| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2020/01590/И |
| Дугаар | 001/ХТ2022/00994 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/00994
|
2022 10 27 001/ХТ2022/00994
“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02195 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2055 дугаар магадлалтай, “... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “... ” ХХК-д холбогдох 6,697,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан 6,697,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02195 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “... ” ХХК-аас 6,697,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “... ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “... ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2055 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “... ” ХХК-аас 850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,847,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтын “122,110 төгрөг” гэснийг “24,950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2055 дугаар магадлалд ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна гээд нэхэмжлэгчийг өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, гаргаж өгсөн нотлох баримт нь үнэн зөв эргэлзээгүй баримт болохгүй боловч хариуцагч хоёр хүлээн авалт зохион байгуулсныг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй, мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хоёр арга хэмжээ зохион байгуулсантай холбогдуулан 850,000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн тайлбар гаргасан тул тус хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх бөгөөд хариуцагчийн хувьд энэхүү магадлалд дараах үндэслэлээр гомдолтой байна. ИХШХШТХ-ийн 67.1.4 дүгээр зүйлд хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй талаар заасан байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад анхан шатны шүүгч хэд хэдэн удаа талуудад эвлэрэх санал гаргасан, мөн эвлэрэх хугацаа олгож нэг удаа шүүх хурлыг хойшлуулж байсан. Энэхүү ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагч тал аль аль талаасаа тодорхой эвлэрэх боломжтой үнийг гаргаж байсан. Хэдийн хоёр байгууллага шүүхээр маргаан шийдвэрлүүлж байх хугацаанд “... ” ХХК-ийн хувьд “... ” ХХК-д хамтран ажиллах саналыг албан бичгээр болон өөр бусад хэлбэрээр гаргасан, 2017 оноос хойш хамтран ажиллах санал гаргаж байсан, цар тахлын хүнд нөхцөл байдалд хэргийг богино хугацаанд эв зүйгээр шийдвэрлүүлэх нь хэн хэнд нь ашигтай зэргийг харгалзан хэдий зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй ч гэсэн тодорхой үнийн дүнд эвлэрч болох саналтай байсан. Гэтэл энэхүү үнийн саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эвлэрэх үйл ажиллагаа амжилттай болоогүй. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад эвлэрэх боломжтой үнийн саналын тухай ярилцсан саналуудыг нэхэмжлэгчийн зуучлалын үйл ажиллагааг явуулсныг хүлээн зөвшөөрсөнд гомдолтой байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс хүлээн авалт болсон үйл баримтыг үгүйсгээгүй боловч чухам тус хүлээн авалт “... ” ХХК-ийн зуучилснаас үүдсэн биш зөвхөн гэрээнд заасан сурталчилгааг харж зохион байгуулсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх хурлын явцад маргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт байхгүй, гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт биш байна гэж зөв дүгнэсэн атлаа зөвхөн хариуцагчийн эвлэрэх саналтай үнийн дүнг шүүх хурлын тэмдэглэлийг үндэслэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 850,000 төгрөг бол зөвхөн тус хэргийг богино хугацаанд, шүүхэд хүндрэл учруулахааргүй, шуурхай шийдвэрлүүлэхээр зорьсон эвлэрэх санал байсан. Шүүх хурлын тэмдэглэлд тус үнийн дүнгээр эвлэрэх саналыг байн байн гаргаж байсан төдий юм. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2055 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 6. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний хөлс 4,465,000 төгрөг, алданги 2,232,500 төгрөг, нийт 6,697,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ. 7. Анхан шатны шүүх хариуцагч “... ” ХХК-аас 6,697,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “... ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч “... ” ХХК-аас 850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,847,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 8. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд 2017.10.11-ний өдөр “Сурталчилгаа зуучлалын гэрээ” байгуулагдаж, уг гэрээнд “... ” ХХК-ийг төлөөлж захирал ... , “... ” ХХК-ийг төлөөлж ... , ... нар гарын үсэг зурж, хоёр тал компанийн тамга дарагдсан байна. 9. Хариуцагч талаас төлөөлөх эрхгүй этгээд тус гэрээг байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч “... ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяраас “... ” ХХК-д хүргүүлсэн 2017.12.11-ний өдрийн 23/17 тоот гэрээ цуцлах тухай албан бичигт “...талуудын хооронд сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулагдсан. Гэвч танай байгууллага компанийн дотоод үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгөх зэргээр оролцож бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа тул гэрээг цуцалж байна. Мөн үлдэгдэл төлбөрийг төлөх болно” гэсэн байгаагаас тэдний хооронд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ. 10. Анхан шатны шүүх гэрээг эрх бүхий этгээд эсхүл түүний зөвшөөрлөөр бусад этгээд байгуулж болох ба хэрэв эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрхтэй этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар уг үйлдэл хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. 11. Хариуцагчаас н.... хурим, Санхүүчдийн баярын хүлээн авалтыг нэхэмжлэгчтэй байгуулсан зуучлалын гэрээний дагуу зохион байгуулсан талаар маргаагүй байна. Иймээс “...анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагаас дээрх хоёр арга хэмжээг зохион байгуулахад нэхэмжлэгч зуучилсантай холбогдуулан 850,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нотлох баримт болох тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн зуучилсан арга хэмжээнүүдэд хэдэн хүн оролцсон, хариуцагч ашиг олсон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч, уг арга хэмжээнээс ашиг олсон эсэх нь гэрээгээр тохиролцсон зуучлалын төлбөр төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөх буюу татгалзах үндэслэл болохгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул “...давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2055 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2055 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 24,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧИД Н.БАЯРМАА П.ЗОЛЗАЯА Д.ЦОЛМОН Х.ЭРДЭНЭСУВД
|