Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0475

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Б.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч

 

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.А

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “К л” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Х б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4300 дугаар дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5105 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлэхийг даалгах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0373 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Хариуцагч Б.А

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0010/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Бгаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Аэд тус тус  холбогдуулан ““Х б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4300 дугаар дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5105 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0373 дугаар шийдвэрээр[1] (бичгээр гаргасан): Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.2, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.2, 6.2.4 /гэж/,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4300, хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5105 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Б.Бгийн гаргасан ““Х б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4300, хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5105 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж, шүүх хуралдаан даргалагч нь шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг “... /нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон/ улсын бүртгэл, улсын байцаагчийн дүгнэлтүүдийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэлээ гэсэн.

3.2.  Гэтэл тус шүүхээс 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/4689, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/4953 дугаар албан бичгээр ирүүлсэн 128/ШШ2026/0373 дугаар шүүхийн шийдвэртэй танилцахад “Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “ ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4300, хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5105 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

3.3. Шүүхийн шийдвэрийн агуулгыг шүүх хуралдаанд танилцуулснаас өөр агуулгаар бичгээр үйлдэж, албажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3-т заасныг зөрчсөн, 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна. 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хамгаалсан; гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжиж, шийдвэрийг эсэргүүцсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Шүүх хуралдаанд танилцуулсан шийдвэрийн агуулгыг бичгээр үйлдэхдээ илэрхий өөрчилснийг дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэлээ.  

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”, 108.3-д “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зааснаас үзэхэд, шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах, тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгох, дараа нь бүрэн эхийг уг танилцуулсан агуулгаар бичгээр үйлдэж албажуулах гэсэн дарааллыг тогтоосон.

Шүүгч /шүүх бүрэлдэхүүн/ нь гагцхүү шүүх хуралдааны явцад зөвлөлдөж гаргасан албан ёсны шийдвэрийг тэр агуулгаар нь бичгээр үйлдэж, албажуулан хэргийн оролцогчдод гардуулах нь шүүхийн шийдвэр нэгдмэл бөгөөд хууль ёсны байх үндсэн шинжийг илэрхийлнэ.

3.2. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч /шүүх бүрэлдэхүүн/ уг хэргийг нэг удаа хянан шийдвэрлэх, ингэхдээ шүүх хуралдааны танхимд танилцуулсан албан ёсны шийдвэрийг бичгээр үйлдэхдээ шийдвэрлэсэн байдал, хууль зүйн үндэслэлийг дур мэдэн өөрчлөхийг хориглох бөгөөд энэ нь хэрэг маргааныг шударгаар хянан шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулах, шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах зэрэг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчимд харшилсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан шинжээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.  

3.3. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд, Б.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий улсын бүртгэл, байцаагчийн дүгнэлтүүдийг хариуцагчаас дахин шинэ акт гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв” гэж шүүгчээс танилцуулсан боловч бичгээр үйлдэж, хэргийн оролцогчдод гардуулсан шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийг “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий улсын бүртгэл, байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгож шийдвэрлэв” гэх агуулгаар үйлдэж, албажуулжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ хоорондоо зөрчилтэй хоёр өөр агуулгаар шийдвэр гаргаж танилцуулах ёсгүй, энэ зөрчлийн эрх зүйн үр дагавар нь шууд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдал, цаашлаад шүүхийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх учраас аливаа шалгуургүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

3.4. Энэ тохиолдолд маргааны үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх нь дээрх зөрчлийн үр дагаврыг үгүйсгэх үндэслэл болохгүйн зэрэгцээ энэ нь нотлох баримт буруу үнэлсэн, маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаанд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, өөрчлөлт оруулах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.   

3.5. Нөгөөтээгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасанчлан үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байвал шийдвэр гаргасан шүүгч өөрөө залруулга хийх боломжтой, харин гаргасан шийдвэрийн төрөл, хууль зүйн үндэслэлийн хувьд илэрхий зөрүүтэй буюу шийдвэрийг танилцуулснаас өөрөөр үйлдэж албажуулсан энэ тохиолдлын хувьд техникийн алдаанд хамаарахгүй.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад алдаа, зөрчлийн тухайд;

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж буй шүүгчийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх, хэргийг өөр шүүгчид шилжүүлэх тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж, шүүх хуралдаан даргалагчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулах зохицуулалтай.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Чанцалнямд хуваарилагдсаны дагуу шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2025/0072 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Үүнээс хойш хэргийг тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 128/ЗТ2025/738 дугаар тогтоолоор, шүүгч Д.Чанцалнямаас шүүгч У.Бадамсүрэнд шилжүүлсэн, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүгч Д.Чанцалням хэргийг хянан шийдвэрлэжээ.

4.3. Харин шүүгч Д.Чанцалнямын хувьд 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэн явуулсан боловч түүнд хэргийг буцаан шилжүүлсэн тухай Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хэрэгт хавсаргаагүй учраас хэргийг шилжүүлсэн эсэх нь тодорхой, энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болохыг дурдах нь зүйтэй. /Хэргийн I хавтасны 34-36, II хавтасны 61-62, 96-102 дахь талд/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан аливаа шийдвэр, явуулсан тодорхой ажиллагаа, хэрэгт авагдсан баримтыг оролцогчдод танилцуулах нь шүүхэд мэдэгдэх ба сонсгох зарчмын үүднээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй хэрэгжүүлэх ажиллагаа юм.

4.4. Түүнчлэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол зэрэг хэрэгт зайлшгүй хавсаргах эрхийн актыг орхих; нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтыг гарын үсэг зурж зохих ёсоор баримтжуулахгүй үлдээх; хэргийн хуудсыг алгасаж дугаарлах зэрэг шаардлагагүй алдааг үл давтаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцлагатай, эмх цэгцтэй хандвал зохино. /Хэргийн I хавтасны 34-36, II хавтасны 155-156 дахь талд/

5. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс зөрүүтэй агуулгаа илэрхийлэгдсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шийдвэрийг танилцуулснаас өөр агуулга (шийдэл, түүний хууль зүйн үндэслэл)-аар бичгээр үйлдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал;” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     М.ЦЭЦЭГМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

 

[1] Шүүх хуралдааны танхимд шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг “... маргаан бүхий улсын бүртгэл, байцаагчийн дүгнэлтүүдийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв” гэж танилцууулсан болохыг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэн аль нь тайлбарласан.