| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч С.Пгийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Ө.Э, С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Э, С.П нарт холбогдох 2316000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.Э: Монгол Улсын иргэн, ...-нд өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягтай, Д овгийн Ө.Э, ... регистрийн дугаартай гэв.
Шүүгдэгч С.П: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, 1 дүгээр анги төгссөн, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8 эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, И М овгийн С.П гэв.
Шүүгдэгч С.П, Ө.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Э С.П нар нь 2023 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Говь-Алтай аймгийн ... багийн ... гэх газарт С.Пгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар гадаа гарч Ө.Э нь миний бурхан болсон аавын мотоцикл өшиглөлөө гэснээс хоорондоо маргалдаж Ө.Э нь С.Пгийн биед хамрын ясны хугарал, хамрын ясны таславчны мурийлт, хамар зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, С.П нь Ө.Эын зүүн бугалганд нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна тэдний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Б, Ч.Д нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн № 291 дугаартай “...1.2. Ө.Эын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 68- 69-р хуудас/,
Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...1. С.Пгийн биед эмнэлгийн бичиг баримтаар хамрын ясны хугарал, хамрын ясны таславчны мурийлт, хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй ба хуучин гэмтэлд хамаарна. /14 хоногоос дээш хугацаа өнгөрснийг хуучин гэмтэлд хамааруулдаг/, 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.П, Ө.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харилцан зодолдсон гэмт хэргийн улмаас С.П, Ө.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдгээр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Эыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, С.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эод 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эын Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг 5 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч С.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ургийн овогт Ө.Э, И М ургийн овогт С.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эын Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг 5 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Ө.Эод оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Пд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ө.Эод тус тус мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П, Ө.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.П, Ө.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА