Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2017/0541

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2017/0541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Н*******,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Д.С*******, Н.Н*******, Х.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн Д.С*******, Н.Н*******, Х.Б******* нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н*******, түүний өмгөөлөгч Г.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээд Д.С*******, түүний өмгөөлөгч А.Г*******, гуравдагч этгээд Н.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-нд өвчний учир нас барсан. Ингээд би хуульд заасны дагуу 1 жилийн дараа өвлөх эрхээ нээлгэж аавын эзэмшлийн А******* ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл Д.С******* гэгч нь 2013 оны 06 дугаар сарын 13-нд компанийн эрх шилжүүлэх гэрээ, А******* ХХК-ийн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж 2013 оны 12 дугаар сарын 31-нд 1,200,000 төгрөгийн хөрөнгөтэй уг компанийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан байсан учир боломжгүй болсон. Энэ асуудлыг шалгуулахаар Дүүргийн 1-р прокурорын газарт миний бие 2015 оны 02 сард өргөдөл гаргаж, улмаар Д.С*******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж түүний хууль бус үйлдлийг тогтоосон боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 19-нд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын бүртгэлийн 0000 тоот дугаартай 2678713 регистртэй /90 гэрчилгээ/ А******* ХХК-ийн Д.С*******эд олгосон хууль бус гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан боловч уг асуудалтай холбогдох маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Д.С******* нь А******* ХХК-ийг хууль бусаар авсны дараа иргэн Н.Н*******д уг компанийн 50-н хувийн хувьцааг худалдаж уг компанийн гишүүн болгосон байсан. Э.Н******* миний бие өөрийн төрсөн эцэг С.Эийн эзэмшлийн А******* ХХК-ийн шууд өв залгамжлагчийн хувьд өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн газар нь Д.С*******, Н.Н******* нарын хуурамч бичиг баримтуудыг үндэслэн уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тэднийг бүртгэсэн тул миний өвлөх эрх нээгдэх боломжгүй болсон. Иймд А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн Д.С*******, Н.Н******* нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* ХХК-ийг иргэн А.Ё нь анх 2001 онд үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2012 онд өвлөх эрхийн гэрчилгээний дагуу С.Э нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.

А******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр үрэгдүүлсэн үндэслэлээр дахин гаргуулсан байна.

Д.С******* нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа бэлэглэх гэрээний дагуу А******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Уг бүртгэл нь хууль, журамд нийцсэн бүртгэл байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

А******* ХХК-ийн 25 хувийн хувьцааг иргэн Х.-Ундралд, 25 хувийн хувьцааг иргэн С.Оюунцэцэг нарт хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буцаад Х.-ундрал, С.Оюунцэцэг нарт шилжүүлсэн хувьцаагаа хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Компанийн хувьцааны 50 хувийг хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Н.Н шипжүүлснийг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

А******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 07- өдөр үрэгдүүлсэн үндэслэлээр дахин гаргуулсан байна.

Д.С******* нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааныхаа 35 хувийг иргэн Х.Б*******т шилжүүлснийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж Д.С******* 15 хувь, Н.Н******* 50 хувь, Х.Б******* 35 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна.

А******* ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтуудаас харахад компанийн 100 хувийн хувьцаа С.Эээс Д.С*******рүү шилжсэн бүртгэл болон түүнээс хойш хийгдсэн бүртгэлүүд нь хуулийн шаардлага хангасан байх ба хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д овогтой С******* миний бие нь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр талийгаач нөхрөөсөө А******* ХХК-ийг хууль ёсны дагуу өмчлөн эрхтэйгээр худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр компаниа авсан бөгөөд миний нөхөр С овогтой Э нь А******* ХХК-ийг миний өмч болгон хуулийн дагуу өөрийн хүслээр надад шилжүүлж өгсөн.

Нөхөр бид хоёр 2012 оны 9 сард нэг гэрт орж хамт амьдрах болсон буюу надтай анх амьдрахдаа Д, Н******* гэх хүүтэй байсан. С.Э бид хоёр хамт амьдрах хугацаанд хүү Н******* бид хамт амьдардаг байсан бөгөөд хүү Д Австралид сурдаг байсан юм. Нөхөр маань тухайн үед М ХХК-ий захирал мөн М ХХК-ий захирлаар ажилладаг байсан. М ХХК-ий захирлаар ажиллаж байхдаа Оросуудтай хамтарч ажилладаг байсан бөгөөд урьд нь огт архи уудаггүй байсан хүн Оросуудтай хамтарснаар архи уудаг болж, улмаар архинд донтсон байсан ба миний нөхрийн бие их муудсан юм. Мөн бид хоёрын амьдарч байх хугацаанд ойр ойрхон бие нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад миний зүгээс эр нөхрөө өдөр шөнөгүй сахиж асарч байхад хүү Н******* тоосон шинжгүй найзуудтайгаа тэнэж, наргиж байдаг байсан буюу аавыгаа үл тоосон байдалтай байдаг байсан юм.

Мөн 2013 оны 6-р сард миний нөхрийн бие гэнэт муудаж 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн үед шинжилгээнүүд өгөхөд дотор 5 цул эрхтэн нь гайгүй эрүүл гарлаа гэж хоёул баярлан эмнэлэгээс гарсан бөгөөд 2013 оны 8-р сарын 16-ны өдөр гэнэт бие нь муудаж түргэнээр С дүүргийн 2-р эмнэлэгт ирэн сэхээний тасагт хэвтсэн бөгөөд 2 хоног сэхээнд ухаан орохгүй байж байгаад шинжилгээнүүд өгөхөд бүх дотор 5 цул эрхтэн нь муудсан байсан ба 2013 оны 8-р сарын 18-ны орой тус эмнэлэгт өөд болсон юм. Ингээд талийгаач нөхрийг минь хөдөөлүүлсний дараа миний хувьд энэ бүх өнгөрсөн байдлууд их сэжигтэй байсан ба миний зүгээс С дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандан талийгаач нөхрийн минь үхлийн шалтгааныг олж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан бөгөөд нэг сарын дараа энэ хэргийг цаашаа шалгах боломжгүй гэсэн албан тоот надад ирсэн юм. Мөн талийгаач нөхрийн минь компани, эд хөрөнгөнд шунаж байсан хүмүүс эргэн тойронд нь дүүрэн байсан бөгөөд надад чамаас минь өөр итгэж найдах хүн алга, хань нь энэ бүгдээ хамгаалахын тулд бүх эд хөрөнгө, компаниудаа чинийхээ нэр шилжүүлмээр байна гэдэг үгийг удаа дараа хэлж байсан юм. Ингээд миний нөхөр С.Э нь 2013 оны 6-р сарын 13- ны өглөө эртлэн босоод ойр хавийн нэгэн нотариатад очиж хуулийн дагуу гэрээ хийж албан ёсны А******* ХХК-ийг миний нэр дээр шилжүүлэн миний өмч болгож өгсөн юм. Мөн миний нөхрийг өөд болсоны дараа хүү Э.Н******* нь компанийг надаас авах гэж удаа дараа цагдаад гомдол гаргаж байгаа нь миний нэр төрийг гутаан доромжлоод зогсохгүй хууль бусаар А******* ХХК-ийг авсан гэж гүтгэж гүжирдэж байгаад миний зүгээс гомдолтой байгаа буюу энэхүү нэхэмжлэлд дурдсаныг үзэхэд шунахай сэдлээр уг компанийг минь авах гээд байгаа үйлдэл нь хууль бусаар хандаж байна гэж миний хувьд үзэж байна. Мөн талийгаач нөхөр маань анх А*******" ХХК-г надад шилжүүлж өгөхөд 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгний барьцаанд байсан бөгөөд миний зүгээс энэхүү 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг төлөх гэж өдийг хүртэл хөөцөлдсөн буюу дээр нь энэ компаниа хөл дээр нь босгох зорилготой бүр хайгуул хийсэн буюу бүх өр нийлээд 840,000,000 /найман зуун дөчин сая/ төг болж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаанд жил бүр тодорхой хэмжээний төлбөр төлдөг ба 2014 оны 1-р сарын 18-ны өдөр уг 13176 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл маань төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр цуцлагдах эмжээнд хүрсэн байхад талийгаач нөхрийн маань хүү Н******* нь тоохгүй байсан юм. Миний зүгээс үүнийг мэдэж уг хайгуулын тусгай зөвшөөрлөө аварч төлбөрийг төлж улмаар компаний геологийн тайлан төлөвлөгөө, санхүүгийн тайлан бапансыг эгцлэн компаниа ямарч өө сэвгүй болгож өөд нь татсаны дараа Э.Н******* нь ингэж хандаж байгаа нь ёс зүйгүй хууль бус үйлдэл гаргаж байна гэж үзээд энэ удаа дараагийн хууль бус үйлдлүүдээ зогсоо гэж миний зүгээс үзэж байна. Мөн дээр нь нэмэлт зардлууд дурдагдах бөгөөд компанитай холбоотой материалуудыг гаргаж өгөхөд миний зүгээс бэлэн байна.

Иймд Э.Н*******гийн удаа дараагийн шунахай сэдлээр хандаж байгаа хандлагуудыг зогсоох болон уг нэхэмжлэлийн шаардлагыг буцааж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Н******* шүүхэд гаргасан тайлбартаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н******* миний бие А******* ХХК-ийн 100 хувийг эзэмшигч, тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага болох иргэн Дгийн С*******эс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн хувьцаа буюу нэг бүрийн 10,000 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 60 ширхэг энгийн хувьцааг Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн ээлжит бус хурлаар хэлэлцэж 30,000,000 төгрөгөөр худалдан авч, нотариатын байгууллагаар гэрчлүүлэн, хувьцааг шилжүүлэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Тухайн бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн газар хийхэд болон хийхээс өмнө уг А******* ХХК-ийн 100 хувийн эзэмшигч нь иргэн Дгийн С******* байсан ба ямар нэг эрхийн зөрчилгүй байсан тул Оюуны өмч, улсын бүртгэлийн газар Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэл-ийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчээр иргэн Н.Н******* намайг бүртгэсэн.

Иймд иргэн миний бие ямар нэг эрхийн зөрчилгүй хуульд заасны дагуу тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н******* нь А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн Д.С*******, Н.Н*******, Х.Б******* нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар Сийн Э бүртгэлтэй байсан бөгөөд С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Д.С******* тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх өргөдлийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан байх бөгөөд уг өргөдөлдөө А******* ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигч С.Э гэсэн гарын үсэг бүхий Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн дүрэм, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ, дахин олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хавсарган өгч үүнийг үндэслэн Д.С А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж, улмаар Д.С******* нь хувьцааны 50 хувийг Н.Н*******д, хувьцааны 35 хувийг Х.Б******* нарт тус тус худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх3.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлаагүй буруу бүртгэл болсон байна гэж шүүх үзлээ.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна гээд, 11.5.2-д энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхийг хуульчилсан байх тул улсын бүртгэгч нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ компанийн хувьцаа эзэмшигчээр Д.С томилсон шийдвэр хууль ёсны эсэхийг хянаж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үүрэгтэй байсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 22 дугаар зүйлийн 22.2-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйлд болон 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг баримтлана гэсэн зохицуулалттай бөгөөд 15 дугаар зүйлд Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг нарийвчлан заасан байх ба 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана, 15.1.1-д тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага гэж өргөдөл гаргах эрхтэй этгээдийг тодорхой зааж өгсөн бөгөөд А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байхад түүний гарын үсэг бүхий 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн дээрх бүртгэлийг хийсэн нь хууль бус болсон байна.

Мөн Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/810 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/280 дугаар прокурорын тогтоолд А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд С.Этэй хамтран амьдарч байсан Д.С******* нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр компани эрх шилжүүлэх тухай гэрээ, А******* компанийн бэлэглэлийн гэрээг тус тус хуурамчаар үйлдэж 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.200.000 төгрөгийн хөрөнгөтэй А******* ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан болох нь Э.Н*******, Д.С******* нарын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж дүгнэжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд хуурамч гарын үсэг бүхий баримтад үндэслэн А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С бүртгэж, улмаар Д.С*******эс Н.Н*******, Х.Б******* нарт шилжүүлэн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Улсын бүртгэл нь үнэн зөв байх, Улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн үндсэн зарчим алдагдсан, үүний улмаас А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч асан С.Эийн хууль ёсны өв залгамжлагч Э.Н*******гийн өвлөх эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.С*******, Н.Н*******, Х.Б******* нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ