Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1465

 

        

 

 

 

 

 

 

 

2023               12             12                                       2023/ШЦТ/1465    

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Янжиндулам, хохирогч Л.***,

            шүүгдэгч О.*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.***д холбогдох эрүүгийн 2308 00000 0701 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** багт оршин суух, урьд:

- Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг биелүүлсэн,

  *** /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.*** нь “Ооgii Otgoo” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашиглаж “хямд машин зарна” гэсэн зарыг 94609627 дугаартай хамт байршуулж улмаар тухайн дугаарт холбогдон хохирогч Б.***г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 850.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч залилсан,

Мөн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус-2 хорооллын замын эсрэг талд байрлуулсан байсан Л.***ын эзэмшлийн *** улсын дугаартай, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Л.***т 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1143 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон дахин үнэлгээ  хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч О.***.

1. Шүүгдэгч О.*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч О.*** нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус-2 хорооллын замын эсрэг талд байрлуулсан байсан Л.***ын эзэмшлийн *** улсын дугаартай, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг бусдад задаргааны машин гэж худалдсан буюу хулгайлсны улмаас хохирогч Л.***т 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

2.1. Энэ нь хохирогч Л.***ын "... Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслээ унаж яваад эвдрэл гарсан тул Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Залуус 2 хорооллын эсрэг талын зам дагуу тавьчихсан юм. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд дэлгүүр орж тамхи авах гээд гартал миний машины урд копуд нь онгорхой байхаар нь хаачхаад эргээд гэртээ орж амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд ажил хөөцөлдөх гээд гартал миний машин алга болсон байсан юм. Тэгээд тухайн үед би машинаа хулгайд алдсан гэж бодоогүй хажуу талд нь барилгын ажил явагдаж байсан тул тухайн барилгын ажилчид ийш тийш нь байрлуулсан байх гэж бодоод тухайн үед яваад өгсөн. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ ирээд байрныхаа орчимд өөрийнхөө машиныг байгаа эсэхийг шалгаад танил хүмүүсээс асуусан чинь мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх13-15/,

- гэрч Э.***ын “... Би 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны мал бордоход байрлалтай ажил дээрээ байсан. ..Тэгсэн зүс таних *** гэх залуу миний *** дугаар луу **** гэх дугаартай утаснаас холбогдож “намайг Сонгинохайрхан дүүрэг Партизан гэх нэртэй газраас ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь ***г чи өөрөө наашаа хүрээд ир гэж хэлсэн. Би ***д 5.000 төгрөг шилжүүлж өгөхөд надтай уулзахаар манай ажлын харалдаа зам дээр ирсэн. Тэгээд ***тэй уулзахад “хүнээс мөнгө авах ёстой аваад өгөөч, чамд 50.000 төгрөгт бензин хийгээд өгье” гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад ***гийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн авто сургууль нэртэй автобусны буудал дээр очсон. Тэгсэн *** “би архи уучихсан байгаа юм чинь *** гэх дугаар луу холбогдоод *** гэх дугаарыг хэлээд 150.000 төгрөг авчих” гэж хэлсэн. Би ***г яагаад өөрөө буухгүй байгаа мөн ямар учиртай мөнгө авах гэж байгаа талаар асуухад *** надад хэлэхдээ машин зарсан юм би өөрөө архи суучихсан согтуу байгаа учир хүнтэй уулзмааргүй байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад ***гийн мөнгө авах ёстой гэх хүнтэй дээрх *** гэх дугаараас холбогдож уулзаад мөнгийг нь авах гэхэд бордуу царайтай, хар хувцастай 20 орчим настай залуу байсан. Тэгсэн тухайн залуу надаас асуухдаа таныг явуулсан хүн хаана байгаа юм бэ, таны явуулсан хүн надад худлаа хэлээд өөр хүний машин зарчихсан байна, цагдаа дээр дуудагдаад байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх17/,

- гэрч Г.***ийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг Нарангийн голд зүс таних ахынхаа гэрт байхад 12:00 цагийн орчим манай найз Ган- Эрдэнэ над руу холбогдсон. ***э нь хүнээс машин очиж авах гэсэн юм. Очоод чирээд аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн *** улсын дугаартай Соната-6 загварын саарал өнгөтэй авто машинтайгаа ***э дээр очсон юм. Тэгээд бид хоёр 21 дүгээр хорооллын байшин хороолол дундаас цагаан өнгийн марк 2 загварын асдаггүй авто машиныг очиж авсан. Би өөрийн авто машинаар чирээд ***э тус марк 2 загварын авто машиныг барьж явсан. Бид хоёр ***ийн гэр рүү буюу Сонгинохайрхан дүүрэг *** дугаар сургуулийн ард байх гэрт нь очиж чирч явсан марк 2 загварын автомашиныг буулгасан юм. ..***э тус авто машиныг хүнээс худалдаж авсан. Намайг чирээд өгөөч гэж л хэлсэн. Би тухайн машиныг ямар учиртай талаар огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 19/,

- гэрч Г.***ийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 42-08 тоот гэртээ байхдаа фэйсбүүк дээр өөрийн Gan-Erdene ganuush гэх нэртэй хаягаас задаргааны машин авна гэж пост оруулсан байсан юм. Тэгсэн “Bi chamd hairtail” гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч Сонгинохайрхан дүүрэг авто сургуулийн эмнэлгийн урд замын хажууд цагаан өнгийн 105 марк 2 байна. Худалдаж авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хэдэн төгрөгт өгөх юм бэ гэж асуухад 600.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би зарах гэж байгаа машиныхаа эвдрэл гэмтлийг асуухад тухайн хүн кроп эвдэрсэн, стартер байхгүй, катушк, аккумлятор байхгүй, cheaser загварын авто машины гэрчилгээтэй, гэрчилгээ зөрсөн байгаа гэж хэлсэн. Тус авто машины эвдрэл гэмтлийг сонсоод 450.000 мянган төгрөгт худалдаж авахаар фэйсбүүкээр харилцан хүнтэйгээ тохиролцсон. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад дээрх фэйсбүүкээр харилцсан хүн миний дугаарыг өмнөх өдөр нь авсан байсан, миний өөрийн *** дугаар руу *** гэх дугаараас холбогдож өчигдөр хоёр, гурван хүнд үзүүлсэн, машины эд зүйлс алга болчихгүй байгаа чи авахаар бол гялс очоод аваач гэж хэлсэн. Тэгээд би өөрийн найз ***ийн “Г.***” нэртэй фэйсбүүк хаяг руу нь өөрийн фэйсбүүк хаягаас холбогдож 21 дүгэр хорооллоос машин чирч ирэх шаардлагатай байна хүрээд ирээч гэж гуйсан юм. *** удалгүй ирэхээр нь дээрх фэйсбүүкээр харилцсан хүний *** дугаар луу холбогдоод машин дээр чинь ирсэн байна. Мөнгө шилжүүлэн авах дансаа өгчих гэж авсан. Тэгээд би өөрийн Хаан банкны *** дугаартай данснаас Хаан банкны *** дугаартай Отгон гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн юм. Үлдэгдэл 150.000 төгрөгийг дараа нь өгье гэж хэлсэн. Над руу ойр ойрхон залгаад машин авах бол хурдан очоод авчих гэж шалаад байсан бөгөөд надад 300.000 төгрөг байна, 450.000 төгрөг хүрэхгүй байна гэхэд 150.000 төгрөгийг дараагаар нь машин дотроосоо эд зүйлсээ авахдаа авчихъя гэж хэлсэн. Би худалдаж авсан марк 2 загварын цагаан өнгөтэй авто машиныг өөрийн засварын газар буюу гэртээ авчраад задалж урд, хойд гупер, урд хоёр гэрэл, хоёр кирлан, дөрвөн обуд зэргийг өөр хүний машинд тавьж явуулсан. Тэгсэн цагдаагийн байгууллагаас надтай холбогдоод хулгайд алдсан машин авч явсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирээд надтай холбогдсон хүнийг олж өгөхийн тулд фэйсбүүкээр дахин харилцаж үлдэгдэл мөнгөө ав гэж хэлж дуудаж уулзаад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх21/,

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх5-10/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Хөсөг трейд нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх26-28/, Г.***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх32/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан мэдүүлэгтэй холбоотой хохирлын үнэлгээг дахин хийсэн бөгөөд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2023.12.08-ны өдрийн 1042 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд автомашинаас алдагдсан эд зүйлсийн хохирлын дүнг 2.140.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.*** нь хохирогч Л.***ын өмчлөлийн *** улсын дугаартай тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслийг орон сууцны гадна зам дагуу байршуулсан, мотор эвдрэлтэй, ашиглахгүй байгаа байдлыг ажиглан тээврийн хэрэгслийг задаргааны сэлбэгт өгнө гэсэн саналыг Г.***эд тавьж зарсан, Г.***э нь холбогдох баримтыг нягтлан шалгалгүй худалдан авч, ачиж яван зарим эд ангийн бусдад зарсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ тохиолдолд хохирогч Л.***ын өмчлөх эрх зөрчигдөж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийг Г.***э чирч явсан нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр үйлдэл гүйцэтгэж байна гэж хайхрамжгүй хандсан байна. Тодруулбал, Г.***э нь тээврийн хэрэгслийг зарж буй хүн өмчлөгч мөн эсэхийг нягтлан шалгах ёстой байсан ба хэрэгт хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн түүнийг хуульд заасан иргэний хариуцагч болгох үндэслэл байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан. Тиймээс хохирогч Л.***ын тээврийн хэрэгслийг хулгайлсан үйлдлийн гүйцэтгэгчийг шүүгдэгч О.*** гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

Улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч О.***г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

2.2. Шүүгдэгч О.*** нь “***” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашиглаж, “хямд машин зарна” гэсэн зарыг *** дугаартай хамт байршуулж хохирогч Б.***г хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон 850.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Х.*** гэх хүний Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч залилсан  нь дараах байдлаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.***ий “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цахим фэйсбүүкийн “Ооgii oogii” гэсэн цахим хаягтай үл таних хүнтэй Бонго Жи-2 машин зарна гэсэн зараар *** дугаарын утсаар холбогдоод надад Бонго Жи-2 машинаа зарна, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд миний машин байгаа, тэнд би машинаа барьцаанд тавьсан байгаа гэж надад хэлсэн. Тэгээд барьцаанаас суллахад 850.000 төгрөг хэрэгтэй байна, та урьдчилгаа болгоод явуулчих, би Хутаг-Өндөр сумаас Тариалан суманд авчирч өгье гэсэн. Тэгээд би Мөрөн сумаас Тариалан сумын урд талын хөндий орсон ирээгүй, утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь би Хутаг-Өндөр сум орсон. Надтай тэр хүн утсаар ярихдаа өөрийгөө Энхээ гэж хэлж байсан. Би Хутаг-Өндөр сум орж Энхээ гэдэг Бонго Жи-2 машинтай хүн байдаг уу гэж сурсан чинь тийм хүн байхгүй гэж байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Надад зураг бичлэг үзүүлсэн зүйл байхгүй, би гар утсаар яриад итгээд л мөнгөө шилжүүлсэн. Надад хаана юу хийдэг талаараа хэлээгүй... *** гэдэг хүний *** дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 70-75/,

гэрч Х.***ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хангай захад нүүрс зардаг юм. Хангай зах дээр 2018 онд портерын жолооч хийдэг байсан *** гэж залуу хоч нь Улаанаа нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр намайг Хангай зах дээр байж байтал над дээр ирж "...эгчээ манай ах Хөвсгөлөөс над руу машины мөнгө шилжүүлэх гэж байна та надаа картаа өгөөч” гэж асуугаад миний дансыг аваад ах руугаа явуулсан ба удахгүй миний дансанд 850.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би эгчид нь бэлэн мөнгө байхгүй чи яаж авах юм бэ, гэхэд миний картыг гуйж аваад АТМ орж миний картаас 850.000 төгрөгөө гаргаж авчхаад, миний картыг өгөөд эгчээ баярлалаа гэж хэлээд өвөл авсан мод нүүрсний өрөө аваарай гэж хэлээд 50.000 төгрөгийг надад өгөөд явсан юм. *** нь надаас 2022 оны өвөл мод нүүрс зээлж авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх85-86/,

Хохирогч Б.***ий эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулга /хх 103/, гэрч Х.***ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулга /хх 107/, шүүгдэгч О.***гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдал зориуд үүсгэх зэрэг аргаар эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.

Шүүгдэгч О.*** нь фэйсбүүкт “Бонго Жи-2 загварын автомашин зарна” гэсэн хуурамч зарыг байршуулсан хохирогч Б.***д Булган аймгийн Хутаг-Өндөр суманд барьцаанд тавьсан автомашиныг зарна гэж итгүүлж, 850.000 төгрөгийг авчээ. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.***г цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориуд бий болгон хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

3. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***д 850.000 төгрөгийн, хохирогч Л.***т 2.140.000 төгрөгийн хохирол тус тус учирсан хохирол төлөөгүй байна.

4. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***гээс нийт 2.990.000 төгрөг гаргуулж хохирогч Л.***т 2.140.000 төгрөг, хохирогч Б.***д 850.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

5. Улсын яллагчаас шүүгдэгч О.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, дүгнэлт, санал гаргасан.

6. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна, ажил хийж хохирлоо төлөх хүсэлтэй байна, хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.   

7. Шүүгдэгч О.*** нь шунахайн сэдэлттэйгээр бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

8. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.

Шүүгдэгч О.*** нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь гэрч Б.Даваацэцэгийн мэдүүлгээр тогтоогдсон /хх79/, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлсан үндэслэлээр цагдан хоригдсон, хохирол төлөөгүй байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

9. Иймд шүүгдэгч О.***гийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 8 сараар тогтоон, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***гийн 2023.10.10-2023.12.12 хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгон, хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 8 /найм/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***гээс нийт 2.990.000 төгрөг гаргуулж хохирогч Л.***т 2.140.000 төгрөг, хохирогч Б.***д 850.000 төгрөгийг тус тус олгуулсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР