| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-11-13 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Дорнод аймаг Чойбалсан хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалал мэргэжилтэй, *******,******* ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загас агнаж байгаль экологид 105,600 /нэг зуун таван мянга зургаан зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **** би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлын найзуудтайгаа загас барих сонирхолтойгоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд ирсэн. Бид нар тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Үүртийн тохойн хаалга байсан л даа. Тэр хаалганаас тусгай хамгаалалттай газар нь эхэлж байгаа юм байна гэж ойлгосон. Тэнд бид нар загас бариагүй. Зургаа авахуулчхаад буцаж явахад цагдаа таараад машин болон бичиг баримтыг чинь шалгая гээд бид нарыг загас барьсан байна гэсэн. Загасыг Орхон голоос барьсан нь үнэн. Тэгээд 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс барьсан нь тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Ямар ч тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Надаас мэдүүлэг авч байхад Орхоны хөндийн улсын байцаагч гэж хүн цагдаад энэ хүн шиг загас барьсан 10 гаран хүн байна гэхэд тусгай хамгаалалттай газар гэх тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй юм уу гэж асуусан. Тэгтэл тэр улсын байцаагч тусгай хамгаалалттай газар гэх тэмдэг, тэмдэглэгээ байхгүй гэдгийг хэлсэн. Би тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Гэхдээ би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тус хэрэгт манай байгууллагаас 2 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загасны нийт үнэлгээ 105,600 төгрөгийн акт тавьсан байсан. Актад заасан төлбөрийг төлсөн учраас нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 цагийн орчимд найзууд болох ****, **** нартай хамт Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын хойгуур урсах Орхон гол дээр өдөр дунд /цагийг нь санахгүй байна/ бага цутгалан үзэх, загасчлах зорилготой найз *** ззэмшлийн **** УНЦ улсын дугаартай **** загварийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ирээд хүн бүр уургаа бэлдэж загасчилж эхэлсэн бөгөөд **** бид хоёр загас барьж чадаагүй. Харин **** нийт 3 ширхэг загас барьсан. Тэгээд орой Улаанбаатар хот руу буцах гээд хөдөлтөл Хужирт сумын цагдаа нар ирсэн. **** нийт 3 ширхэг загас барьсан бөгөөд 2 жижиг хадран, 1 том зэвгэ загас барьсан. Дээрх загаснуудыг хар өнгийн уургаар барьсан. Хужирт сумын төвөөс баруун хойш 10 км орчимд зайд Орхон голоос загас барьсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 цагийн орчимд ажлын найзууд *****, **** нартай хамт Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын Орхон гол дээр өдөр 11 цагийн үед бага цутгалан үүртийн тохой үзэх зорилготой ирсэн. Ирээд Хужирт сумын төвөөс баруун хойш 10 км орчимд зайд Орхон голоос загасчилсан. Загасчлах үед **** бид хоёр загас барьж чадаагүй. Харин **** нийт 2 жижиг хадран, 1 том зэвгэ загас барьсан. Тэгээд орой Улаанбаатар хотруу буцах гээд хөдөлтөл цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай “...Дээрхи зэвгэ, хадран загас нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор болон ховор амьтны төрөлд хамрагдахгүй болно. Орхон голд байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 260 тоот тогтоолоор 1 ширхэг зэвгэ загас 29,000 төгрөг, 1 ширхэг хадран загас 11,900 төгрөг, 2 ширхэг хадран загас 11,900=23,800 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-р заалтыг үндэслэн учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 1 ширхэг зэвгэ загас 58,000 төгрөг, 2 ширхэг хадран загас 47,600 төгрөг, нийт 105,600 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэх акт /хавтаст хэргийн 83 тал/,
Вендо үнэлгээний компанийн 2023 оны ** дүгээр сарын **-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний обьектын 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 27,000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх 3 ширхэг загасанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 тал/,
Вендо үнэлгээний компанийн 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн №**** дугаартай “...шинжилгээний обьектын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 60,000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх загас агнах зориулалттай уурганд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-59 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай “...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг Орхон голын тус солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 81 тал/,
3 ширхэг загас, загас агнасан гэх уурганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17, 21-23 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-3 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 105,600 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хавтаст хэргийн 73 тал/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ***** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч **** овогт *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаа хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг зэвгэ загас, 2 ширхэг хадран загас, 2.40 метрийн урттай, хар өнгийн дамартай, Lure 2000 загварын хар өнгийн уурга нэг ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаа хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загас, 2.40 метрийн урттай, хар өнгийн дамартай, Lure 2000 загварын хар өнгийн уурга нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА