| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1971 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Орхон аймгийн Б сумын дугаар баг, Бүрэн бүст хороолол тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.Н /РД: /-д холбогдох эрүүгийн 2303000000540 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Н Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын 275-р вагоны 25-р вагоны 8-р местэнд зорчиж явах үедээ хохирогч Г.Г- цүнхнээс 1,300 юань буюу 614,822 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
Хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өөрийн барьж явсан цагаан өнгийн гар цүнхээ 8 дугаар вагоны 48 дугаар мест дээр тавиад үлдээсэн. Тэгээд хүмүүсээ суулгаж дуусаад вагон хөдөлсний дараа өөрийн барьж явсан цүнхээ авах гээд очтол миний тавьсан гар цүнх байхгүй байхаар нь 8 дугаар вагон дотор хайсан боловч олдоогүй, харин 9 дүгээр вагон дотор ороод цүнхээ хайгаад явж 9 дүгээр вагоны 2 давхрын 50 мест дээр миний цагаан цүнхийг онгойлгоод цүнх дотор байсан түрийвчийг цүнхээс ил гаргасан байдалтай тавьсан байхаар гайхаад авсан. Тэгээд цүнх дотор байсан түрвийчээ шалгаж үзэхэд миний түрийвч дотор байсан юань дутуу юм шиг байхаар нь мөнгөө тоолж үзсэн чинь 1,300 дутуу байсан, тэгэхээр 25 дугаар вагоны үйлчлэгчид мэдэгдэж танай вагонд хяналтын камер байдаг эсэхийг тодруулахад галт үйлчлэгч нь манай вагон дотор хяналтын камер байхгүй хариулсан. Хэрэв та эд зүйлээ алдсан бол галт тэрэгний цагдаа дуудна гэж хэлээд галт тэрэгний цагдаа өөрөө залгасан. Тэгээд 2 цагдаагийн алба хаагч хүрч ирээд юу болсон тодруулж асуугаад цүнхээ олсон газар луу дагуулж явсан. Дагуулж очих үед 9 дүгээр вагонд миний цүнхнээс мөнгө авсан гэх эмэгтэй зорчин явсан ба намайг цүнхээ хайгаад 9 дүгээр вагон дотор хайж очих үед тэр эмэгтэй байсан. Тухайн үед цүнхээ олсон болохоор 9 дүгээр вагонд зорчин явсан эмэгтэйгээс цүнхний талаар асуугаагүй харин тухайн үед тэр эмэгтэйг хятад хүн байна гэж харсан. 2 цагдаагийн алба хаагч очоод тэр эмэгтэйгээс цүнхний талаар асуухад би мэдэхгүй гэж хариулсан. Дэлгэрхангай цагдаа 8 дугаар вагоны хятадуудаас энд цүнх байсан уу, хэрэв харсан бол хаана байсан бэ гэж тодруулж асуухад нэг залуухан хятад эрэгтэй нь цагаан өнгийн 9 дугаар вагоны доод талын орон дээр байсан гэж хэлсэн, тэр хятад хүн нь орчуулагчтайгаа явж байсан. Тэгэхээр нь тэнд байсан эмэгтэйд цагдаагийн алба хаагч цүнхэнд нь үзлэг хийсэн чинь миний алдсан 1,300 юань цахилгаантай хэсгээс гарч ирсэн нөгөө эмэгтэй нь цүнхнийхээ цахилгаантай арын хэсэгт нуучихсан байсныг цагдаа олж гаргаж ирээд юанийг тоолж үзэхэд миний алдсан 1,300 юань байсан ба 1300 юанийг буцааж нөгөө эмэгтэйн цүнхэнд хийгээд 2 цагдаа өрөө рүүгээ дагуулаад явсан. Уг асуудал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас галт тэрэг дөнгөж хөдөлж байсан галт хөдлөөд удаагүй байсан ба тухайн үед 18 цаг 30 орчим тухайн үйл явдал болсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-07/
Хохирогч Г.Г-н Тээврийн цагдаагийн газарт гаргасан “ Миний бие өөрийн цүнхнээс алдсан 1300 юанийг 2023 оны 11 сарын 10-ны өдөр тоо ёсоор хүлээн авсан. Иймд цаашид гомдол санал байхгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 08/
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 11 дүгээр сарын 07-ны орой 18 цаг 05 минутад галт тэрэг Замын-Үүд сумаас хөдлөн явуулын кассеруудын хамт билет болон эргүүл шалгалтаар явж 25 дугаар вагонд зорчин явсан иргэн Г.Г нь түрийвчинд байсан мөнгөө алдсан гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Үүний дагуу цагдаа, цагдаагийн дэд ахлагч Төмөрбаатарын хамт 25 дугаар вагонд очиж тус вагоны 3 дугаар местэнд зорчин явсан Г.Г гэх эмэгтэйтэй уулзах үед Г.Г нь цагаан өнгийн жижиг цүнх дотор байсан урт хар түрийвч дотор байсан 100-гийн дэвсгэртээр байсан, 2100 юаниас 1300 юань нь алга болсон гэж мэдэгдсэн. Тухайн үед 8, 9 дүгээр купений орчим байсан хүмүүс цүнх, түрийвч доторх эд зүйлээ өөрсдөө гаргаж үзүүлж байтал 8 дугаар купений доод талын местэнд зорчин явсан Ц.Н нь түрийвч дотор байсан эд зүйлээ гаргаж байтал цахилгаантай тасалгаан дотроос Г.Г-н хулгайд алдсан гэх 1300 юань гарч ирсэн. Нарантуяагаас ямар учиртай мөнгө болох талаар тодруулахад эмчилгээнээс үлдсэн мөнгө хэлсэн мөртлөө түрийвч дотор байсан мөнгө дүнг мэдэхгүй байсан. Хохирогч Г.Г-д Ц.Н түрийвч дотроос гарч ирсэн 100-ийн дэвсгэртээр байх 13 ширхэг юанийг үзүүлэхэд шалгаж үзээд миний хулгайд алдсан юаньтай серийн дугаар, мөнгөн дүнгээрээ таарч байгаа тухай хэлсэн. Иргэн Г.Г нь 1300 юанаас өөр эд зүйл хулгайд алдсан зүйл Байхгүй гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/нь ажлынх нь хүмүүс хараагүй гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /ххи-йн 15-16/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Н үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Г-д 1300 юань буюу 614,822 төгрөгийг буцаан өгсөн нь хх-ийн 08 дугаар хуудсанд авагдсан хохирогч Г.Г-н Тээврийн цагдаагийн газарт гаргасан мөнгө хүлээн авсан тухай тайлбараар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Н-г /РД: /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Н-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД