Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 101/2020/00170/И |
Дугаар | 101/ШШ2020/03289 |
Огноо | 2020-09-23 |
Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2020/03289
2020 09 23 101/ШШ2020/03289
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Ш Б” ХХК-д холбогдох
204,493,276 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түвшин, хариуцагчийн төлөөлөгч М.Лхамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзам, гэрч Б.М-, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М- нь 2016 оноос эхлэн “Ш Б” ХХК--тай ажлын шугамаар харилцаж эхэлсэн. 2018 оноос “Ш Б” ХХК- нь орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч компаниар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээгээр барилгын ажил гүйцэтгүүлэх компанитай холбож өгөх, зуучлалын үйлчилгээний хөлсөнд байгуулсан гэрээний төсөвт өртгийн нийт үнийн дүнгийн 2 хувийг өгөх үүргийг тус тус хүлээсэн. Зуучлагчаас “Ш Б” ХХК--г “Б К Э А” ХХК-тай зуучилж өгсөн. “Б К Э А” ХХК болон “Ш Б” ХХК- нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр “Ш Б” ХХК- нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *дүгээр хороо, *дугаар хороолол, *айл хотхонд буюу үйлчилгээний барилгатай, 16 давхар *айлын орон сууцны *барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тус барилга угсралтын ажил гүйцэтгэх нийт дүн нь 10,448,548,880 төгрөг болсон. Зохигчдын байгуулсан зуучлалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Зуучлагч болон захиалагч талуудын хооронд барилга угсралтын гэрээ байгуулсан өдөр буюу байгуулсан гэрээний төсөвт өртгийн нийт үнийн дүнгийн 2 хувийг үйлчилгээ үзүүлсний хөлс болгон зуучлагч төлнө” мөн энэхүү төлбөрт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан урьдчилгаа төлбөр багтсан болно. 3 дугаар зүйлийн 3.3-т “Энэхүү гэрээний 3.2-т заасан хөлсийг гэрээ байгуулсан өдөр зуучлуулагч тал нь зуучлагч талд төлнө” мөн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “зуучлагч болон захиалагч этгээдийн хооронд гэрээ байгуулагдсанаар зуучлагч талын эрх, үүрэг дуусгавар болно” гэж заасан тул тухайн барилга угсралтын гэрээ байгуулагдсанаар зуучлагч миний ажил үүрэг биелэгдэж дуусгавар болсон юм. Иймд зуучлалын үйлчилгээний хөлс нь 216,493,276 төгрөг болсон бөгөөд тухайн гэрээ байгуулсан өдөр одоо банк ороод бүгдийг нь хийчихье гээд гарсан боловч тухайн өдөр мөнгө ороогүй байсан. Тэгээд орой нь залгахад банк хоорондоо болохоор маргааш орох байх гэсэн боловч маргааш нь хийгээгүй. Үүнээс зуучлуулагч нь 12,000,000 төгрөгийг дансаар төлсөн. Үлдэх 204,493,276 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, зуучлалын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд “Ш Б” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “01/2018” дугаартай зуучлалын гэрээний үлдэгдэл хөлс 204,493,276 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргааны зүйл болсон зуучлалын гэрээний хувьд нэгдүгээрт хөлс авах эрх үүсэхгүй байна гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т зуучлагч нь зуучлуулагчид зохих захиалагчийг олж өгнө гэж зуучлагчид үүрэг болгож өгсөн байдаг. Зохих захиалагч гэдэг нь хууль тогтоомж зөрчөөгүй, зуучлуулагчийн эрх ашигт нийцсэн захиалагчийг олж өгч, зуучлуулагчийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний үүрэг байдаг. Нэхэмжлэгч нь “Бэрэн” ХХК-д хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг хуульч байгаа. Гэтэл Б.М- ажил гүйцэтгэх гэрээн дээр гуравдагч этгээд болох “Б К Э А” ХХК-ийн ахлах хуульчийн байр сууринаас гарын үсэг зурсан байдаг. “Б К Э А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын гэрчийн мэдүүлэг дээр уг гэрээний төслийг Б.М- өөрөө боловсруулсан гэдэг Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан бол нөхөн төлөхгүй гэж заасан байдаг. Энэ хуулийн шаардлага нь энэ нөхцөл байдалд нийцэж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн тайлбар дээр Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4 заалтыг тайлбарлахдаа зуучлагч нь хэлбэрийн төдий байдлаар хөдөлмөрийн гэрээний харилцаатай байх эсхүл эдийн засаг, эрх мэдлийн хувьд нөлөөлөх нөлөөлөх боломжтой байх ёстой гэдгийг шүүхийн практикаар тогтоох шаардлагатай гэж тайлбарласан. Шүүгчийг үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Хөдөлмөрийн харилцаа бол зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаад л үүсэж байгаа биш. Бизнесийн харилцаа улам бүр глобалчлагдаж байгаа үед тухайн төрлийн үйлчилгээг аваад, үйлчилгээ авсан боловсон хүчнээрээ нөхөх ажиллагаа нэлээн гарсан. Үүний нэг жишээ бол энэ хэрэг. Б.М- нь тус гэрээн дээр ахлах хуульч Б.М- гэж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4 хамаарахаар байна гэж үзэж байна. Зуучлагчид хамааралтай этгээд буюу өөрөө үйлчилгээ үзүүлдэг байгууллагад зуучилсан тул зохих захиалагч олоогүй буюу зуучлалын үйлчилгээний үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.9-т зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажиллавал хөлс, шагнал авах буюу зардлаа нөхөн төлүүлэх эрхээ алдана гэж заасан. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.9 дэх заалтыг зуучлалын онцгой эрхийн гэрээнд хамаарна гэж тайлбарлах боломжтой. Гэтэл Иргэний хуулийн хуулийн тайлбар дээр Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.9 дэх заалтыг тайлбарлахдаа зуучлалын гэрээний бүх тохиолдолд хэрэглэх боломжтой гэж дурдсан байгааг шүүгч анхааралдаа авч үзнэ үү. Б.М- нь “Б Г” ХХК- болон “Б К Э А” ХХК-д хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр холбоо хамааралтай гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй байдаг. Энэ байдлаа илэрхийлэхгүйгээр зуучилсан нь үйлдэл нь зуучлалын гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болно. Зуучлалын үндсэн дээр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хувьд санхүүжилт нь хийгдээгүй. Ажил нь огт хийгдээгүй. Зуучлалын гэрээний дагуу үр дүн гараагүй. Гуравдагч этгээд болон зуучлагч нар хоорондоо урьдаас тохиролцоод зуучлалын хөлс авах үүднээс гэрээ байгуулсан байх болзошгүй гэх эргэлзээ үүсгэж байна. Мөн энэ зуучлалын гэрээ нь “Ш Б” ХХК--ийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарна. Компанийн тухай хуульд заасан дагуу их хэмжээний хэлцэл гэдэг нь тухайн компанийн сүүлийн санхүүгийн балансын 25 хувиас дээш хэмжээтэй хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаардаг. Их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр батлах хуулийн заалттай. Хэлцлийн нөгөө тал Б.М- нь хуульч хүн. Хуулийг мэдэхгүй буюу зөв ойлгоогүй гэх үндэслэл байхгүй. Гүйцэтгэх захиралтай тухайн гэрээг байгуулсан. Их хэмжээний хэлцлийг байгуулсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл байгаа гэв.
“Ш Б” ХХК--ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл нь “Ш Б” ХХК- нь Б.М-тай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасны дагуу зуучлалын гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрдөг. “Б К Э А” ХХК-тай барилга угсралтын гэрээ байгуулсан боловч захиалагч тал нь гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй, аргагүй байдлын улмаас гэрээ цуцлагдсан. Зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Б.М- нь тухайн компанийн хамаарал бүхий хуульч, “Б Г” ХХК- болон “Б К Э А” ХХК-д хууль зүйн ажлыг хариуцдаг байсан. Тиймээс Иргэний хуулийн 417 дугаар зүйлд зааснаар зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан гэх агуулгаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Б.М- нь өөрийнхөө ажилладаг компанитай буюу өөрөө өөртэйгөө хэлцэл хийх замаар энэхүү зуучлалын гэрээг байгуулсан нь үндэслэлгүй байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иймээс талуудын гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж ямар гэрээ байгуулахаа шийдвэрлэх эрхтэй. Мөн онолын хувьд гэрээг нэршлээр нь биш талууд эрх үүргээ тодорхойлсноос нь хамааран гэрээний зүйлчлэлийг хийдэг. Иргэний хуульд зуучлалын гэрээ, зуучлалын онцгой эрхийн гэрээ, худалдааны зуучлалын гэрээ гэж тус тус хуульчилсан байдаг. Тухай бүр хэрэглэгдэх зохицуулалтыг нэг бүрчлэн заасан байдаг. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан худал тайлбар гаргасан нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.М- нь “Б К Э А” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй бөгөөд хөдөлмөрийн харилцаагүй, ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М- “Ш Б” ХХК--д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 204,493,276 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Б.М- нь “Б Г” ХХК--д хуульчаар ажилладаг, барилга баригдана гэдгийг урдаас мэдэж албан тушаалаа ашиглаж “Зуучлалын гэрээ”-г байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж;
“Ш Б” ХХК- нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн № 01/2018 “Зуучлалын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг Б.М- бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1. 204,493,276 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч иргэн Б.М- хариуцагч “Ш Б” ХХК--ийн захирал Ч.Ж-той 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №01/2018 дугаар “Зуучлалын гэрээ”-г байгуулжээ.
Уг гэрээгээр зуучлагч Б.М- нь зуучлуулагч “Ш Б” ХХК--д барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх захиалагч этгээдийг олох, тэдгээрийн хооронд барилга угсралтын гэрээ хэлцэл хийхэд холбож өгөхөөр тохиролцжээ./1 дүгээр хх-ийн 19-20 дугаар тал/
Улмаар дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч “Ш Б” ХХК- нь захиалагч ““Б К Э А” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №YII/04 дүгээр “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулж Сүхбаатар дүүрэг, *дүгээр хороо, *дугаар хороололд * хотхоны буюу үйлчилгээний барилгатай, *давхар *айлын орон сууцны 1 дүгээр барилга угсралтын ажлыг суурийн ажлаас техникийн бүрэн дуусгах түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр шинээр барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна./1 дүгээр хх-ийн 5-16 дугаар тал/
“Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний захиалагч ““Б К Э А” ХХК-ийг төлөөлж захирал Ц.Э-, СЭЗБН-ын захирал Т.Болдмаа, Ахлах хуульч Б.М-, Ерөнхий инженер М.Хуат, төсөвчин С.А, гүйцэтгэгч талыг төлөөлж “Ш Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж- нар гарын үсэг зуржээ./1 дүгээр хх-ийн 15 дугаар тал/
“Б Г” ХХК--ийн санхүүжилтээр Сүхбаатар дүүрэг, *дүгээр хороо, *дугаар хороололд **хотхоны буюу үйлчилгээний барилгатай, 16 давхар 140 айлын орон сууцны 1 дүгээр барилгын ажлыг төсөл нь “Б К Э А” ХХКзахиалгаар баригдах төслийн гүйцэтгэгчээр “Ш Б” ХХК- нь оролцохоор тохиролцжээ.
“Б Г” ХХК--ийн хувьцаа эзэмшигч-11, гүйцэтгэх захирал Б.М-, ““Б К Э А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч-9 гүйцэтгэх захирал Ц.Э- улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Б.М-ийн “...хувьцаа эзэмшигчид садан төрлийн холбоотой, үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл өөр, хувьцаа эзэмшигч нар нь ижил, тусдаа компани” мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. /1 дүгээр хх-ийн 136-157, 2 дугаар хх-ийн 1-5 дугаар тал/
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 411 дүгээр зүйлийн 411.7.4-т “зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан”, энэ хуулийн “411.7, 411.8 д заасан журмыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.“ гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.М- “Б Г” ХХК--д хууль зүйн туслалцааг үзүүлж, ажил, мэргэжлийн хамааралтай болох нь хэрэгт авагдсан;
- нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг “Б Г” ХХК- нь 50 кодоор 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын хүртэл хугацаанд төлсөн баримт;
- гэрч Ц.Э-ын “.....Б.М-ыг 2015-2016 оноос эхлэн танина, “Б Г” ХХК--д хуульчаар ажилладаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Зуун айл хотхоны **давхар **айлын орон сууц барих төслийн хөрөнгө оруулагч нь “Б Г” ХХК- бөгөөд 2018 оноос төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид өөрсдийн хамтран ажилладаг компаниудын дунд жижиг тендер зарладаг. Тендер зарлахаас өмнө Б.М- нь Ч.Ж-ыг дагуулж орж ирээд “Ш Б” ХХК--ийг барилгын ажилд ийм бололцоотой гэж танилцуулснаар тендер зарлагдаагүй “Ш Б” ХХК--тай “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний төслийг Б.М- өөрөө боловсруулж.”;
- гэрч Б.М- “...Б.М-ыг хууль зүйн зөвлөгөө өгдөг, хэзээнээс эхэлж ажилласныг сайн мэдэхгүй байна. Ц.Э- захирал сайн мэднэ.” гэх зэрэг мэдүүлгээр нотлогдож байна./ 1 дүгээр-хх-ийн 128-130 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.М- нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн
-27 дугаар зүйлийн 27.1.8.-д “үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших.;
-33 дугаар зүйлийн 33.1.-д “Хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна.Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулах эрхгүй.”;
-33 дугаар зүйлийн 33.3.”Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг задруулах, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.” гэж заасныг зөрчин өөрийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг урдаас мэдэж, өөрт ашигтайгаар захиалагчид нөлөөлж, Зуучлалын гэрээг “Ш Б” ХХК-тай байгуулсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т зааснаар зуучлалын хөлс шаардах эрхгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
“Ш Б” ХХК- нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №01/2018 дугаар Б.М-тай байгуулсан “Зуучлалын гэрээ”-г хууран мэхэлж, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, их хэмжээний хэлцэл дур мэдэн байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний урьдчилгаанд өгсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардсан.
Б.М- сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
“Ш Б” ХХК- нь Б.М- нарын хооронд байгуулсан Зуучлалын гэрээний дагуу “Б К Э А” ХХКнь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Барилга угсралтын гэрээ”-г “Ш Б” ХХК--тай байгуулжээ. Дээрх гэрээний гүйцэтгэгч талыг төлөөлж “Ш Б” ХХК- -ийн гүйцэтгэх захирал Ч.Ж- гарын үсэг зуржээ.
“Ш Б” ХХК- -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Ч.Ж-ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хугацаагүйгээр томилж, гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйл ажиллагааг явуулах эрхийг 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Чулуунбаатарын шийдвэрээр эрхийг шилжүүлсэн байна. Энэ эрхийн хүрээд Ч.Ж- нь “Зуучлалын гэрээ”-г Б.М-тай байгуулжээ.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.” гэж заасан.
Б.М- өөрийн хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг “Б Г” ХХК--ийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, Зуун айл хотхоны 16 давхар 140 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч “Бэрэн констракшин автомэшн” ХХК-д “Ш Б” ХХК--ийг зуучилж гэрээ байгуулсан хэдий ч гүйцэтгэгч тал болох “Ш Б” ХХК- гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлыг орхисон нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
“Ш Б” ХХК--ийн гүйцэтгэх захирлаар Ч.Ж-ыг томилсон бүртгэлийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ч түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчийн компанийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилж, эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд Зуучлалын гэрээг Б.Ж нь Б.М-тай байгуулжээ.
Б.М- нь хууль зүйн туслалцаа үзүүлж байсан компанийн үйл ажиллагааг урдаас мэдэж, өөрт ашигтайгаар “Ш Б” ХХК--ийн захирал Ч.Ж-той Зуучлалын гэрээ байгуулсан нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, хууран мэхэлж гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Зуучлалын гэрээний дагуу Б.М-ын Хаан банкны 5041059438 дансанд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 000000001 данснаас 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 87, 89 дүгээр талууд/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгч 12,000,000 төгрөгийг С.Бямбасүрэнгийн 000000001 данснаас шилжсэн гэж маргасныг “Ш Б” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй, тус компанийн, О.Чулуунбаатарын, Ч.Ж- нарын хэн алиных нь данснаас шилжүүлсэн гэдгийг баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ч.Ж- өөрт хохирол учирсан гэж үзвэл жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Иймд Б.М-ын нэхэмжлэлтэй, “Ш Б” ХХК--д холбогдох Зуучлалын гэрээний үүрэгт 204,493,276 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, Зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56.1.1, 59.1, 410.1, 411.7.4-т тус тус заасныг баримтлан Б.М-ын нэхэмжлэлтэй “Ш Б” ХХК-/рд: /-д холбогдох 204,493,276 төгрөг гаргуулах үндсэн, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан Б.М-аас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,180,417 төгрөгийг, “Ш Б” ХХК--иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1,387,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/11759 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.
4.”Ш Б” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
, .