Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Мийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “НК” ХХК-д холбогдох

 

Арилжааны гэрээний үүрэгт 191 654 400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

 

Хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Мэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхоны зүүн талд залгаа 000540101 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 133014/0121, 18646311277495 дугаартай, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжтай, амины орон сууцны зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Би “НК” ХХК-тай газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт ний,т 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулж өөрийн эзэмшиж буй газартай холбоотой бичиг баримтыг захирал С.Билэгтэд хүлээлгэн өгсөн. Дээрх газрыг 250 000 000 төгрөгөөр тооцож нийт 130.7 м.кв бүхий 4 ширхэг /ашиглалтанд орсон Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууц, 2015 оны 3 дугаар улиралд ашиглалданд орох D блокын 1 давхрын A хэсгийн 38.2 м.кв, D хэсгийн  31.5 м.кв, Е хэсгийн  29.5 м.кв/ орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээг тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл би өөрийн эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 250 000 000 төгрөгөөр худалдахдаа энэ үнэд нийцүүлэн 4 орон сууц авахаар тохиролцсон. Улмаар гэрээний дагуу ашиглалтанд орсон Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууцыг шилжүүлэн өгч, өөрийн өмчлөлдөө авч улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон D блокын 1 давхрын A хэсгийн  38.2 м.кв, D хэсгийн  31.5 м.кв, Е хэсгийн  29.5 м.кв орон сууцуудыг орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу өнөөдрийг хүртэл өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхгүй харин ч бүр “НК” ХХК-ийн захирал С.Билэгт нь намайг дуудаж Е блокын 6 давхрын 42 тоот байраа чи ав, өөр байр өгөхгүй, заргалдаад яв гэсэн.

Ноёд констракшин XXK нь Ц.Мэ миний хүсэлт, газрын гэрчилгээ, газар эзэмших эрх зэрэг бичиг баримтуудыг авч газрын албанд хүргүүлж газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон боловч газрын албанд хүсэлтээ огт илэрхийлээгүй. Харин эсэргээрээ миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах үйл ажиллагаа явуулж улмаар Баянзүрх дүүргийн засаг даргын А/642 дугаар захирамжийг хүчингүй болгосон боловч уг шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон.

   Иймд “НК” ХХК-иас газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх арилжааны гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур гудамж, D блокын 1 давхрын A хэсгийн 38.2 м.кв 2 өрөө орон сууц буюу 73 802 400 төгрөг, D хэсгийн  31.5 м.кв 1 өрөө орон сууц буюу 60 858 000 төгрөг, Е хэсгийн 29.5 м.кв 1 өрөө орон сууц буюу 54 994 000 төгрөг нийт 191 654 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “НК” ХХК анх 2010-2011 онд үед Сэлэнгэ 888 төсөл хэрэгжүүлж орон сууцны барилга барих болон гаднах зам, талбайг тохижуулах ажил эхлүүлэх үед барилгын ажлын талбайн орчим 20 шахам иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гарааш барьсан байсан бөгөөд “НК” ХХК-ийн хувьд эдийн засгийн ихээхэн зардал гарган гарааш нүүлгэх ажлыг хийсэн. Энэ үед Ц.Мэ гэгч 700 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ үзүүлж бидний ажилд төвөг учруулж эхэлсэн тул арга буюу гэрээ байгуулсан. Гэвч “НК” ХХК-д газрын эзэмших эрхийг одоог хүртэл шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 Иймд Ц.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НК” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”НК” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд Таравлин орон сууцны цогцолборын барилгын ажлыг хэрэгжүүлэх явцдаа барилгын талбайн зүүн талд байрлах автомашины гараашийн газрыг эзэмшигчидтэй нь тохиролцож, нөхөн төлбөр олгох замаар чөлөөлүүлсэн. Уг газрын эргэн тойронд инженерийн шийдэл бүхий барилгууд баригдсан, газрын доогуур шугам хоолой байршуулсан, амины орон сууцны зориулалтаар газар эзэмших боломжгүй байхад Ц.Мэ 2014 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/642 захирамжаар газар эзэмших эрхтэй болж улмаар Нийслэлийн засаг даргын 2015 оны А/08 тоот захирамжаар баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгч Ц.Мэ 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “НК” ХХК-тай газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, энэхүү гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 700 м.кв талбай бүхий газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл газрын эрхээ шилжүүлэн өгөөгүй. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг /нийт 4 гэрээ/ компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүдтэй байгуулсан. Мөн гэрээний 3 дахь заалтад эрх бүхий этгээдэд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан боловч бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Иймд Ц.Мэтэй 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээ /энэ гэрээ 4 ширхэг/ гэх 6 ширхэг гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу Ц.Мийн өмчлөлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхон Е барилгын 6 давхрын 42 тоот дахь 31.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг “НК” ХХК-д шилжүүлэхийг Ц.Мэд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюунбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.Мэ болон “НК” ХХК нар нь газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээг үндэслэн орон сууц захиалан бариулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын гудамж хаягт байрлах

1.Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууц

2. D блокын 1 давхрын A хэсгийн  38.2 м.кв орон сууц,

3. D хэсгийн  31.5 м.кв орон сууц,

4. Е хэсгийн  29.5 м.кв орон сууцуудыг тус тус Ц.Мийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр 4 гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдээс Е блокын 6 давхрын 42 тоот 31.5 м.кв орон сууцны өмчлөх эрхийг Ц.Мэд шилжүүлж, бусад 3 орон сууцыг шилжүүлээгүй. ”НК” ХХК-ийн захирал М.Билэгт өөрөө газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ”НК” ХХК-иас 191 654 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мэд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан, хариуцагч ”НК” ХХК-ийн газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалан бариулах тухай гэрээ /энэ нь 4 гэрээ/-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, урьд шилжүүлсэн нэг орон сууцны өмчлөх эрхийг буцаах шилжүүлэхийг Ц.Мэд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Мийн урьдчилан төлсөн 1 116 230 төгрөг, хариуцагч ”НК” ХХК-ийн урьдчилан төлсөн 1 409 000 төгрөгийг тус тус улс орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ”НК” ХХК-иас 1 116 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мэд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй хэт нэг талыг барьж үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн баримттай танилцах хүсэлтийг хангаагүй, хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүйгээр шийдвэр гаргасан.

Харилцан бие биедээ эд хөрөнгө, эрх шилжүүлэхээр үүрэг хүлээсэн гэрээний нэг тал буюу Ц.Мэ эзэмшил газраа шилжүүлэн өгсөн эсэх нь түүнчлэн газартай холбоотой баримт бичгээ шилжүүлэн өгсөн эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Арилжааны гэрээний 5 дахь заалтаар газартай холбоотой бичиг баритыг “НК” ХХК-д саадгүй гаргаж өгөхөөр хүлээсэн үүргээ Ц.Мэ хэрхэн хэрэгжүүлсэн, газартай холбоотой баримтыг шилжүүлэн өгсөн эсэх нь баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэгчийг үүргээ биелүүлсэн, хариу үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад Ц.Мэ арилжааны гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй гэж учир дутагдалтай дүгнэсэн.

Орон сууц захиалан бариулах гэрээний хүчин төгөлдөх эсэхийг дүгнэхдээ "Сэлэнгэ 888" төсөл хэрэгжүүлэхдээ байгуулсан 10 гаруй иргэдийн гэрээнд “НК” ХХК-ийг ерөнхий менежер Л.Чадраабал байгуулжээ. Иймд Ц.Мэтэй байгуулсан орон сууц захиалан бариулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судалж бодитойгоор үнэлж чадаагүй. Хэдийгээр гэрээнүүдийг ерөнхий менежер байгуулсан боловч “НК” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгт гэрээний эхэнд “Батлав” гэж гарын үсэг зурсан. Тэгвэл Ц.Мэтэй байгуулсан гэрээнд “НК” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгт гарын үсэг зурж батлаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ. Ц.Мэтэй байгуулсан гэрээ нь “НК” ХХК төслийн ажлын явцад саад болж, ажил гүйцэтгэхэд бэрхшээлтэй байсан учраас ажлаа үргэлжлүүлэхийн тулд дүр үзүүлсэн гэрээ байгуулсан.

Сүүлийн барилгын ажлыг эхлүүлээд байтал газрын гэрчилгээг хожим буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргуулж авсан Ц.Мэ барилгын ажилд саад болж, гэрчилгээгээ ашиглан шахалт үзүүлэн гэрээ байгуулах, орон сууцаар сольж авахыг шахсан тул "арилжааны гэрээ", "газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ", "орон сууц захиалан бариулах гэрээ" зэргийг байгуулсан нь дүр үзүүлсэн буюу төслийн ажил гүйцэтгэхэд саад учруулсан, орон сууц хүлээлгэн өгөх хугацааг алдуулсан тул арга буюу гэрээ байгуулсан. Төслийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд газар чөлөөлүүлэхээр олон тооны иргэдтэй тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл эдгээр гэрээнд үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Мэ нь хариуцагч “НК” ХХК-д холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 191 654 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ”, “газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”, “орон сууц захиалан бариулах тухай” гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууц захиалан бариулах гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Таравлин хотхон Е барилгын 6 давхрын 42 тоот дахь 31.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг “НК” ХХК-д буцаан шилжүүлэхийг Ц.Мэд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            Хэргийн баримтаас үзвэл хариуцагч “НК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч Ш.Сарангэрэлтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “...нэхэмжлэлийн хувийг гардан авсанаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, ...энэ эрхээ хэрэгжүүлэхээр шүүх хуралдааны үед хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдоогүй, зохигч хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нөлөөлж байна” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруу гэж үзнэ. /хх 127, 189, 201-202/ Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх талаар зохицуулсан заалттай нийцэхгүй байна.

            Түүнчлэн хариуцагчийн сонгосон өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй нь шүүхийн өмнө талууд эрх, тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд үндэслэн хэрэгжих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийн заалтыг тус тус зөрчжээ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 409 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.ТУЯА

           

                                      ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД