Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 840

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б овогт Р.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ийн нутаг дэвсгэрт байршилтай нийтийн эзэмшлийн зориулалтаар баригдсан... байрыг анх 1984 онд ашиглалтанд орж тэр үеийн инженер, механикжуулагчид амьдарч байсан байна. Манай энэ байр нь ашиглалтанд оронгуут 1986 оноос амьдарч ирсэн. 1988 онд өмч хувьчлалын ягаан тасалбараар байрыг өөрийн болгож авсан.

Иймд өөрийн эзэмшлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ийн нутаг дэвсгэрт байрлах ...ын байрыг өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

 Манай алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан.

Иймд дээрх иргэний өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б  нь хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч Р.Б ы эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь орон нутгийн өмчийн газрын  бүртгэлд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Р.Б ы эзэмшиж, ашиглаж байгаа ...ийн нутагт байрлах ... орон сууцны зориулалттай байр нь анх 1985 онд Тэжээлийн аж ахуй байгуулагдахад ашиглалтанд орсон бөгөөд Тэжээлийн аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдсан  энэ талаарх бүртгэл, өмчлөл хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд байхгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

-       Үндэсний төв архивын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 03-2/413 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

-       Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 217 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/

-       Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/

-       Гэрч П.Г , Н.Н  нарын гэрчийн мэдүүлэг /хэргийн 16-19-р хуудас/

-       Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар 

-       Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 29-р хуудас/

Дээрхи орон сууцны зориулалттай байранд 1986 оноос өнөөдрийг хүртэл Р.Б  нь эзэмшиж, ашиглаж байгаа болох нь дараах бичгийн нотлох баримт болон нотолгооны хэрэгслүүдээр нотлогдож байна.

-       Гэрч П.Г , Н.Н  нарын гэрчийн мэдүүлэг /хэргийн 16-19-р хуудас/

-      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар

-       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууц нь Орон нутгийн өмчийн газарт бүртгэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбар

-       Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 9 сарын 7-ны өдрийн 581 дугаартай албан бичиг /хэргийн 30-р хуудас/

-       ...ийн Засаг даргын 140 дугаартай албан бичиг /хэргийн 21-22-р хуудас/

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй орон сууц нь Орон нутгийн өмчийн газарт бүртгэлгүй тул нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоохыг дэмжиж байна гэх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ...ийн нутагт байрлах ... орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Р.Б ыг ...ийн нутагт байрлах ..., орон сууцны зориулалтай байрны өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР