Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 819

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Э” ТӨХК -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б овогт Б.М -т холбогдох, 

... байрны өмчлөх эрхийг “Э” ТӨХК-д шилжүүлэх, ... байранд засвар хийсэн зардал болох 13,818,585 төгрөгийн үлдэгдэл 9,662,830 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ТӨХК нь 2005 онд Булган аймгийн Хангал суманд хэрэглэгчдэд үйлчлэх байрны зориулалтаар ашиглахаар Д.М  гэдэг хүнээс ... байрыг 600,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед уг байр нь ямар ч гэрчилгээгүй байсан. Манай компани тухайн байранд засвар үйлчилгээ хийж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иргэн Б.М тэй тохирсны үндсэн дээр 2014 онд ... 2 өрөө байраар солихоор тохиролцоод сольсон. Солихдоо ... 2 өрөө байрыг Б.М ийн өмчлөлийн байр гэж ойлгосон ба Б.М  өөрийн байр гэж хэлж байсан. Тухайн үед мөн аль аль байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байгаагүй, гэрээ хийлгүйгээр тохироод сольсон байдаг. Манай компани Хялганат тосгоны Найрамдлын гудамжны 107 дугаар байрны 8 тоот байранд 2019 оны 05 дугаар сард тендер зарлаж 6 дугаар сард “П” ХХК-тай ЭБЦТС/А03/2019 дугаартай гэрээ байгуулж 13,818,585 төгрөгний засварын ажил гүйцэтгүүлсэн. Иргэн Д.Т  нь 2019 оны 09 дүгээр сард Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хялганат тосгоны ... байрны өмчлөгч тул уг байрнаас “Э” ТӨХК-ийн ажилчдыг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба манай компани засвар хийсэн зардал болох 13,818,585 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаад шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,155,755 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. 

Байр солих үед Б.М  нь тухайн байрыг өөрийн байр гэж худал хэлж нэг үгээр хэлвэл залилан мэхэлж манай байгууллагатай байр сольсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасны дагуу иргэн Б.М ээс Булган аймгийн ...байрны өмчлөх эрхийг Э” ТӨХК-д шилжүүлэх, засвар хийсэн зардал болох 13,818,585 төгрөгний үлдэгдэл 9,662,830 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага тухайн байрыг 2002 онд М  гэх хүнээс 600 000 төгрөгөөр худалдаж авсан. 2014 онд М тэй тохиролцож 1 давхарт хэрэглэгчдэд үйлчлэх төв болгох гэж байраа сольсон. Туханй үед хэн хэнд нь гэрчилгээ байгаагүй. Солихдоо өөрсдөө бичиг баримтаа хөөцөлдөж авна гэсэн ч тэр талаар бичгээр хийсэн зүйл байхгүй. 2018 оны 5 сард тендерийн сонгон шалгаруулалт зарлаад 6 сард засвар хийсэн. 2019 оны 9 сард иргэн Т  тухайн байрыг миний өмчлөлийн байр гэж Орхон аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай тал засварын мөнгөө гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх Т ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаад сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан. М  тухайн үед миний байр гэж итгүүлж байраа сольсон. Ийм учир ... байрны өмчлөх эрхийг “Э” ТӨХК-д шилжүүлэх, мөн 9662830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан  гэв. 

Хариуцагч Б.М  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 02 сарын 15-ны өдөр ... 2 өрөө орон сууцыг Г.Б гаас 2,400,000 төгрөгөөр худалдан авсан ба гэрчилгээ баримт бичиг байхгүй байсан. Байрны маргаан гаргахгүй, олон хүн дамжиж худалдаж авч байсан байр гэж хэлээд гараар худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Манайх байраа худалдаж аваад бүрэн завсар хийсэн. 2014 онд “Э” ТӨХК-ийн цахилгаанчин Ж.Э  манай байгууллага доод давхарт үйлчилгээ явуулахад боломжийн байр хайж байна, танайх солих уу гэхэд нөхөртэйгөө  солих талаар зөвшөөрсөн. Тэгээд 2 байраа хооронд нь солих үед аль аль нь бичиг баримтгүй байсан. Гэтэл 2018 онд “Э” ТӨХК-иас Ц  гэх хүн өрөөндөө дуудсан ба М  гэх охин байрны гэрчилгээ барьсан зогсож байсан. Тэгээд намайг байраа суллаж өг гэсэн утгатай зүйл хэлсэн. 2019 оноос эхлэн байрны маргаантай миний тавьсан асуудалд хоёулаа шийд өгөөгүй байж “Э” ТӨХК нь 2019 онд байрандаа засвар хийж эхэлсэн. Би энэ асуудлын талаар сайн мэдэхгүй бөгөөд хоорондоо тохиролцсны үндсэн дээр засвар хийсэн гэж бодсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагч Б.М  нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 онд Б  гэдэг хүнээс ... байрыг 2 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед гэрчилгээ байхгүй гэсэн тул гараар юм бичүүлсэн. 1 жилийн дараа “Э” ТӨХК танай байртай өөрийн байраа үнэгүй солих гэсэн юм гээд санал гаргаад сольсон. Гэрийн бүх зургийг аваад даргадаа танилцуулсан, боломжийн юм гээд солихоор болоод тухайн үед гэрчилгээ нь хэн хэний нэр дээр байхгүй тул бичиг баримтаа өөрсдөө гаргуулж авна гэж тохирсон. 2019 онд гэнэт байрны эзэмшигч нь гарч ирсэн. Маргаан гарах үед цахилгаанаас Ц  гэж хүн ирж надтай уулзаад би өөрөө тухайн байрыг худалдаж авсан гэсэн тайлбараа бичиж өгч байсан. Би тэр үед асуудалтай байр гэж мэдээгүй амаар тохирсон. Т  гэдэг хүнтэй уулзахад чамтай хамааралгүй, би цахилгаанд 1 000 000 төгрөгийн тогны өрөндөө байраа суутгуулна гэж байсан. Тэр үед намайг очиж уулзахад цахилгааны хүн дараа болъё гээд явуулсан. 1 жилийн дараа цоожтой байсан байрыг өөрсдөө онгойлгож засвар үйлчилгээ хийсэн. Би Б  гэх хүнээс худалдаж авсан нь үнэн гэсэн баталгаа гаргуулж авсан. Тэр үед худалдаж авсан хүнтэйгээ гэрээ хийсэн гэж гэрээгээ гаргаж өгч байсан. Би залилсан зүйл байхгүй. Аль аль байр нь гэрчилгээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь хариуцагч Б.М т холбогдуулан ... байрны өмчлөх эрхийг “Э” ТӨХК-нд шилжүүлэх, ... байранд засвар хийсэн зардал болох 13,818,585 төгрөгний үлдэгдэл 9,662,830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тухайн байрууд нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан ба байрны маргаантай байхад нэхэмжлэгч тал ... байранд засвар хийж эхэлсэн, энэ асуудлын талаар мэдэхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Нэг: ... байрны өмчлөх эрхийг “Э” ТӨХК-нд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

“Э” ТӨХК нь 2005 онд Булган аймаг, ... 2 өрөө орон сууцыг худалдан авч 2014 онд тус байрыг иргэн Б.М ийн эзэмшлийн гэх ... 3 өрөө орон сууцаар сольж тус байранд үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Харин харилцан сольсон орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсч нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн эзэмшилд байсан ... 3 өрөө орон сууны өмчлөгчөөр Д.Т  тогтоогдож, хариуцагч Б.М ийн эзэмшилд шилжүүлсэн. Булган аймаг, ... 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авахаар маргасан байна.  

Талуудын харилцан сольсон орон сууцнууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан гэж зохигч тайлбарладаг.   

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/01382 дугаар шийдвэрээр Д.Т ын нэхэмжлэлтэй хариуцагч “Э” ТӨХК-д холбогдох Булган аймаг, ..., Хялганат найрамдал гудамж, ... орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж, улмаар хариуцагч “Э” ТӨХК болон тус компаний ажилчдыг маргаан бүхий байрнаас албадан гаргуулах шүүхийн шийдвэр гарч,  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Э” ТӨХК нь 2005 онд иргэн Д.М аас ... 2 өрөө үл хөлдөх эд хөрөнгийг худалдан авсан нь 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл”-ийн хуулбар, бэлэн мөнгөнийн зарлагын баримтаар  тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д ”Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. 

Нэхэмжлэгч нь хуульд тавигдсан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлээгүй боловч Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар ... 2 өрөө үл хөлдөх эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байгаа этгээд гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан этгээдийг шударга эзэмшигч гэж үзэхээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулан ойлгох тул нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор олж авсан шударга эзэмшигч гэж үзлээ.   

Иймээс нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу Б.М ийн эзэмшлээс өөрийн шударга эзэмшлийн Булган аймаг, ..., Хялганат найрамдал гудамж, 105 дугаар байр, 2 дугаар орц, 8 тоот 2 өрөө  орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна. 

Хариуцагч нь тухайн маргаан бүхий орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоо нотлоогүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй тул хариуцагч Б.М ийг бусдын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн хариуцагч Б.М т холбогдуулан гаргасан ... байрны өмчлөх эрхийг “Э” ТӨХК-нд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хоёр: ... байранд засвар хийсэн зардал болох 13,818,585 төгрөгний үлдэгдэл 9,662,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

“Э” ТӨХК нь “П” ХХК-тай 2019 оны 06 сарын 20-ны өдөр ЭБЦТС/А-03/2019 дугаар “Хялганатын техникчийн байрны завсарын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 13,818,585 төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Хэрэгт дурьдсан үйл  баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/01382 дугаар шийдвэр/ байгаа тул засварын үлдэгдэл зардал 9,662,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Тодруулбал, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/01382 дугаар шийдвэрээс үзвэл  хариуцагч “Э” ТӨХК нь  нэхэмжлэгч Д.Т аас засварын ажил хийлгэсний төлбөрт 13,818,585 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүх тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрөлгүй засвар хийж өөртөө эрсдэл бий болгосон зэргийг харгалзан үзэж засварын зардлын 30 хувь буюу 4,155,755 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т аас гаргуулж, хариуцагч “Э” ТӨХК нь-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9,662,830 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн засварын зардлын үлдэгдэл 9,662,830 төгрөгийг хариуцагч Б.М ээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,  118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.     Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар  ... байрны өмчлөх эрхийг “Э” ТӨХК-д шилжүүлэхийг даалгаж, засварын ажлын хөлс 9,662,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 239,756 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ТӨХК -д олгосугай. 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           О.ОДОНЧИМЭГ