Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч В.Төгсбаяр,

шүүгдэгч Ц.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчин овогт Цэрмаагийн Эрдэнэбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012820 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Харчин овогт Цэрмаагийн Эрдэнэбат, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, Ноос ирээдүй ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 68 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ноос ирээдүй ХХК-ийн ажилчдын нийтийн байранд түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВУ85042718.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноос ирээдүй ХХК-ийн ажилчдын нийтийн байранд тус компанид манаачаар түр ажиллаж байсан С.Пүрэвсүрэнг үйлдвэрийн дарга Б.Мөнхмягмарт архи уусан согтуу байна гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан хана мөргүүлж бие махбодид нь тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Ноос ирээдүй ХХК-д сахиулаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд ороод эхнэр, хүүхэдтэйгээ хамт ажилчидын байранд амьдарч байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай компанид завсарчин ажилтай Эрдэнэбат 18 цагийн үед компани дотор байдаг гэртээ найзтайгаа архи уусан. Тэгээд найз нь гараад явсан. Эрдэнэбат сахиулын байран дотор орж ирээд надад найзыгаа архинд явуулчихлаа, ирэхээр нь оруулчихаарай гэхээр нь би архи уусан хүн ажлын газрын хашаанд оруулахгүй гэж хэлтэл чи ямар сүртэй юм бэ гэж хэлээд гарч яваад гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би дарга Мөнхмягмар руу утсаар залгаад Эрдэнэбат ажлын хашаанд гэр дотроо архи уугаад байна гэж хэлсэн. Дарга өөртэй нь яръя гэхээр нь Эрдэнэбатад утас оруулж өгөөд гэрт нь даргатай яриулсан...дуусахаар нь би утсаа аваад гэрээс нь гараад явтал Эрдэнэбат дуудаад толгойн чамархай хэсэг рүү нэг удаа гараараа цохиод барьж аваад коридорын цементин хана мөргүүлсэн. Би тэр үед цагдаа дуудаад дараа нь гэртээ ортол 2-3 удаа бөөлжсөн...толгой эргээд байсан нэг мэдсэн чинь эхнэр маань үнэртэй ус үнэртүүлээд сэргэсэн. Тэгээд түргэнээр гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн. ...Эрдэнэбат миний шилэн дээрээс гараараа барьж байгаад нүүрээр хана мөргүүлээд байсан. Энэ үйл явдлыг манай эхнэр Хувьтаа, Эрдэнэбатын эхнэр нь бас харсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. Гэрч Т.Хувьтаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байтал Пүрэвсүрэн гэрт орж ирээд Мягаа захирал Эрдэнэбаттай яръя гэнэ, би утас оруулж өгөөд яриулчихаад ирье гээд гэрээс гараад явсан. ...Тэгсэн коридорт том том дуу гараад гичий, нохой болоод явчихаар нь гэрээсээ гараад харсан чинь манай хүнийг Эрдэнэбат шилэн хүзүүнээс нь барьж аваад коридорын хана мөргүүлж байсан. тэгэхээр нь наанаас нь орилж очоод түлхсэн. Дараа нь манай нөхөр таталт өгсөн...түргэн дуудсан...гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

3. Гэрч М.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр Эрдэнэбат найз Бямбажавтай хамт 1 шил 0.5 граммын архи хувааж уусан. Тэгээд Бямбажав нь ахиад нэг шил архи авч ирнэ гээд гараад эргэж ирээгүй. Тэр хооронд Эрдэнэбат гэрээсээ гараад манаач Пүрэвсүрэн дээр очоод манай найз нэг шил архи авч ирж магадгүй шүү, бид хоёр манай гэрт ганц юм сая уулаа гэж хэлээд ороод ирсэн. Надад манаачид үнэнээ хэлчихлээ гэж Эрдэнэбат өөрөө хэлсэн юм. Тэгтэл араас нь манай гэрт Пүрэвсүрэн орж ирээд май, дарга Мөнхмягмартай ярь гээд утсаа өгсөн. Эрдэнэбат утсаар ярьсан чинь цаанаас нь чи архи уусан юм уу гэж байх шиг байсан. Би утсыг нь аваад даргатай ярьтал наадах чинь хаана архи уусан юм бэ гэж асуухаар нь намайг гэрт ирэхэд найзтайгаа архи уусан байна. Гэхдээ хэрүүл маргаан хийгээгүй, ажил нь дуусчихсан байсан гэж хэлтэл за за тэгвэл унтуул гэж хэлсэн. Ингээд Пүрэвсүрэн утсаа аваад гарсан, араас нь Эрдэнэбат хүзүүнээс нь барьж аваад коридорын хана нэг удаа мөргүүлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Гэрч Б.Мөнхмягмарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манаач Пүрэвсүрэн над руу утсаар залгаад Эрдэнэбат гаднаас хүн дагуулж үйлдвэрийн хашаа руу орж архи уух гээд байна гэж ярихаар нь надтай яриулаадах гэж хэлээд Эрдэнэбаттай ярьсан чинь найзыгаа дагуулж ирсэн юмаа, гэртээ орж ганц юм уух гэсэн юмаа, оруулахгүй байна гэж хэлэхээр нь чи гаднаас согтуу хүн оруулах хэрэггүй гэж хэлэхэд за гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш Пүрэвсүрэнгийн эхнэр нь залгаад энэ хоёр зодолдоод байна гэж хэлэхээр нь яагаад зодолдоод байгаа юм гэж хэлсэн чинь даргад ховоллоо гэж Эрдэнэбат Пүрэвсүрэнг зодлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16147 дугаар актад:

1. Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16 дахь тал),

6. Шинжээч эмч Б.Ундармаагийн өгсөн: ...би өвчтөнийг өөрийн биеэр үзээгүй. Намайг эмнэлэг дээр очиход Пүрэвсүрэн эмнэлгээс гараад явсан байсан. Тиймээс гэмтлийн эмнэлэгт бичигдсэн сторыг үзэж дүгнэлт гаргасан болохоор гэмтэл учирсан байх боломжтой гэж бичсэн. Нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл хана мөргүүлэхэд үүсэх боломжтой. Хүнээ биеэр үзээгүй, сторт гэмтлийг тодорхой бичээгүй байсан учраас хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдгийг хэлэх боломжгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

7. Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нийтийн байранд гэртээ найз Бямбажавын хамт 1 шил 0.5 граммын Хараа архи хувааж уугаад найзыгаа ганц юм аваад ир гээд явуулсан. Ингээд 18 цагийн үед манаач Пүрэвсүрэн дээр очоод би найзыгаа ганц юманд явуулчихлаа, ирэхээр нь оруулчихаарай гэж гуйсан. Энэ өдөр ямар ч байсан ажиллаагүй амарч байсан юм. Тэгтэл Пүрэвсүрэн би чадахгүй, дарга руу чинь ярина гэж хэлэхээр нь сүртэй ш дээ гээд гэртээ ороод байж байтал хойноос Пүрэвсүрэн эхнэр Хувьтаагийн хамт манай гэрт орж ирээд май энэ утсаар даргатайгаа ярь, би чамайг архи уусан гэж хэлсэн гээд утас өгөхөөр нь дарга Мөнхмягмартай ярьтал надад утсаар юу гээд архи уугаад байгаа юм бэ, унтаж амраарай гэж хэлэхээр нь за гэж хэлээд утсыг нь өгөөд Пүрэвсүрэн манай гэрээс гарахаар нь коридорт хойноос дагаж гараад нэг удаа захнаас нь заамдаж авсан. ...шуугилдаад иртэл Отгончимэг, Даваадорж, Амарбаясгалан нар гарч ирсэн, тэр үед зодоон болоогүй салсан. ...Цагдаа нар ирсэний дараа Пүрэвсүрэн түргэн дуудаж татаж унасан гэсэн. ...Бямбажав маргалдах үед байгаагүй, архинд явахад манаач оруулахгүй гээд байхаар нь одоо ирээд яах юм бэ гээд утсаар хэлж ирүүлээгүй. ...хоёулаа 0.5 граммын архи л уусан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

8. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4),

-хохирогч С.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 35), Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 20-25), амбулаториор эмчлүүлэгсэдийн карт (хавтаст хэргийн 52-54), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 50-51), Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 60), хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт (хавтаст хэргийн 38),

-Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57-58), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37, 56-58), шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 39-41, 46-48) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноос ирээдүй ХХК-ийн ажилчдын нийтийн байранд тус компанид манаачаар түр ажиллаж байсан С.Пүрэвсүрэнг үйлдвэрийн дарга Б.Мөнхмягмарт архи уусан согтуу байна гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан хана мөргүүлж бие махбодид нь тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

- Хохирогч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Эрдэнэбат сахиулын байран дотор орж ирээд надад найзыгаа архинд явуулчихлаа, ирэхээр нь оруулчихаарай гэхээр нь би архи уусан хүн ажлын газрын хашаанд оруулахгүй гэж хэлтэл чи ямар сүртэй юм бэ гэж хэлээд гарч яваад гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би дарга Мөнхмягмар руу утсаар залгаад Эрдэнэбат ажлын хашаанд гэр дотроо архи уугаад байна гэж хэлсэн. Дарга өөртэй нь яръя гэхээр нь Эрдэнэбатад утас оруулж өгөөд гэрт нь даргатай яриулсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Гэрч Т.Хувьтаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...гэртээ байж байтал Пүрэвсүрэн гэрт орж ирээд Мягаа захирал Эрдэнэбаттай яръя гэнэ, би утас оруулж өгөөд яриулчихаад ирье гээд гэрээс гараад явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

- Гэрч М.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Эрдэнэбат гэрээсээ гараад манаач Пүрэвсүрэн дээр очоод манай найз нэг шил архи авч ирж магадгүй шүү, бид хоёр манай гэрт ганц юм сая уулаа гэж хэлээд ороод ирсэн. Надад манаачид үнэнээ хэлчихлээ гэж Эрдэнэбат өөрөө хэлсэн юм. Тэгтэл араас нь манай гэрт Пүрэвсүрэн орж ирээд май, дарга Мөнхмягмартай ярь гээд утсаа өгсөн. Эрдэнэбат утсаар ярьсан чинь цаанаас нь чи архи уусан юм уу гэж байх шиг байсан. ...Пүрэвсүрэн утсаа аваад гарсан, араас нь Эрдэнэбат хүзүүнээс нь барьж аваад коридорын хана нэг удаа мөргүүлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Гэрч Б.Мөнхмягмарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Пүрэвсүрэн над руу утсаар залгаад Эрдэнэбат гаднаас хүн дагуулж үйлдвэрийн хашаа руу орж архи уух гээд байна гэж ярихаар нь надтай яриулаадах гэж хэлээд Эрдэнэбаттай ярьсан чинь найзыгаа дагуулж ирсэн юмаа, гэртээ орж ганц юм уух гэсэн юмаа, оруулахгүй байна гэж хэлэхээр нь чи гаднаас согтуу хүн оруулах хэрэггүй гэж хэлэхэд за гэж хэлээд утсаа тасалсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал) зэрэг баримтуудаас үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг танхайн сэдэлтээр хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоодоогүй ба харин тэдний хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Пүрэвсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна

Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар нийтийн байранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Пүрэвсүрэнг хана мөргүүлж бие махбодид нь тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэж зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37)-р тогтоогдож байна.

 

Хохирогч С.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 145.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 50-51), шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 60) бөгөөд хохирогч С.Пүрэвсүрэн нь цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ шүүгдэгчээс 250.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 60) гэсэн тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх шүүгдэгч Ц.Эрдэнэбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд харгалзаж шүүгдэгч Ц.Эрдэнэбатад баривчлахаас өөр төрлийн буюу торгох ял оногдуулахаар шүүхээс шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргасан боловч хэргийн 60-р хуудсанд авагдсан хохирогч С.Пүрэвсүрэнгийн гаргасан гэх хүсэлтийг хадам ах Г.Төрбат бичсэн гэж тэмдэглэсэн байх ба уг хүсэлтийг хохирогчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй, хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан тул шүүгдэгч Ц.Эрдэнэбатад холбогдох хэргийг хохирогчтой  эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг тус тус хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Иймд өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.  

 

Эрүүгийн 201626012820 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчин овогт Цэрмаагийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Харчин овогт Цэрмаагийн Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 (тав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960.000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Эрдэнэбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Пүрэвсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Эрдэнэбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ