарамтанд оруулж байна.

Талуудын байгуулсан гэрээний 2.4-т үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан нь Монгол банкны еренхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаартай Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам"-н 2.4-т ...зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй... гэсэнтэй зөрчилдөж байх тул нэхэмжлэгч зээлийн хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “ЦК” ХХК нь хариуцагч “П” хийдэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100 233 120 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “ЦК” ХХК нь зээлдэгч “П хийдэд 50 000 000 төгрөгийн сарын 5 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь сар бүрийн 18-ны өдөр зээлийн хүү төлж, уг хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 50 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар нотлогддог. /хх-10-11/

Дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцэх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх уг эрх зүйн харилцааг зөв тодорхойлон талуудын хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар, мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 58 230 000 төгрөг төлсөн гэдэгт маргаангүй, харин 2015, 2016 онд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн зээлийн төлөлтийг үндсэн зээлийн хүүгээс хассан нь хуулийн үндэслэлтэй эсэх талаар марган, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 3 дугаар сарын 18, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдэд “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулан, зээлийн гэрээний хугацааг 1, 1 жилээр сунгаж, гэрээнүүдийн 7.2 дахь заалтаар “Энэ гэрээг талууд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болох”-оор тохиролцсон байх бөгөөд гэрээнд нэхэмжлэгч “ЦК” ХХК-ийг төлөөлж захирал Э.Улсболд гарын үсгээ зурж, тамга дарсан, хариуцагч “П” хийдийг төлөөлж хамба лам Б.Ариунболдын гарын үсэг зурагдсан байна. /хх-59-60 дахь тал/

Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилон маргаж буй 2 гэрээний зээлдэгчийг төлөөлж зурсан талийгаач хамба лам Б.Ариунболдын гарын үсгийг компьютер графикийн арга ашиглаж зурсан эсэхийг шинжлүүлэхэд шинжээч нь уг гарын үсгүүд нь “дардсан гарын үсэг байна” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-156-158 дахь тал/

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай нэмэлт гэрээнүүд нь талуудын тохирсон гэрээ хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй учир тэдгээрийн байгуулсан 2014 оны зээлийн гэрээний хугацааг сунгагдаагүй гэж үзнэ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж зохигчдын байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгагдсанд тооцсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч  тал зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүүд 30 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг нэхэмжлэгч компанид төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн гэрээний болон хугацаа дууссанаас хойшхи хугацаанд нийт 58 230 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог бөгөөд энэ талаар хэн аль нь маргаангүй. /хх-10-11, 25/

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн өр тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн өрийг тооцохдоо хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч тооцооллын хувьд зөрүүтэй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 58 230 000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Иймээс хариуцагчийн дээрх төлөлтийг гэрээний хугацаанд гүйцэтгэх үүргээс хасвал үндсэн зээлийн өрд 21 770 000 төгрөг /80 000 000-58 230 000/ төлөх үлдэгдэлтэй байх ба уг өрөөс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцвол 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүгийн өрд 31 566 500 төгрөг /21 770 000 х 5%=1 088 500 х 29 сар/, нэмэгдүүлсэн хүүд 6 313 300 төгрөг /31 566 500 х 20%/, нийт 59 649 800 төгрөгийг зээлийн өрд төлөхөөр байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00501 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “78 714 998” гэснийг “59 649”800” гэж, 2 дахь заалтын “551 525” гэснийг “456 199” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551 524 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД