Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

   2020            5             26                                       2020/ДШМ/681

 

 

                             Л.З, Б.Б нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Т.Мөнх-Амгалан,

яллагдагч Л.З,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Л.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1806002940458 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Л.З, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан овоод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЛМ94112400/;

 

2. Дархан овгийн Б.Б, 1989 оны 5 дугаар сарын 9-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УК89050970/;

 

            1. Л.З нь Б.Бтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Г.Урансүхээс “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плэйс”-д татварын албанд хураагдсан 2 өрөө орон сууцыг хямд үнээр худалдан авч өгнө, мөнгө зээлээч, удахгүй өгнө” гэх зэргээр хуурч, итгэлийг урвуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Хаан банкны данснаас нь 83.750.000 төгрөг, Төрийн банкны данснаас нь 2.450.000 төгрөг, нөхөр н.Ариунзоригийнх нь данснаас 8.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч 94.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            2. Л.З нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Мөнхбаяраас 42-46 УНЯ улсын дугаартай Тоёота Приус-30 маркын автомашиныг нь 15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авна гэж хуурч 9.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөлгүй, автомашиныг бусдад худалдан 15.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

            3. Л З нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Отгонбатын эзэмшлийн 87-82 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг нь “өдрийн 80.000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээсэлнэ” хэмээн хуурч, улмаар бусдад худалдан Б.Отгонбатад 12.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

           4. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Оргилмаагийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг ашиглаж Б.Оргилмаагаар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Энхсонороос 25.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн тус тус авахуулж, нийт 45.000.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

 

            5. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ц.Мөнхцогтоос өөрийгөө “МИАТ ХХК-д ажилладаг, ажлынхаа дансанд мөнгийг минь оруулж гаргаснаар хүү тооцож өсгөж өгнө” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны дансаар нийт 43.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

            6. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 5-наас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс товер” дотор худалдаа эрхэлдэг иргэн Б.Мөнхжингөөс “мөнгө хүүтэй зээлэн өсгөж өгнө” хэмээн хуурч 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

 

            7. Л.З нь 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Г.Халиунаас “мөнгө хүүтэй зээлэн өсгөж өгнө" хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

            8. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Э.Солонгоос “мөнгө хүүтэй зээлэн өсгөж өгнө” хэмээн хуурч мэхлэн нийт 14.700.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч залилсан,

 

            9. Л.З нь иргэн Б.Отгонбатаас түрээсэлсэн 87-82 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг Э.Гансүхэд худалдуулахаар өгч буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглаж 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн зах дээр иргэн Т.Мөнх-Эрдэнэд худалдуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг хуурч залилсан,

 

            10. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар арын 22-ноос 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Алтанзаяагаас “мөнгө зээлэн өсгөж өгнө” хэмээн хуурч 51.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч залилсан,

 

            11. Л.З нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Г.Мөнххуягаас 93-93 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашиныг нь “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгөөр бусдад худалдан 35.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

            12. Л.З нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Г.Мөнххуягаас “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж авсан 93-93 УНС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашиныг Э.Гансүхэд худалдуулахаар өгч буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Батзулд худалдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Батзулаас 20.000.000 төгрөгийг хуурч залилсан,

 

13. Л.З нь иргэн Б.Золбаярт түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ гэж шан харамж амлан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баярбаатарын эзэмшлийн 55- 82 УНО улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авахуулж гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглан авч, өөрийн хамтран амьдрагч Б.Бтай бүлэглэж буюу Б.Бн С.Буниасүрэнгээс зээлсэн мөнгөний өрөнд нь өгүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

14. Л.З нь иргэн Б.Золбаярт түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ гэж шан харамж амлан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард рок” төвийн гадна иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 37-08 УНЦ улсын дугаартай Тоёота Приус- 30 маркийн тээврийн хэрэгслийг “өдрийн 80.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авахуулж буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгон мэдээгүй байдлыг нь ашиглаж, иргэн Б.Дамдинсүрэнгээс 16.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон хуурч, түүнийг төлөөлөх итгэмжлэл хийлгэн авч 2.000.000 төгрөг өгч, Бу.Алтанзаяад 10.000.000 төгрөгт худалдан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

15. Л.З нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Хүдэржаргалын эзэмшлийн 21-30 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг “өдрийн 80.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авч ашиглаж байхдаа 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 7.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, үүнээс нийт 11.350.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.650.000 төгрөгийг төлөлгүй хуурч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

16. Л З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн З.Далайжаргалаас “мөнгө зээлж хүү тооцон өсгөж өгнө” хэмээн хуурч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 38.900.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн 2018 оны 11 дүгээр сард иргэн З.Далайжаргалаас 61-25 УНН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг нь 15.000.000 төгрөгөөр худалдаж авна” хэмээн хуурч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин авто худалдааны төв”-д өөрийг нь төлөөлөх итгэмжлэл хийлгэн авч бусдад зарж борлуулан 14.500.000 төгрөгийн хохирол учруулан залилж, нийт 53.400.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            17. Л.З нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард рок” төвийн гадна иргэн Д.Нацагдоржоос 90-19 УНК улсын дугаартай Ланд Круйзер-100 маркийн автомашиныг нь “өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлнэ” хэмээн авч 23.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

            18. Л.З нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн З.Одончимэгээс “мөнгө хүүтэй зээлж өсгөөд өгье” хэмээн хуурч Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс удаа дараа дансаар мөнгө шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 79.230.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            19. Л.З нь Б.Бтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Баттулгаас өөрийгөө Татварын Ерөнхий газарт ажилладаг, татвар төлөгчдийн мөнгийг БНХАУ-руу гаргаж эргэлтэд оруулж өсгөдөг, мөнгийг чинь өсгөж өгье, цаашид ажиллахын тулд “300.000.000 төгрөг хэрэгтэй байна, татварын албанд хураагдсан орон сууц, машиныг хямдаар авч өгнө” гэх зэргээр мөнгө авч, байр, машиныг нь заруулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс нийт 175.770.000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            20. Л.З нь Б.Бтай бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион оргил хотхоны 56 дугаар байрны 78 тоот 2 өрөө байрыг 96.000.000 төгрөгөөр худалдана хэмээн өөрсдийн мэтээр ойлгуулж, мөнгө зээлээч гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Отгонжаргалаас 105.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            21. Л.З нь Б.Бтай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил Зайсан гудамжны 56 дугаар байрны 78 тоотод орших 2 өрөө байрыг буюу иргэн О.Цолмонбаатар, М.Номин-Эрдэнэ нарын зээлээр худалдан авсан байрыг тавилгатай нь хамт түрээсэлнэ гэж улмаар 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 132.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бусдад 96.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 96.197.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

22. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “манай ах Засгийн газрын автобаазын даргын ажлаа хийхээ болих гээд байна, намайг Татварын Ерөнхий Газрын хэлтсийн даргаар оруулахад 50.000.000 төгрөгийн хахууль хэрэгтэй байна, Татварын газраас ажилчиддаа олгодог бага хүүтэй 200.000.000 төгрөгийн зээл хүсчихлээ, хүүтэй мөнгө зээлээч” гэх зэргээр болон бусдаас түрээсэлж байсан автомашинуудыг өөрийн мэтээр ойлгуулж зээлийн барьцаа болгон хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Алтанзаяагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 162.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            23. Л.З нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Чинбатаас автомашин түрээслэн итгэлийг нь олж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 00-39 улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашиныг “уурхайн даргадаа унуулна, 110.000.000 төгрөгт үнэлж авъя” хэмээн 50.000.000 төгрөг өгч, үлдсэн төлбөрт нь зээлийн гэрээ байгуулж, улмаар бусдад худалдан 85.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн Л.З нь иргэн С.Чинбатаас 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 62-63 УБА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 18-85 УБҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авах гэрээ байгуулж, түрээслэх 4 сарын хугацаанд төлбөрийг хийж авна хэмээн хуурч 9.000.000 төгрөг өгч, бусдад худалдан 19.800.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн Л.З нь иргэн С.Чинбатаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 87-98 УБК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 86-79 УНЦ улсын дугаартай Рэнже Ровер маркийн зэрэг нийт 258.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашинуудыг түрээсийн гэрээ байгуулан түрээслэх нэрийдлээр авч, бусдад өөрийн мэтээр ойлгуулж зээлийн барьцаанд өгөх, худалдах зэргээр тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан нийт 363.800.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Л.З нь ганцаараа болон Б.Бтай бүлэглэж, удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан ззэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож, нийт 1.466.297.500 төгрөгийн ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

           1. Б.Б нь Л.Зтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Г.Урансүхээс “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран плэйс-д татварын албанд хураагдсан 2 өрөө орон сууцыг хямд үнээр худалдан авч өгнө, мөнгө зээлээч, удахгүй өгнө” гэх зэргээр хуурч, итгэлийг нь урвуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас өөрийнх нь Хаан банкны данснаас 83.750.000 төгрөгийг, Төрийн банкны данснаас 2.450.000 төгрөгийг, нөхөр н.Ариунзоригийнх нь данснаас 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч, 96.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            2. Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Батгэрэлээс өөрийгөө “уул уурхайн компанийн дэд захирлаар ажиллаж байгаа, Хятадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулан мөнгөө өсгөдөг, 10.000.000 төгрөг өгвөл сард 3.000.000 төгрөгийн хүү өгч байя” гэх зэргээр хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 19.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

            3. Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ж.Сэргэлэнцэцэгээс “удахгүй мөнгөтэй болно, мөнгө зээлээч” гэж Баянгол дүүргийн 4, 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 8.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч залилсан,

 

            4. Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямсүрэнгээс “7.000.000 төгрөгийг 8.000.000 төгрөг болгоод өгье” гэж 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч залилсан,

 

            5. Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Төгөлдөрөөс “10.000.000 төгрөгөөр Тоёота Приус-30 маркийн машин оруулж ирнэ” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 10.000.000 төгрөг шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан залилсан,

 

            6. Б.Б нь Л.Зтай бүлэглэж буюу Л.Зын Д.Золбаяраар түрээслэх машин олж өгвөл ашиг хүртээнэ гэж шан харамж амлан иргэн Б.Баярбаатараас түрээсэлнэ гэж авчруулсан 55-82 УНО улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Буниасүрэнгээс зээлсэн мөнгөний өрөндөө худалдахаар өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

            7. Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн З.Далайжаргалд өөрийгөө “14 сая төгрөгийн цалинтай ажилд орсон, мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 14.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

            8. Б.Б нь Л.Зтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Баттулгаас “Л.Зыг Татварын Ерөнхий Газарт ажилладаг, татвар төлөгчдийн мөнгийг БНХАУ-руу гаргаж эргэлтэд оруулж өсгөдөг, мөнгийг чинь өсгөж өгнө, Л.Заар татварын албанд хураагдсан орон сууц, машиныг хямдаар авч өгнө” гэх зэргээр мөнгө авч, байр, машиныг нь заруулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс нийт 175.770.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан ноцтой, их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            9. Б.Б нь Л.Зтай бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил хотхоны 56-78 тоот 2 өрөө байрыг “96.000.000 төгрөгөөр худалдана” хэмээн өөрсдийн мэтээр ойлгуулж, “мөнгө зээлээч” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Ц.Отгонжаргалаас 105.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

            10. Б.Б нь Л.Зтай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стадион Оргил Зайсан гудамжны 56 дугаар байрны 78 тоотод орших 2 өрөө байрыг буюу иргэн О.Цолмонбаатар, М.Номин-Эрдэнэ нарын зээлээр худалдаж авсан байрыг тавилгатай нь хамт түрээслэн, 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 132.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар бусдад 96.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 96.197.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

 

            11. Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Алтанзаяад Засгийн газрын автобаазаас 2006 оны Лексус-470 маркийн 2 ширхэг автомашин тус бүрийг 25.000.000 төгрөгөөр олж өгнө хэмээн хуурч, С.Чинбатаас түрээсээр авсан 78-38 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг барьцаалж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан буюу Б.Б нь ганцаараа болон Л.Зтай бүлэглэж, удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож, нийт 606.967.500 төгрөгийн ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.З, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

 

Гэтэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай захирамж болон 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1740 дугаартай захирамж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3759 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт: "...хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн ... гаргасан хүсэлтийн дагуу нягтлан шалгавал зохино” гэсэн заалтыг,

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1740 дугаартай захирамж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3759 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт:

Мөн яллах дүгнэлтэд: “Л.З нь 2018 оны 11 дүгээр сард иргэн З.Далайжаргалаас 61-25 УНН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг нь “15.000.000 төгрөгөөр худалдаж авна” хэмээн хуурч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин авто худалдааны төв”-д өөрийг нь төлөөлөх итгэмжлэл хийлгэн авч бусдад зарж борлуулан 13.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан” гэх хэрэгт Л.З нь хохирогч З.Далайжаргалын автомашиныг чухам хэн, хэнд худалдаж, тэдэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан зэргийг яллах дүгнэлтэд тусгалгүй орхигдуулжээ” гэсэн заалтыг, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3759 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт: "... Б.Б, Л.З, яллагдагч Л.Зын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан зарим үйлдлийн хохирлыг зөв тооцох тухай хүсэлтийн дагуу нягтлан шалгавал зохино” гэсэн заалтыг тус тус огт биелүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэсэн хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоох үүрэгтэй” гэж заажээ. Гэвч яллагдагч Б.Бн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан хүсэлтэд нэр дурдсан цөөнгүй хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ, зарцуулалт, түүнээс нөхөн төлсөн болон үлдсэн төлбөрийг хэн хариуцах зэргийг хэргийн зарим оролцогчоос тодруулж, холбогдох баримтуудыг нягтлан шалгаж шүүхийн хэлэлцүүлгээр тогтоох боломжгүй, хүндрэл бэрхшээлтэй учир дээрх хүсэлтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн яллагдагч Л.З нь хохирогч С.Чинбатаас түрээсэлсэн гэх 10 автомашины 16 гэрээний талаар маргаантай байх тул тэдгээр гэрээний баримтууд нь хууль ёсны эсэхийг нягталж, мөн Б.Б, Л.З нараас С.Чинбатын банкны дансанд олон удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 480.900.000 төгрөгийн зориулалт болон зарцуулалтыг нарийвчлан шалгаж, улмаар тухайн хэргийн хохирлоос төлөгдсөн болон үлдсэн төлбөрийн хэмжээг тооцож зөв тогтооход ач холбогдолтой юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараах шийдвэрийн аль нэгийг гаргасан даруй энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:

1.1   хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

  1. хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах;
  2. харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах” гэж,

            Мөн хуулийн 30.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх ба энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ. Гэтэл Э.Гансүхийг холбогдуулж шалгуулахаар цагдаагийн байгууллагад иргэн Т.Мөнх-Эрдэнийн гаргасан өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэсэн талаар түүнд мэдэгдэлгүй хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх бөгөөд ер нь хохирогч Т.Мөнх-Эрдэнийг хэн хэрхэн хохироосон, тэрээр хэргийн ямар оролцогч болохыг зөв тогтоож, энэ талаар гаргасан хүсэлтийг нь хангавал зохино. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс Л.З, Б.Б нар нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан тухай асуудалд 1806002940458 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл маргаж буй түрээсийн 16 гэрээ нь хүчин төгөлдөр бус эсэх дээр прокуророос дүгнэлт хийх боломжгүй буюу гэрээ байгуулсан талууд нь гэрээг байгуулаагүй талаар огт маргадаггүй байна. Хэрвээ маргасан тохиолдолд оролцогч талууд нь гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлэх нь зүйтэй. Яллагдагч Л.З, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хэрэгт цугларсан банкны дансны хуулга, хохирогч, гэрч нарын удаа дараагийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдсон. Энэ бүгдийг нэгтгэн үзвээс, яллагдагч Л.З, Б.Б нарын залилах гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон байна. Хэрэв анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг эргэлзээтэй бөгөөд хэрэг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой гэж дүгнэж буй бол хохирогч Д.Батгэрэл, Ж.Сэргэлэнцэцэг, Бу.Алтанзаяа, С.Чинбат, З.Одончимэг нарыг анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дуудан оролцуулж, шүүх хуралдаанд дахин мэдүүлэг авах байдлаар эргэлзээг тайлах, бодит нөхцөл байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Л.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би С.Чинбатад нийт 480.000.000 сая төгрөг шилжүүлсэн. “Ланд Круйзер-200” автомашин 1 ширхэг, “Тоёота Приус” маркийн автомашин 3 ширхэгийг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Гэрээний хувьд зарим гэрээ гарын үсэггүй, зарим гэрээ гарын үсэгтэй байгаа. С.Чинбат “би чамд үнэтэй машин өгч байгаа болохоор эхлээд түрээсийн гэрээ хийнэ. Мөнгөний 50 хувийг надад шилжүүлсний дараа чиний нэр дээр шилжүүлэх боломжтой” гэж хэлж байсан. Эдгээр мэдүүлгийг би цаг тухай бүрт өгч байсан. Үүнээс гадна би хохирлын тооцоон дээр маргаж байгаа. Хохирогч нар хүү гэж мөнгө авахдаа надаас илүү мөнгө авсан хүмүүс байгаа. Би С.Чинбатаас автомашин аваад Алтанзаяа, Гансүх нарт худалддаг байсан. Алтанзаяа нь надаас автомашин авсан хэрнээ түүнийгээ цааш нь өөр хүмүүст худалдаж, худалдсан мөнгөө надад буцааж өгөөгүй. Автомашины мөнгө гэж нэхэмжилж хохирогчоор тогтоогдсон. Гансүх мөн адил надад мөнгөө буцааж өгөөгүй. Т.Мөнх-Эрдэнэ гэж хохирогчийг би ч танихгүй, намайг ч танихгүй хэрнээ хохирогчоор тогтоогдсон. ...” гэв.

 

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлын тооцоон дээр маргаж байгаа. Зарим хохирогч нарын хохирол төлөгдсөн байхад одоо болтол яллах дүгнэлтээс хасагдаж тооцогдоогүй. Намайг Л.Зтай бүлэглэсэн гэж үзэж хохирол төлбөрийг шууд 50 хувиар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж хохирлыг тооцох боломжтой гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Сэргэлэнцэцэгийн хохирол 14.300.000 төгрөгийг шилжүүлэн авч, буцаагаад 8.350.000 төгрөгийг өгсөн. Гэтэл сүүлд өгсөн 8.350.000 төгрөгийг хохиролд оруулж тооцсон. Үүнээс өмнө өгсөн мөнгийг хохирлын тооцоонд оруулаагүй. Өгсөн мөнгөнөөс илүү мөнгө авсан хүмүүсийг хохирогчоор тооцох уу, иргэний хариуцагчаар тооцох уу гэдэг асуудал үүсч байна. Иргэний харицагч Мөнхдэлгэр нь Төгөлдөрт худалдсан автомашинаа буцаагаад авсан байтал энэ хоёр хүн дээр хохирлын тооцоотой гэж яллах дүгнэлтэд бичсэн. Хохирлын тооцоо маш их зөрүүтэй. Дансны хуулгаар хохирлыг тооцоогүй, зөвхөн хохирогч нарын өгсөн мэдүүлгээр гаргасан учир хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Давж заалдах шатны шүүх дээрх шүүгчийн захирамж болон хавтас хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 166 дугаартай “...С.Чинбатын Хаан банкны 5020840972 дугаартай 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд Л.Зын 5642157717 тоот Хаан банкны данснаас 128.300.000.00 төгрөг, нийт 480.900.000.00 төгрөгийн орлого орсон байна. ...” /38-41/ гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд Л.З, С.Чинбат нарын хооронд байгуулсан Автомашин түрээслэх гэрээний дагуу мөнгийг шилжүүлж байсан талаар шүүгдэгч нар мэдүүлжээ.

 

С.Чинбатыг болон гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах талаар хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах эсэхийг шүүх хуралдаанаас өмнө, түүнчлэн татсан тохиолдолд төлбөр хариуцах эсэхийг  шүүх хуралдаанаар тус тус шийдвэрлэх боломжтой байна.

 

Л.З, Б.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, хохирлыг зөв тооцуулах талаар шаардлагатай ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүх  2019 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 584 дугаартай, 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 1740 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3759 дугаартай  захирамжууд гарч хэргийг 3 удаа прокурорт буцааж байжээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай яллах дүгнэлтэд хохирогч нарт учирсан хохирлын тооцоог  /17хх 219-221/ гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хохирлын тооцоог нарийвчлан гаргаж, хэнээс хэнд ямар хэмжээний хохирлыг гаргуулан олгох талаар заах нь зүйтэй.

 

Мөн шүүгчийн захирамжийн үг хэллэг, ойлгомжгүй, хэн гэдэг оролцогчийн ямар хүсэлтийг хууль зүйн ямар үндэслэгээн дээр тулгуурлан хүлээн авч тодорхой ямар ажиллагаанууд хийлгүүлэх гээд байгаа нь тодорхой биш байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Л.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Л.З, Б.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл шүүгдэгч Л.З, Б.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ