| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03119/И |
| Дугаар | 3175 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 3175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******, К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** тоот, “СГ” ХХК /РД: 0000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух, Н*******ын Ат /РД: 0000/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6.235.496,59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******,
Хариуцагч Н.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч “СГ” ХХК нь Ктай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-86 дугаартай зээлийн гэрээг байгуулж 30.000.000 төгрөгийг сарын 0.42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан.
Банк зээлийн гэрээний 3.9 дэх хэсэгт заасан зээлдэгчийн К дахь ******* тоот депозит дансанд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 30.000.000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
“СГ” ХХК нь Ктай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БГ-86 дугаартай барьцааны гэрээг байгуулж дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Н.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.
Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч “СГ” ХХК үндсэн зээлийн төлбөрт 23.888.370,27 төгрөг, зээлийн хүүнд 4.729.906,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 86.650,87 төгрөг тус тус төлсөн.
2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч “СГ” ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 6.111.629,73 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 85.455,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 16.911,63 төгрөг, нийт 6.213.996,59 төгрөг байна.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 21.500 төгрөгийг мөн хариуцагч “СГ” ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж үзэн нэхэмжилсэн.
Иймд хариуцагч “СГ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 6.235.496,59 төгрөг гаргуулан К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү. Н.А нь барьцаа хөрөнгийн өмчлөгч учраас хариуцагчаар оролцож байгаа.
Хариуцагч “СГ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн БГ-86 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан хариуцагч Н.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч “СГ” ХХК-ийн захирал Д.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай “СГ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зориулалтаар Кнаас 30.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлж авсан.
Зээлийг зориулалтын дагуу ашиглан шинээр 5 ажлын байр нээн зээлээ цаг тухайд нь төлөөд явж байсан боловч 2019, 2020 онуудад болсон эдийн засгийн хямрал, халдварт цар тахлын хөл хорио зэргээс компанийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлтөө хоцроох, улмаар төлж чадахгүй байдалд хүрсэн.
Манай компани нь 5 жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 28.704.926 төгрөг төлсөн.
К ХХК-ийн эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гарган өгч байна. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхдөө манай компанийн санхүүгийн байдлыг харгалзан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Банк татан буугдсанаас хойш тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын хураамж 21.500 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагч Н.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Н.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т******* би К ХХК-ийн эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
К ХХК-ийн эрх хүлээн авагч нь “СГ” ХХК-иас зээлийн төлбөрөө нэхэх ёстой. Энэхүү нэхэмжлэл хангагдахгүй, төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд хамтран хариуцагч болохгүй.
К нь 2019 онд албан ёсоор татан буугдсан атал эрх хүлээн авагч нь банкны хүү, нэмэгдүүлсэн хүүг одоог хүртэл тооцон, банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Банк татан буугдсанаар үйл ажиллагаа нь зогсох ёстой гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “СГ” ХХК, Н.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.235.496,59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 6.111.629,73 төгрөг, зээлийн хүү 85.455,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.911,63 төгрөг, нотариатын төлбөр 21.500 төгрөг, нийт 6.235.496,59 төгрөг/
Зээлдэгч “СГ” ХХК нь Ктай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-86 тоот зээлийн гэрээ байгуулж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд зориулалтаар 30.000.000 төгрөгийг, зээлийн хүүг жилийн 5 хувь, сарын 0.42 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн өдөр нь БГ-86 дугаар бүхий барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн барьцаанд Н.Аын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **** тоотын 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
ХХ-ийн 7-23 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22/Б байр, 99 тоотын 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц Н.Аын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 22-23 дугаар тал/
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба зээлдүүлэгч К нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч “СГ” ХХК-ийн нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2022018473 дугаар бүхий зээлийн данс нээн 30.000.000 төгрөгийн зээл олгосон ба зохигч энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 29-38 дугаар тал/
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.
Зээлдүүлэгч Кны зээлдэгч “СГ” ХХК-тай байгуулсан дээр дурьдсан барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч “СГ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 23.888.370,27 төгрөг, зээлийн хүүнд 4.729.906,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 86.650,87 төгрөг тус тус төлсөн нь талуудын тайлбар, зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон ба зохигчид хэн аль нь энэ талаар мөн маргаагүй.
/ХХ-ийн 25-38 дугаар тал/
Үүнээс хойш зээлдэгч “СГ” ХХК зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардан 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоололд тусгагдсан бөгөөд зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг зээлдэгчид өгч байсан тухайд талууд маргасангүй.
/ХХ-ийн 24-38 дугаар тал/
Зээлдэгч “СГ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох банк зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч “СГ” ХХК нь эдийн засгийн хямрал, хөл хорио зэргээс үүдэн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцон төлүүлсэн болон нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 52.628,98 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгч “СГ” ХХК-иас зээлийн гэрээ байгуулснаас хойш 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 103.562,50 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон ба үүнээс 86.650,87 төгрөгийг зээлдэгч төлсөн бөгөөд зээлдэгч гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүүнд 34.021,89 төгрөгийг төлөх үүрэгтэй нь зээлийн тооцоололд тусгагджээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.
Хариуцагч буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч Н.А нь зээлдэгч “СГ” ХХК 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22/Б байр, 99 тоотын 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан тул тэрээр уг гэрээний дагуу хариуцлага хүлээн хариуцагчаар оролцох учиртай болно.
Хариуцагч “СГ” ХХК-ийн захирал Д.М өөрийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул түүний болон талуудын хүсэлтийг үндэслэн хариуцагч “СГ” ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.5, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/96 дугаар бүхий “Банкийг албадан татан буулгах тухай” тушаал, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А-302 тушаалаар баталсан “Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын 2.9 дэх заалтуудыг үндэслэн Банкны хяналт шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийг харгалзан Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны А-97, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны А-111 дугаар бүхий тушаалуудаар “К ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилон, эрх хүлээн авах арга хэмжээг сунгасан тул К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно.
/ХХ-ийн 5-6 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “СГ” ХХК-иас 6.182.867,61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 52.628,98 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “СГ” ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Аын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22/Б байр, 99 тоотын 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “СГ” ХХК-иас 113.875 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН