Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0460

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Т Т М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Б

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

 

Нэхэмжлэгч: “Т Т М” ХХК

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “И” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10885 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаартай Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дүгээр захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дүгээр “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “Т Т М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2026/0005 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.П, Б.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 119/2025/0047/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т Т М” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10885 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаартай Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дүгээр захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дүгээр “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “Т Т М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаартай Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтуудыг баримтлан бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тендерт шалгарсан "И" ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар 26.4-д заасан шаардлагыг хангаагүй.

Уг тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.1.2-т “Оролцогчид техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байх ёстой” гэжээ. Гэтэл “И” ХХК-ийн гэрээний туршлагыг нотлох үүднээс ирүүлсэн гэрээ нь "Даблью ти эл ди" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан "Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ" гэх нэртэй. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн сэлбэг хэрэгсэл нь Тендерт дурдсан Өрмийн машины сэлбэг, эд ангид хамаарахгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд шийдвэр нь хууль бус юм.

3.2. “И” ХХК нь Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 66 дахь хүснэгтэд заасан Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх эсвэл түүнтэй дүйцэх эд ангийг нийлүүлэх гэж байна уу гэдэг саналаа тендер ирүүлэхдээ тодорхой илэрхийлэх ёстой байтал “И” ХХК нь Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх үү эсвэл түүнтэй дүйцэх өөр эд ангийг нийлүүлэх үү гэдэгт тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Тендерийн тодорхойлолтод заасан ямар төрлийн эд ангийг захиалагчид нийлүүлэх гэж байгаагаа, хоёрдмол санаагүйгээр ойлгомжтой илэрхийлээгүй байхад Эрдэнэт үйлдвэрийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар өөрсдөө бие даан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

3.3. “И” ХХК нь маргаан бүхий тендерт ОХУ-ын Воронеж хот, Чебышева гудамж, 13 байранд оршин байрлах “УГМК Рудгормаш-Воронеж” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” гэх албан бичгийг тендерт ирүүлсэн. Гэвч компанийн нэр нь “УК Рудгормаш” ХХК болон өөрчлөгдсөн, тендерт ирүүлсэн уг албан бланкийг ашигладаггүй, 2025 оны байдлаар Ерөнхий захирал В.К.Заботин гэх хүн ажилладаггүй, өмнө нь уг компанид ажиллаж байгаад ажлаас гарсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “Рудгормаш компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг эрх бүхий этгээд гарын үсэг зурж ирүүлээгүй гэдгийг тогтоох, энэ үндэслэлээр уг баримтыг хуурамч гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Мөн дээрх тендерийн саналд дурдагдаагүй ОХУ-ын “Т-И” ХХК-тай Захиалагчийн Техникийн тодорхойлолтод заасан 85 нэр төрлийн бараа бүгдийг нь 94,322,196 рублээр худалдан авахаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/2025-ТИ гэрээгээр тохиролцож, гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм байхад хариуцагчаас тендер хууль ёсны дагуу явагдаж байгаа гэх тайлбар гарган оролцож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “хариуцлагатай байх зарчмыг” зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь Хуурамч нотлох баримт гарган өгч, тендерт дурдаагүй өөр компаниас бараа, сэлбэг, хэрэгсэл нийлүүлэхээр тендерт оролцож байгаа байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрөх ёсгүй.

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ЭҮТӨҮГ/20250102440 дугаар тендерт шалгарсан “И” ХХК нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн ирүүлсэн болохыг тогтоолгохоор Сангийн яаманд мэдээлэл гаргасан, гэтэл Сангийн яамны Улсын ерөнхий байцаагчаас гомдол, мэдээлэлд ажиллагаа үүсгэх үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасны эцэст Ерөнхий байцаагчаас “Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж”-ийг гаргаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхлүүлсэн байх боловч хяналт шалгалтын дагуу ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа” гэж дүгнэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэхгүй орхисноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг зөрчсөн.

3.6. Захиалагчаас тухайн тендерт дурдсан 85 нэр төрлийн бараа, сэлбэг, дагалдах хэрэгсэл тус бүрт үйлдвэрлэгч, эсхүл борлуулагчийн зөвшөөрөл ирүүлэхийг тендерийн баримт бичигтээ шаардаагүй. “Т Т М” ХХК-ийн ОХУ-ын 2 компаниас авсан итгэмжлэл, зөвшөөрлөөр багцад дурдсан 85 төрлийн сэлбэг, эд анги, дагалдах хэрэгслийг нийлүүлэх бүрэн боломжтой байсан. “И” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигтээ дурдаагүй, илүү баримт ирүүлсэн нь түүнийг шалгаруулах, бусад оролцогчдыг ижил үндэслэлээр татгалзах үндэслэл болохгүй.

3.7. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.10.3, 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг тус тус зөрчсөн.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар зүйлийн 02-ны өдрийн 119/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Т Т М” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10885 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж,  тэмдэглэлийн “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаартай Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дүгээр захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дүгээр “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “Т Т М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ...тендер шалгаруулалтын шаардлагыг хамгийн сайн хангасан буюу хамгийн бага үнийн санал хүргүүлсэн, нэхэмжлэгч нь Рудгормаш компанийн албан ёсны диллерийн хувьд СБШ-250 МНА-32 өрмийн машины бүх сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг шууд худалдан авч нийлүүлэх боломжтой албан бичгээр илэрхийлж холбогдох баримтыг бүрдүүлсэн байхад ТШЗ 20.1-д заасан шаардлагыг хангахгүй гэж захиалагчаас дүгнэсэн нь үндэслэлгүй; “И” ХХК-ийн хувьд Рудгормаш компанид ажиллахаа больсон В.К.Заботин гэх хүний гарын үсэгтэй хуурамч мэдэгдэл ирүүлсэн, мөн үйлдвэрлэгчээс зөвшөөрөл аваагүй тул хуульд заасан техникийн болон туршлагын шаардлагыг хангаагүй  учраас ирүүлсэн тендерээс татгалзах байсан гэх зэргээр тайлбарлажээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “... нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтын хүрээнд Автомат ЕК ВА47-100 бараанд холбогдох Үйлдвэрлэгчийн болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй учраас ТШЗ 20.1-д заасан шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн, харин “И” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг оролцогч хариуцах учраас захиалагч нотлох үүрэггүй, шаардлагад нийцсэн тендерүүдэд харьцуулах үнийн аргыг хэрэглэх тул хамгийн бага үнийн санал хүргүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэж,

3.3. Гуравдагч этгээдээс “... манайх тендерийн баримт бичигт тавьсан шаардлагын дагуу зохих ёсны баримтыг бүрдүүлсэн, харин хуурамч баримт хавсаргаагүй, нэхэмжлэгчийн хувьд ТШЗ 20.1-д заасан шаардлага хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Сангийн яамны албан бичгийг биелүүлж, манай тендерийг хамгийн сайн гэж үнэлж шалгаруулсан Үнэлгээний хорооны, захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

4. Анхан шатны шүүх “... Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актад хамаарахгүй, энэхүү дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу захиалагчийн шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг бөгөөд эрх зүйн шууд үр дагавар бий болгох захирамжилсан шинжгүй, захиргааны актын шинжийг агуулахгүй; нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан тендерийг илгээх учиртай байтал ТШЗ 20.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй болох нь ирүүлсэн тендерийн баримтыг шинжлэн судлахад тогтоогдсон учраас түүний тендерээс татгалзсан нь үндэслэлтэй; энэ үед хамгийн сайн тендер гэж үнэлэх ажиллагаа хийгдэхгүй, уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй; “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг зөрчөөгүй, тендер хянан үзэх шатанд ирүүлсэн баримт хуурамч болох нь тогтоогдоогүй; Үнэлгээний хороо болон захиалагч нь тендер хянан үзэх, үнэлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн, тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд хуульд заасан зарчмууд хангагдсан” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн хэсгийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: гээд 26.4.1. энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.4. тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана: 26.10.3. тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй; 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1. хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ”,  18.1.1.1-д “Оролцогчийн 2022, 2023, 2024 оны борлуулалтын орлого нь аль нэг жилд тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна”, 18.1.2-т “Оролцогчид тавигдах техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлага шаардах эсэх: Шаардана”, 20.1-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм, 1. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: ..., 2. Борлуулагчийн зөвшөөрөл” гэж заасан.

7. Гуравдагч этгээдийн хувьд, “У Р В” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” гэх албан бичгийг тендерт хавсаргаж ирүүлсэн, тендерийн баримт бичигт заасан туршлагын шаардлагыг хангасан буюу ирүүлсэн тендерийг Үнэлгээний хороо нь шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн талаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

8. Тендерийн баримт бичиг боловсруулах, хянан үзэх, үнэлэхтэй холбоотой Үнэлгээний хорооны чиг үүрэг хуулиар тодорхойлогдох бөгөөд энэ тохиолдолд “И” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн, улмаар гэрээ байгуулсан захиргааны үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, тендерт шалгарсан гуравдагч этгээд “И” ХХК нь техникийн тодорхойлолтын 2-6, 9-12, 14-36, 38-39, 41-43, 45, 48-51, 53-54, 58-60, 62, 84-85 дугаарын хүснэгтэд дурдсан бараа бүтээгдэхүүний тухайд үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлснийг Үнэлгээний хороо хянан үзээд, техникийн тодорхойлолтод заасан шаардлагын хангасан гэж үнэлсэн.

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх тендерт хавсарган ирүүлбэл зохих баримтыг нэгэнт нотариатаар гэрчлүүлсэн хувийн ирүүлсэн нөхцөлд тендерийн өгөдлийн хүснэгтэд заасан холбогдох шаардлагыг “И” ХХК хангаагүй гэж дүгнэж болохгүй.

9. Энэ нь дээрх хуульд заасан тендерийг хянан үзэж, үнэлэхтэй холбоотой зохицуулалтад нийцсэн болох нь тендер шалгаруулалтын баримт бичиг, гуравдагч этгээдээс ирүүлсэн тендер, тэдгээр нь захиалагчаас тогтоосон шаардлагыг нийцэж байгаа талаар тендерийн Үнэлгээний хорооноос хянан хэлэлцсэн тухай хуралдааны тэмдэглэл зөвлөмж, Сангийн яамны гомдол хянасан албан бичиг зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдоно.

10. “Т Т М” ХХК-ийн хувьд, захиалагчаас ТШЗ 20.1-д заасан нөхцөл шаардлага нь автомат iEk ВА47-100 бараанд ч хамаарахаар тендерийн баримт бичигт заасан байхад тус шаардлагыг нэхэмжлэгч хангаж ирүүлээгүй, энэ тохиолдолд техникийн шаардлагатай холбоотой ерөнхий нөхцөлийг хангаагүй гэх үндэслэлээр ирүүлсэн тендерээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Учир нь тендер шалгаруулалтад хамаарах аливаа шаардлагыг захиалагчаас тодорхойлж, тендерийн баримт бичигт тусгах, оролцогчийн хувьд тогтоосон шаардлагын дагуу тендерийг цахимаар илгээх ба тендерийн баримт бичигт заасан аль нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь тухайн тендерээс татгалзах үндэслэлд хамаарах учраас нэгэнт энэ шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

11. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2026/0056 дугаар тогтоолд “… захиалагч тендерийн баримт бичгийг хуурамч эсэхийг шалгуулахаар шийдвэрлэсэн байдал нь Үнэлгээний хорооны өмнө гаргасан шийдвэрийн үр дагаврыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй, заавал улсын байцаагчийн дүгнэлт гарсан байх, эсхүл хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад шууд нөлөөлөхгүй” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэхгүй орхисноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдав.

12. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Б.АДЪЯАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ