| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 158/2026/0023/з |
| Дугаар | 221/МА2026/0476 |
| Огноо | 2026-07-06 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0476
“Т” ЗБН-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.У
Нэхэмжлэгч: “Т” ЗБН
Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга
Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан “Т” ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах, Булган аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/238 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 158/ШШ2026/0026 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 158/2026/0023/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ЗБН-өөс Булган аймгийн Засаг дарга, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан “Т” ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах, Булган аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/238 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 158/ШШ2026/0026 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ЗБН-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.У дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Өрхийн эрүүл мэндийг төвийг сонгон шалгаруулах журмын дагуу Засаг даргын А/789 дугаар захирамжаар үнэлгээний хорооны гишүүдийг томилсон. Үнэлгээний хорооны гишүүдийг хэн томилсонтой талууд болон сонгон шалгаруулалтад оролцсон оролцогч нар маргаагүй, үнэлгээний хорооны бүрэлдхүүн журамд заасан заавал оролцох төлөөлөл багтсан бөгөөд Засаг дарга болон Тамгын газрын дарга нарын хэн аль нь ажлын хэсгийг байгуулсан ч Засаг даргын эрхлэх асуудлын агентлагаас бүрдэх учир агуулга нь өөрчлөгдөхгүй.
3.2. Засаг дарга нь А/123 дугаартай захирамжаар А/789 дугаартай захирамжийн ажлын хэсгийн бүрэлдхүүнийг томилсон хэсгийг хүчингүй болгосон ч үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хүчин төгөлдөр үлдэх бөгөөд цаашид ажлын хэсгийн гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцах Засаг даргад үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй.
"Үнэлгээний хороо"-г Засаг даргын Тамгын газар томилохоор журамд заасныг Засаг дарга томилсон нь буруу учир маргаан бүхий акт бодит байдалд биелэгдэх боломжгүй гэх агуулгаар шүүх дүгнэсэн атлаа А/123 дугаартай захирамжтай маргаагүй учраас үйлчлэл сэргэж Засаг даргын томилсон унэлгээний хороо нь Өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах эрх үүснэ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй агуулгыг тодорхойлж байна.
3.3. Эрүүл мэндийн сайдаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг батлан гаргасан ба тус сонгон шалгаруулалт нь журмын дагуу явагдах нь зүйтэй гэж шүүх шийдвэртээ дүгнэсэн нь хариуцагчийн “… анхнаасаа тендер шалгаруулах зарчмаар явагдаагүй, харин журмаар явуулсан нь бидний алдаа болсон, мөн Аминзангилаа, Наруха-Энх нөхөрлөлүүд удаа дараа гомдол гаргасан учраас энэ шийдвэрийг гаргах болсон” гэх тайлбарыг үгүйсгэх боловч талуудын маргаанд тулгуурласан дүгнэлтийг хийгээгүй харин хэргийн оролцогч биш “Амин зангилаа” ЗБН-ийн гомдол гаргах эрхийг хязгаарласантай холбоотой дүгнэлт хийж тайлбарласан нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх “Амин зангилаа” нөхөрлөлөөс гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээг гаргасан гэж тайлбарласан бөгөөд аймгийн Засаг даргын А/123 дугаартай захирамжаар “Аминзангилаа” нөхөрлөлийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор хариуцагчийн өмнөөс зөвтгөж тайлбарлаж байгаа нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Гэтэл А/123 дугаартай захирамж нь ажлын хэсгийг өөрчилсөн захирамж бөгөөд сонгон шалгаруулалтын үр дүнг хүчингүйд тооцсон, “Аминзангилаа” нөхөрлөлийн гомдол үндэслэлтэй талаар дүгнэсэн шийдвэр биш юм.
3.4. Засаг дарга нь үнэлгээний хорооноос ирсэн зөвлөмжийг Булган аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээг батлах эрхтэй субьект. Гэтэл дур зоргоороо өөрт олгогдоогүй эрхийг хэтрүүлэн нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчсөнг шүүх анхаарч үзээгүй. Булган аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/238 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн шаардлагыг хангаагүй, агуулга нь бодит байдал нийцээгүй, дүгнэлт нь хариуцагчийн тайлбараас зөрүүтэй байна.
3.5. Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримтлах, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын А/238 дугаартай захирамж нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн байх тул Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний 158/ШШ2026/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Т” ЗБН-өөс Булган аймгийн Засаг дарга, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан “Т” ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах, Булган аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/238 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... тендерт оролцогч нар гомдол гаргасан гэх илт үндэслэлгүй шалтгаанаар дахин сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэснийг хүлээ зөвшөөрөхгүй, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Булган сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцсон нь хуульд нийцэхгүй, Засаг дарга нь өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулахаас түүнийг шийдвэрийг хүчингүй болгох эрх байхгүй, Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Ажлын хэсгийн буруутай үйлдлийг шалгаж тогтоолгүй сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх зэргээр тодорхойлно.
3.2. Харин хариуцагчаас “… аймгийн Засаг даргын 2026 оны А/123 дугаар томилогдсон Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтын материал судлан үзэхэд өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын зарыг төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй цахим системд байршуулаагүй, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулж, аймгийн Засаг даргаар батлуулаагүй, тендер нээхтэй холбоотой журмыг баримтлаагүй зэргээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулахтай холбоотой Сангийн сайдын баталсан журам, Эрүүл мэндийн сайдын баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус зөрчсөн, “Аминзангилаа” нөхөрлөл нь сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан талаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлсэн байсан, эдгээр зөрчлийг арилгаж хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг дахин зарлах, нэхэмжлэгч нь түүнд оролцох эрхтэй тул “Т” ЗБН-ийн эрх ашгийг зөрчөөгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдоно. Үүнд:
4.1. Булган аймгийн Булган сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажлын талаар аймгийн Эрүүл мэндийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-2025/339 дүгээр албан бичгийг хүргүүлэхэд, аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/789 дүгээр захирамжаар Сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.
4.2. Сонгон шалгаруулах ажлын 2025 оны 12 дугаар сарын 25, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу зохион байгуулахаар зар, урилгыг, шалгуур үзүүлэлт зэргийг хэлэлцэн баталсан.
Ингэхдээ сонгон шалгаруулалтын урилгад, 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 хүртэл цахимаар, 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 хүртэл цаасаар хүлээн авахаар заажээ.
4.3. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр явуулж, “Т” ЗБН шалгарсан талаар 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03/152 дугаар албан бичгээр мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтад оролцсон “Наруха Энх” нөхөрлөлөөс үнэлгээ хийхдээ холбогдох журам зөрчсөн асуудлаар, харин “Амин зангилаа” нөхөрлөлөөс 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө цаасаар хүргүүлсэн сонгон шалгаруулалтын материалыг хүлээн аваагүй асуудлаар Ажлын хэсэгт гомдол гаргажээ.
4.4. Энэ явцад аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөр ажил албан тушаалд шилжсэн зэрэг үндэслэлээр, аймгийн Засаг дарга 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/123 дугаар захирамж гаргаж, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.
4.5. Улмаар аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаар захирамжаар, өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан, өөрчлөлт оруулсан энэ хэсгийн 4.1, 4.3-д заасан захирамжийг хүчингүй болгож, Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгожээ.
5. Хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл, маргааны үйл баримтаас үзэхэд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах харилцааг аль хууль, журмаар илүү нарийвчлан зохицуулсан болох, энэ тохиолдолд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль журамд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
6. Маргааны үйл баримтын хүрээнд анхан шатны шүүхээс “... сонгон шалгаруулалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулан “Амин зангилаа” нөхөрлөлийн гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, “Т” ЗБН-д тэнцсэн үнэлгээ өгсөн нь өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын холбогдох заалтыг зөрчсөн тул Засаг даргын захирамжуудыг бодит байдалд биелүүлэх боломжгүй болсон, уг үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
7. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;
7.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна: 15.1.1.өрхийн эрүүл мэндийн төв;”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна”, 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж,
7.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ дараахь төрөлтэй байна: 4.1.1. өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;”, 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ”, 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 5.5-д “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж,
7.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 18.1-д “Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг тендер шалгаруулалтын баримт бичгийн хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 48.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах” гэж,
7.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно”, 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2. бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж,
7.5. Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дүгээр тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын 3.1-д “... шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга гарган, сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог томилно”, 3.2-т “Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран зохион байгуулж болно”, 3.3.1-д “Үнэлгээний хороо дараах чиг үүргийн хэрэгжүүлнэ. Үүнд: 3.3.1.1. Сонгон шалгаруулалтын урилга, баримт бичгийг боловсруулах, захиалагчаар батлуулах, 3.3.1.4. хуулийн хугацаанд тендер нээх”, 6.1-д “Сонгон шалгаруулалтыг урилгыг “Сонгон шалгаруулалт”-ын материалыг хүлээн авч эхлэх өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй цахим хуудас, олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд байршуулна”, 8.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнгийн талаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулга авах, хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийн нотлох баримтыг хавсаргана” гэж тус тус заасан.
8. Дээрх зохицуулалтаас үзэхэд, өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах харилцааг Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмаар нарийвчлан зохицуулсан байна.
Ингэхдээ аймгийн Засаг дарга Үнэлгээний хороо /Ажлын хэсэг/-ийг байгуулах бол тус харилцаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу оролцох нөхцөлийг ч мөн тодорхойлжээ.
9. Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулах, тендерийн баримт бичгийг захиалагч болох аймгийн Засаг даргаар батлуулах, сонгон шалгаруулалтын баримтын бичиг ирүүлэх хэлбэр, хугацаа болон тендер нээх хугацааны шаардлага ч энэ тохиолдолд нэгэн адил тавигдах буюу нээлттэй өрсөлдөөнийг хангаагүй, тендерийг зохих журмын дагуу батлуулж зарлаагүй, оролцогчдыг ялгаварласан буюу гомдлыг шийдвэрлээгүй, ил тод байдлыг хангаагүй нөхцөлд сонгон шалгаруулалтын шийдвэрийг хуульд нийцсэн захиргааны акт гэж дүгнэх боломжгүй.
10. Захиргааны байгууллагын хувьд сонгон шалгаруулах ажиллагааны явцад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тодорхой үндэслэлээр өөрчлөлт оруулж, шинээр бүрэлдсэн ажлын хэсэг нь өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг дахин хянахдаа уг сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу бэлтгэж явуулаагүй болохыг тогтоож, “Т” ЗБН -ийг тэнцсэн гэж үнэлсэн Ажлын хэсгийн үнэлгээг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу дахин явуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
11. Сонгон шалгаруулалтын баримтыг бичгийг цаасаар болон цахимаар ирүүлэх хугацааг зөрүүтэй тогтоож, “Амин зангилаа” нөхөрлөлийн материалыг хүлээн авахаас татгалзсан, улмаар сонгон шалгаруулалттай холбогдуулан тус нөхөрлөлийн гаргасан гомдлыг шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад үнэлгээг гаргаж мэдэгдсэн зэрэг нь сонгон шалгаруулалтын зарчимд үл нийцнэ.
12. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт нь урилга зар нийтлэх, зохион байгуулах журам зөрчих зэргээр шалгаруулалт эхлүүлэхээс л холбогдох хууль журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон, захиргааны байгууллагаас түүнийг зөвтгөх зорилгоор ажлын хэсэг байгуулсан шийдвэр болон түүний гаргасан үнэлгээг хүчингүй болгосон учраас нэхэмжлэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй.
13. Харин анхан шатны шүүхээс “… шинээр байгуулагдсан ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар “Амин зангилаа” болон “Т” ЗБН-д мэдэгдсэн үйл баримтаас аймгийн Засаг дарга 2026 оны А/123 дугаар захирамжаар “Амин зангилаа” нөхөрлөлийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн гэж ойлгогдов, аймгийн Засаг дарга нь Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын зохицуулалтыг зөрчиж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, 2025 оны А/789 дүгээр захирамжаар Ажлыг хэсгийг томилсон” гэх зэргээр зөрүүтэй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй боловч энэ нь шийдвэрийг өөрчилж, эсхүл хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлд хамаарахгүйг дурдав.
14. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ аймгийн Засаг даргад холбогдоно, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хамаарахгүй тул түүнийг хариуцагчаар татсан хэсгээсээ татгалзаж байна” гэж тайлбарласан байтал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хасч багасгасан эсэхийг тодруулж дүгнээгүй нь учир дутагдалтай болсныг ч тэмдэглэх нь зүйтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүйг гэж дүгнэсэн болно.
15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүйн зэрэгцээ маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 158/ШШ2026/0026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Уийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ