Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/03347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЕБС /рд: /-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,126,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Нийслэлийн******* дүгээр дунд сургуульд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нярвын албан тушаалд томилогдон ажилд орсон. Би хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчөөгүй, эд хөрөнгийн ямар нэгэн шамшиг дутагдал гаргаагүй байхад намайг нягтлан бодогч Ш.Б- чи их бие султай хүн байна, эрүүл мэнд чинь их муу юм байна гэх мэтээр дарамталж, 2020 оны 3 дугаар сараас эхлэн эмнэлэгт үзүүлэн жирэмсэн болсон гэдгийг хэлснээс хойш өдөр болгон шахалт дарамталсан. Миний бие 2020 оны 4 дүгээр сард жирэмсний хурц хордлогын улмаас Энэрэл эмнэлэгт хэвтсэн актаа авчирч өгснөөс хойш илтэд дургүйцэх болсон.Улмаар ч хурдан өргөдлөө өг, манай ажлын ачааллыг дааж ажиллаж чадах хүн чи биш байна гэж илтээр ажлын байрны дарамт үзүүлдэг болсон. Миний бие жирэмсэн сэтгэл санааны эмзэг байсан учраас аргагүй буюу өргөдлөө өг гэж шахсан. Надад цагаан цаас үзэг өгөөд өөрийн хүсэлтээр гэж бичээрэй гэж нягтлан Ш.Б- шаардсаны дагуу өргөдлөө өгсөн. Миний бие ажлаас халагдах хэмжээний хөдөлмөрийн сахилга бат ноцтой зөрчөөгүй тул тус сургуулийн захирлын гаргасан тушаалыг хууль бус гэж үзэж байна. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 1,126,412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.У 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус сургуулийн нярваар туршилтын хугацаанд ажиллаж байсан Түүнийг ажлаас чөлөөлсөн дараах тайлбарыг гаргаж байн. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн дагуу туршилтын хугацаагаар ажиллах чадвар муу тул цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу ажилтан өөрөө ажлаас гарах өргөдлөө 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бичиж өгсөн тул ажил хүлээлцэх комисс томилогдож ажлыг хүлээлцсэн. Ц.Уийг эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд нь миний бие цалинг бүтэн бодож олгож байсан. Жирэмсэн гэдгийг мэдээгүй хэлээгүй, надад дарамталж шахсан зүйл байхгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь ******* дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,126,412 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч тал жирэмсэн гэдгийг мэдээгүй, нэхэмжлэгч өөрөө сайн дураараа өргөдлөө бичиж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1.  Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.У нь ******* дүгээр сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нярвын албан тушаалд туршилтын хугацаанд томилж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг удирдлага болгон үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 2, 21дүгээр тал/

Нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.”, 231.2-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.”, 231.3-д “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг хугацаагүйгээр ажилд авсанд тооцно” гэж заажээ.

Хариуцагч ******* дүгээр сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1 дэх заалтад “Ц*******ын У*******ийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нярваар туршилтын хугацаанд томилон ажиллуулсугай” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн******* дүгээр сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Сул байгаа орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа сонгон шалгаруулалтын журмыг үндэслэн туршилтын хугацаагаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулна. Туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байна.”, 7.1.2-т “Туршилтын хугацаанд багш ажиллагсдын мэдлэг, ур чадвар, санаачилга нь сургуулийн ажлын хэсгийн дүгнэлтээр хангалттай үнэлгээ авч байвал хөдөлмөрийн гэрээг сунгаж, хангалтгүй үнэлэгдвэл гэрээг цуцална.” гэж журамласнаас үзэхэд Ц.У-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2-т зааснаар туршилтын хугацааг гурван сарын хугацаагаар ажилд томилсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уийг туршилтын хугацаагаар ажилд авсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйг хуульчилсан.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэн гол үндэслэл нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг ойлгоно. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг заавар бичгээр хийхийг шаардана. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж зааснаар ажил олгогч нь ажилтан Ц.Утэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй хууль зөрчсөн болох нь нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “намайг дарамталж цаас өгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гэж бич гээд надад бичгийн цаас өгч бичүүлсэн” гэж, хариуцагчийн төлөөлөгч “Ц.У ажил мэргэжилдээ тэнцэхгүй ажлын ачаалал даах чадваргүй, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.” Гэж маргасан.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэл нь:

ь  Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон,

ь Эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн 2 үндэслэл хамаарах бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол ажилтны энэ байдлын талаар тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестачлалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажлын ачаалал даахгүй ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж маргаж байгаа хэдий ч Ц.Уийн ажил мэргэжил, ур чадварын талаар Нийслэлийн ****** дүгээр дунд сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн7.1.2-т заасан ямар нэгэн дүгнэлт гараагүйг дурдав.

Нэхэмжлэгч жирэмсний 2 сартайд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд К73 оноштойгоор эмнэлэгт хэвтсэн, тухайн хугацаанд ажил олгогч ажилтны цалинг бүтэн олгосон үйл баримт нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг жирэмсэн байсныг ажил олгогч мэдсэн гэж үзэхээр байна. /хх-ийн 5, 25 дугаар тал/

Нэхэмжлэгчийн “надад цаас өгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэж бич” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй баримтаар няцаагаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д  “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж хуульчилсан.

Ажил олгогч Нийслэлийн ******** сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар Ц.Уийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаал хууль бус гэж дүгнээд нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан Нийслэлийн ******* сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн томилох зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 1,126,412 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *******  дугаар тушаал гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 1,126,412 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Ц.Уийн ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 2,075,202 төгрөг /656,187+658,687+760328=2,075,202:3 сар/ нэг сарын дундаж цалин 2,066,734 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /2,066,734 төгрөг:21.5 хоног/ нэг өдрийн дундаж цалин нь 96,127 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу нэг өдрийн цалин 96,127 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 43 хоногт тооцон нийт 1,3383,468 төгрөг олгохоос нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1,126,412 төгрөгийг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257,056 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ц.У-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний нийгмийн даатгалын ******* дугаарт дэвтэрт бичигдсэнг үндэслэн тооцсон болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Их есөн хутагт овогт Ц.У-г Нийслэлийн******* дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан 2020 оны 5, 6 дугаар сарын цалинтай тэнцэх олговорт цалин 1,126,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257,056 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,584 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ