Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0246/З |
Дугаар | 128/ШШ2020/0405 |
Огноо | 2020-06-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2020/0405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: М ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц*******
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц******* 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Ш.Ц*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн хувьд дараах үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь хяналт шалгалт явуулах удирдамжид заасны дагуу болон хуульд заасны дагуу явагдаагүй.
Хяналт шалгалт хийсэн тухай хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх зөрчил хянан шалгасан байдал нь тухайн бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байна гэж шалгаж, тайлбар мэдүүлгийг авсан байдаг. Гэтэл сүүлд шийтгэл ногдуулахдаа анх шалгасан материалаас өөр үндэслэлээр ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх зарчмын үйл ажиллагааг зөрчсөн байна гэж үзэж байна. Өөр үндэслэлээр асуудлыг шалгаад өөр үндэслэлээр шийтгэл оногдуулж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Зөрчлийн тухай хуульд Өрсөлдөөний тухай хуульд заасан зөрчлүүдийг ялгаж тусгасан байдаг. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Өрсөлдөөний тухай хуульд нарийвчлан давамгай байдалтай аж ахуй нэгжийн хориглох үйл ажиллагааг 1-12 зүйл ангиар зүйлчилж тусгасан байдаг. Хариуцагч шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг анх шалгахдаа дурдсан атлаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан заалтыг зөрчлийн хэргийн материалд тусгасан байгаа нь харагдаж байгаа юм. Энэхүү Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т заасан зөрчил нь бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлах... гэж шийтгэлийн хуудаст тусгаж бичсэн байгаа атлаа зөрчлийн хэрэгт анх дурдсан зүйл заалтыг хэрэглэсэн байсан. Энэ байдлаар хуулийг буруу хэрэглэсэн нь үндэслэл бүхий зарчмыг зөрчсөн байна.
Борлуулалтыг хязгаарласан, хэрэглэгчийн эрхийн боогдуулан агуулга бүхий зүйл заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд тусгагдсан байдаг. Манайд энэхүү шийтгэлийн хуудсыг тухайн хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулсан гэдгээр шийтгэл оногдуулсан. Бид бараа бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчийг сонголтгүйгээр хясан боогдуулсан үйл ажиллагаа явуулаагүй.
Тухайн бүтээгдэхүүнийг хясан боогдуулсан тоо материал, хэдий хугацаанд хязгаарласан үндэслэл бүхий баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй.
Анхнаасаа бидэнд прокурорын тогтоолыг танилцуулаагүй. Тухайн тогтоол гарснаас хойш 5 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байхад тогтоол танилцуулаагүй, зөрчлийн хэрэг илрүүлсэн материал тэмдэглэлтэй биднийг танилцуулаагүй. Борлуулалтыг зогсоосон талаар асуулт зөрчилд холбогдогчоос нэг ч удаа асуугаагүй. Анх гаргаж өгсөн баримтад тухайн бараа бүтээгдэхүүнийг гаргаж өгсөн гэрээ бүх баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Бид имэйлээр тайлбар мэдүүлгийг өгсөн байдаг.
Шийтгэлийн хуудаст заасан заалт болгон дээр бараа бүтээгдэхүүнийг шалгаад олсон нь гээд заасан байдаг. Борлуулалтыг зогсоосон хязгаарласан болох нь тогтоогдсон гэсэн байсан. Шийдвэрлэсэн хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-г заасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйл заалтад заасан байдалтай уялдуулан хэрэглээгүй гэж үзэхээр байна. Аж ахуй нэгж хэрэглэгчийн эрх ашгийг санаатайгаар хязгаарласан, давамгай байдлаа хууль бусаар ашигласан хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, бодитой хязгаарласан гэдгийг хэдий хугацаанд хязгаарласан тухай тоо хэмжээг үндэслэлгүй гаргаж зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй байна... гэв.
Хоёр. Хариуцагч Ш.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зохих шатны арга хэмжээ аваагүй гэж гомдол гаргагч талаас тайлбарлаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны дагуу хийж, холбогдох материалуудыг хангалттай танилцуулсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаас харагддаг. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Нийслэлийн 6 дүүргийн нэр бүхий аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтын арга хэмжээ зохион байгуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж ажилласан байдаг.
Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд Монос метромалл салбарт хяналт шалгалт явуулж ...N95 маск худалдан борлуулсан явдалд хяналт шалгалт хийж, кассын үнийн дүн зөрүүтэй, байгууллагын орлогын баримт зөрүүтэй, хэрэглэгчдэд худалдан борлуулахгүй байгаа... гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн юм. Эмийн санд 01 дүгээр сарын 30-ны өдөр N95 маск 150 ширхэг ирсэн боловч иргэдэд худалдан борлуулаагүй акт гарсан байдаг. Эдгээр хяналт шалгалтын ажиллагаа хийгдээд М******* ХХК нь давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдсон учраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т заасны дагуу зөрчил оногдуулсан.
Тухайн бараа бүтээгдэхүүнийг тоо болон үнийг хязгаарлан хэрэглэгчийг хясан боогдуулсан зөрчил илэрсэн. Давамгай байдалтай аж ахуй нэгжийн хуулийн хариуцлагыг хүлээлгэхээр хуульд тодорхой тусгасан байдаг. Үүний дагуу шийтгэл оногдуулсан юм... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх хяналт шалгалтын удирдамжийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн огноогоор хяналт шалгалтыг эхлүүлсэн. Хяналт шалгалтын удирдамжид тодорхой агуулгаар шалгах ёстой гэдэг байдлаар зааж тавихгүй. Өрсөлдөөний зөрчил нь маш онцгой зөрчил байдаг. Жишээлбэл, капиталын зөрчилд түүнийг илрүүлэх гэж байгаа зорилгоо дурдаж бичиж өгдөггүйтэй адил юм. Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байна уу гэдгээр баримт нотолгоо гаргаж шийтгэл ногдуулдаг. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн учраас үүнийг шалгасны үндсэн дээр зөрчлийг илрүүлж тогтоосон. Давамгай байдалтай аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хориглох байдлыг Өрсөлдөөний тухай хуульд тусгайлан заасан байдаг.
Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоосон байдлыг хуулиар хориглосон байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд давамгай байдалтай аж ахуй нэгжийн давамгай байдалтай хууль бус үйл ажиллагааг хийхийг хориглох байдлыг тусгасан байдаг. Хориглосон зохицуулалт байгаа учраас борлуулалт хязгаарласан зогсоосон байхад нөөц зохиомол эрэлтийг бий болгоод байгаа юм. Давамгай байдалтай аж ахуй нэгжүүд хэрэглэгчийн эрхийг боогдуулахгүйн тулд нөөц бүрдүүлэхгүйгээр хэдэн ч ширхэг байсан хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүнийг зарах ёстой. Нөөц байсаар байтал зарахгүй байгаа нь нийтэд зохиомол эрэлтийг бий болгоод байгаа юм. Давамгай байдлаа буруугаар ашиглаж хэрэглэгчид зохиомол эрэлт, хомстол үүсгэсэн. Нийтэд үнэ өсгөх байдлыг бий болгоод байгаа юм. Эрэлтийг бий болгож, хомстол үүсгээд байгаа нь өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалттай байгаа учраас зохих арга хэмжээг авч ажилласан... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч гомдлын шаардлагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц******* 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Гомдол гаргагч ...бид хэрэглэгч үйлчлүүлэгчид өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс сэргийлж судалгаа хийх зорилгоор бүтээгдэхүүний борлуулалтыг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан. Гэтэл улсын байцаагч давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулан санаатайгаар хэрэглэгчийг хясан боогдуулахад чиглэсэн үйл ажиллагааг явуулсан гэж торгох шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж хариуцагчаас ...М ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр N95 амны хаалтыг борлуулахгүй байх 30-ны өдөр амны хаалтны худалдах үнэ 2500 төгрөг, 31-ний өдөр борлуулахгүй байх тухай мессэжийг ахлах менежерээс эмийн сангуудад хүргүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж маргажээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хяналт шалгалтын удирдамж гаргаж, Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан амны хаалт эмнэлгийн спирт гар ариутгагч бодис дархлаа сайжруулах бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх-ийг шалгахаар тогтоожээ.
Дээрх удирдамжийн дагуу улсын ахлах байцаагч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-ийн Монос метромалл салбарын N95 маскны худалдаалж буй үнэ нь тодорхойгүй кассын дүн орлогын баримтын дүн зөрүүтэй мөн байгууллагын орлогын дотоод баримтан дээр N95 маскны үлдэгдэлтэй хэдий ч хэрэглэгчдэд борлуулахгүй байсныг тогтоож зөрчлийн хэрэг нээж шалгажээ.
Маргаан бүхий улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн 000******** дугаартай шийтгэлийн хуудсыг үзвэл М******* ХХК нь N95 амны хаалтын борлуулалтыг зогсоож, хязгаарласан хяналт шалгалтын үзлэг, тайлбараар тогтоогдож байх тул гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийг борлуулалтын орлогын 4 хувиар тооцож, 6,066,192 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд М ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ноёлох үйл ажиллагаа гэдгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчдийг зах зээлдтгарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж буй тухайн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөхийг бодитоор хязгаарлах хэрэглэгчийг хясан боогдуулах гэж заажээ.
Хариуцагч тал гомдол гаргагчийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1.1-д Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хязгаарлах гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан.
Гомдол гаргагч талаас гаргасан ...манай компани 2020 оны 01 дүгээр сарын 27-нд И******* ХХК-аас 3600 төгрөгөөр 20000 ширхэг маск худалдан авахаар гэрээ байгуулсан боловч тус компани 11000 ширхэг маск нийлүүлсэн. Тус худалдан авсан маскийг зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдал хүлээж 2500 төгрөгөөр худалдан борлуулж өөрсдөө алдагдал хүлээн ажилласан дээрх 11000 ширхэг маскийг 3600 төгрөгөөр худалдан аваад компанийн үйл ажиллагааны зардал НӨАТ зэргийг нэмж 5700 төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн боловч үнэ өндөр байна гэсэн гомдлын дагуу үнийн судалгаа хийсний үндсэн дээр 2500 төгрөгөөр борлуулсан гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан И******* ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээ, нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээлэл, бараа материалын зарлагын баримтууд, дотоод имэйл, борлуулалтын тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гаалийн ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-2/542 тоот албан бичгийг үзвэл М ХХК-ийн нэрээр 2018, 2019 онуудад гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж импортолсон амны хаалтны мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна гэжээ.
Мөн Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/282 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн М******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд худалдан борлуулсан N95 амны хаалтны E-баримтын мэдээллээр гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Нөгөөтэйгүүр М ХХК нь N95 амны хаалтыг үйлдвэрлэгч биш, мөн импортоор оруулж ирдэггүй зөвхөн дотоодын борлуулагч нараас зах зээлийн ханшаар худалдан авч өөрийн эмийн сангуудаар худалдаалдаг болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийг давамгай байдалтай аж ахуйн нэгжийн ноёлох ажиллагаа явуулж зохиомлоор үнэ өсгөж борлуулалтыг хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд маргаан бүхий улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т заасныг баримтлан М ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц******* 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ