Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 987

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00469 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ут холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 7 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Г.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Утэй 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 20 м.кв талбайтай зөөврийн сэндвичэн ТҮЦ-ийг 7 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон төлбөрийг бэлэн төлсөн. Ингээд үйл ажиллагаа явуулахаар болж, ТҮЦ-ийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлөө миний нэр дээр шилжүүлэх байсан боловч шилжүүлээгүй одоо бүр миний утсыг ч авахгүй болоод удаж байна. Улмаар миний бие тусгай зөвшөөрөлгүй тул үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Иймд хариуцагчаас 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Г.Х-д зөөврийн ТҮЦ, хөргөгч, лангуу, тоног төхөөрөмжийн хамт нийт 10 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг яаралтай мөнгөний хэрэг гарсан тул 7 500 000 төгрөгөөр худалдсан. Дүүргээс олгогддог худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийн хугацаа 2017 оны 8 дугаар сард дууссан. Өөрийнхөө нэр дээр шинээр аваарай гэж би Г.Х-д хэлсэн. Худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хүн өөрийн нэр дээр дүүргээс авах ёстой. Наймаа хийснээс 10-аад хоногийн дараа миний утас руу наймаагаа буцаая гэж залгаж эхэлсэн. Надад мөнгө нэн шаардлагатай байсан тул буцаах боломжгүй. Би биет байдлын доголдолгүй, бусад этгээдэд барьцаалагдаагүй өөрийн эд хөрөнгийг худалдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Б.Уээс 7 500 000 төгрөг гаргуулах Г.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Х- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт НИТХ-н 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан нийслэлийн нутаг дэвсгэрт “Түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-аар худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, хугацаа дуусахаас өмнө гэрээний хэрэгжилтийг дүгнэж 1 жилээр сунгана гэсэн атлаа худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр буюу талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө дууссан гэж логикийн хувьд ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл худалдан авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад хэрэглэгдэх эрх буюу худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, үүнийг худалдан авагч сунгах боломжгүй байсан тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 204, 219 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан нь хуульд нийцсэн. Нэгэнт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгагдаагүй тул худалдан авагч нь хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан.

            Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч
татгалзсан асуудалд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч ТҮЦ ажиллуулахад шаардлага бүхий тусгай зөвшөөрлийг худалдан авагч тал худалдагчид шилжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт зохигчийн тайлбараар эрхийн доголдол илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдан авагч надад шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байсан. Мөн хариуцагч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэрчилгээг болон гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан эсэхийг тодруулах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгт хамааралтай гэж үзэн хүлээн авч, захирамж гарсан. Захирамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргаас ирүүлсэн албан бичигт 2016 оны 12 дугаар сараас хойш ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл сунгах материал, хүсэлт хүлээж аваагүй гэдэг боловч тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргаж өгөх талаар дурдаагүй. Иймд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч Б.Ут холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 7 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл талууд эд хөрөнгийг тусгай зөвшөөрөл буюу эрхийн хамт худалдахаар тохиролцсон эсэхэд маргаж, улмаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Уийн тусгай зөвшөөрөл болон түүнийг сунгуулах хүсэлт гаргаж байсан эсэх талаарх лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай гэж үзэн Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс гаргуулахаар шүүгчийн захирамжаар /хх-24-25 дахь тал/ шаардсан атлаа уг нотлох баримтыг ирүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу хийсэн гэж үзнэ.

Дээрх зөрчлийн улмаас давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Үүнээс гадна шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог анхан шатны шүүх зөрүүтэй бичсэн алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.ТУЯА

           

                                      ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД