Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

   2020            5             26                                       2020/ДШМ/680 

 

 

                               Д.Т, Т.Х, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Буяндэлгэр,

яллагдагч Д.Тын өмгөөлөгч Б.Энхтуяа,

нарийн бичгийн дарга М.М нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Буяндэлгэрийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Д.Т, Т.Х, Г.М нарт холбогдох эрүүгийн 2004000310022 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Т.Х, 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа машин засах ажил хийдэг, Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, /РД: НЕ81062972/;

 

Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

 

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх 2005 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

2. Боржигон овгийн Г.М, 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд хувиараа нүүрс тээвэрлэдэг, Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НВ87032817/;

 

3. Боржигон овгийн Д.Т, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хараат” ХХК-ийн хүдрийн уурхайд засварчин ажилтай, Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НВ91102910/;

 

Г.М Т.Х, Д.Т нар нь бүлэглэж 2020 оны 2 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын толгой” амралтын газрын урд байрлах үнээний фермийн гаднаас М.Гончигийн олон тооны буюу 17 адууг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Т, Г.М, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

           Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, тус хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор хэвлэгдсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд орсон дээрх нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр оногдуулах ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэхээр байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т, Г.М, Т.Х нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх шаардлагатай. Яллагдагч Т.Хын өмгөөлөгч Д.Цэцэгээгийн гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах ажиллагааг хуульд заасан харьяаллаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Г.Мт эрүүл мэндийн шалтгаан үүссэн талаар түүний өмгөөлөгч болон прокурор илэрхийлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад зааснаар өмгөөлөгч Л.Чинбатын гаргасан яллагдагч Г.Мын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж, Г.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч Д.Тын хувийн байдалтай холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4-т зааснаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Буяндэлгэр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг прокурорт буцаасан 64 дугаартай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Монгол Улсын Их хурлаар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдэл, хор уршгийг илүү нарийвчлан “заалт” болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан ба хуульд хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгөөгүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын их хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрвээ хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт албан ёсоор хэвлэгдсэнээр 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу яллагдагч Т.Х, Д.Т, Г.М нарын 2020 оны 2 дугаар сарын 17-ны оройн 20:00 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын толгой” амралтын газрын урд байрлах үнээний фермийн гаднаас М.Гончигийн олон тооны буюу 17 адууг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтөөр оногдуулах ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т, Г.М, Т.Х нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “...өмгөөлөгч Ж.Цэцэгээгийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах ажиллагааг хуульд заасан харьяаллаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

Яллагдагч Т.Х, Д.Т, Г.М нарт холбогдуулан Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй бөгөөд Төв аймгийн прокурорын газраас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/369 дугаартай албан бичгээр “Т.Х, Д.Т, Г.М нарт холбогдуулан шалгаж байгаа хэрэг бүртгэлийн болон мөрдөн байцаалтын хэрэг байхгүй болно” гэж ирүүлсэн нь/ 2хх 33/ авагдсан.

Гэтэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ж.Цэцэгээгээс яллагдагч Т.Х нар нь өөр бусад газарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан тухай баримтыг шинээр гаргаж өгөөгүй, гагцхүү яллагдагч Т.Хын өмгөөлөгч Ж.Цэцэгээгээс “Төв аймагт 6 хэрэгт, 6 үйлдэлд шалгагдаж байгаа” гэх тайлбарт үндэслэн хэргийг нэгтгүүлэх, тусгаарлах ажиллагааг хийх шаардлагатай хэмээн прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй” байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгч ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, хаана шалгагдаж байгаа, ямар хэргийг нэгтгүүлэх, тусгаарлах ажиллагааг хэрхэн хийх нь ойлгомжгүй, ...хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах ажиллагааг хуульд заасан харьяаллаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, уг захирамжийг хэрхэн яаж биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд Т.Х, Д.Т, Г.М нарт холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...16 тооны адуу туусан гэдгээ удаа дараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн учир батлан даалтад гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэтэл прокурор анхан шатны шүүх хуралдаанд өөр үйлдэл байгаа гэдгийг хэлж байсан. Хэрэг нээсэн тогтоолыг Багануур дүүргийн шүүхэд авч ирж үзүүлж байсан. Түүнийг үндэслэж шүүх цагдан хорьсон. Т.Хт 6 тооны адуу хулгайлсан үйлдэл, Д.Тт 12 тооны үхэр хулгай хийсэн үйлдэл байгаа. Цагдан хорионы шүүх хуралдааны үед эдгээр үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Шүүхэд хэрэг шилжсэний маргааш цагдан хорьсон. Баримт авах гэж очиход яллагдагчаар татсан баримтыг өгөх боломжгүй гэж хэлсэн. Ийм үйлдлүүд тодорхой байгаа гэдгээ хүлээн мэдүүлсэн. Хэдийгээр баримт байхгүй гэж үзэж шүүхээс хэргийг шийдвэрлэлээ гэхэд дараагийн хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа. Үүнийг нэгтгэж шалгахгүй бол шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордоно. Прокурор цагдан хорих болохоор өөр хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлээд хэрэг нээсэн тогтоол үзүүлээд цагдан хориог сунгадаг. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Т, Т.Х, Г.М нарт холбогдох өөр хэрэг Төв аймгийн прокурорт хянагдаж байгаа  тул нэгтгэн шийдвэрлүүлэх талаар Т.Хын өмгөөлөгч Ж.Цэцэгээ хүсэлт тавьсан  бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэргийг нэгтгэж, улмаар  хэргийн харьяалалын асуудлыг шийдвэрлэсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Яллагдагч нарын мал хулгайлсан үйлдлүүдийг шалгаж байгаа хэргүүдийг нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсгээр зүйлчлэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно.

           

            Түүнчлэн, яллагдагч нарын хувьд нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлд хамаарна.

 

Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул яллагдагч Д.Т, Т.Х, Г.М нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийж шалгаж шийдвэрлэх нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд эрүүгийн 2004000310022 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Төв аймгийн болон Багануур дүүргийн прокурорын газар ажил үүргийн уялдаа холбоо сайжруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж ажиллахыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Д.Т, Т.Х, Г.М нарт холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхийг Төв аймгийн болон Багануур дүүргийн прокурорын газарт даалгасугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

 

                          ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ